Салбарын хөгжилд түүчээлж буй тэргүүлэгч байгууллагуудын хүний нөөцийн бодлого, сургалт хөгжлийн хөтөлбөрөөс онцлон хүргэж буй цуврал нийтлэлийн шинэ дугаарт хүнсний үйлвэрлэлээс гараагаа эхэлж өдгөө барилга бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт зэрэг бизнесийн олон чиглэлд 30 гаруй салбар компани, 2,300 гаруй ажилтантай ТЭСО Группийг онцолж байна.
1. Шударга, ил тод системийг бий болгох нь
Бид бизнесийн оролцогч талууд хамтдаа өсөж хөгжих нь зүйтэй гэж үздэг. Энэ утгаараа ТЭСО-д ажиллаж буй хүн бүр зөвхөн ажлаа хийдэг нэгэн биш, өөрийн мөрөөдөл, карьерын төлөө алхам алхмаар урагшлаасай гэсэн үүднээс хүний нөөцийн бодлогоо боловсруулдаг.
Бидний хувьд аливаа шийдвэр, үнэлгээ, урамшуулал бүхэн тодорхой шалгууртай, хэн нэгний эрх ашгаас хамаарахгүй, шударга, ил тод байх ёстой гэж үздэг. Ийм соёлыг бий болгоход удирдлагын үлгэр жишээ, ажилтнуудын идэвх оролцоо, ажлын үр дүнг шударгаар хэмжих тогтолцоо зайлшгүй хэрэгтэй. Тиймээс бид ажилтнуудын ажлын гүйцэтгэл төдийгүй сэтгэл ханамж, байгууллагын соёлд оруулж буй хувь нэмэр, зан төлөв, харилцааг тодорхойлж, бодлогынхоо нэг үзүүлэлт болгон үнэлж байна.
Сүүлийн жилүүдэд цалингийн бодлого тоон суурьтай, дижитал тал руу шилжиж буй. Бид ч дижитал платформ ашиглан зах зээлийн мэдээлэл, дотоод өгөгдөл, ажилтны гүйцэтгэлийг нэгтгэн бодит цагийн горимоор харьцуулж, илүү шударга шийдвэр гарган ажиллаж байна.
Урамшууллын систем зөвхөн цалин нэмэх тухай ойлголт биш. Урамшууллын үнэлгээний шалгуурт хувь хүний ажлын үр дүн төдийгүй байгууллагын урт хугацааны зорилгод хэрхэн хувь нэмэр оруулж байгааг ч тусгаж өгөх хэрэгтэй.
Манай группийн хувьд гүйцэтгэлийг автоматжуулсан системээр хянаж, өгөгдөлд тулгуурлан шийдвэр гаргадаг. Үүний дээр бид гурван гол чиглэлд шинэчлэл хийхээр зорьж байна:
1. Ажлын байр, албан тушаал бүрд тохирсон, KPI-д суурилсан гүйцэтгэлийн үнэлгээг бий болгох
2. Хамтын үнэ цэн, байгууллагын хөгжилтэй уялдсан урамшууллын системийг хөгжүүлэх
3. Ил тод, ойлгомжтой хэрэгждэг үнэлгээний тогтолцоог тасралтгүй сайжруулах. Ингэснээр ажилтнуудын итгэлцэл болон сэтгэл ханамж нэмэгдэх, гүйцэтгэл сайжрах зэрэг эерэг нөлөөтэй.
Цаашдаа бид хиймэл оюунд суурилсан үнэлгээний системийг (Watson, AI-driven , HR Analytics Tool) ашиглан ажилтны одоогийн гүйцэтгэлээс гадна цаашдын нөөц бололцоог нь тодорхойлох боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.
2. People First – “Хүн эрхэм” соёлоор бүтээх нь
Хэрэглэгчдийн ирээдүйн хэрэгцээг тодорхойлж, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, цаашлаад бүтээн байгуулалтаараа дамжуулан нийгэмд бүтээсэн үнэ цэнээ урт хугацаанд хадгалах нь ТЭСО Пропертис Группийн хийдэг ажил. Ингэхдээ бид People First буюу ажилтан, хэрэглэгч, харилцагчийн хүсэл зорилгыг эн тэнцүү авч үзэх соёлын хэм хэмжээг бүх түвшинд баримтлан ажиллаж байна.
