Нийтлэлийн гарчгийг хараад л та “Өө бас дахиад л дүрэм үү” хэмээн санаа алдсан уу? Номын дэлгүүрийн тавиур дүүрэн элдэв дүрэм журам, хэрхэн амьдрах тухай номлосон бүтээл өдий төдий байхад яагаад энэ номыг унших ёстой гэж хэмээн гайхаж болно.
“Агнистын гэгээ” цувралд “Өөрийгөө л цэгцэл. Чамайг цэгцэрвэл ертөнц аяндаа цэгцэрнэ” хэмээх мөртүүд бий. Бурхны шашинд уур бухимдал, гуниг гутрал, айдас зовнил, сэтгэл ханамжгүйн мэдрэмж бүхэн бидний дотоод ертөнц хөл, толгойгоо алдсаныг илтгэж буй хэрэг хэмээн номлодог. Дотоод ертөнцөө тайван дөлгөөн байлгахын төлөө чадах чинээгээр хичээх болсон энэ цаг үед бидний эрж хайгаад буй “эмх цэгц” гээч зүйл юу вэ гэдгийг дэлхийн бэстсэллер бүтээл “Амьдралын 12 дүрэм” бүрэн дүүрэн биш хэдий ч хангалттай хэлж өгч чадна.

“Эмх цэгц” хэмээн нэрийдэх тогтсон уламжлал, дадал хэвшил хэтийдэх нь сайнгүй ч тэртэй тэргүй бидний өдөр тутмын амьдралд хаос буюу эмх замбараагүй байдал үерлэн асгарч байна. Профессор Питерсон энэхүү номдоо олон салбарын мэдлэгээ ашиглан, янз бүрийн түүх өгүүллийг жишээ болгон ярьж, сайн дүрмүүд хэрхэн зорилго зорилтод маань дэм тус болж, илүү баялаг, илүү эрх чөлөөтэй амьдрал руу хөтөлдгийг үлгэрлэн тайлбарлажээ.

Ганцхан нийтлэлээр тус номыг бүхэлд нь базвал зохиолчийн өгүүлэх гэсэн олон санааг гээгдүүлэх аюултай байсан тул номын тэмдэглэлдээ зөвхөн хоёр дүрмийг сонгон авч, өөрийн ойлгосноор тайлбарлахыг хичээлээ.


Зургийг Монсудар хэвлэлийн газрын сошиал хуудаснаас авч ашиглав.


ДҮРЭМ 1: НУРУУ ЦЭХ, МӨР ТЭНЭГЭР ЯВ

Бяцхан охин байхаас л ямар нэгэн зүйлд шантран бууж өгөх үед ээж минь “Өрөнд орсон хүн шиг битгий бөгтий. Биеэ цэхлээд, мөрөө тэгшил. Бөгтийж явбал санаж бодож байгаа зүйл чинь яаж бүтэх юм” хэмээн үргэлж үглэдэг сэн. Ээжийн тэрхүү захиаснаас ч болсон уу, амьдралд таагүй мөч тохиолдох бүрд би бушуухан шиг унжсан мөрөө тэгшлээд, өөртөө итгэлтэй алхахыг хичээдэг дадалтай болчихсон юм. Өөрийнхөө хувьд мухар сүсэг хэмээн боддог өнөөх дадал минь харин ч шинжлэх ухааны үндэслэлтэй болохыг нийгмийн психологич Эми Каддигийн TEDx-ийн тайзнаа тавьсан энэхүү алдарт илтгэлийг сонсоод ойлгож билээ.

Товчхондоо биеийн хэлэмж нь бидний сэтгэл санаа, цаашлаад хэн байхыг минь тодорхойлоход төсөөлшгүй их нөлөө үзүүлдэг. Тус номын эхний дүрэм ч энэхүү илтгэлийн нэртэй адил биеийн хэлэмж амьдралын чанар хийгээд сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг талаар дэлгэрэнгүй өгүүлжээ.


