Авга ах маань тэнгэрт дэвшсэн гэх харуусалтай мэдээгээр өнөө өглөөг угтлаа. Урьд шөнө нь би одоо танд дэлгэн ярих гэж буй эл бүтээлийг уншиж дуусгасан юм. Дуусгах дуусгахдаа харуусал, гомдлоор дүүрэн, цурхиртлаа уйлж дуусгасныг яана. Хорвоогийн жам хэтэрхий хатуу санагдаж, амьд үлдэхийг тэгтлээ хүсээд байхад яагаад…

Хорвоог орхиж буй нэгнийг үдээд, амьд үлдсэн бид яах ёстойг, эмч хүний сэтгэл зүрх яаж эмтэрдгийг, өвчтөний итгэл найдвар юун дээр тогтдогийг бодсоор энэхүү тэмдэглэлийг хөтөлж сууна.

Ингээд олон таван үггүй Тө.Бямбасүрэнгийн “Улам дөжрөм, тэгээд нам гүм” номын тухай нийтлэлийг маань хүлээн авна уу.

Ташрамд дурдахад, уг ном хэдхэн хоногийн өмнө Mbook дээр аудио хувилбараараа орсон байна билээ.

ЗОХИОЛЧИЙН ТУХАЙ

Тө.Бямбасүрэн бол орчин үеийн Монголын утга зохиолын ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, дотоод ертөнцөөрөө ялгарч буй яруу найрагч агаад төрж, өссөн Төв аймгийн Зуунмод сумын Нэгдсэн эмнэлэгт эрчимт эмчилгээний эмчээр ажилладаг нэгэн.

Зохиолчийн хүүхэд нас, төлөвшилд түүний хоёр аав томоохон нөлөө үзүүлсэн байдаг. Таван настайдаа өнчирч үлдсэн төрсөн аав нь түүний хувьд эр хүний идеал, шүлэг бичих сэдэл нь болсон бол, 11-тэй байхаас нь өсгөсөн аав нь түүнийг барилгын ажил болон амьдралын хатуу хөтүүд сургаж, эр хүн болгон өсгөжээ. Тө.Бямбасүрэн анх "Үдэлт" нэртэй яруу найргийн түүврээ хэвлүүлж, улмаар "Өнө удаан" номоо уншигчдын хүртээл болгосон төдийгүй "Болор цом-39" наадамд дэд байр эзэлж, яруу найраг сонирхогчдын анхаарлыг татсан нэгэн юм.

Тэрээр өөрийгөө "яруу найрагч" гэж тунхаглахаас илүүтэй, эмч мэргэжлийнхээ хажуугаар шүлэг бичих гэж оролддог нэгэн хэмээн даруухнаар тодорхойлдог. Түүний хувьд шүлэг бичих нь хүнтэй уулзаж ярихаас илүү амар гэгдэх төдийгүй дотоод гуниг, шаналлаа гадагшлуулах, өөрийгөө сэтгэл гутралаас аврах нэгэн төрлийн "сэтгэлийн засал" болдог хэмээн ergelt.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.


Гэрэл зургийг: ergelt.mn

НОМЫН ТУХАЙ

Усны гудамж сайтад анх цувралаар нийтлэгдэж, цахим ертөнцөд уншигчдын анхаарлыг татаж чадсан эл өвөрмөц туужийн хоёрдугаар дэвтэр энэ хаврын Номын баяраар "Чимээ" хэвлэлийн газартай хамтран хэвлэгдэж, уншигчдын гарт хүрсэн билээ. Нийт 7 бүлэг, 178 хуудастай энэхүү бүтээл нь хэлбэр зохиомжийн хувьд тун сонирхолтой бөгөөд хоёр өөр хүний дотоод дуу хоолой, өнцгөөс үйл явдлыг ээлжлэн хүүрнэдэг полифони бүтэцтэй.

Номын сондгой тоотой бүлгүүд болох 1, 3, 5, 7 дугаар бүлэгт эмч Тө.Бямбасүрэн өөрийн өнцгөөс үхэл амьдралын зааг дээрх тэмцэл, эмч хүний сэтгэлзүйн ачаалал, мэргэжлийн хариуцлагын тухай өгүүлэх бол тэгш тоотой бүлгүүд болох 2, 4, 6 дугаар бүлэгт түүний өвчтөн асан Янжинлхамын зүгээс үйл явдал өрнөнө. Сэхээн амьдруулах тасгийн орон дээрээс амьдралыг, бас өөрийг нь аврахаар зүтгэж буй эмчийг хэрхэн харж, мэдэрч байгааг өвчтөний өгүүлэмжээр дамжуулан гаргасан нь зохиолыг улам амьд, гүн гүнзгий болгожээ.

