Бүх аугаа зүйлс маш жижиг дадлуудаас эхэлдэг. Уншигч болох нь ч өдөр бүр тасралтгүй бага багаар уншихаас эхэлнэ. Бид хүүхдээ багаас нь, бие хүн болон төлөвшиж эхлэх үеэс нь тэдний насанд тохирсон номуудыг санал болгож уншуулснаар тэд уншсанаа тархиндаа эргэцүүлж, нүдэндээ төсөөлж, төсөөлснөө бодит байдал дээр буюу эхлээд анги хамт олныхоо дунд, дараа нь нийгэмд шууд болон шууд бус байдлаар үйлдэл болгож байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ бүх төрлийн номыг сэдэв харгалзахгүйгээр уншуулж л байх хэрэгтэй. “Хэрэв чи унших дургүй бол, зөв номоо олоогүй л байна гэсэн үг” хэмээх Ж.К.Роулингийн эшлэл байдаг шүү дээ.

Хэрвээ таны хүүхдийн зурагт номуудтай танилцах аялал нь хэдийн өндөрлөх дөхсөн гэж үзэж байгаа бол бид уншигчийн хувиар дараагийн түвшин рүү ороход ямар номууд нүдэнд нь ил, гарт нь бэлхнээ байвал зохистой талаар хуваалцъя. Мэдээж хүүхэд бүрийн сонирхлоос хамаарч унших номын сэдвүүд ялгаатай байж болох ч, уран зохиолын сэдэвт номууд “анхлан уншигч” болж буй уншигчдад ойлгоход илүү хялбар, сонирхолтой байх магадлал өндөр.


1. БЯЦХАН ХУНТАЙЖ
Зохиолч: Антуан де Сент Экзюпери
Орчуулагч: Т.Төмөрхүлэг
Хэвлэгдсэн он:1943
Төрөл: Адал явдалт, уран зөгнөлт
Хуудасны тоо: 108

Бага гараг Б-216 дээр амьдардаг залуу хунтайж гарагаас гараг хооронд аялах явцдаа янз бүрийн түүхүүдтэй оршин суугчидтай танилцаж, амьдралын чухал сургамжуудыг олж авч буй тухай өгүүлнэ. Нэгэн удаа хунтайжийн гараг дээр онгоц нь осолдож саатсан нисгэгч зочлон ирж, тэд хэсэг хугацаанд цагийг хамт өнгөрөөнө. Хунтайж өөрийн аяллын талаарх түүхээ түүнд хуваалцаж, аяллын явцад учирсан ганцаардсан хаан, өөртөө итгэлгүй сарнай, од тоолох хүсэлд хэт автсан бизнесмен зэрэг сонирхолтой учралуудаа хүүрнэж, тэдний ачаар хүний ​​мөн чанар, харилцааны нарийн төвөгтэй байдлын талаар ойлголттой болсон талаараа хуваалцдаг.

Хунтайж тэдгээр учралуудын дараа өөрийн бяцхан гараг ​болон түүн дээр үлдээсэн ганц сарнай цэцгээ хайрлах хайраа эргүүлэн олж авч, өөрт буй зүйлсээ илүү их хайрлаж, үнэлэх болжээ. Тус зохиол нь уншигчдад хайр дурлал, нөхөрлөл, ганцаардал, аливааг зөвхөн нүдээр харахаас илүүтэй зүрх сэтгэлээр мэдрэхийн ач холбогдлыг ухааруулдаг билээ.

Худалдан авах: Интерном номын дэлгүүр



2. ДҮРСГҮЙ ЖААЛЫН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

Зохиолч: Жефф Кинни
Орчуулагч: Б.Хүсэлбадрах
Хэвлэгдсэн он: 2007
Төрөл: Адал явдалт, инээдмийн
Хуудасны тоо: 217

Агуулга: Уг цуврал зохиолд дунд сургуулийн сурагч Грег Хеффли өсвөр насны амьдрал, нөхөрлөл болон гэр бүлд нь тохиож буй адал явдал, бэрхшээлийг хэрхэн даван туулж буй талаар харуулдаг. Энэ цуврал ном Грегийн хувийн өдрийн тэмдэглэл мэт хэлбэрээр бичигдсэнийг онцлох хэрэгтэй. Түүний өдөр тутамд тохиож буй хөгжилтэй адал явдлуудыг инээд хүргэм зургуудтай хослуулахын сацуу номын бичвэрийг бичмэлээр, гараар бичсэн нь хүүхдийн байтугай томчуудын ч анхаарлыг татах нь гарцаагүй.