Зураг: Монсудар

Далайн ёроолд нааш цааш хөвөх хавчнуудыг хамтдаа төсөөлцгөөе. Арав, таван хавч барьж аваад шинэ нутаг дэвсгэрт шилжүүлбэл тэдний байр сууриа ололцох зан үйл болоод арга замыг нь хялбархан ажиглаж болно. Шинэхэн нутаг дэвсгэрт бүх хавчид дөмөгхөн оромж, амьд үлдэх таатай байршил хүрэлцэхээргүй байх ба тэдгээр нь туйлын хомс болоод үнэ цэнтэй. Эндээс л хавчны дундах амьд үлдэх тулаан эхэлнэ дээ. Тулааны эцэст нэг нь ялагч, харин нөгөөх нь ялагдагч болох нь байгалийн хууль. Хэчнээн догшин, ширүүн авиртай байсан ч гэлээ нэгэнт ялагдал хүлээсэн хавч дахин тулалдах ямар ч хүсэл зориггүй болж хувирна. Нэгэн цагт ялагч байсан хавч ичгүүртэйгээр ялагдваас түүний тархи уусан үгүй болдог. Хуучин тархиных нь оронд одоогийн дорд нөхцөл байдалд нь тохирсон, шинэ, доод түвшний тархи нөхөн төлжинө. Тархиных нь биохими хүртэл тэс ондоо болон хувирна гээч. Хавчны нейрон болон мэдрэлийн эсүүдийн харьцааг зохицуулдаг серотонин болон октопамин гэх шидтэй хоёр бодисын харьцаанаас бүх зүйл хамаарч байгаа хэрэг л дээ. Серотонины агууламж октопаминаас өндөр байх нь ялагчийг тодорхойлдог. Сонирхолтой нь гэвэл, бид хавчтай өөрсдийн төсөөлж байгаагаас хавьгүй илүү төстэй гэдгийг мэдэх үү? Хүний тархинд ч энэ мэт үйл явц өрнөж байдаг. Дэлхий дээрх амьд бүхэн хувьслын нэг шугамаас салбарласныг гайхалтайгаар нотлох мэт прозак (сэтгэлийн хямралаас гаргах нэгэн төрлийн эм) нь сэтгэлээр унасан хавчийг хүртэл сэргээдэг гээд бод доо.

Хавчны ертөнцөд ялагч бүгдийг авдаг бол хүмүүний нийгмийн хувьд ч адилхан. Дэлхийн хамгийн баян 85 хүний нийт хөрөнгө хамгийн доод түвшний 3.5 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцдэг. Өршөөлгүй энэ зарчим зөвхөн санхүүгийн хүрээнд бус бүтээлч хөдөлмөр шаардагдах бүхий л салбарт үйлчилдэг нь хэтэрхий харгис гэмээр. Таны дотоод чанадад, бодол санаа, мэдрэхүйгээс чинь тэртээ доор буюу уураг тархины тань суурь хэсэгт үгээр хэлэхийн аргагүй балар эртний нэгэн тооцоолуур байдаг. Хавч, хүн, цаашлаад бүх амьд бодгалийн тархины системд энэхүү тооцоолуур бий. Нэн эртнээс хадгалагдаж ирсэн энэ тооцоолуур нь хүмүүсийн хандлагаас дүгнэлт хийж, таны үнэ цэнийг тодорхойлж, байр суурийг зааж өгдөг. Хэрэв хүрээлэн буй хүмүүс таныг үнэ цэн багатай гэж үзвэл тархины тэр хэсэг дэх серотонины хэмжээ багасах аюултай.

