Энэ удаад солонгос гаралтай америк зохиолч Мин Жин Лигийн "Пачинко" номыг онцолж байна. “Balj and Purev” хэвлэлийн газраас удахгүй уншигчдад хүрэх уг бүтээлийг орчуулагч Б.Эгшиглэн монгол хэлнээ хөрвүүлжээ. “Пачинко”-г Япон дахь нэг сая орчим солонгос хүний тухай өгүүлсэн анхны роман гэлцдэг. 1910 оноос эхлээд өнөөг хүртэл хэдэн үеэрээ Японд амьдарч буй солонгос гэр бүлд улс төр, дайн, шашин шүтлэг, нийгмийн тогтолцоо ямар нөлөө үзүүлсэн тухай хийгээд тэр бүхнийг хэрхэн даван туулж буй тухай, юмны учир олдож, хөрөнгө чинээний захад хэрхэн хүрч буй тухай хүүрнэнэ. Зохиолч бүтээлийнхээ санааг анх олохоос эхлээд Японд судалгаа хийж, олон зуун хүнтэй уулзаж ярилцан 10 гаруй жил уйгагүй хөдөлмөрлөж байж энэхүү бүтээлээ бичсэн гэдэг. Тиймээс ч зохиолд гарах дүр бүхэн бодит хүмүүсийн амьдрал дээр суурилжээ. “Пачинко” ирэх долоо хоногт уншигчдын хүртээл болно.
Нэгэн бүсгүйн түүх
Номин тэнгисийн эрэг дээр хад асгаар хүрээлэгдэн орших загасчны бяцхан тосгонд сэтэрхий уруул, өвчтэй хөлтэй төрсөн ч ажилч хичээнгүй зантай, уужим сайхан сэтгэлтэй Ким Хёони хэмээх залуу аж төрнө. Эх орон нь харийн улсад эзлэгдсэнээс хойш элэг нэгтнүүдэд нь амьдрал тэсэшгүй бэрх болж, аяга бор будааны төлөө юу ч хийхээс буцахгүй улс олшров. Гэр бүл нь борви бохисхийлгүй зүтгэж, амь зуулгаа таслахгүй хөдөлмөрлөсний үрээр тахир дутуу учраас гэрлэх боломжгүйд тооцогдож асан Хёони сүйт бүсгүйтэй болох нь тэр. "Дөнгөж төрсөн тугал шиг энхрий зөөлөн" Янжин түүнд дөрвөн хүүхэд төрүүлж өгсөн ч отгон охин Сунжа нь л хүн болж чаджээ.
Өнөөгийн ертөнц хэрхэн өнгө төрхөө олсон тухай яриа гарахад голдуу хаад ноёд, хүчтэй, хүчгүй удирдагчид, ялгуусан, эсвээс ялагдсан баатрууд, эрхэмсэг язгууртнууд, гоц суутнуудын талаар хэлэлцдэг билээ. Харин эгэл нэгний зовлонт амьдрал, уй гуниг, орь ганцаардал их түүхийн дэргэд хумхын тоос төдий. Гэвч хэний ч нүдэнд үл өртөх эгэл жир хүмүүсийн амьдрал ч мөн адил түүхийг гэрчлээд зогсохгүй ахуй ертөнц, цаг үеийнхээ аж байдлын тусгал болдог жамтай билээ. Бартаа саад ихтэй, элдэв нугачаагаар дүүрэн тийм л амьдрал хэчнээн ихийг агуулж болдгийг Солонгос гаралтай Америк зохиолч Мин Жин Ли өөрийн хоёр дахь бүтээл "Пачинко"-д өгүүлжээ.
Эмэгтэй хүүхдийг эрэгтэй хүүхдээ хавьгүй доогуур үнэлдэг байсан тэр цагт эрэмдэг аав нь эрүүл саруул охиноо төгс төгөлдрийн туйл адил үзэж, хайрлан энхрийлж өсгөжээ. Хожим Сунжа гэр бүлтэй баян эрийн амраг болохоос татгалзсан нь ч, хоёр хүүгээ хэрхэн хүмүүжүүлсэн нь ч, эгэл борог амьдралын дундуур яаж зүтгэсэн нь ч амьдралын төлөө тэмцэх чадвар, хайр энэрлийг охиндоо өвлүүлсэн Хёони, Янжин хоёроос улбаатай юм. Ухаалаг боловч тооцоотой, хүйтэн сэтгэлтэй Ко Хансу охиныг бие давхар болгоод үлдээхэд өрөвч нинжин залуу пастор эцсийн мөчид түүнтэй гэрлэж, төрөөгүй хүүхдийнх нь аав болохоор шийдсэнээр романы гол шугам татагдана.
