Дэлхий дахинаа бидний туулан өнгөрүүлж буй цар тахлын хүндхэн цаг үеийг тод санагдуулах нэгэн бүтээлийг бид онцолж байна. Францын суут философич, зохиолч Альбер Камюгийн “Тахал” романыг шүүмжлэгчид яагаад XX зууны хамгийн чухал зохиолуудын нэгээр нэрлэдгийг та уншмагц магад ойлгох биз ээ. 1947 онд хэвлэгдсэн эл бүтээл шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор эргэн олны анхаарлын төвд орсон юм. 

Өрнийн философид томоохон байр суурьтай экзистенциализм, абсурдизмын жишиг болсон энэхүү бүтээлийг орчуулагч В.Батболд орос хэлнээс чадамгай хөрвүүлж, “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргаад буй. “Unread” редакц “UB book club”-ийн М.Маралмаа, Ж.Адьяасүрэн нартай хамтран номын клуб байгуулж, багаараа хоёр долоо хоног тутам нэг ном уншин хэлэлцүүлэхээр болон, эхний номоороо “Тахал” романыг сонгож өнгөрсөн пүрэв гарагт эхний хэлэлцүүлгээ явуулсан билээ. Хэлэлцүүлгийн тэмдэглэлээ тоймлон та бүхэнд хүргэж байна.

Баатар биш баатрууд

1940-өөд он... Францын колони Алжирын Оран хэмээх хотын гудамжнаа хархнууд олон арваараа үхэж эхэлнэ. Газар сайгүй харх хөглөрөхийг үзэж сэжиглэсэн хотынхон хархнуудын учир битүүлэг өвчлөлтэй тэмцэхийг хичээх зуур байрны харуулууд, ядуу дүүргийнхэн үл мэдэгдэх өвчин тусан хоёрхон хоногийн дотор мөнх бусыг үзүүлэх болов. Зохиолын голлох дүрүүдийн нэг, эмч Бернар Риэ, түүний хамтран зүтгэгч Кастель нар даруйхан хатуу арга хэмжээ авахыг сануулавч хотын захиргаа цааргалсаар 30 хүн амиа алдсан өдөр сая битүүмжилж, хотыг хаах шийд гаргана. Энэ хүртэл бизнес, худалдаа эрхлэн, нэгэн хэвийн амьдарч ирсэн оранчууд жир бус нөхцөл байдалтай тулгарснаа ийнхүү ойлгох ажээ. Ингээд ар гэрийнхнээсээ тусгаарлагдаж, “Би сайн. Үргэлж л чамайгаа бодож байна. Хайртай шүү” гэх мэтийн богино зурвасаас өөрөөр холбогдох аргагүй болов. Ингээд тахалтай тэмцэх болой.

Зохиол бичих мөрөөдөлтэй ч хүссэн үгээ олж хэлж чаддаггүй Гран, тахалд нэрвэгдсэн хотынхны хүнд уур амьсгал дор сая нэг тайван амьсгалж чадсан Коттар, хүнлэг чанарыг шинэхэн найзуудаасаа олж харж, нүд нээгдсэн Рамбер, хэний ч хараагүйг олж харж чаддаг Тарру, бурхныг гэх итгэлээ хадгалахын төлөө бүх хүчээрээ тэмцэгч ламтан Панлю нар бол амьдрал, үхлийн тухай Камюгийн хэлэх гэснийг өгүүлэгч, баатарлаг бус баатрууд юм.


Хэзээ ч алга болохгүй тахал

Тахал, өлсгөлөн, дайн, гай гамшгийг хүн төрөлхтөн үеийн үед туулсаар ирсэн хэр нь бид өөрсдийгөө өмнөх үеийнхнээс дээр, бидэнд тэр бүхэн тохиолдохгүй гэж итгэдэг. Гэтэл тахал гэдэг бидний дотор оршин байж байгаад тохироо бүрдмэгц гарч ирдэг зүйл гэж Камю бичсэн нь туйлын сонирхолтой.

Камю “Тахал”-аар фашизмыг төлөөлүүлсэн гэх нь бий. Тэрээр ямар нэгэн тахлыг биеэр туулаагүй боловч үүнтэй холбогдох түүхийг нарийн судалсан аж. 1913 онд Алжирт мэндэлсэн түүний аав Дэлхийн I дайны фронт дээр амь үрэгджээ.

Гай гамшиг хэдий амьдралд тохиолддог л зүйл авч хар толгой дээр буугаад ирэхэд нь хүмүүс итгэж чаддаггүй билээ… Дайн дэгдэхэд хүмүүс “Удахгүй дуусна даа. Дэндүү тэнэг явдал шүү дээ” гэлцдэг. Нээрэн ч дэндүү тэнэг явдал мөнөөсөө мөн боловч урт удаан үргэлжлэхэд нь саад болдоггүй. Тэнэглэл бол амь бөхтэй зүйл. Бид амь амиа хичээж явдгаа больчихвол үүнийг олж харах вий.

Нэгэн тахлыг даван туулах нь мөнхийн ялалт огтоос биш. Тахлын нян үхэж, алга болохгүй, “өрөө тасалгаа, зоорь хонгил, чемодан сав, нусны алчуур, хуучин бичиг цаасан дунд тэвчээртэй хүлээж суух агаад нэгэн нартай өдөр” хүмүүсийг ухаажуулахаар гарцаагүй эргэн гарч ирдэг.

Бүгд үхнэ 

Камюгийн амьдрал угаасаа утгагүй, утга учрыг хүн ухамсартаа бий болгодог гэх үзэл “Тахал” номд нэвт шингэжээ. Риэ эмч хүн төрөлхтнийг аврах тухай боддоггүй, миний хийж чадах ганц зүйл гэвэл өмнөх ажлаа хийх гэдэг нь түүний илэрхийлэл юм.

Ертөнц гэдэг хаос, утга учир олж харах гэсэн бидний хүсэл хоёрын зөрчил дээр амьдрал оршдог гэж тэрбээр хэлсэн. Энэ нь өнгөцхөн авч үзвэл харгис үзэл мэт санагдавч үнэндээ бол тун чиг хүнлэг, хүнд эрх чөлөө олгосон үзэл санжээ. Зовлон шаналал, тахал угаас амьдралын нэг хэсэг, хүн түүнээс өөрийгөө бүрэн хамгаалж чадахгүй нь үнэн бөгөөд амиа хичээж, нийгмийн ямар ч өндөр статуст хүрээд ангижирч чадахгүй. Харин бие биедээ түшиг болж, хүнлэг сэтгэлтэй явбал тэрхүү зөрчилд баригдалгүй амьдарч чадах юм. Өнөөгийн нийгэмд бид төсөөлөлдөө идеал босгочхоод, ингэж л амьдарвал сайхан гээд өөрсдийгөө зовоон зовоон зүтгэдэг атал үнэндээ тэр чинь абсурд байж шүү дээ. Бид номын клубийн хэлэлцүүлгээ ийм дүгнэлтээр өндөрлөсөн билээ.

Хорвоогийн жам ёсыг нэгэнт үхлээр тодорхойлдог юм чинь хүмүүс бурханд итгэж, анир чимээгүй залран буй тэнгэр өөд харж суухын оронд хамаг хүчээрээ үхлийн эсрэг тэмцвэл бурханд хавьгүй дээр байж мэднэ.


"Тахал"