Та багадаа Л. Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх” бүтээлийг уншиж байв уу?

Өсөж торних, ухаажих тухай хөдөө нутаг дахь хүүхэд насны хөгтэй явдлыг өгүүлэх тэрхүү тууж “Хорвоог таних гэмээж нь миний төрсний хэрэг бүтэх учиртай юмсанж” хэмээх оршлоор эхэлнэ. Туужийн гол дүрийн адилаар бид цөм хорвоог таних уртаас урт аялалд мордогсод билээ. Энэхүү аяныхаа явцад ус, агаар, ургамлаас авхуулаад эргэн тойрныхоо талаар чамгүй ихийг мэдэж авдаг ч өөрсөд рүүгээ өнгийхөө умартаж орхих нь олонтоо. Гэвч хүн өөрөө ертөнцийн хэсэг шүү дээ. Тиймдээ ч эргэн тойронтойгоо илүү нягт холбоо тогтоох түлхүүр өөрийгөө таньж мэдэхэд оршдог байж болох юм.

Таны түүхийн гол дүр болох өөрийгөө танихад туслах “The Girl in The Mirror- Өөрийгөө олох аяллын тэмдэглэл” номыг тоймлон хүргэе.


Номын тухай

Энэхүү бүтээлд хүн болох хийгээд хүн байх тухай хөнджээ. Хүн болох буюу өсөж том болох явцад хүн байна, амьдарна гээч нь чухам юу вэ гэдгийг тунгааж, ухамсарлахгүйгээр цаг хугацааг элээх нь бий. Хайрлаж, хайрлуулан, айж буцан, гутарч гуних гэхчлэн хэн хүнгүй мэдэх мэдрэмжүүд тэс харийн санагдаж сандаргах нь ч бий. Зохиолч бүсгүй энэхүү үеүдийг хэрхэн даван туулснаа, мөн тухайн цаг мөчөөсөө юуг ойлгосон талаар уншигчдадаа дэлгэсэн буй.

19 бүлгээс бүрдэх энэхүү бүтээл нь Youtube хуудсанд ‘Khulan Nemekhbayar’ нэр дор видео контент бүтээгч Н.Хулангийн хоёр дахь хувь хүний хөгжлийн ном юм. Тэрбээр 2018 онд “A year to remember - 52 долоо хоногийн туршид шинэ зүйлсэд суралцсан тэмдэглэл” хэмээх анхны бүтээлээ олны хүртээл болгож байжээ.


Өөрийгөө мэдэх гэдэг нь гагцхүү өөрийн цаг хугацаа болон сэтгэл зүрх, анхаарал халамжийнхаа үнэ цэнийг мэдэх ба өөрийгөө таалах, эс таалахын хязгаарыг мэдэрч байхын нэр юм.

Н.Хулан

Хэлэлцэх сэдэв бүрээ асуултаар тодруулан эхлүүлж, бататгах асуултуудаар төгсгөх энэхүү ном залуу уншигчдад яг л итгэдэг нэгэнтэйгээ хөөрөлдөх мэт дотно мэдрэмж төрүүлэх болов уу. Энэ нь ч зохиолчийн зорилго байсан нь илт. Тэрбээр “...Уншигчид, үзэгчид маань “Надтай ямар адилхан юм бэ?” гэж бодоосой гэсэндээ тэр бүр олны ярианд дурдагддаггүй сэдвүүдийг багтаасан" гэжээ.


айдас

Хүнийг “хүн” болоход айдас томоохон үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Араатнаас, байгалийн үзэгдлээс, үл үзэгдэх хүчнээс гэхчлэн хүн төрөлхтөн тоймгүй олон айдастай нүүр тулсан нь мэдээж. Гэвч өнөөдөр бид ингээд оршиж байгаа нь тэр айдсуудтай тулаад давсаны илрэл биш гэж үү?

Өнөө цагт амьдрал шинжлэх ухаан, технологийн дэвшлийн ачаар харьцангуй амар болсон ч хүмүүс айдастай өдөр тутамдаа учирдаг хэвээрээ. Олон хүний урд үг хэлэх, хүссэн зам мөрөө хөөх гэхчлэн онц сүртэй биш гэмээр ч санаа сэтгэл самарч орхидог мэдрэмжүүдээр дүүрэн өдрүүд.