“Хүн төвт” бүтээн байгуулалтууд маань хийж буй ажлаараа бахархах мэдрэмжийг төрүүлдэг бол бие биедээ итгэх итгэлцэл, нөхөрсөг уур амьсгал, мэргэжлийн хандлага ажиллахад таатай нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн манай группийн барилгын тасралтгүй, тогтвортой хөгжүүлэлт нь ажилтанд олон төрлийн орон сууцны болон худалдаа, үйлчилгээний төслүүд дээр ажиллан, туршлага хуримтлуулж, салбартаа илүү үнэ цэнтэй мэргэжилтэн болох давуу талуудыг бий болгодог.
Бид энэ жил шинэ ажилтны дасан зохицох үйл явцад түлхүү анхааран ажиллаа. Миний хувьд хамгийн чухал нь шинэ ажилтанд хамт олон нь хэрхэн хандах, харилцах соёл нэн чухал санагддаг. Ямар ч супер чеклист, welcome pack-аас илүү эргэн тойронд үүсэж буй харилцаанаас авах мэдрэмжүүд шинэ ажилтны эргэц, ирээдүйн урам зоригт нөлөөлдөг. Тэгэхээр дасан зохицлын үйл явцад оролцож буй удирдлага, хүний нөөцийн ажилтнууд, ерөөс нийт хамт олон нэгдсэн соёлын элементийг бий болгох хэрэгтэй болов уу.
Тухайлбал, манай баг шинэ ажилтны дасан зохицох хугацааг хүндэтгэх, анхны өдрийн мэрэмжийг чухалчлах, хүлээлтийг тохируулах зорилгоор “Newbie” хөтөлбөрийг саяхнаас хэрэгжүүлж байна. Үүнд хандлагын код, эхний жилийн чиглүүлгийн төлөвлөгөө, түүний үйл явцыг автоматжуулсан систем, реал-тайм тайлан, 30/60/90 дэх хоног, эхний жилийн 1:1 уулзалтууд, супер чеклист, pro training, бадди програм зэрэг багтсанаараа онцлог.
3. Боловсролд оруулсан хөрөнгө оруулалт хамгийн өндөр өгөөжтэй
Боловсрол бол нийгмийг хөгжүүлэх хамгийн том хүч бөгөөд үүнд оруулсан хөрөнгө оруулалт өндөр өгөөж өгдөг. Энэ ч утгаараа бид хүний нөөцийн бодлогоороо чанартай боловсролыг дэмжих үүднээс оюутан залууст зориулсан олон хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тухайлбал, өсвөр үеийнхний хүсэл тэмүүллийг дэмжсэн “Ice scholars” аялалтай тэтгэлэгт хөтөлбөр, залуу инженерүүдийг мэргэжлээрээ ажиллах, төгсөөд карьерийн эхлэлээ зөв тавихад нь туслах "Engineers of The Future" дадлагажих хөтөлбөр, оюутнуудын төслийн ур чадвар, энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх “Spark day” төслийн уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг. Мөн энэ жил нэг тэрбум төгрөгийн сантай сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрийг тэргүүлэх чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд зарлан хэрэгжүүлж байна.
Аз жаргалтай ажилтан сэтгэл ханамжтай хэрэглэгчийг бий болгодог. Энэ үүднээс бид ажилтнуудынхаа сайн сайхан байдалд зориулж “Teso Games” буюу олон төрөлт буухиа спортын тэмцээн, “ТЭСО Наадам”, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, мэргэжлийн сэтгэлзүйн сургалт зохион байгуулахын зэрэгцээ эрүүл мэндийн даатгалд хамруулж байна.
Түүнчлэн ажил амьдралын тэнцвэрийг дэмжих зорилгоор байгууллагын дэргэдэх “Зөв багачууд” цэцэрлэг, уян хатан цагийн хуваарь, төрсөн өдрийн цалинтай чөлөө, гэр бүл зохиох, бүл нэмэх гэх мэт баярт мөчүүдэд зориулсан мөнгөн урамшуулал олгохоос гадна ажилтнуудынхаа ирээдүйн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор "Зөв хуримтлал" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар ажилтан хуримтлалын дадалтай болох бөгөөд ажил олгогч мөн тэнцүү дүнгээр ажилтны хуримтлалыг дэмжин урамшуулж буйгаараа онцлогтой.