Хэрвээ та толины урд зогсоод нүүрний булчингуудаа гунигтай харагдахуйц байрлалд оруулбал өөрийн эрхгүй танд гунигтай мэдрэмж төрнө. Харин хүчээр аз жаргалтай харагдахаар болговол баяртай мэдрэмж төрж эхэлнэ. Сэтгэл хөдлөл гэдэг нэг талаараа биеэр илэрхийлэгддэг зүйл. Хэрэв биеийн тань хэлбэр төрх өрөвдөлтэй, жишээ нь бөгтийсөн, мөрөө унжуулсан, цээжээ эвхсэн, толгой гудайсан, нунж дорой харагдаж байвал та өөрөө мөн л жижигхэн, ялагдсан бас урагшгүй мэдрэмжтэй байна. Мөрөө тэнийлгээд, цэхэлж зогсоно гэдэг зөвхөн биеийн хөдөлгөөн төдий зүйл биш. Бид зөвхөн махан биеэс бус хийморь сүлд гэж хэлж болохоор сэтгэлээс бүрддэг учраас тэр.

Амьдрал хэцүү гэдгийг хүн бүхэн мэднэ. Бид өөрсдийн хэрхэн жаргахаа бус хэрхэн зовохоо л сонгох боломжтой хариугүй амьтад. Гэхдээ нэгэнт л зовох нь тодорхой юм чинь зовлонгоос бултан нуугдаж, нугдайж суухын оронд нуруу эгц, мөр тэнэгэр байж өөрт оногдсон зовлонгоо алгаа тосон хүлээж авах нь арай дээр арга зам байгаа биз дээ. Ялагдсан ч гэлээ биеэрээ дүүрэн серотонин ялгаруулж үзсэн юм чинь харамсаж, харуусах нь хамаагүй бага. Тиймээс яг одооноос, энэ нийтлэлийг уншиж суух үедээ та унжийж, бөгтийхөө боль. Юу бодож буйгаа бусдад шуудхан хэл. Хүсэж байгаа зүйлсээ авах эрхтэй мэтээр, үгүй ядахнаа бусадтай ижил түвшний хүн юм шиг аашил. Толгой цэх, харц дээгүүр алх. Тайвшруулах нөлөөгөөр нь байж ядталаа дутагдсан мэдрэлийн судлаараа серотонин хангалттай урсах боломжийг нээ.

Хорвоо дэлхийн хувьд бид өчүүхэн хумхын тоос. Байгалийн хувьд ч ялгаагүй хавчнаас нэг их ялгарахааргүй энгийн нэгэн бодгаль. Гэхдээ бид өөрсдийнхөө хувьд хамгийн үнэ цэнтэй, төгс төгөлдөр бие махбодь шүү дээ. Хэрвээ та өөрийгөө бусдаас доогуур мэт үнэлбэл бусад хүмүүс, хүрээлэн буй нийгэм тэр битгий хэл тархи тань хүртэл таныг бушуухан гэгч нь хөл дороо гишгэлэхийг хүсэх нь тодорхой.

Босож зогсоно гэдэг нэг талаараа амьдралын хатуу хөтүүтэй сайн дураараа нүүр тулж, аймшигт хариуцлагыг нүдээ нээн хүлээн зөвшөөрч буй хэрэг.

"Амьдралын 12 дүрэм" номын хэсгээс

ДҮРЭМ 3: ӨӨРТ ЧИНЬ ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСДЭГ ХҮМҮҮСТЭЙ НӨХӨРЛӨ

