Бидний энэ удаагийн зочдоор CU хэмээх их айлын Back office буюу менежментийн түвшинд үйл ажиллагаагаа хариуцан ажилладаг баг, хамт олны төлөөлөл оролцож байна. Өдөр тутамдаа CU-гийн салбаруудаар үйлчлүүлж, хурдан шуурхай үйлчилгээ, тав тухтай орчныг мэдэрдэг ч бид тэр бүхний ард байх системийг хэн, хэрхэн залуурддагийг мэддэггүй шүү дээ. 

Тиймээс салбар бүрийн тасралтгүй ажиллагаа, санхүү, хүний нөөц, бүтээгдэхүүн хөгжүүлэлт зэрэг хөшигний ард өрнөдөг үй олон ажлыг чиглүүлдэг тэдний ажлын арга барилын тухай сонирхолтой яриаг хүргэж байна.

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Би анх 2019 оны долоодугаар сард буюу нэгдүгээр курсийн оюутан байхдаа CU компанид дэлгүүрийн ажилтнаар орж байлаа. Ингээд дөрвөн жил ажиллах хугацаанд 2023 онд МУИС-ийг санхүүч мэргэжлээр төгсөж, шууд мэргэжлээрээ тус компанид үргэлжлүүлэн ажилласан. Оюутан байх үеэ оролцуулбал энэ компанитай амьдралаа холбоод найман жил болж байна.

Багаасаа шатрын спортоор хичээллэсэн болохоор миний аналитик сэтгэлгээ, ур чадвар энэ салбарт илүү тохирсон юм шиг санагддаг. Дээрээс нь математик, физик зэрэг шинжлэх ухааны хичээлүүдэд дуртай байсан нь санхүүгийн мэргэжлийг сонгоход гол нөлөө үзүүлсэн юм.

Анх мэргэжлээрээ ажиллаж эхлэхдээ дэлгүүрүүдийн зардал шалгах, төлөвлөгөө гаргах зэрэг ажлыг хийдэг байсан бол одоо илүү ахисан түвшинд буюу бизнес модель, санхүүгийн төлөвлөлт болон цаашдын санхүүгийн төлөвийг тодорхойлоход голлон ажиллаж байна. Миний хувьд өөрийн туршлагыг нэг байгууллагад удаан ажилласан гэхээс илүүтэй байгууллагынхаа үйл ажиллагааг сууриас нь ойлгож, дараа нь мэргэжлийн чиглэлээрээ өсөж дэвшин, суралцаж байгаа гэж хардаг. Энэ нь эргээд надад бизнесийг илүү практик талаас нь, бодитой өнцгөөс нь харах давуу тал олгосон гэж боддог юм.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Нэрийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн алба хариуцсан менежер Д.Халиун

Миний хувьд их сургуулиа дөнгөж төгсөөд, 2020 оны 11-р сард Ковидын хөл хорио гарахын яг өмнөхөн CU-д анх орж байлаа. Тухайн үед их сургуулийн багш маань энэ ажлыг санал болгож, ярилцлагад орсноор бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлсэн юм. Ерөнхийдөө карьерын бүхий л туршлага, сурч мэдсэн зүйлс энэ компанитай салшгүй холбоотой. Дунд нь нэг жил орчим компаниа орхисон ч эргэж орохдоо албан тушаалаа ахиулж, өдгөө бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн алба хариуцсан менежерээр ажиллаж байна.

Манай компани өглөө 07:00-10:00 цагийн хооронд уян хатан цагийн хуваарьтай ажилладаг болохоор тухайн өдрийн нөхцөл байдлаас шалтгаалаад ихэвчлэн 08:00-09:30 цагийн хооронд оффис дээрээ ирдэг. Ирсэн даруйдаа цахим шуудангуудаа шалгаж, төвлөрч суух шаардлагатай бичиг баримтын ажлаа үдээс өмнө амжуулдаг юм.

Үүний дараа жинхэнэ ажил бужигнана. Манай багийн үүрэг шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх учраас гадуур судалгаа хийж, зах зээл дэх дэлгүүр, ресторануудаар явж шинэ трендүүдийг тогтмол судалдаг. Мөн бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг өөрсдөө хөгжүүлдэг тул "CU Food Lab" хэмээх туршилтын гал тогоонд ихэнх цагаа өнгөрүүлдэг дээ. Тэнд хөгжүүлэлтийн багтайгаа хамтран шинэ орц гаргаж, амталгаа хийн, санаа уралдуулан ажилладаг.