4. Хүний нөөцийн ажил зөвхөн нэг албаар хязгаарлагддаггүй
Өнөөдрийн хурдтай өөрчлөгдөж буй зах зээлд компаниуд хамтарсан төсөл хэрэгжүүлж, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг богино хугацаанд гаргах шаардлагатай болж байна. Төслийг богино хугацаанд нэгтгэж, зах зээлд гаргах үйл явц онцгой анхаарал, нарийн төлөвлөлт шаарддаг.
Төслийн онцлог, соёлын зөрүү - Хамтран ажиллаж буй компани болон бидний төслүүд үнэт зүйл, удирдлагын хэв маяг, ажиллах дадалтай байдаг. Иймд хүний нөөцийн баг нэгдсэн үнэт зүйл, хамтын ажиллагааны зарчмыг эхнээс нь тодорхойлж, багуудыг нэг зорилготой болгох индукц болон воркшопыг тогтмол зохион байгуулах нь чухал.
Чадвар ба нөөцийн хурдан хуваарилалт - Богино хугацаанд шаардлагатай ур чадвар, ажиллах хүчийг нэг дор төвлөрүүлэхэд хүндрэл гардаг. Энэ нь төслийн хугацаа хойшлох, чанарын эрсдэл үүсгэх магадлалтай. Энэ үед хүний нөөцийн баг компани хоорондын талент санг бүрдүүлж, шилдэг мэргэжилтнүүдийг түр хугацаанд төслүүдэд томилох нь үр дүнтэй шийдэл болдог.
Харилцаа холбоо ба мэдээллийн урсгал - Мэдээллийн сувгууд жигд бус бол ажил давхардах, төөрөгдөх асуудал үүсэж, шийдвэр гаргалт удааширна. Үүнийг багасгахын тулд хүний нөөцийн баг бүх талд нэгдсэн харилцаа холбооны платформ хөгжүүлж, төслийн явцыг бодит цагт хянах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.
Сэтгэлзүй ба ачаалал - Богино хугацаанд өндөр ачаалалтай ажиллах нь ажилтнуудын стрессийг нэмэгдүүлж, ажлаас халшрах хам шинж үүсгэх эрсдэлтэй. Улмаар бүтээмж буурч, шилжилт хөдөлгөөн нэмэгддэг. Энэ үед хүний нөөцийн баг уян хатан ажлын цаг, амралтын богино цикл, сэтгэлзүйн зөвлөгөө, ажил амьдралын тэнцвэрийг хадгалах бодлогоор ажилтнуудаа дэмжих нь үр дүнтэй гэж үздэг.
Хүний нөөцийн баг төслийн явцад зөвхөн дэмжих бус стратегийн хамтрагчийн оролцоотой ажилладаг. Хамтарсан төслүүдийг хугацаанд нь, эрсдэл багатай, амжилттай хэрэгжүүлэхийн тулд байгууллагууд дээрх чиглэлүүдийн дагуу бодлого боловсруулж, урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллах нэн шаардлагатай.
Z үеийн бүтээлч, дасан зохицох чадвартай, технологийн өндөр мэдлэгтэй залуус байгууллагын хөгжилд том түлхэц үзүүлж байна. Тэд ил тод харилцаа, хамтын шийдвэр, уян хатан ажлын нөхцөлийг эрхэмлэдэг бөгөөд энэ онцлогийг нь ойлгон дэмжиж гэмээнэ тухайн баг зах зээлийн өрсөлдөөнд ялалт байгуулна.
5. Инновац гэдэг ганц удаагийн санаа биш
Бид уламжлалыг шинэчлэх уриан дор Монгол орны сэргээгдэх байгалийн баялаг болох сүү, аарц, жимс жимсгэнийг түүхий эд болгон, хүн бүрд эрүүл хүнсний хэрэглээг бий болгох зорилготой ажилладаг. Энэ хүрээнд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгаа, технологийн шинэчлэл, автоматжуулалтыг тогтмол хийж, олон улсын жишиг “Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүс”-ийг бий болгон ажиллаж байна.