Өсвөр насны охид дор хаяж нэг удаа “муу залуус”-тай орооцолддог нь бараг л бичигдээгүй хууль гэмээр. Муу залуус амьдралд нь тохиож буй бүхий л сөрөг зүйлсийг өрөөл бусдаас хамааралтай хэмээн зогсоо зайгүй гомдоллож, өөрийнх нь хэвтэж буй тэрхүү гүн гүнзгий ангалаас татан гаргах цорын ганц сахиусан тэнгэр бол чи юм хэмээн өнөөх охинд бүрэн дүүрэн итгүүлж дөнгөх увдистай. “Чамгүй л бол хорвоог туулж чадахгүй” хэмээх зүрх хайлуулам сайхан үгс нь эхэндээ тэнгэрт нисгэх шидтэй байдаг ч тэдгээр хий хоосон магтаал аажимдаа үлгэрт гардаг эмгэн шуламсын хортой алим лугаа адил охины амьдралыг сүйрүүлж эхэлнэ. Зарим охид энэ аюултай харилцааг зөв цагт нь дуусгаж чаддаг бол харин үлдсэн хэсэг нь загалмайлсан эхийн дүрд тоглосоор өөрийнхөө болоод өнөөх залуугийн ирээдүйг баллаж хаях нь олонтоо. Энэ жишээтэй адил хортой нөхөрлөл хийгээд хортой хайр дурлал олон зүйлээрээ төстэй мэт. Аль ч харилцааны үед та аливааг муутгах биш, сайжруулахыг хүсэж мөрөөдөн, зүтгэн тэмүүлж буй хүмүүсийг сонгох эрхтэй бөгөөд энэ нь хувиа хичээсэн үйлдэл огтхон ч биш юм гэдгийг энэхүү номын гуравдугаар дүрмийг уншсанаар ойлгох боломжтой.


Заримдаа хүмүүс өөрсдийн үнэ цэнийг хэтэрхий доогуур үнэлсэн, эсвэл магадгүй амьдралдаа хариуцлага хүлээхээс татгалзсан үедээ олиггүй нэгэн гэдгээ урьд өмнө “нэгэнт нотолчихсон” хүмүүсийг сонгон олж нийлдэг. Тийм хүмүүс үүнээс илүүг хүртэх эрхтэй гэдэгтээ үл итгэдэг учраас илүү юм хайдаг ч үгүй. Эсвэл илүү сайн зүйлээс төвөгшөөдөг ч байж магадгүй. З. Фрейд үүнийг “Аргагүйдсэн давталт” (Repetition compulsion) гэж нэрийдсэн байдаг. Хүмүүс өөрсдөдөө муугаар нөлөөлөх найз нөхдийг олон шалтгаанаар сонгодог. Заримдаа хэн нэгнийг аврахыг хүссэнээс үүдэн муу хүмүүстэй найзлах нь ч түгээмэл. “Хүмүүсийн сайн талыг олж харах нь хэзээд зөв. Хамгийн эрхэм чанар бол бусдад туслах хүсэл юм” хэмээн өөрсдийн авралт зан чанараа өөгшүүлэх хүмүүс ч цөөнгүй. Гэтэл хэдийгээр доош унасан олон хүн эргэж босохыг хүсдэг, зарим нь яаж ийгээд босоод ирдэг ч гэлээ унасан хүн бүр хохирогч байдаггүй, бас тэндэх хүн бүр эргэж босохыг хүсдэггүй нь хорвоо ертөнц дээрх харгис үнэний нэг.

Зохиолчийн үзэж буйгаар, хүмүүс өөрсдийн ч, өрөөлийн ч бай гай зовлонд ертөнцийн шударга бус байдал буруутай хэмээн үзэж байгаа бол нөхцөл байдалтайгаа эвлэрч, улам дэвэргэж буй хэрэг аж. Мөн хэтийдсэн гэмээр гэнэн цайлган зантай нэгэн биш л бол, бусдыг аврах оролдлогууд маань бидний өөрийгөө хэт үнэлсэн байдал хийгээд нарциссизмаар тэжээгдсэн байх нь түгээмэл гэнэ. Магадгүй бид зөв зүйл хийхийг хүсдэг, хүчтэй, сайхан сэтгэлтэй, төлөвшсөн хүн болохоор бусдад туслахыг чин сэтгэлээсээ хүсдэг байж магад. Гэтэл нөгөө талаасаа зүгээр л дундаршгүй өгөөмөр зан чанар, сайхан сэтгэлээрээ бусдын анхаарлыг татах гэсэн бидний хүсэлтэй хамаатай ч байж болох шүү дээ. Хажууд тань байгаа архинд донтсон нэгэн таны нэг удаагийн архидалтыг шалихгүй зүйл мэт харагдуулна. Хорвоо дээр өрнөж буй юуг ч анзаарах сөхөөгүй наргиж цэнгэх дуртай найзтайгаа хамт байх үедээ бусдын өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж чадахгүй байгаа тань хэвийн зүйл мэт санагдах вий. Магадгүй хэн нэгэнд сайн үр дүн авчирна гэсэндээ бус, харин амархан болохоор нь л та муу нөлөөлөл бүхий хүмүүстэй холбогддог байж магадгүй. Амьдралд уруудах нь өгсөхөөс хамаагүй хялбар. Харин хүн гэдэг амьтан үргэлж хэцүүг нь бус, амархныг нь сонгох гээд байдаг талтай.

