Зарим хүмүүсийн хувьд “Орой ямар хоол идэх вэ?” гэхээс урьд “Өнөөдөр хэнийг унших вэ?” гэдэг нь чухал асуулт. Тэдгээр уншигчдын хувьд нэрийг нь хараагүй ч гарчиг, эхлэл хоёрыг нь уншаад Ж.Гангаа, ярилцлагын асуултыг нь хараад Б.Ганчимэг, улс төрийн өнцгийг нь сонжоод Г.Отгонбаяр гэж таньдаг шиг хөрөг нийтлэлийн тухайд өгүүлэмж, үйл явдал, зохиомжоор нь Б.Энхцэцэг мөн хэмээн мэддэг.    

“Гэрэг” сэтгүүл, Ub.life сайтын нийтлэлч, тоймч Б.Энхцэцэг сэтгүүлчийн шинээр гаргасан “Хөрөг” ном сэтгүүл зүйн салбараар зогсохгүй уншигч олны дунд амттай ярианы сэдэв хэвээр даруйд нь номын тухай буландаа онцлохыг зорьлоо.  

Номын нээлтийн үеэрх зургууд. Эх сурвалж: ub.life


Түүний бүтээлүүд уншигчийг уйдааж, залхаадаггүй гэдгээрээ нэртэй. Жишээ нь гэхэд аугаа дуучин П. Адарсүрэнгийн тухай “Танхил хонгор түүнд минь танил дууг минь дамжуулаарай” хөрөг 9,000 орчим үгтэй (уран зохиолын ном дунджаар 50,000 үгтэй байдаг) боловч огтхон ч нуршуу санагдаагүй нь зохиогчийн ур чадвар, бүтээлийн зохиомж, бүтээвэр ямар сонирхолтой гэдгийг харуулна. Уг бүтээлийг Хэвлэлийн хүрээлэнгээс сэтгүүл зүйн олны анхаарал татсан шилдэг бүтээлээр нэрлэж, сэтгүүлч, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх санаачилга гаргах үед нийтлэлч би зорин очсон юм. Нийтлэлүүдийг нь унших дуртай, түүн шиг бичих сэн гэж битүүхэн атаархдаг шинэхэн сэтгүүлч надад түүний бүтээлүүдийн тухай асууж, мэдэх зүйл олон байлаа. Тэр үед түүнээс “Хөргийн эзний гэр бүл, найз нөхөд, хамт ажиллагсад гээд тэр олон эх сурвалжууд яаж танд долоон булчирхайгаа тоочих мэт үнэнээ хэлдэг юм бэ?” гэж асуухад “Надад итгэдэг юм болов уу.” гэж билээ. Тэрхүү уулзалтаас “Уншууртай, чанартай, хамгийн чухал нь үнэн бүтээл бичнэ гэдэгт эх сурвалжуудаа итгүүлэх нь сэтгүүлчийн өөр нэгэн ур чадвар бололтой” гэсэн үгийг дэвтэртээ тэмдэглэн үлдээжээ.



Хөрөг бүтээлд багтсан эзэд нэн сонирхолтой. Монголын урлагт нэрээ мөнхөлж, уран сайхны туйлыг үзэгч, сонсогчдод мэдрүүлсэн балетчин О.Батсайхан, дуучин П.Адарсүрэн, жүжигчин Д.Сэдэд, хөгжмийн зохиолч Б.Магсаржав, сэтгүүлч Б. Хандсүрэн, номын санч М.Саруул-Эрдэнэ, хэлмэгдэгч С.Найдан, багш Ж.Галбадрах гээд л бидний дунд эгэл бишээр амьдарсан, амьдарч яваа тэдний түүх бүр онцгой.

Эл бүтээлд эх орноосоо урвасан урвагч хэмээн улс төрийн хэрэгт буруутгагдан 10 жил гянданд ял эдэлсэн С.Найдангийн тухай өгүүлэх хэсэг бий. Тэр эгэл аав 55 жил зөвхөн үнэнг хүлээж амьдарсан. Есдүгээр сарын 10 бол түүн шиг хэлж ирээгүй хилс хэрэгт хэлмэгдэж, насан туршдаа яллагдсан, гагцхүү үнэнийг үзэхийн төлөө өөрийнхөөрөө амьдарсан хүмүүсийн өдөр. Үүнийг чухал гэдгийг арай аядуу байдлаар том цар хүрээтэй тольдож харуулах нь сэтгүүлчийн ажлын зорилго юм шиг.

Хөрөг номд багтсан Хандаа бүтээлийг онцлох учиртай. Сэтгүүл зүйн ангийн оюутнуудын заавал судлах “Сэтгүүлчийн ёс зүй” хичээлд 2002 онд болсон “ДОХ-той монгол дахин хоёроор нэмэгдлээ” сурвалжилгыг жишээлэн авч сэтгүүлч хүний ёс зүйн тухай заадаг. ДОХ-ын тохиолдол гарын таван хуруунд багтах эмзэг үед тухайн үеийн “Үг” сонин ДОХ-ын халдвартай байж болзошгүй Б бүсгүйн нэрийг нууцлаагүй мэдээ нийтэлсэн нь ноцтой алдаа болж, хэлмэгдсэн бүсгүй нөхрийнхөө гарт амиа алдсан харамсалтай жишээ. Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд сэтгүүлчийн гүтгэлэгт холбогдон шийдвэрлэгдсэн эхний эрүүгийн хэрэг, сэтгүүлч биеэр ял эдэлсэн анхны тохиолдол нь “Үг” сонины эрхлэгч Б.Ханддолгор. Биелүүлэх албагүй боловч сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах, ёс зүйгээ баримтлах, бичиж нийтэлсэндээ хариуцлага хүлээх тухайд Хандаа хөрөг олон зүйлийг бодогдуулна.



Хүний амьдралын хүсэл, хясал, бардамнал бахархал, уй гашуу, уйтгар гуниг, ухаарал эргэцүүлэл, гашуун боловч үнэний тухай асууна, яриулна, ярилцана гэдэг ямар их зориг, ямар их авьяас вэ? Сэтгүүл зүйн ямар ч төрөл зүйлийн бичвэрт “эх сурвалж”, “баримт” хамгийн үнэ цэнтэй. Жишээ нь Б.Энхцэцэг сэтгүүлч П.Адарсүрэнгийн хөргийг бичихийн тулд анхны хань, хамт ажиллаж, уран бүтээл туурвиж явсан уран бүтээлчид, үерхэж, нөхөрлөсөн найзууд, төрөл садан зэргээр 20 орчим хүнтэй уулзаж, гурван сарыг зарцуулсан гэдэг. Угтаа нөхрийгөө өөр эмэгтэйд сэтгэлтэйг, аавынхаа архи уух дуртайг, амьдралд шалдаа бууж шантарсан гуниг гутрал бүхнээ танихгүй эмэгтэйд уудлан ярина гэдэг тийм ч олон тохиох зүйл биш билээ.

Жинхэнэ одын түүх, он цагийнх нь, сонгодог урлагийн өөрийнх нь цадиг. Их хөөрхөн, ганган балетчин залуу байсан юм гэнэ лээ гэж бичих нь дэндүү уйтай биз дээ. Тайзыг тэр яаж дүүргэсэн юм, Улаанбаатарын сэтгэл зүрх түүнд яаж унасан юм, тэр хэрхэн амьдарсан юм, юунд сэтгэл нь дундуур байсан юм... Хүний унших хэмжээнд бүгдийг нь дүрслэн өгүүлэхийг хичээсэн

“Холдох тусмаа гэрэлтэнэ” хөргийн тухай ярилцлага Zindaa.mn