Инновац бол манай компанийн томоохон давуу тал. Гэхдээ инновац гэдэг нь ганц удаагийн санаа биш харин байгууллагын соёлд шингэсэн, тасралтгүй үргэлжлэх үйл явц байх учиртай. Тиймээс бид ажилтнуудынхаа инновацлаг байдлыг тогтмол хадгалж, хамтын оролцоог өрнүүлэх зорилгоор “Хамтдаа үнэ цэнтэй” соёлын үзэл баримтлалыг хэрэгжүүлж байна. Үр дүнд нь манай ажилтнууд үргэлж шинэ санал, санаачилга дэвшүүлж, бие биенийхээ санааг дэмжин, хамтдаа өсөж хөгжихийн төлөө тэмүүлдэг. Үүний зэрэгцээ өмнөх шилдэг арга технолги, нөү-хауг залуу талентууддаа хуваалцах, хамтран төгөлдөржүүлэх ажлыг чухалчилж, көүчинг, менторинг болон дотоод, гадаадын их, дээд сургуулиудтай хамтарсан судалгааг хэрэгжүүлдэг.
6. Ухаалаг систем ажлын байрыг бус ажилбарыг цөөлдөг
“Хүннү Конкрет” компанийн хувьд олон улсын сайн жишгийг судлан, бизнес процессыг автоматжуулж, харилцагч, хэрэглэгч, ажилтнууд нэгдсэн мэдээллийн урсгал, үйл ажиллагааны ил тод байдлыг дижитал системээр дамжуулан бий болгож байна. Хүний ажлыг хөнгөвчлөх систем, автоматжуулалтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд хамгийн чухал зүйл нь оролцогч талуудын нэгдмэл байдал, хамтын оролцоо, өөрчлөлтийг хүлээж авах сэтгэлзүйн бэлтгэл, техник технологийн зөв хэрэглээг үе шаттайгаар мэдээллэж, ойлголтуудаа нэгтгэх явдал юм. Мөн мэдээллийн нууцлал, хэрэглэгчдийн оролцоо, сургалт, туршилтын үе шатуудыг анхаарч ажилласнаар систем нэвтрүүлэхэд илүү хялбар болно.
Ухаалаг системүүдийг нэвтрүүлснээр ажилтны сэтгэл ханамжид дараах бодит өөрчлөлтүүдийг авчирсан гэж харж байна:
- Механик ажилбар илүү хялбар, хурдан болсон тул ажилтнууд маань илүү үр дүнтэй ажиллах боломжтой болж, бүтээмж тодорхой хувиар нэмэгдсэн.
- Зарим ажлыг автоматжуулсан нь стрессийг бууруулж, цагаа илүү чухал, хариуцлагатай ажилд зарцуулах боломжийг бий болгосон.
- Шинэ системийг ашиглахад суралцах, сургах үйл явц нь ажилтнуудыг мэргэшүүлж, мэдлэг, ур чадварыг сайжруулж байна.
- Ажилтан өмнө нь хязгаарлагдмал орчинд ажиллаж байсан бол ухаалаг систем ажиллаж эхэлснээр хүссэн газраасаа, уян хатан цагийн хуваариар ажиллаж, ажлын төлөвлөгөө болон гүйцэтгэлээ хянаж, үнэлүүлэх зэрэг олон ажлыг богино хугацаанд хийхэд дэмжлэг болсон нь ажилтнуудын сэтгэл хангамжид бодит өөрчлөлт авчирсан.
7. Өөрийгөө нээн хөгжүүлэх боломжууд
ТЭСО Групп ажилтны сайн сайхан байдлыг дэмжих бодлогынхоо хүрээнд мэргэжлийн ур чадвар, спорт, тогтвортой хөгжил гэсэн гурван үндсэн чиглэлд 14 төрлийн “ТЭСО коммюнити” үйл ажиллагаа явуулж байна. Клуб бүр жилийн турш хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, түүнд нь байгууллагаас тодорхой төсвөөр дэмждэг.