Мөн бүтээгдэхүүний орц найрлагаас гадна баглаа боодлоос эхлээд хэрэглэгч рүү чиглэсэн ажлуудыг маркетингийн багтайгаа хамтран хийдэг. Бидний ажил бүтээлч сэтгэлгээ, уян хатан чанар болон олон талт харилцааг шаарддаг тун сонирхолтой шүү.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Захиргаа хүний нөөцийн газрын Ахлах мэргэжилтэн А.Халиун

Хурдтай орчинд системтэй бодож, ажилтан бүрээ нэн тэргүүнд тавин, шийдвэр гаргах нь миний ажлын зарчим. CU шиг олон салбар, олон ажилтантай байгууллагад аливаа асуудлыг зөвхөн дүрэм журмаар шийдэхээс илүүтэй тухайн хүний нөхцөл байдлыг нь ойлгож ажиллах хэрэгтэй.

Сонгон шалгаруулалт хариуцдаг болохоор надад зөв хүн, зөв багийн тохироо нэн чухал. Зөвхөн шаардлага хангасан хүн авахаас илүү энэ хүн манай орчинд хэрхэн өсөж дэвжих вэ, багт ямар үнэ цэн нэмэх вэ гэдгийг харж шийдвэр гаргахыг хичээдэг. Мөн өдөр тутмын ажилдаа мэдрэмжээр бус, дандаа бодит тоо, дата мэдээлэлд тулгуурлахыг эрмэлздэг.

Мэдээж асуудлыг цаг алдалгүй хурдан ил гаргаж, хамтдаа ярилцаад шийдвэл үр дүнтэй. Тэгээд зөвхөн тухайн асуудлыг шийдээд өнгөрөхийн сацуу "Энэ шийдвэр маань алс хэтдээ, дараа нь яаж нөлөөлөх вэ?" гэдгийг урьдчилж харахыг хичээдэг.

Би сонгон шалгаруулалт хийх явцдаа нэг зүйлийг байнга боддог юм. Энэ олон зуун ажил горилогч хүний ард өөр өөр амьдралын түүх, зорилго, мөрөөдөл бий. Гагцхүү тэднийг зөв цагт нь, зөв газартай нь холбож өгнө гэдэг маш сонирхолтой бөгөөд асар их хариуцлага шаардсан ажил.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Бизнес шинжилгээний алба хариуцсан менежер О.Тэмүүжин

Би маркетингийн чиглэлээр сурч төгсөөд, мэргэжлээрээ дөрөв орчим жил ажилласан. Тухайн үед үндсэн ажлынхаа хажуугаар өгөгдлийн шинжлэх ухаан (Data Science) болон өгөгдлийн инженерчлэл (Data Engineering)-ийг сонирхон, бие даан суралцаж байв. Тэгтэл надад CU компанид маркетинг болон дата анализыг хослуулан ажиллах, улмаар өгөгдлийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцах ховор боломж тохиосон юм. Ингээд 2024 оны дөрөвдүгээр сард компанидаа анх ажилд орж, одоо хоёр дахь жилдээ ажиллаж байна.

Технологийн хэрэгсэл гэвэл мэдээж ухаалаг утас. Өнөө үед гар утас бидний салшгүй нэгэн хэсэг, бараг л зургаа дахь мэдрэхүй болсон гэхэд хилсдэхгүй. Харин аппуудаас TikTok-ийг хамгийн их ашигладаг. Учир нь тэнд мэдээлэл ямар нэгэн шүүлтүүргүйгээр маш шуурхай дамждаг юм. Хэдийгээр хүн бүрийн сонирхлоос хамаарч алгоритм нь харилцан адилгүй мэдээлэл харуулдаг ч миний хувьд яг хэрэгцээт мэдээллээ хурдан олж авдаг. Хаана шинэ технологи нэвтэрч байна, дэлхий дахинд хиймэл оюун болон өгөгдлийн чиглэлээр ямар тренд өрнөж байна гэхчлэн тэндээс л цаг алдалгүй мэддэг дээ. Түүнчлэн хувцас худалдан авах зэрэг наад захын хэрэглээний сонголтоо ч TikTok-оос харж шийддэг.