Шинэ сургууль, ангийнхандаа дасан зохицохын төлөөх тэмцлээс эхлээд гэр бүлийнхээ гишүүдийн тухай хөгжилтэй ажиглалт хийн, дүгнэж бичсэн тэмдэглэл нь ердийн дунд сургуулийн сурагчийн амьдралыг зугаатай, сонирхолтой байдлаар харуулдаг. Анхны ботио 2007 онд хэвлэснээс хойш уг цуврал нь бүрэн хэмжээний цуврал кино болтлоо хөгжиж, дэлхийн өнцөг булан бүрд суугаа залуу уншигч, үзэгчдийг хөгжилтэй түүхүүд, хөнгөн дүрслэлээрээ байлдан дагуулсаар байгаа юм.

Худалдан авах: Интерном номын дэлгүүр



3. ХИШИГТ

Зохиолч: Х.Болор-Эрдэнэ
Хэвлэгдсэн он : 2011
Төрөл : Адал явдалт, намтар дурсамж
Хуудасны тоо : 118

Хишигт туужийг зохиолч Болор-Эрдэнэ өөрийн бага насны бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн юм. 2011 онд худалдаанд гарсан даруйдаа Монголын утга зохиолын шилдэг бүтээлийн “Алтан – Өд” наадмын тэргүүн байрын шагналыг хүртсэн төдийгүй 2018 онд франц хэл дээр орчуулагдан хэвлэгдсэн түүхтэй.

Энэхүү номыг уншсан хүүхэд бүр амьтныг хайрлаж, тэднийг хэчнээн ухаалаг болохыг мэдэрч, хүн болон амьтны нандин холбоог ойлгох нь гарцаагүй. Зохиолын гол дүрийн бяцхан охины хашаанд нэг л өдөр Хишигт хэмээх цагдаагийн офицер нохой ирдэг бөгөөд тун удалгүй түүний хувьд өөрийг нь хамгаалах цор ганц уул мэт нөмөр нөөлөгтэй амьтан болж хувирна. Тэдний нэгнийгээ хамгаалах хүсэл, дасаж ээнэгших сэтгэлийг уг зохиолд дэндүү гайхалтай дүрсэлсэн. Нэг талд охиныг үргэлж загинаж, зоддог хойд аав, нөгөө талд охиныг хамгаалахыг л хүсдэг Хишигт нохой. Энэ хоёрын завсарт охины мэдэрч буй мэдрэмж, өөртэйгөө ярих ухаарал, бодролоос амьдралын олон өнгө, хүнд хэцүүг давах ухааныг ойлгоно.

Худалдан авах: Аз хур номын дэлгүүр



4.МОМО

Зохиолч: Михаил Энде
Хэвлэгдсэн он: 1973
Төрөл : Адал явдалт, уран зөгнөлт

Герман улсын зохиолч Михаил Эндегийн “Момо” хүүхдийн ном нь анх 1973 онд уншигчдын гарт очсоноос хойших хагас зууны хугацаанд дэлхийн хүүхдийн уран зохиолд бэстсэллэр бүтээлийн нэг хэвээр байж, өдгөө 50-аад хэл дээр орчуулагдан гаржээ.

Уг алдарт зохиолоос таны хүүхэд бусдыг чин сэтгэлээсээ сонсох нь ямар чухлыг, чин сэтгэл байхад бусдын асуудлыг хөнгөвчилж болдгийг мөн хэт их цаг завгүй амьдрал бидний аз жаргалаас, хайр дүүрэн амьдралын мөчөөс хэрхэн хумсалсаар байдгийг ойлгох нь лавтай.

Номын гол баатар Момо хэмээх жаахан охины түүх хүүхэд багачуудыг уйдамгүй үйл явдал, сонирхолтой дүрүүдтэй танилцуулах бол харин томчуудад аз жаргал, амьдралын утга учрын тухай дахин нэг эргэцүүлэхэд хүргэх ид шидтэй.



5. ХҮРЭЛХҮҮ НАРАНЦЭЦЭГ ХОЁР (6+)

Зохиолч: Цао Вэньсюань
Орчуулагч: Б.Гэрлээ
Хэвлэгдсэн он: 2015
Төрөл: Адал явдалт
Хуудасны тоо: 224

Агуулга: 2005 онд хэвлэгдсэн уг зохиол нь Хятадад төдийгүй олон улсын уншигчдын гар дээр хүрсэн даруйдаа бяцхан хүүхдийн цагаан цаас шиг толбогүй ертөнцийн талаар нэгийг ухааруулж, нэжгээдийг сануулсан хүүхдийн ном юм. Уг зохиолд 1966-1976 оны хооронд Хятадад өрнөсөн Соёлын хувьсгалын үеэр танилцаж, нөхөрлөж буй Хүрэлхүү, Наранцэцэг хэмээх хоёр жаалын талаар өгүүлдэг. Тухайн үеийн нийгмийн байр байдлын хүнд хэцүүг бяцхан хүүхдүүд ямар сэтгэл зүйгээр хүлээн авч, хэрхэн даван туулсныг тус номоос уншиж болно. Хэдий нийгэмд эзлэх байр суурь, угсаа гарал өөр хэдий ч Хүрэлхүү, Наранцэцэг хоёр тулгарсан бэрхшээлүүдийг биесээ гэсэн чин сэтгэлийн хүч, итгэлээр даван гарч, салшгүй найзууд болдог.