Миний хувьд ширээний теннис, дартс тоглодог ажилтнуудын клубт хамрагддаг. Энэхүү клуб нь насны хязгааргүй, ямар нэг шалгуургүй, бүх ажилтан хамрагдах боломжтой байдгаараа онцлог. Бид цаашдаа сонирхлын түвшинд тоглохоос гадна улсын чанартай тэмцээнүүдэд оролцон, өөрсдийгөө сорьж, туршлага хуримтлуулахаар зорьж байна. Ингэснээр манай клубын одоогийн болон ирээдүйн үйл ажиллагаа зөвхөн спортын амжилтаас гадна өөрийгөө хөгжүүлэх, багаар ажиллах, хамтын ажиллагааг сайжруулах, танилын хүрээгээ тэлэх, нөхөрлөлийн холбоогоо бэхжүүлэх боломж олгодгоороо магтууштай.
8. Дижитал шилжилт амжилттай үргэлжилж байна
Хүнсний манлай үйлдвэр - Айсмарк компани ажилтнуудаа зөвхөн ажиллах хүч бус байгууллагын хамтын үнэ цэнийг бүтээгч үнэт хөрөнгө гэж үздэг. Ажилтан багагүй хугацааг ажлын байрандаа өнгөрүүлдэг учраас сэтгэл хангалуун, тав тухтай, тайван орчинд ажиллах нь бүтээмжийг бий болгох гол үндэс гэдэгт бид итгэдэг. Тиймээс хүний нөөцийн баг ажилтнуудын эрүүл мэнд, сэтгэлзүйн тайван, эерэг байдлыг хангах чиг үүргээ онцгойлон анхаардаг.
Манай компани 2020 оноос дижитал шилжилтийг үе шат, төлөвлөгөөтэйгөөр нэвтрүүлж, үүнийхээ хүрээнд олон бүтээлч ажлыг хэрэгжүүлсээр ирсэн. Үүний тод жишээ нь 2,000 гаруй ажилтны өдөр тутмын үйл ажиллагааг дэмжих, байгууллагын үйл явцыг автоматжуулах, цаг хугацаа болон цаасыг хэмнэх, мэдээллийн нэгдсэн удирдлагыг бий болгох, ажлын үр дүнг бодитоор хэмжих зэрэг зорилгоор 20 гаруй модулиас бүрдэх "VERITECH ERP" нэгдсэн цогц системийг нэвтрүүлсэн. Одоогоор групп дотроо 30 гаруй системийг үр дүнтэй ашиглаж байна.
Цогц ERP системийг нэвтрүүлснээр оффисын цаасны хэрэглээ 85 хувиар буурч, дотоод үйл ажиллагаа 95 хувь автоматжиж, ажилтны дижитал ур чадвар сайжирч, зайнаас ажиллах болон гар утсаараа ажлаа удирдах боломж бүрдэж, удирдлагууд нэгдсэн тоон мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах боломжтой болсон зэрэг бодит үр дүнгүүд гарч буйд ажилтан болон удирдлагууд өндөр сэтгэл ханамжтай байгааг дурдах нь зүйтэй.
9. Цаг хугацаагаар үнэ цэнийг бий болгох бизнес
Миний хувьд хөрөнгийн зах зээлийг цаг хугацаагаар үнэ цэн бий болгодог бизнес гэж боддог. Хөрөнгийн зах зээл хамгийн динамик буюу эдийн засаг, нийгэм, улс төр, технологи зэрэг олон талын байнгын өөрчлөлтөөс шалтгаалдаг тул цаг хугацааг нарийвчлан мэдэрч ажиллах шаардлагатай байдаг. Иймд тус салбарын мэргэжилтнүүдэд тасралтгүй сурч хөгжих, өөрчлөлтийг хүлээн авах, хурдтай шийдвэр гаргах өндөр ур чадвартай байх хэрэгтэй. Нөгөөтээгүүр олон улсын зах зээлээс судалгаа, шинжилгээ хийх, бусад салбарын компаниудтай хамтарч ажиллах боломж олддог учраас эдийн засаг, бизнесийн өргөн хүрээний мэдлэгээр цэнэглэгддэг давуу талтай.
Хүний нөөцийн зүгээс компани өндөр бүтээмжтэй ажиллахад шаардагдах байгууллагын соёлыг бий болгох, үүнийг тогтвортой авч явах тал дээр дараах гурван зүйлийг чухалчилдаг.
