Ном ингэж эхэлдэг ажээ. “Чи өөрийгөө хэн гэдгийг, юу хийж чадахыг мэдэх үү?” 

Өөрийнхөө хэн болохыг, юуг сайн хийж чаддагаа баттай мэдэж, итгэлтэйгээр хэлэх хүн цөөхөн. Хүн гэдэг нийгмийн амьтан тул гадаад ертөнцтэй холбогдож харилцах нь элбэг ч дотогшоо өнгийх нь ховор байдаг юмсанж. Тиймээс ч аливаа дотоод хүч, зориг шаардсан үйл хэрэгт хулчийх, эмээх явдал бид бүгдэд нь тохиолддог билээ. Гэтэл өөрийн амьдралдаа хулчийх гээчийг мэдрээгүй, хойш ухрах үйлдлийг хийж үзээгүй нэгэн эрхэм байдаг нь уг номын гол дүр болох Дэвид Гоггинс юм.  

Энэ удаагийн дугаарт Winner’s Course-ийн Үүсгэн байгуулагч Тэмүүлэн оролцож, дээрх номын талаар сэтгэгдэл, болоод мэдрэмжээ хуваалцлаа. 

Энэхүү булангийн зочид өөрсдийн шимтэн уншсан, онцлох номын талаар бодол оюун, сэтгэл зүрхээрээ хэрхэн мэдэрснийг хүүрнэх бөгөөд гагцхүү хувийн үзэмж, өөрийн харах өнцгөөс тухайн бүтээлийг дүгнэж буй нь энэ юм.

Unread


Тус номыг нэг өгүүлбэрээр илэрхийлбэл

A reality check and a wake up call that’ll get you up off of your ass.

хэзээ, хэрхэн унших болов?

2019 он. Байнгын дасгал хөдөлгөөн, тасралтгүй контент гээд л тун завгүй амьдарч байсан үе. Миний хувьд хүний үгэнд тэр бүр ороод байдаггүй, дураараа гэмээр хүн болохоор хэн ч үл маргах, үнэмлэхүй дайчин хүний бичсэн ном л надад нөлөөлж чаддаг. Гагцхүү энэ ном л намайг өөртөө автуулаад зогсохгүй дөрвөөс таван удаа уншихад хүргэж билээ.


юуны тухай өгүүлдэг вэ?

Номын зохиогч болох Дэвид Гоггинс амьдралынхаа түүхийг эл бүтээлдээ өгүүлдэг. Тэрээр маш олон зүйлийг хийж, туршиж, тэсвэр хатуужлын тууль гэдгээ баталсаар ирсэн. Түүнийг хүмүүс ихэвчлэн газар, агаар, далайн тусгай хүчний цэрэг байсан гэдгээр нь мэднэ. Гэхдээ хүүхэд байхдаа тэрээр аавдаа үргэлж зодуулдаг, бие болоод сэтгэлийн хувьд хүндхэн жилүүдийг туулсан гэдэг. Тиймээс номдоо, том болоод сэтгэл зүйн шарх, траумагаа давж гарахын тулд ямар алхмуудыг хийж, юуг туулсан талаараа дэлгэрэнгүй бичсэн байдаг. Гэвч үүгээрээ өөрийгөө эрэлхэг, мундаг болохыг гайхуулах бус өөртэй нь ижил хүнд үеийг туулж яваа уншигчид туслах, асуудлаа даван гарах жим рүү нь хөтлөх гэсэн хэрэг. Түүх бүрийнхээ араас уншигчдад өгөх даалгаврууд нь ч нэн сонирхолтой.

Түүний амьдралын түүхийг уншаад дуусахад хүн айдсаасаа болоод ямар их зүйлээс хойш сууж, оролдож үзэлгүй өнгөрдгийг, үүнээсээ болж хэр их зүйл алддаг болохыг олж мэдэх болно.

тодхон санадаг, өнгөтөөр дүрслэгддэг хэсэг

Тусгай хүчний цэрэг нөхөд нь дайнд оролцохоор явахад тэрээр явж чадаагүй үлддэг. Дайн л болсон хойно маш олон цэргүүд амиа алдана шүү дээ. Дайнд үрэгдэгсдийн ар гэр нь ямар ч санхүүгийн чадамжгүй болон үлдэхэд Гоггинсд гэмших сэтгэл төрөн мөнгө олж өгөхийн тулд гүйж эхэлсэн. Тухайн үед 160 км марафон эхлэх гэж байсан бөгөөд бүртгүүлэх гэсэн боловч түүнийг 160 км гүйж чадна гэдгээ батлахыг хүсдэг.

Дэвид Гоггинс найман км гүйчихдэг ч холын зайнд огт гүйж байгаагүй нөхөр. Ингээд нэг өдрийн дотор 160 км туулахаар гараанаас хөдөллөө. Замд нь түүний өвдөг, шилбэний яс цуурч, хумснууд нь бүгд салж унан зогсолтгүй солбих хөлийг нь даган цус урсана. Гэсэн ч тэр зогсолтгүй гүйсээр бариандаа ирж, аяны сандал дээр суухад биеэ удирдах чадваргүй болж, өмдөндөө хүндэрдэг. Дэргэд нь байсан эхнэр нь түүнийг хурдхан эмнэлэг рүү авч явахыг хүссэн ч түүний хэлсэн үг бол “Би үүнийг хийсэн. Тиймээс би зүгээр л энэ мөчийг мэдэрч суумаар байна, намайг тайван орхи.”


энэхүү номоос авсан мэдрэмжээ зургаар илэрхийлбэл


хэнд санал болгох вэ?

Бичиглэлийн хувьд тун өвөрмөц ном. Бүдүүлэг хэллэг, хараалын үгс ихээр агуулагддаг учраас ийм зүйлд хэт эмзэг хүмүүс уншихад тохиромжгүй, уншаад таалагдахгүй болов уу гэж бодож байна.

Амьдралд нь нэг л юм дутагдаад байгаа мэт мэдрэмж төрдөг, нэг юм хиймээр байгаа ч юу хийхээ мэдэхгүй, магадгүй түүнийгээ хийж эхлэхээс айж байгаа хүмүүс уншаасай гэж хүсэх байна. Учир нь миний хувьд яг ийм үедээ уншсан.

Өөрийгөө хайрла гэх мэтийн үгсийг эндээс олж уншихгүй. Тэр шуудхан чамд “битгий маяглаад бай” гэх хатуу үнэнг хэлнэ.

ухаарал эсвэл эргэлзээ

Бусад хүмүүсийг мэдэхгүй ч миний л хувьд хэн нэгний амьдралыг хараад даган дуурайх хүсэл төрдөггүй. Харин энэ номоос амьдралдаа хэрэгжүүлмээр, ядахдаа л үргэлж санаж явмаар зүйлс олон байсныг онцлууштай. Мэдээж би түүнийг дуурайгаад 160 км гүйхгүй ч бодол санаа болоод уураг тархинд “шидсэн” олон санаа нь “нээрээ л ингэвэл миний асуудал шийдэгдэж болох юм” гэх бодлыг төрүүлсэн.