АНУ-ын Калифорни мужид төрж өссөн Шарлотт Чо аав, ээжийнхээ унаган нутаг болох Солонгос улсыг зорьсноор тухайн орны соёл, ёс заншил тэр тусмаа иргэдийнх нь гэрэлтсэн эрүүл арьсны нууцад хэрхэн нэвтэрч, арьс арчилгааны талаарх үзэл бодолд нь ямархан өөрчлөлт гарсныг эл номд өгүүлэх болно. 

Иргэншлийн энэ зуунд хүн бүр эрүүл, ямар ч өөгүй гэрэлтсэн цэвэр арьстай болохыг хүсэж мөрөөддөг. Тэгвэл та өөрийн арьсыг онхи ондоо талаас нь харж, илүү сайн арчилдаг байх хэрэгтэй. Гол нь уг бүтээл танд даалгавар өгч, зааж зөвлөхгүй. Харин тантай илэн далангүй ярилцах болно. 

ЭХНИЙ АЛХАМ


Үнэхээр л уг номыг уншиж эхлэхэд дотны найзтайгаа эсвээс арьс арчилгааны талаар өргөн мэдлэг хуримтлуулсан, туршлагатай нэгэнтэй ярилцаж буй мэт сэтгэгдэл төрнө. Ингээд л та өөрийн арьсаа арчилж, эрүүл саруул байлгахыг хүсэж, угаалгын өрөөнийхөө толинд дүрээ хараад ямар нэгэн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг гартаа атгана. Энэ нь доорх өгүүлбэртэй утга ижилсэх юм.

“Харамсалтай нь энэ номыг уншаад л таны арьс тань сайхан болчихгүй. Гэхдээ уншина гэдэг нь эхний алхмаа хийлээ гэсэн үг”.

Ном яг л зохиогчийн намтар, АНУ-аас Сөүлд очих болсон шалтгаан, хүсэл мөрөөдөл, дотоод хүнийх нь зорьж тэмүүлсэн хөөр баяслын тухай дурсамж маягаар эхлэнэ. Бичлэгийн энэхүү хэлбэр нь “Арьс арчилгааны бяцхан ном”-ыг бусад хувь хүний хөгжлийн тухай номноос онцлогтой, шинэлэг болгож чаджээ. Нөгөөтээгүүр илэн далангүй хүүрнэх хэлбэр, номын тухай тодотгол нь уншигчийг улам улмаар шимтүүлнэ.

Мэдээж тус номд орсон арьс арчилгааны тухай зөвлөмж, бүтээгдэхүүний мэдээлэл нь эмч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг орлохгүй аж. Учир нь дасгал хөдөлгөөн, шинэ хоолны дэглэм, эрүүл мэндийн системтэй программыг дагахыг хүсэгчид заавал мэргэжлийн эмчийн зааврыг авах ёстой байдаг гэнэ. Харин эл бүтээл үүнээс тэс ондоо. Учир нь арьсаа эрүүл байлгах эхний алхмыг танд санал болгож буй учраас тэр билээ.

“Солонгосчууд оо энгэсэг, өө дарагч зэргээр өө сэвээ далдлахын оронд арьс арчилгаандаа илүү анхаарч, асуудлыг ул үндсээр нь эмчлэх юм уу урьдчилан сэргийлэхийг илүүд үздэг”

Шарлотт Чо

СОЁЛ БА СЭТГЭЛГЭЭ

Ном 11 бүлгээс бүрдэнэ. Тэр бүрд солонгосчуудын арьс хэмээх биеийнхээ хамгийн том эрхтэнд тавьж буй шаардлага, анхаарал халамж, байгалийн эрсдэлээс хамгаалах бүтээгдэхүүн, тэдгээрийг үйлдвэрлэгч бизнесийн зах зээл гээд бүхий л мэдээллийг Шарлотт Чо өөрийн өнцгөөс цэгцтэй хүүрнэн өгүүлжээ. Тиймдээ ч уншигчид хамгийн тод, цэгцтэй мэдээллийг нэг дор хүртэх боломжтой.

Бүлэг болгон давхар гарчигтайгаас гадна “Солонгосчуудын гоо сайхны талаарх цогц ойлголт”, “Нарны тос”, “Хамгийн сайхнаараа харагд!” зэрэг бүлгүүдээс тухайн ард түмний арьс арчилгаанд хандах соёл, сэтгэлгээний зөв хандлага, уйгагүй болоод аз жаргалтай үйлийн тухай ухаарч, танин мэдэх болно.

Үүнээс гадна өглөө, оройдоо арьсаа хэрхэн арчлах, зөвхөн нүүрээ тордохоос гадна биеийн бүх л хэсгийн арьсыг хамгаалах, гуужуулж, чийгшүүлэхээс авахуулан бүтээгдэхүүнээ зөв сонгох зэргээс гадна солонгосчуудын өдөр тутамдаа хэвшүүлэн мөрдөж ирсэн олон нууцыг Шарлотт Чогийн уг бүтээл өмнө тань дэлгэж тавина.