Бүсгүй айдсын талаар хэд хэдэн бүлэгт дурджээ. Бага жаалхан ахуйд нь тохиосон түүхээсээ ч чамгүй хуваалцаж. Сургуульд ирц авах үеэр “Байна” гэхээс айдаг байсан бяцхан охин хувийн бизнесээ эрхлэхээр шийдэх үед ч айдас түүнийг зүсээ хувирган дагасаар байсан аж. Бидний амьдралаас айдас хэзээ ч арилдаггүй ч айсан гээд гар хумхиад суувал үйл хэргийн хариуд ирж мэдэх бүх амжилтыг оргүй хоосонтой тэнцэтгэж орхидог. Бид айдсыг огт мэдэрдэггүй сэн бол ямарваад зориг зүрх гаргах эсэх нь эргэлзээтэй.

Номын “Айдсын тухай” хэмээх бүлэгт “Бүх үйлдэл, шийдвэр, сонголт аз жаргалд хөтөлдөггүй байж магадгүй. Гэхдээ ямар ч үйлдэл хийхгүйгээр аз жаргалд очно гэж байхгүй. Ямар нэгэн юм хийх учиртай” гэсэн байх аж. Мөн энэ хэсэгт тэрбээр карьераа дахин тэгээс эхлэх үедээ өөртөө хаяглан бичсэн захидлаа хавсаргасан нь сэтгэлд ойр туссан.


хайр ба хүлээн зөвшөөрөл

Хүсээд хяссан Ромео ба Жульеттагийн, эцэг эх, төрөл садан, найз нөхдийн гэхчлэн мянга мянган хайрын түүхийг та мэдэх биз ээ. Магадгүй та өөрөө ч аль нэг хайрын түүхийн дүр, тэр бүү хэл зохиогч байхыг үгүйсгэхгүй. Хайр хаа сайгүй, харьцуулж тогтоомгүй олон хэлбэрт оршиж, хүмүүс үүнийг өдөр тутамдаа гэрчилж байдаг. Гэвч бид хамгийн чухал хайрын түүхээ мартаж орхидгийг та анзаарсан уу?

Энэ бол бидний өөрийгөө хайрлах тухай түүх юм.

Бүх л хайрын түүх үнэндээ бол бидний өөрийгөө гэсэн хайраас эхтэй юм санжээ. Өөрийгөө хайрладаг нэгэн хайр хийсэж ирдэггүй, дотроос нь ундардгийг ойлгодог учраас өрөөлийг болзолгүй хайрлаж чаддаг. Өөрийгөө хайрладаг нэгний үнэ цэн бусдын өмнө өсөж буурдаггүй. Яг л нэг дээр нэгийг нэмэхэд хэзээд хоёр гардаг шиг. Энэ номд хэн байгаагаа, хэн байснаа хайрлана гэдэг хэн байхаа шийдэж буй хэрэг болохыг тод томруун харуулжээ.


Н.Хулан энэхүү бүтээлдээ амьдралдаа учирсан олон хайрын түүхээ өгүүлсэн байна. Анхны хайр, арван жилийн шохоорхол, гэр бүл, төрөөгүй бяцхан үрээ хайрласан сэтгэл өнгө өнгийн дурсамж, сургамж... Тэр бүхнийг туулахад түүнд өөрийгөө хэмлэх, үл хайрлах тохиол бишгүй тохиосныг ч нуусангүй.

Амьдралд өвдөг сөхөрч үзээгүй хүн үгүй биз ээ. Гомдол цөхрөл, алдаа эндэгдлээ эргэж тойрон “Ингэж их хичээсэн байхад яагаад?” гэх асуултыг өөрөөсөө асуугаагүй нэгэн бий болов уу? Иймэрхүү явдлуудыг бид сэтгэлдээ буглаачхаад тавьж явуулахгүй байх нь бий. Хэдийнэ үгүйрчхээд байхад ч итгэл тээх нь тэнэглэл мэт санагдах ч буруутгах аргагүй. Тэрбээр бүтээгүй зүйлсийн араас нүдээ ширгэтэл хүлээх талаар “Тавьж явуулах чадваргүй байх нь нөгөө талаараа жинтэйхэн шиг бүтэлгүйтэх чадалгүй байна гэсэн үг” хэмээн өгүүлжээ. Эцсийн дүнд болсон бүхнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч гэмээнэ тухайн явдлаас алдаагаа олж харна, тийм үү?

Бүтэхгүй зүйлсийг тавьж явуулаад, болох ёстойг тосож явах нүдтэй байгаарай.

Н.Хулан

Өөрийгөө бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэж хүлээлгүй, өөрийгөө хүлээн зөвшөөрч сурах нь өөрийгөө хайрлах анхны бөгөөд амин чухал алхам гэдгийг уншигч та эндээс ойлгож мэдэх юм. Бусдын цензурт дэнслэгдэх бус, өөрийнхөө хэм хэмжээг тогтооход “хүн болохын” учиг орших ажээ.