Дэлхий даяар 50 сая гаруй цомог борлуулж, Греммийн шагналд 34 удаа нэр дэвшиж долоод нь ялалт байгуулсан поп рок урсгалын өнөө цагийн тод төлөөллийн нэг Coldplay-ийн ээлжит аялан тоглолтоо үнэнч шүтэн бишрэгчдийнхээ өндөр хүлээлт дор эхлүүлэв. Карьерынхаа найм дахь аялал тоглолтоороо тэд сонсогчдод зөвхөн хөгжмөөс гадна тогтвортой хөгжлийн зорилго, байгаль эх дэлхийгээ хайрлах үнэ цэнтэй агуулгыг үлгэрлэн харуулахаар зорьсон нь олны анхаарлыг эрхгүй татжээ. 

Удаан хугацааны төлөвлөлт, судалгааны дүнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод болсон тоглолтынхоо үеэр тэд эдгээр зорилгоо биелүүлж чадсан юм. Хагас сая гаруй үзэгчдийн дунд өнгө алаглан гэрэлтэх бүжгийн тавцан, цахилгаан үүсгэгч унадаг дугуй зэрэг урьд хараагүй содон зүйлс энд харагдана. Энэ бол тэдний байгальд ээлтэй аялан тоглолт. 

“Music of the Spheres” аялан тоглолтын тухай

2022 оны гуравдугаар сараас эхэлсэн “Music of the Spheres” тоглолт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхийн 30 гаруй улсад зохион байгуулагдаад буй. Гурван жил шахмын хугацаанд үргэлжилж, энэ оны арваннэгдүгээр сард албан ёсоор дуусах хуваарьтай уг тоглолт 2016 оны аялан тоглолттой харьцуулахад 47 хувиар бага нүүрсхүчлийн хийг ялгаруулаад байгаа аж. Учир нь тоглолтоо зарлахаас эхлээд л тогтвортой хөгжлийн чиглэлд онцгой анхаарахаа мэдээлж байсан тэд тасалбар худалдан авалт бүрд нэг мод тарьж, тоглолтынхоо өсгөгч, гэрэлтүүлэг, лазер зэрэгтээ 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашиглахаар шийдсэнээ мэдэгдсэн нь уг үр дүнг гаргах гол шалтгаан болжээ.

Эргээд харахад “Music of the Spheres” тоглолт, хамтлагийг тогтвортой хөгжлийн зорилгод эргэлт буцалтгүй нэгдсэнийг дэлхий нийтэд гэрчилж өгсөн юм. Хэдий тэд “Everyday Life” цомогтоо зориулж энэ аяллыг 2019 онд эхлүүлж болох байсан хэдий ч байгальд ээлтэй тоглолт хийх зорилгодоо хүрэхийн тулд гурван жил төлөвлөн судалсны эцэст 2022 онд эхлүүлснийг нь онцлууштай.



Байгальд Ээлтэй Тоглолтын Төлөвлөгөө

Зөвхөн Их Британи улс гэхэд аялан тоглолт, хөгжмийн наадмууд зохион байгуулснаар жилдээ 400 мянган тонн буюу ойролцоогоор 88 мянган автомашин ажиллах хэмжээний нүүрсхүчлийн хийг ялгаруулдаг ба үүнээс гаралтай хог хаягдлын хэмжээ өнгөрсөн онд 23,500 тоннд хүрсэн гэдэг. Энэ тоо хөгжингүй орнуудын хот бүрээр хэд дахин нугарч үржинэ гээд бодохоор энтертайнмент зах зээл байгаль орчинд та бидний төсөөлснөөс илүү нөлөөтэй болохыг хялбархан тооцож болно.

Эдгээрийг хэдийн ойлгосон хамтлагийн залуус 2021 онд “Бид сүүлийн хоёр жилийг байгаль орчны мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж, дараагийн аялан тоглолтоо аль болох тогтвортой хөгжлийг дэмжсэн байлгахыг хичээж байна” хэмээн мэдэгдсэн юм. Ингэснээр тэдний найм дахь аялал тоглолт “Хэрэглээг бууруулах, дахин боловсруулах, нөхөн сэргээх” гэсэн үндсэн гурван зарчимд тулгуурлан төлөвлөгджээ.

1. ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ

Хамгийн түрүүнд хийх зүйл бол нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа өмнөх буюу 2016 оны аялан тоглолттой харьцуулахад 50 хувиар багасгах амлалт. Аливаа аялан тоглолт, хөгжмийн наадмуудад оролцох уран бүтээлчдийг онгоц, машинаар хүргэхээс гадна тээвэрлэлтийн хамгийн том ажил нь тайз, тоног төхөөрөмжийн зөөвөрлөлт болдог. Учир нь энэ бүхнээс асар их хэмжээний нүүрсхүчлийн хий ялгардаг аж.

Харин энэ тоог бууруулахын тулд Coldplay хамтлаг нэгт нүүрсхүчлийн хийгээ хэмжиж, хоёрт дэвшилтэт био түлшийг эрхэмлэн, цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглах шаардлагатай болсон юм. Тэд уг ажилдаа ХБНГУ-ын "DHL" тээврийн логистикийн компанитай хамтарч буй. Үр дүнд нь аялан тоглолт эхэлснээс хойш нэг жилийн дараа буюу 2023 онд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа 47 хувь бууруулж чадсан амжилтаа тайлангаараа дамжуулан мэдэгджээ.