ЮНЕСКО-гоос хоёр жил тутамд олгодог Андерсений нэрэмжит шагнал нь хүүхдийн уран зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг бөгөөд зохиолч энэхүү шагналыг уг зохиолоороо хүртсэн нь түүний бүтээлийн ач холбогдол, дэлхийн хүүхдийн уран зохиолд оруулсан хувь нэмрийг нь үнэлж буй хэрэг билээ.

Худалдан авах: Аз хур номын дэлгүүр



6. ГАЙХАМШИГ

Зохиолч: Р.Ж.Паласио
Орчуулагч : Б.Уранболор
Хэвлэгдсэн он: 2017
Төрөл : Адал явдалт, түүх намтар
Хуудасны тоо: 416

Гудамжинд тааралдсан нүүрний гажигтай бяцхан охиноос санаа авч бичсэн Зохиолч Р.Ж.Паласиогийн “Гайхамшиг” зохиол нь дэлхийн сая сая уншигчдын зүрх сэтгэлийг хөдөлгөж чадсан гайхалтай бүтээл билээ. Улмаар 2017 онд “Гайхамшиг” зохиолын кино бүтээгдэж, дэлхий нийтийн хүртээл болсон.

Уг номонд төрөлхийн нүүрний согогтой хүүхдийн талаар өгүүлдэг. Биднээс царай төрхөөр өөр нэгнийг цоо ширтэх нь, тэднээс айх нь, юу ч бодолгүй асууж шалгаах нь тэдэнд хэчнээн хэцүү байдгаас эхлэн энэ номноос ойлгож ухаарах зүйл дэндүү их. Гол дүрийн хүү болох Огги сургуульд элсэх болсноор номын гол үйл явдал өрнөнө. Түүнийг бусдаас өөр гэж огтоос бодолгүй үргэлж байгаагаар нь хайрладаг гэр бүл, найзууд мөн түүнийг хорлох, доромжлох сургуулийн хүүхдүүд ч бий. Үүнийг Огги хэрхэн хүлээн авч, даван туулж, юу мэдэрч байгааг, түүний ертөнц, сайхан сэтгэл хэчнээн гайхалтай болохыг энэхүү номоос мэдрээрэй. Огги энгийн нэгэн биш гайхалтай нэгэн билээ.

Худалдан авах: Аз хур номын дэлгүүр



7. ОГГИ БИД ХОЁР: ГАЙХАМШИГТ ГУРВАН ТҮҮХ (8+)

Зохиолч: Р.Ж.Паласио
Орчуулагч : Б.Уранболор
Хэвлэгдсэн он: 2020
Төрөл : Адал явдалт, түүх намтар
Хуудасны тоо: 368

Гайхамшигт гурван түүх нь “Гайхамшиг” номын өөр нэгэн талыг нь харуулсан бүтээл юм. Өмнөх бүлэгт Огги хүүгийн өнцгөөс ном бичигдсэн бол энэ удаад Огги хүүгээс болж өөрчлөгдсөн гурван дүрийн талаар өгүүлнэ. Оггиг дээрэлхэж, гадуурхаж байсан хүүхдийн дотоод ертөнц, Оггиг хараад хэрхэн хүлээж авсан мэдрэмж, аав ээжийнх нь хандлага зэргийг харуулдаг. Бид бүгд л эцэг эхийнхээ өгсөн хүмүүжлийг л өвлөдөг болохын тод жишээ юм. Гэвч хэн нэгний энгийн үйлдэл, үнэнч сэтгэл бидний дотоод ертөнц, үзэл бодлыг өөрчлөх хүчтэй.