Мөн Google News-ийг ашиглах дуртай. Уламжлалт мэдээллийн хэрэгслийг сошиал медиа хэлбэрт оруулсан болохоор UI буюу хэрэглэгчийн интерфэйс талаасаа их таалагддаг юм. Сонирхдог сэдвүүдээ дагачихвал өглөө цайгаа уух үедээ, нийтийн тээвэр хүлээх, автомашинаар зорчих хугацаандаа цаг үеийн мэдээллүүдийг шуурхай авдаг.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Маркетинг сурталчилгааны алба хариуцсан менежер Н.Уянга

Миний хувьд цаг хэмнэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол ирсэн даалгаварбүрийг цаг тухайд нь тэмдэглэж, бүртгэж авах. Тэгээд ажлаа эхлэхээс өмнө хэрэгцээтэй файл, материалуудаа урьдчилан бэлддэг. Ингэж бэлтгэл хангаснаар чухал болон яаралтай ажлуудаа цаг алдалгүй, нэгэн зэрэг амжуулах боломж бүрддэг юм.

Мөн хамгийн хурдан гүйцэтгэх боломжтой, жижиг ажлуудаа түрүүлж хийгээд, ажлуудаа ар араас нь шуурхай гүйцэтгэхийг хичээдэг. Ингэснээр цаана нь үлдэж буй том ажилд 100 хувь төвлөрөхөд тус болдог.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Захиргаа хүний нөөцийн газрын Ахлах мэргэжилтэн А.Халиун

Манай багийн ажлыг тоогоор хэлбэл илүү ойлгомжтой болох байх. Бид долоо хоногт дунджаар 200 гаруй шинэ ажилтан хүлээн авдаг. Ийм хэмжээний урсгал дунд ажилладаг болохоор миний ажлын төлөвлөгөө, уян хатан байхаас өөр аргагүй.

Долоо хоногийн эхэнд нэн түрүүнд аль салбарт, ямар орон тоо нэн яаралтай байгааг харж, бүрдүүлэлтийн ерөнхий зургаа гаргадаг. Заримдаа богино хугацаанд маш олон хүн зэрэг авах шаардлага гардаг учраас багийнхаа дотоод уялдааг хангаж, хурдтай шийдвэр гаргах нь чухал байдаг юм.

Өдөр тутмын ажил маань өглөө ирээд ажил горилогчдын анкеттай танилцах, сонгон шалгаруулалтын шатуудыг төлөвлөх, салбаруудтайгаа холбогдож бодит хэрэгцээг нь тодруулахаас эхэлнэ. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ төлөвлөгөө ихэнхдээ бүрэн хэрэгждэггүй.

Товчхондоо, CU-д ажиллана гэдэг бол цаг минут бүр урагшилж байдаг маш хурдтай, хэзээ ч уйдахгүй, үргэлж буцалж байдаг амьд орчин юм. Өөрийгөө сорьж, тасралтгүй өсөж хөгжих хүсэлтэй залууст яг л тохирсон гоё талбар даа.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн И.Төгөлдөр

2021 онд оюутан байхдаа цагийн ажил хийх зорилгоор CU-д орж байсан юм. Карьерын хувьд дэлгүүрийн цагийн ажилтнаас эхлээд ээлжийн ахлах, туслах менежер, дэлгүүрийн менежер хүртэл дэвшиж, дэлгүүрийн үйл ажиллагаан дээр гурван жил гаруй ажилласан.

Үүний дараа Эрсдэлийг бууруулах газрын Чанар хяналтын ажилтнаар томилогдсон бөгөөд тэндээсээ Борлуулалт үйлчилгээний газар руу шилжин, яг одоо Үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байна.

Би эрч хүчээ хоббиноосоо авдаг. Чоппер (Chopper) төрлийн мотоцикл унах дуртай. Мөн чөлөөт цагаараа хөдөө орон нутгаар аялж, эрч хүчээ сэлбэдэг.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Санхүү төлөвлөлтийн алба хариуцсан менежер Ч.Номинзул

Би 10 жилээсээ л манга уншиж, аниме үзэх дуртай байлаа. Зав гарвал гэртээ тухлан сууж, дуртай зүйлээ хийнгээ амрах шиг сайхан зүйл үгүй. Гэвч сүүлийн хэдэн жилд ажил гэж гүйсээр, өөртөө цаг гаргахаа бүрмөсөн мартчихсан байснаа саяхан анзаарсан юм. Тиймээс үндсэн ажлынхаа хажуугаар өөртөө цаг гаргаж сурахыг хичээж байгаа.