1. Ажилтнуудынхаа хийж, бүтээж буй зүйлийн үнэ цэнийг мэдрүүлж, урам зоригоор тэтгэж, хөгжүүлж чаддаг удирдах ажилтнуудыг бэлдэх
2. Зөв соёлд зөв хүмүүс л үлддэг. Бүтээж, бий болгож буй байгууллагын соёлдоо нийцсэн талентыг сонгож авахад тухайн хүний зан төлөв, хүмүүжил, амьдралын хэв маяг чухал байдаг. Иймд бид talent pool-ийг байнга шинэчилж, байгууллагын соёл болон ажлын байранд шаардагдах ур чадварын нийцэлтэйгээ уялдуулан багаа бүрдүүлж байна.
3. Ажил болон хувийн амьдралаа тогтмол сайжруулах. Хүмүүсийн ихэнх нь тасралтгүй сурч хөгжих гэдгийг өөрийгөө асар завгүй, дарамттай нөхцөл байдалд оруулах зүйл мэт буруу ойлголттой байдаг юм шиг санагддаг. Үнэндээ “Хэрхэн зөв амрах вэ?” гэдгийг мэддэг байх нь хүртэл сурч хөгжих гэдэг ойлголтод хамаардаг.
Манай хамт олны тогтмол хийдэг зүйлсээс сонирхуулбал, бид долоо хоног бүр “Bookcoffee club” буюу уншсан номоо танилцуулах, сонирхолтой сэдвүүдээр “Мэдлэгээ хуваалцах цаг” гаргаж ажлаа эхлүүлдэг. Мөн хамтдаа зааланд тоглож, эрүүл мэнддээ анхаардаг гэх мэт үр дүнтэй, хөгжилтэй цагийг хамтдаа өнгөрүүлдэг. Та бүхэн ч бас санаа аван оффистоо хэрэгжүүлээд үзээрэй.
10. Мэдлэгээ хуваалцаж, хамтдаа хөгжих орчин
ТЭСО Группийн бодлого бүх талаараа чанар, инновац, тогтвортой хөгжил гэсэн гурван үндсэн стратегитэйгээ уялддаг. Тэр дундаа сургалтын бодлого нь тодорхой ур чадвар, мэдлэгийг олгоход чиглэдэг бол хөгжлийн бодлого нь урт хугацааны мэргэжлийн болон хувь хүний өсөлт, дэвшлийг дэмжих цогц үйл ажиллагаа. Цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд сургалтын хэрэгцээ шаардлагыг цогцоор нь үнэлж, дата суурьтай, оновчтой дүн шинжилгээ хийхээс эхэлдэг. Судалгаа, ярилцлага, фокус бүлгийн хэлэлцүүлэг, гүйцэтгэлийн өгөдлийн шинжилгээ, 360 санал хүсэлт, ур чадварын шалгалт, чадамжийн хүрээ гэх мэт ес хүртэлх төрлийн аргачлал ашиглаж, нэг жилийн циклээр сургалт хөгжлийн хөтөлбөрөө боловсруулдаг.
Ажилтан гэдэг манай компанийн хувьд “зүрх” нь гэж ойлгож болно. Тэр ч утгаараа хүний нөөцийн бодлого маань ажилтан нэг бүрийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрөх, хөгжлийг нь дэмжихийг тулгуур зарчмаа болгодог. Үүний хүрээнд байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлийг шингээсэн, ажилтан бүрийн эзэмшвэл зохих ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн Т.Академийн 12 бүлгийн 60 орчим сэдвийн дотоод хөгжлийн хөтөлбөрийг сүүлийн гурван жилийн датанд суурилан боловсруулж, нэвтрүүлээд байна. Мөн ирээдүйд шаардагдах ур чадварын судалгааг жил бүр ажилтнууддаа шинэчлэн танилцуулснаар ажилтнууд өөрсдийн суралцахуйн луужинг тодорхойлон, түүнд нийцсэн Т.Академийн хөтөлбөрүүдэд жилийн турш хамрагдаж, бусдадаа ч бас мэдлэгээ хуваалцах соёлыг бүрдүүлдэг.