Номын агуулгыг цухас дэлгэхэд, бүх үйл явдал Төв аймгийн Зуунмод сумын Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийг тойрон өрнөнө. Хөл хөдөлгөөн ихтэй хотын томоохон эмнэлгүүдийг бодвол хөрөнгө мөнгө, ажиллах хүчний хувьд хязгаарлагдмал орон нутгийн эмнэлэгт секунд бүр хүний амь нас хаашаа ч эргэж мэдэх эгзэгтэй мөчүүд ар араасаа хөврөх ажээ. Зохиолд тус тасагт яаралтай тусламж авахаар ирж буй янз бүрийн хувь тавилантай өвчтөнүүд, тэдний ард үлдсэн гэр бүлийнхний хагацал, найдвар, гомдол, баяр баясгаланг тун бодитоор дүрсэлсэн байна.

Энэхүү саарал өдрүүд, цагаан нөмрөг, ээлж дараалан жингэнэх элдэв төхөөрөмжийн дуу шингэсэн орчинд Тө.Бямбасүрэн эмч бусдын амийг аврахын тулд өөрөөсөө хамаарах бүхнийг шавхан зүтгэх ба тэрхүү зовлон зүдгүүрийн дундуур өвчтөнүүдийнхээ түүхээс өөрийн амьдралын утга учрыг ч давхар хайж байдаг. Эмч, өвчтөн хоёрын харилцааг зөвхөн ажил үүргийн түвшинд биш, хүн хоорондын сэтгэлийн нарийн нандин гүүр, холбоосын үүднээс нээж харуулсан нь уг туужийн гол үнэ цэн оршиж байгаа юм.

ЯАГААД УНШИХ ВЭ?

Хуудас бүрийг нь эргүүлэх тусам уншигчийн сэтгэл зүрхийг хөдөлгөх уг бүтээлийг заавал унших ёстойг илтгэх хэд хэдэн чухал шалтгаан бий.

Нэгдүгээрт, зохиолоос бид мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурлан шимтсэн, өргөсөн тангарагтаа үнэнч эмч хүний жинхэнэ дүр төрхийг олж харна. Өдөр бүр, цаг минут тутам хүнд хэцүү сорилтуудтай тулгардаг ч өөрийн сонголтдоо тууштай үлдэж, өвчтөнийхөө төлөө гаргаж буй тэрхүү сэтгэл зүтгэл нь уншигчийн хүндэтгэлийг эрхгүй төрүүлэх буй заа. Ерөөс дээсэн дөрөөн дээр дэнжигнэх хүний амийг үхлийн савраас булаан авдаг эрчимт эмчилгээний эмчийн ажил бидний төсөөлснөөс ч хүнд, асар их хариуцлага, тэвчээр шаарддаг болохыг зохиолын үг үсэг бүр мэдрүүлнэ.

Хоёрдугаарт, зохиолч яаралтай тусламжийн тасагт өрнөж буй үйл явдал бүхнийг дэндүү амьд, нарийвчлалтай дүрсэлсэн тул уншигчийн нүдэнд яг л кино үзэж буй мэт тодхон бууна. Эмнэлгийн коридорт сандран гүйх хүмүүс, аппаратуудын чимээ, эмч нарын шуурхай хөдөлгөөн, цаг хугацаатай уралдах тэрхүү түгшүүртэй мөч дунд уншигч өөрөө ч мэдэлгүй уусчихсан, хамтдаа амьсгаа даран суух болно. Заримдаа Тө.Бямбасүрэн эмчийн хамт үхлийн үнэнтэй нүүр тулахуйд хамтдаа уйлах мөч ч цөөнгүй тохиох биз ээ.



Гуравдугаарт, энэ ном эмч хүний мэргэжлийн ард нуугдах дотоод ертөнц, хүний эмзэглэлийг гүнзгий харуулжээ. Бид эмч нарыг үхэлд дасал болсон, хатуужсан хүмүүс гэж эндүүрдэг. Тэгвэл уг туужид өвчтөн үхэх бүрд эмч хүний доторх аль нэг хэсэг, сэтгэлийнх нь нэгэн хэлтэрхий дагаад үхэж байдаг нь зүрх зүсмээр. Бусдын амийг аврахын тулд өөрийнхөө сэтгэл зүрхийг хэрхэн золиосолж, дотроосоо хэрхэн "эмтэрч" байдгийг эмчийн өнцгөөс илэн далангүй гаргаж ирсэн нь амьдрал ба үхлийн үнэ цэнийг дахин нэг тунгаахад хүргэх гол шалтгаан болох ажээ.



УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ

Номоо уншиж дуусгаад, учиргүй их гомдол тээн хэсэг нүүрээ даран, уйлж сууснаа нуух юун. Хэнд ч гомдоод байгаа юм, бүү мэд. Сэтгэл тийм ч амар тайвширсангүй. Дотор нэгэн хоосон зай гарах шиг болж, олон зүйлийг эргэцүүлэн бодоход хүргэлээ.