Үүний эхлэл болгож сүүлийн үед бага багаар гүйж эхэлсэн. Спортлог хүн биш болохоор эхэндээ нэлээн хэцүү байсан ч гүйсний дараа сэтгэл санаа хөнгөрч, толгой цэлмээд үнэхээр гоё мэдрэмж төрүүлдэг. Яг энэ үед CU-ийн “Every Run with CU” хөтөлбөр эхэлсэн нь тун цагаа олсон сайхан хэрэг боллоо. Хүмүүсийг өөртөө цаг гаргаж, бага ч гэсэн хөдөлгөөнтэй байхыг уриалж буй нь миний одоогийн зорилготой яг яв цав нийцэж байгаа юм.

Цаашдаа гүйлтээс гадна өөр олон шинэ зүйл туршиж, өөртөө цаг гаргах хоббитой болохыг хүсэж байна.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн И.Төгөлдөр

Эерэг тал нь, ажилчдадаа хэрэгцээт мэдээллийг нь цаг тухай бүрд маш ойлгомжтойгоор хүргэж чаддаг. Зөвхөн ажилчдадаа зориулан шинэ сонирхолтой контент, хөтөлбөр, дотоод арга хэмжээнүүдийг санаачлан зохион байгуулж, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлдэг нь маш урамтай.

Сул тал буюу хэцүү бэрхшээлтэй тал нь, асар их мэдээллийн урсгал дунд байдаг. Тэр их мэдээллийг толгойдоо боловсруулах шаардлага гардаг нь заримдаа оюуны ядаргаа үүсгэх нь бий. Мөн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалаад манай багийнхан бараг өдөр тутамдаа илүү цагаар ажиллах шаардлага тулгардаг нь бага зэрэг хүндрэлтэй байдаг.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Санхүү төлөвлөлтийн алба хариуцсан менежер Ч.Номинзул

Одоогоор үндсэн ажил дээрээ илүү төвлөрч байгаа. Ажлын явцад сайжруулмаар, хялбарчилмаар байгаа нэлээн хэдэн зүйл толгойд бий. Тэр санаануудаа үндсэн ажлынхаа хажуугаар бага багаар хийж, цаашид ажлаа илүү системтэй, үр ашигтай болгохыг хүсэж байна.

Миний хувьд нэг ажлыг давтаж хийхээс илүү яаж хялбарчлах вэ, яаж илүү ойлгомжтой болгох вэ, яаж багийн ажилд хэрэгтэй байдлаар сайжруулах вэ гэдэг дээр төвлөрдөг. Ялангуяа санхүүгийн ажил бол зөвхөн тоо харахаас гадна бусад алба, нэгжүүдтэй маш ойр ажиллаж, тэдний төлөвлөлт, шийдвэр гаргалтад дэмжлэг болох ёстой.

Мөн манай санхүүгийн алба нэн ойрын хугацаанд хагас жилийн төсвийн тодотгол буюу revised budget-д бэлдэх чухалт ажилтай байгаа. Эхний хагас жилийн гүйцэтгэл дээрээ үндэслээд үлдсэн хугацааны төсөв, төлөвлөгөөгөө илүү бодитой болгох чухал ажил учраас үүнд нэлээд анхаарч ажиллах юм.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Бизнес шинжилгээний алба хариуцсан менежер О.Тэмүүжин

Сониуч зан. Аливаа зүйлийг "Үүнийг хэрхэн хийдэг юм бол, яагаад ингэдэг юм бол?" гэж үргэлж сонирхдог.

