Технологийн хөгжил хурдсаж, олон гайхалтай бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болсоор байгаа нь сайхан ч бидний хувьд “This service is not supported in your country” буюу манай улсаас ашиглах боломжгүй гэх мэдэгдэлтэй нүүр тулах нь элбэг. Гэсэн ч олон улсын үйлчилгээнүүд бага багаар манай улсыг албан ёсоор дэмжиж эхлээд байгааг хэрэглэгч та сайн мэдэж буй биз. Жишээ нь, Spotify л гэхэд хэдхэн жилийн өмнө албан ёсоор нэвтэрсэн бол өнгөрсөн сард  HBO Max нэмэгдсэн. Харин төлбөрийн системийн хувьд өнгөрсөн жил Apple Pay нэвтэрсэн бол энэ долоо хоногоос Google Pay-ийг Голомт Банк тэргүүтэй байгууллагууд нэвтрүүлээд байна. 

Өөрөөр хэлбэл, Android үйлдлийн системтэй хэрэглэгч та бүхэн банкны картаа ухаалаг утсандаа бүртгүүлж, ПОС төхөөрөмжид уншуулснаар төлбөр тооцоогоо хормын дотор хийх цаг ирээд буй. Ингэхдээ, дэлхийн аль ч оронд төгрөгөөр саадгүй гүйлгээ хийх боломжтой гэдгийг дурдууштай. Өнгөрсөн мягмар гарагт Google Pay-ийг Монголд нэвтрүүлэгч Голомт банк тус төлбөрийн шийдлийг олон нийтэд албан ёсоор танилцуулсан билээ. 


Дэлгэрүүлж унших - Арга хэмжээний тойм: Голомт банк Google Pay-ийг Монголд нэвтрүүлэв

Гэхдээ энэ бол Google-ийн зүгээс бидэнд олгож болох цор ганц боломж биш. Тухайлбал, Google-ийн толгой компани Alphabet бол YouTube, Gemini зэрэг асар олон шилдэг платформыг хөгжүүлэгч гэдгийг дурдах нь зүйтэй. Google Pay-ийн харьяалагдах Google экосистем Монгол Улсад бүтнээрээ нэвтэрснээр бидний өмнө ямар үүд хаалга нээгдэх боломжтойг энэхүү нийтлэлээс хүлээн аваарай. 

Зургийг: KingswaySoft

Google Drive

Цахим орчинд ажил амьдралынх нь ихэнх хэсэг өрнөдөг хүмүүст тулгардаг нэгэн том асуудал нь Google Drive-ийн багтаамж дүүрэх. Хэдийгээр Google хэрэглэгч бүрд 15GB-ийн үнэгүй багтаамж олгодог ч зураг, бичлэг, төрөл бүрийн тайлан хавсралтууд цугларсаар энэхүү савнаас хальж орхидог билээ.

Бид өнгөрсөн жилд энэ тухай нийтлэл бичиж, багтаамжаа нэмэх арга хуваалцаж байсан ч бүтэхгүй нь бүтэхээсээ олон байгаа нь нуух зүйл биш. Google-ийн экосистемд Монгол нэмэгдвэл бид элдэв нууц арга ашиглахгүйгээр багтаамжаа нэмж болох нь ээ.

Дэлгэрүүлж унших: - Батлагдсан арга: Монголоос Google Drive-ийн багтаамжаа хэрхэн нэмэх вэ?


Зургийг: Google Help

Google One

Google Drive-ийн багтаамжаа нэмж, Google One-той болсноор илүү багтаамжаа бусадтайгаа хуваалцах, илүү өндөр аюулгүй байдлын функцүүд ашиглах, дэлхийн хаана ч ажиллах VPN-тай болох юм. Google Onе үйлчилгээ нэвтэрснээр 100GB-аас 30'000GB хүртэлх багтаамж худалдан авах сонголт бий болно. Аль үйлчилгээг сонгохоос үл хамааран худалдан авсан Google "орон зай"-даа гэрийнхээ тав хүртэлх гишүүнийг урьж, хамтран ашиглах боломжтой.

Ташрамд дурдахад, хэрэв та андройд гар утас хэрэглэдэг бол утсаа алдсан ч айх хэрэггүй аж. Учир нь таны утсан дээрх бүх зураг, бичлэг болон бусад файлууд цөм Google One-ийн тусламжтай автоматаар хадгалагддаг давуу талтай. Уг үйлчилгээ нь улам боловсронгуй болсоор байгаа бөгөөд хиймэл оюунд суурилсан шинэхэн горимууд ч ээлж дараалан танилцуулагдаад эхэлсэн.



YouTube Premium

Гадаад улсад очихоор YouTube-ийн бичлэг үзнэ гэдэг тоолж барамгүй олон зар сурталчилгааны дундуур бараг л боломжгүй болчих гээд байдаг. Үүнийг шийдэх арга бол YouTube Premium. Одоогоор Монголоос авах боломжгүй уг үйлчилгээ нь утсаа түгжсэн үед ч үзэж байсан бичлэг тань аудио хэлбэрээр үргэлжлэх, хүссэн бичлэгээ татах, YouTube Music Premium-ийг ашиглах гэхчлэн олон хүсэмжит үйлчилгээг санал болгодог.


YouTube Membership

Дуртай сувгаа дэмжих, нэмэлт контентыг нь үзэх зэрэг олон давуу талтай YouTube Membership нь Монголд хараахан нээгдээгүй хэвээр байна. Одоогоор үзэгчид аливаа YouTube сувагт гишүүнээр элсэх эсвэл Super Chat буюу чатаар хандив илгээхийг хүсвэл заавал VPN татах, эсвэл гуравдагч төлбөрийн үйлчилгээ ашиглах хэрэгтэй байгаа юм. YouTube Membership нээгдсэнээр бидний дуртай контент бүтээгчдэд орлогын ахин нэг суваг нээгдэх нь ээ.



Gemini AI

Google-ийн хиймэл оюуны үйлчилгээ болох Gemini нь олон улсад өдөр тутмын ажил, суралцах үйл явцыг хөнгөвчилж буй ч зарим дэд үйлчилгээнүүд нь Монголд бүрэн нээгдээгүй байна. Тухайлбал, Google One-ийн AI Premium үйлчилгээгээр дамжуулж ашиглах боломжтой Gemini Advanced, түүнээс салбарлах бусад моделууд үүнд багтана.

Хэрэв тус экосистем албан ёсоор нэвтэрвэл хэрэглэгчид хайлт, бичвэр, зураг, ажлын бүтээмжийн шийдлүүдийг бүрэн хэмжээгээр ашиглах боломжтой болох юм.


Зургийг: Tech Decoder

Энэ долоо хоногт тохиосон Google Pay төлбөрийн системийн албан ёсны нээлтийн үеэр Голомт банкны зүгээс тус технологи нь зөвхөн төлбөр тооцооны шинэхэн шийдэл гэлтгүй ирээдүйд Google-ийн бүтэн экосистемийг нийт хэрэглэгчдэд нээлттэй болгох эхлэл гэдгийг цохон тэмдэглэсэн.

Дэлхийд тэргүүлэгч дэвшилтэт технологиуд жил залган манай оронд нутагшиж буй энэ цаг үед тус экосистем тун удахгүй та бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтрэх нь ч дамжиггүй биз ээ.