Байгууллагын нэр: М-Си-Эс Кока-Кола
Байгуулагдсан он: 2002 он
Үйл ажиллагааны чиглэл: Шингэн хүнсний үйлдвэрлэл, худалдаа
Ажилтны тоо: 1050+
Хаяг: Амгалан 13260, Гачууртын зам 104
Сошиал хуудас: Website, Facebook, Instagram, Youtube, Twitter
Байгууллагыг тодорхойлох түлхүүр үг: Халамжтай, Стандартын дагуу, Хүн төвтэй
unread.media
ЯАГААД СОНГОХ БОЛОВ?
Давтагдашгүй, мартагдашгүй
Дандаа санагдах Кока-Кола…
Хорин жилийн тэртээ нийслэл хотын гудамжаар “150” гэсэн сурталчилгаа хаа саагүй байршиж, 150 гэж юу юм бэ? гэх асуулт амнаас ам дамжин яригдаж байсныг уншигч та санаж байна уу?
Асар баялаг түүхэн замналтай, дэлхийд “домог” болсон Кока-Колаг тэртээ 22 жилийн өмнө Монгол Улсад албан ёсоор үйлдвэрлэх эрхийг М-Си-Эс Групп авсан түүхтэй. “Дэлхийн брэндийг Монголдоо” уриатай Кока-Колагийн оффис олон талаараа Улаанбаатар хотын таатай оффисуудын нэгд зүй ёсоор тооцогдоно.
Улаанбаатар хотоос зүүн чиглэлд орж, гарч буй хэн бүхний нүдэнд тодхон тусдаг тэдний үйлдвэр баруун, зүүн гэж хоёр хуваагдах бөгөөд үйлдвэр болон оффис хамтдаа байрладаг. Үндсэн төв үйлдвэрээс гадна баруун бүс, хотын төвд салбар оффис бий.
ажиллагсдын сэтгэл ханамж нэн тэргүүнд
Хотын төвийн оффисуудад ч тэр бүр байдаггүй хөхүүл, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан тусгай өрөө үйлдвэрийн шалган нэвтрүүлэх хаалганы яг хажууханд байрлана. Ер нь л оффистой танилцах тусам тэд алхам бүрдээ ажиллагсдынхаа ажиллах орчин, чөлөөт цагаа өнгөрүүлэх зай талбай, тэр бүү хэл ар гэрт нь хүртэл анхаарал хандуулдаг болохыг ажигласан юм.
Чанар, стандарт гэх үгсийг нэгэнтээ амны уншлага болгочихсон эдний хамт олныг харин бид“халамжтай” хэмээн тодорхойлж байна.
“Халамжтай”, “Стандартын дагуу” гэх үгс энэ том үйлдвэрийн цогцолборыг бүхэлд нь тодорхойлж чадах мэт. Үнэхээр л аюулгүй, хүнээ бодсон, тогтвортой хөгжлийн зорилтуудыг үйлдвэрийн булан тохой бүрдээ нэвтрүүлэхийг зорьж байгаа нь зочлон очсон хэн бүхэнд анзаарагдах нь лавтай.
дэлхийн брэндийг монголдоо-АЖЛЫН ОРЧИН
Төв оффисын үүдээр орох үед хаалганы хоёр талд таазнаас шал хүртэл шилэн савлагаа бүхий Кока-Колаг өрсөн байх нь сонирхол татам. Үүдний хэсэг нь тэр чигтээ брэндийн өнгө төрхийг илтгэсэн улаан хар өнгөөр хосолсон байх агаад Коланы шилэн дотор яваад орчихсон мэт царайлаг хэсэгт зургаа авахуулж ч болно.
Шинэ оффисын төлөвлөлт, интерьер зурган дээр тэд мэргэжлийн студитэй хамтран ажиллажээ. Засвар хийхээс өмнөх цагаан, улаан өнгөний хоршил нь цэлгэр, цэмцгэр мэдрэмж төрүүлж байсан бол өнгөрсөн жилийн их засварынхаа үеэр тэд илүү эко, модон элементүүдийг дизайндаа шигтгэж, өрөөнүүдийнхөө тохижилтод дотно, тухтай мэдрэмжийг төрүүлэх өнгүүдийг түлхүү ашигласанаараа онцлог.