Анх маркетинг хийхдээ зөвхөн бүтээгдэхүүний сурталчилгаа, урамшууллыг таниулах, сошиал медиад контент байршуулах зэргээр хязгаарладаг байв. Харин яваандаа хийсэн ажлынхаа үр дүнг нарийвчлан мэдэхийг хүсэж, өгөгдөл рүү гүнзгий орсон юм. Пост гарсны дараа борлуулалт хэрхэн өөрчлөгдсөн, хэрэглэгчдийн сэтгэл ханамж болон гомдолд ямар хөдөлгөөн орсон гэдгийг судалж эхэлсэн гэх үү дээ. Үүний тулд техникийн нарийн ур чадварууд шаардлагатай болсон учраас өгөгдлийн чиглэлээр бие даан суралцаж байлаа. Энэ мэтчилэн зөвхөн ажил гүйцэтгэхээс гадна бүхий л салбарт сониуч байх нь чухал.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Нэрийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн алба хариуцсан менежер Д.Халиун


Хоёр ном санал болгоё. Эхнийх нь Саймон Синекийн "Start with Why". Энэ номыг манай захирал надад санал болгож байсан юм. Ажлаа илүү үр дүнтэй хийхийг хүсэж байгаа ч хаанаас, яаж эхлэхээ мэдэхгүй байгаа хүмүүст маш хэрэгтэй. Жишээ нь, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхдээ "Энэ бүтээгдэхүүн хэрэглэгчдэд яг яагаад хэрэгтэй вэ?" гэдэг үндсэн өнцгийг олж харахад тусална. Оффисын ямар ч ажил хийдэг хүнд уншихад илүүдэхгүй ном.

Дараагийнх нь Остин Клеоны "Steal Like an Artist". Заавал дизайнер шиг өндөр түвшний бүтээлч салбарт биш ч, хувийн амьдрал болон ажилдаа шинэ санаа, сэдэл хаанаас авахаа мэдэхгүй байгаа үед уншихад маш тохиромжтой. Текст багатай, авсаархан хэрнээ уншсаны дараа олон шинэ санаа төрүүлдэг тийм л ном.

Хөгжмийн тухайд ажилдаа бүрэн төвлөрч, ажиллах горимдоо орохын тулд YouTube дээрх House болон Electronic төрлийн DJ remix-үүдийг сонсдог. Энэ төрлийн хөгжим анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлэхэд тусалдаг юм.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Санхүүгийн шинжээч Т.Батгэрэл

“Өөрийгөө мэддэг байна гэдэг хамгийн том давуу тал. Унаж болно, харин буцаад босож чаддаг байх хэрэгтэй” гэсэн зөвлөгөө байсан.

Би мэргэшсэн санхүүчийн шалгалтад унаад шууд удирдлагатайгаа ярилцаж байх үедээ энэ зөвлөгөөг авсан юм. Тухайн үед зөвхөн шалгалтад унасан гэх үр дүндээ төвлөрөхөөс илүү яагаад унав, миний сул тал хаана байна, ямар арга барилаа өөрчлөх хэрэгтэй вэ гэдгийг илүү бодож эхэлсэн. Санхүүгийн шинжээчийн ажил ч мөн адил тоо, үр дүнг харахаас гадна түүний цаад шалтгааныг ойлгож, алдаа засах үйл явц шаарддаг. Тиймээс суралцах, ажиллах арга барилаа дахин үнэлж, илүү системтэй бэлдсэнээр шалгалтдаа тэнцэж чадсан.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Маркетинг сурталчилгааны алба хариуцсан менежер Н.Уянга

Хувь хүний үнэт зүйл байгууллагынхтай нийцэх үед ажилдаа хандах хандлага, сэтгэл ханамж хэд дахин өсдөг гэдэгт би итгэдэг.

Манай CU гаднаас харахад зүгээр л нэг конвениенс дэлгүүр мэт боловч нийгэмд эерэг нөлөө үзүүлэх маш олон төслийг цаанаа чимээгүйхэн хийж байдаг юм. Хүүхэд хамгааллын хөтөлбөрүүд, эмнэлэг, сургуулийн ариун цэврийн өрөөний засвар шинэчлэлт, хоол хүнсний чанар, стандартад тавьдаг өндөр шаардлага гээд дурдаад дуусахгүй. Миний хувьд маркетинг, олон нийттэй харилцах чиглэлд ажилладаг болохоор энэ бүх үнэ цэнтэй мэдээллүүдийг хамгийн ойроос харж, мэдэрдэг нь асар том давуу тал болдог юм.

Тиймээс ямар ч компани бүх шатны ажилтнууддаа хийж буй ажлынхаа зорилго, алсын харааг тодорхой хуваалцаж байх ёстой болов уу. Тэгж чадвал ажилтан бүр хийж буй зүйлдээ илүү гүн итгэл үнэмшилтэй болж, урам зоригтойгоор ажиллаж чадна гэж боддог.