Манай нийгэмд өрнөдөг томоохон мэтгэлцээнүүдийн ихэнх нь гадаадын хөрөнгө оруулагчид болон тус хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртэх тухай байдаг. Тийм ч учраас гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухай яриаг сонсоод олон хүн "Миний амьдралд яг ямар хамааралтай билээ?" гэж асуух нь нийтлэг.

Хөрөнгө оруулалт, худалдааны газрын мэдээлснээр 2026 оны 2-р улирлын байдлаар Монголд нийт 55.1 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Хэдийгээр 1990-2025 онд орсон хөрөнгө оруулалтын 74.4 хувь нь уул уурхайд төвлөрсөн ч түүний нөлөө зөвхөн уурхайгаар хязгаарлагдахгүй.

Тэгвэл энэ мөнгө хаашаа явж, хэнд хүрдэг вэ? Энэ асуултыг Монголд үйлдвэр байгуулж буй нэгэн гадаад компанийн жишээн дээр авч үзье.

Холбоотой нийтлэл: Гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухай А-Я

1. Валютын урсгал

Компани эхлээд өөрсдийн доллароо төгрөг болгон хувиргаж, барилгын ажил, газрын түрээс, ажилчдын цалинд зарцуулна. Ийнхүү гадаадын хөрөнгө оруулалт валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцэл болон валютын зах зээлийн нийлүүлэлтэд эерэг нөлөө үзүүлэх боломжтой. Хувьцаа, бондонд оруулсан мөнгөнөөс ялгаатай нь үйлдвэр бол үл хөдлөх хөрөнгө. Тиймээс шууд хөрөнгө оруулалтыг богино хугацааны санхүүгийн хөрөнгө оруулалттай харьцуулахад илүү урт хугацааны шинжтэй гэж үздэг.

2. Татвар шимтгэл

Үйлдвэр ажиллаж эхэлмэгц долларын тодорхой хэсэг татвар болж улсын төсөвт орно. Компани ашгаасаа албан татвар төлж, ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлнө. Уул уурхайн компани бол нөөц ашигласны төлбөр ч төлдөг. Хөрөнгө оруулалт, худалдааны газрын мэдээлснээр 2026 оны 2-р улирлын байдлаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдээс төсөвт 4.1 их наяд төгрөгийн татвар төвлөрсөн байна. Энэ нь 2026 оны төсвийн нийт орлогын төлөвлөгөөний (31.9 их наяд төгрөг) 13 орчим хувьтай тэнцэнэ. Эдгээр татвар, шимтгэлийн орлого нь улсын төсвийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлж, боловсрол, эрүүл мэнд, нийгэм хамгаалал болон дэд бүтэц зэрэг үйлчилгээг санхүүжүүлэхэд хувь нэмэр оруулдаг.

3. Дотоодын ханган нийлүүлэгч

Үйлдвэрт өдөр бүр түүхий эд, савлагаа, тээвэр, засвар үйлчилгээ, ажилчдын хоол хэрэгтэй. Жишээ нь, ноолуурын үйлдвэр байлаа гэхэд тухайн үйлдвэр түүхий ноолуураа малчид, хоршоодоос татаж, сав баглаа боодлоо дотоодын хэвлэх үйлдвэрээс авна. Ханган нийлүүлэгч компаниудын орлого өндөр байх тусам тэр компанийн ажилчдын цалин нэмэгдэж, тэд ч нэмэгдсэн цалингаараа дотооддоо худалдан авалт хийх замаар өнөөх доллар улам бүр л эргэлдсээр байдаг гэсэн үг.

4. Ур чадвар

Хөрөнгө оруулалтын доллар зөвхөн мөнгөн хэлбэрээр бус, мэдлэг хэлбэрээр ч үлддэг. Үйлдвэрт ажилласан сүлжмэлчин, технологич, инженер шинэ тоног төхөөрөмж, чанарын хяналт, аюулгүй ажиллагааны дүрэм, менежментийн арга барилд суралцана. Ажилтнуудын эзэмшсэн технологийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, туршлага нь хөдөлмөрийн зах зээлд шилжин түгэх замаар бусад аж ахуйн нэгжийн бүтээмж, өрсөлдөх чадварт эерэг нөлөө үзүүлдэг. Санхүү, эдийн засгийн их сургуулийн судлаачдын 2024 оны тооцоогоор гадаадын шууд хөрөнгө оруулалт 1 хувиар өсөхөд бодит ДНБ 0.76 хувиар, ажиллах хүч 1 хувиар нэмэгдэх хамааралтай гарсан билээ.

5. Стандарт ба экспорт

Гадаадын хөрөнгө оруулагч бүр өөрийн стандартыг дагуулж ирдэг. Жишээ нь, ноолуурын үйлдвэр байлаа гэхэд томоохон зах зээл болох Европын худалдан авагчдын шаардлагыг хангахын тулд бүтээгдэхүүний чанар, хөдөлмөрийн нөхцөл, түүхий эдийн гарал үүслийг баримтжуулах стандарт нэвтрүүлнэ. Ингэснээр тэд экспортод гарах гарцтай болж буй. Хөрөнгө оруулалт, худалдааны газрын тооцоолсноор 2025 онд Монголын экспортын 44.6 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд бүрдүүлсэн байна. Экспорт нэмэгдэх тусам улс руу дахин валют орж ирж, нэг долларын аяллын шинэ тойрог эхэлдэг жамтай.

Холбоотой нийтлэл: Яагаад гадаадын хөрөнгө оруулалт гэж?

Мэдээж бүх доллар Монголд үлдэхгүй. Хөрөнгө оруулагч ашгаа хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилж, зээлийнхээ хүүг төлнө. Тийм ч учраас бид нэг долларыг Монголдоо аль болох удаан эргэлдүүлэхэд анхаарч, дотоодын худалдан авалтаа нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчноо тогтвортой байлгах хэрэгтэй. Итгэлтэй, тогтвортой орчинд илүү олон хөрөнгө оруулагч ирж, илүү олон доллар Монголоор аялна гэсэн үг.