Юун түрүүнд, бидний амьдрал болоод үхлийн тухай ойлголтыг зохиолч тун өөрөөр харах боломж олгосон юм. Уламжлалт ойлголтоор бид "Өвчин хэлж биш, хийсэж ирдэг" хэмээн ярьдаг ч зохиогчийн адилаар энэ үгийг тун өрөөсгөл утгатай юм байна гэдгийг унших явцдаа ажиглав. Үхэл гэдэг амьдралын зайлшгүй төгсгөл мөн боловч, яг ямар шалтгаанаар, хэзээ хорвоог орхих вэ гэдэг нь бидний өнөөдрийн хийж буй сонголт, шийдвэр, амьдралын хэв маягаас шууд шалтгаалдаг. Бид өөрсдөө зарим зүйлийг хүлцэж, бие махбодоо хайрлаж, тэвчиж чадвал олон эрсдэлээс урьдчилан сэргийлж болохыг эрчимт эмчилгээний тасгийн гашуун түүхүүд бэлхнээ гэрчилнэ.

Нөгөөтээгүүр, бид өдөр бүр зүгээр л амьсгалж, өглөө орноосоо эрүүл саруул босож, хэн нэгний тусламжгүйгээр алхаж яваагаа амьдралын байх л ёстой энгийн үзэгдэл мэтээр хүлээж авдаг. Гэтэл Зуунмод сумын эмнэлгийн тэрхүү тасагт хэн нэгний хувьд зүгээр л өөрөө амьсгалах, зүрх нь ямар нэгэн аппаратгүйгээр цохилох, эсвэл хажуу дахь хүнээ хараад инээмсэглэх нь олдошгүй том бэлэг, амьдралынх нь эцсийн ганц найдвар болон хувирч байна. Өөрт байгаа эрүүл мэнд, элэг бүтэн амьдралдаа талархахыг мартаж, өдөр тутмын жижиг сажиг асуудал, олдохгүй байгаа зүйлсийн араас бухимдан, сэтгэл дундуур алхах нь үнэхээр л "нүгэл" гэлтэй.



Эмч ба өвчтөний харилцаа, тэр дундаа сэтгэлзүйн дэмжлэг үзүүлнэ гэдэг их нарийн мэдрэмж шаардсан ажил юм. Зарим эгзэгтэй тохиолдолд эмч хүн өвчтөнийхөө амьд үлдэх итгэлийг бадраахы тулд гэмгүй худал ярьж, биеийг нь дээрдүүлэх арга зам эрэлхийлж болдгийг уншаад эмч нарыг улам бүр ойлгож, хүндэтгэх сэтгэл төрлөө. Тэрчлэн эмч хүн өөрийнхөө дүрд бүрэн орж, итгэх нь их чухал юм байна. "Надаас өөр хэн ч энэ хүнийг аварч чадахгүй" гэх тэрхүү хатуу итгэл үнэмшил нь үхэл амьдралын ирмэг дээр оновчтой шийдвэрийг зоригтой гаргах үндэс болдог ажээ.

Мөн зохиолч манай эрүүл мэндийн салбарт, эмнэлгийн байгууллагуудад бугшсан олон жилийн бодит асуудлуудыг гадагш нь түлхэж, шүүмжлэхээс илүүтэй зохиолынхоо үйл явдалд маш эвтэйхэн, зөв тунгаар шингээж өгсөн нь оносон санагдлаа. Тэр бүх дутагдалтай талууд зохиолын ерөнхий уур амьсгал, уран сайхныг эвдээгүй ч уншигчийн дотор нэгийг бодогдуулж, салбарын шинэчлэлийн тухай даацтайхан санаа өгч чадсан байна.

Эцсийн дүндээ, би зохиолчийг маш их өрөвдөж, хайрлах сэтгэлээр номоо дуусгалаа. Үхэл бүрийн ард эмтэрч үлддэг эмчийн зүрх сэтгэл яаж тэсдэг юм бол гэх харуусал төрж байсан ч, түүний нэгэн ярилцлагадаа хэлсэн үг сэтгэл эерүүлсэн юм. Өдөр бүр, өвчтөн бүр нь үхчихдэг юм биш. Хэрэв тоогоор зүйрлэвэл, эрчимт эмчилгээний тасагт ирсэн 10 өвчтөний 7 нь амьд үлдэж, 3 нь хорвоог орхидог байна. Хэдийгээр 3 хүнийг алдах нь зүрх зүсэм хэцүү ч гэлээ, амийг нь аварч, амьдрал бэлэглэж чадсан тэр 7 хүний хувь тавилан, баяр баясгалан нь эмч хүнийг маргааш нь дахин цагаан нөмрөгөө өмсөөд, урагш алхах том хүч, амьдралынх нь утга учир болдог бололтой.