2. ДАХИН БОЛОВСРУУЛАХ

Тоглолтод шаардлагатай эрчим хүчээ тэд нарны зай хураагуур, цахилгаан үүсгэгч бүжгийн тавцан, цахилгаан үйлдвэрлэгч унадаг дугуй, дэлхийн анхны зөөврийн сэргээгдэх эрчим хүчээр цэнэглэгддэг батарей гэх мэт байгальд ээлтэй уламжлалт болон шинэ технологиудаас гарган авч байгаа юм. Үүнээс гадна тээврийн төлөвлөгөөгөө аль болох агаараар бус газраар байлгахыг эрхэмлэж, зайлшгүй онгоцоор явах тохиолдолд хувийн бус нийтийн агаарын тээврийн хэрэгслийг сонгож байгаагаа хуваалцжээ.

3. НӨХӨН СЭРГЭЭХ

Нөхөн сэргээх зорилгынхоо хүрээнд тэд “Нэг тасалбарт нэг мод” уриалгыг санаачилсан ба одоогоор зарагдсан долоон сая тасалбартаа зориулан долоон сая мод тарьж буй. Уг нүсэр ажилдаа "One Tree Planted" ашгийн бус байгууллагатай хамтарч байгаа юм. Мод тарихаас гадна тоглолтоос олсон орлогоороо байгаль хамгаалал, хөрсний нөхөн сэргээлтэнд зориулсан технологийн төслүүдэд хөрөнгө оруулж байгааг ч онцлох хэрэгтэй.

Аялан Тоглолтын Онцлох Шийдлүүд 

Цахилгаан үүсгэгч тавцан ба унадаг дугуй

Аялан тоглолт бүрдээ тэд цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрон ба дотор талбайд цахилгаан үүсгэгч бүжгийн тавцанг байрлуулжээ. Уг тавцан дээр гарч бүжиглэснээр, бүжигчдийн кинетик энерги нь цахилгаан эрчим хүч болон хувирч, тоглолтод хэрэглэж байгаа зай хураагуурыг цэнэглэх аж. Хэрвээ олны дунд орж бүжиглэхийг хүсэхгүй байвал мөн адил цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зориулалт бүхий унадаг дугуйг сонгох боломж ч бас бий.


Эх сурвалж: greennetwork.asia

Аялан тоглолтод зориулав: Дэлхийн анхны сэргээгдэх эрчим хүчээр цэнэглэгддэг батарей

Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч BMW компани Coldplay хамтлагтай хамтран уг тоглолтод зориулан BMW i3 загварын зайг дахин ашиглаж, сэргээгдэх эрчим хүчээр цэнэглэгддэг анхны зөөврийн хураагуурыг бүтээсэн байна. Ингэснээр хамтлагийн залуус дэлхийн хаана ч очсон 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашиглан тоглолтоо хийх боломжтой болж байгаа ажээ. Хураагуурыг нарны гэрэл, үзэгчдийн кинетик хөдөлгөөн, дахин боловсруулсан түлш зэрэг олон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр цэнэглэх боломжтой аж. Тус технологийн дэвшил нь цаашид олон уран бүтээлчдийн аялан тоглолтын төлөвлөгөөнд эергээр нөлөөлөх болов уу.

Ургамлын гаралтай гэрэлтдэг LED бугуйвч ба тайзнаас цацагдах чимэглэл 

Үзэгчдийн зүүсэн дахин ашиглах боломжтой гэрэлтдэг LED бугуйвчийг 100 хувь ургамлын гаралтай материалаар хийжээ. Цэнгэлдэх хүрээлэнг гэрэлтүүлж, тоглолтын уур амьсгалыг үлэмж хэмжээгээр өргөх учиртай эдгээр бугуйвчийг тоглолт бүрийн дараа цуглуулж (86 хувийн буцаалттай), ариутгаж, цэнэглэн дахин ашигласнаар үйлдвэрлэлийг нь 80 хувиар бууруулжээ. Зөвхөн бугуйвчаас гадна тайзны чимэглэл нь байгальд амархан задардаг материалаар хийгдсэн нь сонирхол татам энгийн ногоон шийдэл болжээ.



төгсгөлийн оронд: Урлагийн Салбарын Ирээдүйн Чиг Хандлага 

Аялан тоглолт нь нэг талаас уран бүтээлчдийн удаан ажилласан бүтээлээ сонсогчдодоо биечлэн хүргэх боломж байдаг ба нөгөө талаас байгалиа хайрлах, тогтвортой хөгжлийн төлөө олон нийтийг уриалах, өөрсдөөрөө үлгэрлэн харуулах чухал алхам байж болохыг Coldplay хамтлаг энэ удаагийн тоглолтоороо баталж буй.

2016 онд болсон тэдний өмнөх аялан тоглолт 524 сая ам.долларын ашиг олсон бол энэ оны арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх “Music of the Spheres” тоглолт нь одоогоор 810.9 сая ам.долларын ашиг олоод байгаа юм. Энэ нь тэдэнд 2023 оны хамгийн их орлоготой рок хөгжмийн тоглолт хэмээх амжилтыг хүртэх хангалттай үзүүлэлт билээ.

Coldplay хамтлаг уран бүтээлээрээ дамжуулан дэлхий дахиныг байгальд ээлтэй ирээдүйд хөтлөн уриалж, бусад уран бүтээлчдэд урам зориг өгөхөөс гадна цаашдын аялан тоглолтуудад шинэ босго тогтоов. Энэ ч дуудлага ёсоор Билли Айлиш, Pink, Radiohead тэргүүтэй супер одод тэдний гаргасан жим дагуу ирээдүйн аялан тоглолтоо илүү “ногоон” болгоно гэдгээ мэдэгдээд буй.