Үйлдвэрийн голлох хэсэг нь нэг, хоёрдугаар давхрыг хамарсан өндөр таазтай, оффис нь үйлдвэрээ тойрсон "П" хэлбэрийн засалттай байв. Оффисын цонхоор үйлдвэрийн үйл явцыг бүхэлд нь тольдож болох нь ил тод, сонирхолтой шийдэл болжээ.
Өмнө нь тэд олон жижиг өрөөнд хуваагдан суудаг байсан бол одоо алба, хэлтэс бүр том зай талбайд ажилладаг болсон нь ажлын бүтээмж, гүйцэтгэл, харилцаа холбоонд томоохон давуу тал авчирсан аж.
Тэрчлэн хурлын өрөөний ашиглалт, хуваарилалтыг зохицуулах үүднээс алба, хэлтэс бүрийн ард уулзалтын цомхон өрөөг шийдэж өгсөн нь үнэхээр оновчтой шийдэл болсон мэт. Ингэснээр гаднаас ирсэн зочинтой уулзах, хоёр гурваараа хурдхан brainstorm хийх үедээ заавал хурлын өрөөний цаг захиалах, бусад багийн сул цагийг тандах шаардлагагүй.
Уулзалтын өрөө бүхэн Fanta, Sprite, Bonaqua зэрэг Колагийн үндсэн брэндийг илтгэсэн өнгө төрхтэй байх бөгөөд өрөө бүрийн нэг буланд зөөлөн буйдан, ширээний хөлбөмбөг, мини биллиард зэрэг сонирхолтой тоглоомуудаас бүрдэх амрах хэсэгтэй.
Үдийн цайны цагаараа гадаа нарлах саравч, жижигхэн цэцэрлэгт хүрээлэн хүртэл энд бий. Сандал, саравч, замын хашлагаа тэд багцлан савласан ундааны гадуурх зөөлөн гялгар уутыг дахин боловсруулан гаргаж авсан түүхий эдээр хийснийг мөн дуулгая.
Амьдралынхаа ихэнх хугацааг ажлын байрандаа өнгөрүүлж буй хамт олноо тэд хангалттай их халамжилдаг хэмээн дээр дурьдсан. Энэхүү халамжийн нэг илрэл нь бариа заслын төв. Төв оффист байрлах тус бариа заслын өрөөнд хүссэн хүн бүр ажлынхаа дундуур 15-20 минут бариулах боломжтой.
Түгээлт, агуулах, үйлдвэрийн хэсэгт биеийн хүч шаардсан ажил хийдэг хүмүүс их байдаг тул бариа засал үнэхээр хэрэгцээтэй үйлчилгээ. Сонирхуулахад, тус компанид тусгай хэрэгцээт 31 хүн ажилладгийн дотор харааны бэрхшээлтэй 10 бариач бүтэн цагаар ажилладаг.
Оффисын бараг бүх л булан тохойд байрлах хөргөгчнөөс хүссэн хэмжээгээр ундаа уух боломжтой нь тун догь.
Өдгөө М-Си-Эс Кока-Кола ХХК үйлдвэр болон оффис нийлээд 1050 үндсэн ажилтантай. Тэд 2021 онд жилдээ долоон мянга орчим тонн түүхий нүүрс ашигладаг нам даралтын зуухаа халж, оронд нь “Emission free” буюу агаарт хаягдах хорт бодисын хэмжээ нь тэгтэй тэнцэх хийн түлшний зуухыг хүнсний үйлдвэр дундаа анхдагч нь болон ашиглалтад оруулсан юм. Харин хуучин нам даралтын зуух байрлаж байсан байгууламжаа спорт заал, караоке өрөө, хоолны газар, дасгалын өрөө болгон тохижуулжээ.
320 хүний суудалтай спорт заал нь галын дохиоллын систем, хяналтын камер, эрэгтэй эмэгтэй хувцас солих өрөө болон усанд орох хэсэгтэй бол дасгалын өрөө нь арав гаруй дасгалын тоног төхөөрөмж, йога хийх тусгай хэсэгтэй.