Хамгийн эхний жишээн дээр гарсан муу залуусын зовлон зүдүүр гэдэг бол угтаа гараа хумхин, доош живэхээ хүлээн суух зуураа өөдөө тэмүүлж буй хүмүүсийн эсрэг далайлгах зэр зэвсэг нь ч байж мэдэх. Гомдоллон ярих гай зовлон нь энэ хорвоогийн шударга бусаас үүдэн хохирсноо харуулах гэсэн оролдлого биш байгаа гэж та бодож үзсэн үү? Алхам тутамдаа гаргаж буй алдаа нь амьдралын төлөө зүтгэхээс зориудаар татгалзаж буйгаа харуулах өдөөн хатгалга байвал яана? Өөрийн ухсан нүхэндээ хачин сайхан тав тухтайгаар аж төрж буй түүнийг дээш нь татаж гаргахаасаа өмнө та тэрхүү нүхэн дунд нь унах магадлал хавьгүй их.

Алдарт психологич Карл Рожерс нэгэнтээ “туслалцаа хайж буй хүн өөрчлөгдөхийг чин сэтгэлээсээ хүсээгүй цагт эмчилгээний харилцааг эхлүүлэх боломжгүй” хэмээн хэлжээ. Өөрөөр хэлбэл хүмүүст сайн тал руугаа өөрчлөгдөхийг ятгаж ойлгуулна гэдэг бараг л боломжгүй зүйл юм. Шавь бэлэн болоход багш өөрөө ирдэг гэдэг дээ. Шавь өөрөө хүсээгүй цагт мянган багш байгаад ч хэн хэнийхээ цагийг үрсэн ажил болно оо гэсэн үг.

Таныг амжилтад хүрэхэд, хүссэн зүйлээ хийхээр чармайж байхад атаархан доош нь татаж байдаг нэгнээс харилцаагаа зоригтойгоор тасалж сур. Таны шинэ хөгжил дэвшил тэдний өө сэвийг улам тодотгодог тул ихэвчлэн тэд таныг доош нь татаж хамтдаа ангал дунд амьдрахыг л эрмэлздэг. Ийм хортой харилцааг үргэлжлүүлж, өөрсдийн сэтгэл зүрх, оюун бодлоо хэсэг хэсгээр нь эмтлэн хаяхад бидний амьдрал хэтэрхий богино бөгөөд хайран. Өөрт тань хамгийн сайн сайхныг хүсдэг хүмүүстэй нөхөрлөж, хортой харилцааны хаалгыг зоригтойгоор хааж сурах нь үнэнч бус зан, хувиа хичээсэн явдлын аль нь ч биш гэдгийг үргэлж санаж яваарай.


Муу үйл хийх тун амархан. Бүтэлгүйтэл ч ялгаагүй. Бэрхшээлээс зайлсхийх ч амархан. Бодохгүй байх, хийхгүй байх, бас үл тоомсорлох бүгд ядах юмгүй. Өнөөдөр хийх ажлыг маргааш хүртэл хойш тавиад, өнөөдрийнхөө хямдхан таашаалаар ирээдүйн олон сар, жилийг хаах шиг амархан юм үгүй.

"Амьдралын 12 дүрэм" номын хэсгээс

Бусад дүрмийг та "Амьдралын 12 дүрэм" номоос илүү дэлгэрүүлэн уншаарай.