Худалдан авах: Аз хур номын дэлгүүр



8. ЧИНГИС ХААН ЦУВРАЛ (8+)

Зохиолч: Хан Ён Хи, Н.Ганболд
Туурвигдсан он: 2005
Төрөл: Түүхэн, адал явдалт
Хуудасны тоо: 120

Агуулга: Монголын нууц товчооноос сэдэвлэн багачуудад зориулан бүтээсэн уг цувралыг монгол хүүхэд бүр заавал унших номын жагсаалтдаа зайлшгүй оруулах нь зүйтэй юм. Нийт 20 дугаараас бүрдэж буй уг цуврал эхлэлээс төгсгөл хүртлээ эзэн Чингис хааны тухай өгүүлэх бөгөөд их хааны бага наснаас авхуулаад, төр улсаа тохинуулж, тэнгэрийн орон руу халих хүртэлх түүхийг он цаг хугацааны дарааллаар, сэтгэл татам өнгөт зургуудтай хослуулан уншигчдад хүргэжээ. Эх орныхоо үүх түүхээр бахархаж, эзэн болж төрсөн улсынхаа тухай хүүрнэх мэдлэгийг үр хүүхдэдээ үлдээх нь эцэг эхчүүдийн зүгээс өвлүүлж буй хамгийн том хөрөнгө оруулалт билээ.

Худалдан авах: Интерном номын дэлгүүр



9. НОХОЙ ХҮН ЦУВРАЛ (6+)

Зохиолч: Дейв Пилки
Орчуулагч: Ц.Оюумаа
Хэвлэсэн он: 2016
Төрөл: Адал явдалт, Инээдмийн
Хуудасны тоо: 224

Агуулга: Уг цуврал зохиолд цагдаагийн ажилтны үнэнч ажилчин нохой ослын улмаас хүнд бэртэж, амь аврах мэс заслын дараа хагас нохой, хагас хүн-супер баатар байдлаар эргэн ирдэг. Нохой хүн цуврал нь сэтгэл татам, хошин адал явдлууд, өнгөлөг дүрслэлээрээ багачуудын дунд алдартай. Хагас хүн супер баатар болсон нохойд ямар ямар сонирхолтой, хөгжилтэй адал явдлууд тохиож тэдгээрийг хэрхэн даван туулж байгаа талаар уншаарай. Түүнчлэн зохиолч цуврал түүхүүдээр дамжуулан багачуудад нөхөрлөлийн үнэ цэн, үнэнч, тууштай зан чанарын ач холбогдол, зөв ​​зүйл хийхийг далдуур уриалдаг нь эцэг эхчүүдээс өндөр үнэлгээ авдаг билээ.

Худалдан авах: Интерном номын дэлгүүр



10. ДАВШИГЧ ТИТАН ЦУВРАЛ (11+)

Зохиолч: Хажиме Исаяма
Орчуулагч: Б.Амарбаясгалан
Туурвигдсан он: 2009
Төрөл: Адал явдалт, уран зөгнөлт
Хуудасны тоо: 200

Агуулга: Хүмүүсийг ямар ч шалтгаангүйгээр залгидаг Титан гэгдэх аварга том амьтдын улмаас хүн төрөлхтөн мөхлийн ирмэг дээр ирээд байгаа ертөнцөд үйл явдал өрнөнө. Гол дүрүүд болох Эрэн, түүний өргөмөл эгч Микаса, тэдний найз Армин нар төрөлх хот нь сүйрсний дараа Титануудын эсрэг тэмцэж байлдахаар цэрэгт элсэж байгаагаар үйл явдал үргэлжилнэ. Тэд цэрэг болохын тулд бэлтгэгдэж байхдаа Титанууд, өөрсдийнхөө гарал үүсэл, ертөнцийн түүхийн талаарх харанхуй нууцыг нээдэг. Цувралын туршид дүрүүд Титануудын эсрэг ширүүн тулалдах явцдаа улс төрийн хорон явуулга, нийгэм дэх дотоод зөрчилдөөнтэй тулгарна. Энэ цуврал нь амьд үлдэхийн төлөөх тэмцэл, эрх чөлөө, золиослол, дайны хор уршигт үр дагаврууд, сонирхолтой дүрүүд, үйл явдлын ээдрээтэй эргэлтүүдээрээ үзэгчдийн сонирхлыг ихээхэн татдаг билээ.

Уг цуврал нь зөвхөн Японд гэлтгүй олон улсад хэдийн танигдаж, анимэ цуврал, кино, видео тоглоом хэлбэр лүү шилжиж дэлхий дахинаа сая сая шүтэн бишрэгчидтэй болсон бүтээл юм.

Худалдан авах: Интерном номын дэлгүүр

Зуны амралт албан ёсоор эхэлсэнтэй холбогдуулж, энэ зун аялал зугаалгаар хаа ч явсан өвөртлөөд, уншаад явах сонирхолтой номуудыг үрсдээ бэлэглэж, тэднийхээ сурч боловсрох, хөгжих эрхийг нь хамгаалахаа бүү мартаарай. Энэ зуныг хүүхэд тань насандаа тохирсон номуудтай өнгөрөөж чадвал ирэх намар илүү сайн уншигч болсон байх нь дамжиггүй биз ээ.