Ажлын дараах стрессээ тайлж, хамт олонтойгоо хэсэг хөгжилдөхийг хүсвэл үйлдвэрийн байрнаасаа гарах шаардлагагүй. Нэг удаад дунджаар 30 хүн хүлээн авах боломжтой караокэ өрөө нь орчин үеийн тоног төхөөрөмж, ариун цэврийн өрөө, гал тогоо, хөргөгчөөр бүрэн тоноглогдсон. Хүсвэл хажуу талын гал тогооноос хоол захиалан идэж ч болно.
БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ, ХӨГЖҮҮЛЭЛТ
70-20-10 зарчим буюу нийт сургалтын 10 хувийг MCS Academy, 20 хувийг хувь хүний хөгжлийн курс, 70 хувийг нь ажлын байран дээрээ сурсан зүйлсээ бэхжүүлэх, бусдад зааж сургах, үүрэг даалгавар авч хэрэгжүүлэх зарчмаар тус ур чадвараа нэмэгдүүлдэг гэнэ.
Тус компанийн нийт ажилтны 43 хувийг хоёроос таван насны хүүхэдтэй, залуу эцэг эхчүүд бүрдүүлдэг. Тиймдээ ч удирдлагын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд энэ онд байгууллагынхаа дэргэд ”Happy Kids” цэцэрлэгийг ашиглалтад оруулжээ. Энэ хичээлийн жил анхных гэдэг утгаараа бүх хүүхдүүд үнэ төлбөргүй хамрагдаж байгаа бөгөөд монгол бүжиг, балет, оюуны хөгжлийг дэмжих сургалт зэргийг хөтөлбөртөө тусгажээ. Ээлжийн хувиараар ажилладаг ажиллагсдынхаа нөхцөлд тохируулан тус цэцэрлэг уртасгасан цагаар буюу өглөө наймаас орой 20 цаг хүртэл ажилладаг нь үнэхээр том давуу тал юм.
Ажлын орчны тав тухтай байдлаас ажиллагсдын ажлын бүтээмж шууд хамааралтай байдаг шүү дээ. Миний хувьд ажлын дараа спорт заал, фитнесс өрөөндөө хөлсөө гартал дасгал хийж, хамт олонтойгоо тоглох дуртай. Спорт, урлаг зэрэг байгууллагын дэргэдэх таван зөвлөлөөр дамжуулан бид жил бүр хамт олноо идэвхжүүлэх, халуун дотно уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор олон арга хэмжээг зохиодог.
Худалдааны төлөөлөгч: Б.Эрдэнэ-Очир
Манай компанийн давуу талуудын нэг нь залуусаа маш сайн дэмждэг явдал. Ажилтнуудынхаа чадварыг дээшлүүлэхээс гадна хувь хүний хөгжилд нь анхаарах үүднээс удирдлагын зүгээс MCS академи болон төрөл бүрийн мэргэжлийн, сайн дурын өөрийгөө хөгжүүлэх сургалтуудад тогтмол хамруулдаг. Мөн хүссэн цагтаа ирээд хүссэн цагтаа тарах боломжтой ажлын цагийн уян хатан нөхцөл санал болгодог нь залуу хүний хувьд маш их таалагддаг шүү.
Санхүүгийн шинжээч: О.Удвал
C Capaa 2023.05.26 202.21.112.226
Яар аргагүй колагийн оффис гэсэн шиг л өнгө төрхтэй байна шүү. Хэлтэс бүр цомхон brainstorm хийх өрөөтэйд нь атаархчихлаа байна.
а амгаа 2023.05.25 202.21.112.226
хүүхдийн цэцэрлэг, бариа хоёр дангаараа бараг эднийд орох шалтгаан болох юм байна дөө кк, хотын төвөөс оффис нь хол байдаг болохоор залуучууддаа зориулаад кароекэ хүртэл байгуулаад өгчихсөн сэтгэлтэй хөөрхөн удирдлага вэ
П Пеппер 2023.05.25 202.21.112.226
Хэзээ ч дуусахгүй ус ундаа байдаг гэж бодохоор л хүрэл зүрх минь хайлж, очоод шууд ажиллачихмаар санагдаад байх юм даа
З Зочин 2023.05.25 202.21.112.226
Бараг жил бүр засвар хийж орчин нөхцлөө сайжруулдаг манай оффис үнэхээр гоё шүү нэг гэм нь жаахна хол гэхдээ дасчихдаг юм өө кк