Гутамшигтай байдалд орохоос аврагдсан Сунжа хойд нутгаас ирсэн номлогч Пэк Исаакийг дагаж Солонгосыг орхин Осака руу нүүнэ. Тэдний амьдрал бол өлсгөлөн, ядуурал, дарамт хавчлагаас зугтаж Японыг зорьсон солонгосчуудын их нүүдлийн тод томруун жишээ юм. Харамсалтай нь "гудамжаар нь суудлын машин, трамвай холхилддог, байшин бүр нь цахилгаан гэрэлтэй" улсад бүхнийг шинээр эхэлнэ гэдэг нэн бэрх даваа байв. Орхиж гарахаар тэгтлээ зүтгэсэн ядуу дорой амьдрал дээр нь нэрмэх үзэн ядалт, ялгаварлан гадуурхалтыг тэд ханаж цадталаа хүртэх ёстой болно.
Эх орноосоо алсад бүхнийг тэгээс эхлэн шинэ амьдрал босгох, үр хүүхдээ ая таатай байлгах хүслэн, нийгэмд гадуурхагдан, үргэлж "гадны хүн" гэж адлагдахын эсрэг бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг эрмэлзэх гээд “Пачинко”-гийн эгэл дүрүүдэд тулгарах үй олон бэрхшээл илүү дээр боломж эрэлхийлэн харь улсыг зорих хөдөлгөөн эрчимжсэн өнөө цагийн хүмүүсийн ч нийтлэг асуудал гэлтэй. Энэ талаараа "Пачинко" аль ч газрын уншигчид цоо шинийг нээж харуулахын зэрэгцээ амьдрал, хувь тавилангийн ёгт гашуун агаад танил мэдрэмжийг төрүүлэх болов уу.
Хөндлөнгийн хүмүүсийн түүх
1910 оноос эхлээд өнөөг хүртэл хэдэн үеэрээ Японд амьдарч буй солонгос гэр бүлд улс төр, дайн, шашин шүтлэг, нийгмийн тогтолцоо, амиа хорлолт ямар нөлөө үзүүлсэн тухай хийгээд тэр бүхнийг хэрхэн даван туулж буй тухай, юмны учир олдож, хөрөнгө чинээний захад хэрхэн хүрч буй тухай хүүрнэнэ. Хувь хүний туулсан замналаар дамжуулан нэгэн нийгэм, цаг үеийг харуулдаг нэгжээс ерөнхий рүү шилжих зарчмаар бүтээгдсэн "Пачинко" зөвхөн цагаач солонгосчууд төдийгүй бидний мэдэх Өмнөд Солонгос хэрхэн өнөөгийн төрхөө олж бүрэлдэн тогтсоны уг язгуур луу уншигчийг хөтлөх нь сонирхолтой. Японы эзэнт гүрэн Солонгосыг колоничилсон явдал, Дэлхийн хоёрдугаар дайн болоод дайны дараа Япон улс Америкт эзлэгдсэн нь, Солонгосын дайн, Японы эдийн засгийн эрчимтэй өсөлтийн үе гээд Зүүн Азийн түүхэнд үйл явдлууд романы цаад дэвсгэр болж өгчээ. Гэхдээ ихэнх түүхэн зохиолоос ялгаатай нь зохиолын турш уншигчид түүхэн үйл явдлыг том зургаар бус, харин эгэл жирийн хүмүүсийн хязгаарлагдмал өнцгөөс харах болдгоороо сонирхолтой юм.
"Пачинко"-д мөнхүү нийгэмдээ нүд үзүүрлэгдсэн япончуудын тухай хөнддөг. Элдэв хүлээс, хорио цээр, дүрэм журам ноёлсон нийгэмд гэрлэлтээсээ татгалзсан хүмүүс, ижил хүйстнүүд, дур хүслээ хөөсөн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд, ДОХ-той өвчтөнүүд хэрхэн тэсэж үлдэж буй нь солонгосчуудын түүхтэй сүлэлдэн нийгмийн бүлгүүдийн зөрчил, нарийн уялдааг гаргаж иржээ.
Романы дүрүүдэд өөрсдийг нь улс үндэстнээр нь дорд үздэг газар солонгос хүн байна гэдэг юуг илэрхийлэх вэ гэх асуулт үргэлж тулгарна. Заримдаа тухайн хүн өөрөө хэчнээн сайн байхаас үл хамааран "солонгосчууд бол залхуу бас зальхай" гэх япончуудын хэвшмэл ойлголтыг эвдэж чаддаггүй. Тиймээс амьдран буй нийгэмдээ зохицон нийцэж, нүд үзүүрлэгдэхгүй байхын тулд, басхүү хүлээн зөвшөөрөгдөхийн тулд япон хүн мэт дүр эсгэн амьдрахад ч хүрч байна. Хамгийн гашуун нь эх орондоо очсон хойноо тэд солонгос ч биш, япон ч биш болж таарна. Угтаа тэд мөнхөд "гаднын хүн"-ий дүрээр амьдрах заяанд унажээ. “Пачинко”-гийн дүрүүдийн хувьд эцсийн дүндээ өөртөө үнэнч байх, ердөө л хүн шиг хүн байх нь асуултын хариу болсон гэлтэй.
Сэтгэгдэл бичих