ХАМГИЙН ЧУХАЛ ҮГ

Зохиолч маань солонгосчуудын арьс арчилгааны хамгийн чухал үг бол “Нарны тос” хэмээн тодотгожээ. Тиймээс тус номд өгүүлэгдэх олон нууцуудаас хамгийн энгийн болоод чухал хоёр жишээг авч үзье. Тэдгээрийн нэг нь нарны тос. Уншигчдад зүгээр л өдөр тутамд хэрэглэдэг бүтээгдэхүүний тухай энгийн нэг тайлбар мэт санагдаж болно. Гэвч Шарлотт Чо нарны тосны сэдэвт номынхоо бүтэн нэг бүлгийг зориулжээ.

“Үнэндээ үүн шиг чухал юм ховор. Сүр бадрааж буй хэрэг огт биш шүү. Нарны тос түрхэж заншсанаар та наснаасаа залуу харагдаад зогсохгүй амь насанд аюултай арьсны хорт хавдраас сэргийлж чадна”.

Энэ мэтчилэн нарны тосны өгөөж, хэрэглэж заншсанаар ямар гойд үр дүн авчирсан талаарх баримт болоод, өөрийн туршлага дээр үндэслэн өгүүлсэн байна. Мөн физик болон химийн найрлагатай нарны тос, түүн дээр байх UVA, UVB зэрэг тэмдэглэгээний хоорондын ялгаа, найрлага, нарны хэт ягаан туяаны богино долгионоос арьсыг хэрхэн хамгаалж буйг хэмжих үзүүлэлт буюу SPF -ын талаарх тодорхой ойлголтуудыг танд өгнө.

Бид ихэвчлэн зуны улиралд наранд борлож, түлэгдэхээс хамгаалж л нарны тосыг хэрэглэдэг. Гэтэл бусад улирал, бүрхэг өдөр ч ялгаагүй нарны тос түрхэж хэвших нь арьсыг олон удаагийн гэмтэл, хорт хавдраас хамгаалж байдаг аж.

“Уруул, гар, хүзүү, цээж, чих, мөрөндөө ч бас нарны тос түрхэж заншаарай. Хөгшрөлтийн шинж тэмдгүүд хамгийн түрүүнд яагаад энэ хэсгүүдэд илэрдэг гэж бодож байна? Учир нь эд бол наранд байнга өртдөг ч арчилгаа дутдаг хэсгүүд юм”.

Шарлотт Чо

НУУЦ АЛХАМ


Дараагийн нэг жишээ бол солонгосчуудын 10 алхамт арьс арчилгааны нууц юм. Мэдээж өдөр тутмын завгүй амьдралын хэмнэл дунд арьсны арчилгаандаа 10 алхамт үйлдлийг хэрэгжүүлэхэд дэндүү шаардлага өндөртэй мэт санагдаж болно. Гэхдээ “Гагцхүү цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарж байж л гэрэлтсэн сайхан арьстай болж чадна” гэх ганц өгүүлбэр таны бодлыг өөрчлөх болов уу. Дээр нь энэхүү арван алхмын тухайд өгүүлсэн олон жишээ баримтууд номын нэг бүлгийг дангаар эзлэнэ.

Уг арван алхмыг дугаарлан бичиж, тус бүрд нь товч тодорхой тайлбар оноон өгүүлжээ. Харин энд тайлбарыг нь хасаад дурдвал доорх алхмууд бий болно.

  • Нүүрний будаг арилгагч ба тосон цэвэрлэгч
  • Усан суурьтай цэвэрлэгч
  • Гуужуулагч
  • Тоник
  • Эссенц
  • Ампул, бүүстер, серум
  • Салфеткан макс
  • Зовхины тос
  • Чийгшүүлэгч
  • Нарны тос

Ийнхүү арьс арчилгааны арван алхмыг дугаарлан жагсааж дор бүр нь дэлгэрэнгүй тайлбар, баримтуудыг дурдсан байна. Үүнээс гадна тайлбар болгоны дараа “Миний сонголт” гэх хэсэгтэй. Уг хэсэгт зохиогч өөрийн хэрэглэж заншсан, арьсанд хамгийн сайн тохирох бүтээгдэхүүнүүдийг нэрлэж өгсөн нь тус бүлгийг улам ч баялаг болгож өгчээ.

“Хэдий би ажлын шаардлагаар нүүрээ их буддаг ч гэлээ арьс арчилгааг эн тэргүүнд авч үздэг. Тэгээд ч эрүүл, гэрэлтсэн арьстай хүнд тийм их будах шаардлага гардаггүй”.

Өмнөд Солонгосын жүжигчин, загвар өмсөгч Ён Со У


ХАМГИЙН САЙХНААРАА ХАРАГД

Та уг номыг уншсанаар өөрийн эрхгүй арьсаа хамгаалж, эрүүл, гэрэлтсэн арьсыг л гоо сайхны илэрхийлэл гэж үзэх болно. Дээр нь номын формат болоод агуулгад тохируулсан зурган чимэглэлүүд, дэд гарчиг, чухал асуулт, өгүүлбэрүүдийг ягаан өнгөөр тодруулсан зэрэг нь номыг уншихад төвөггүй болгосон байна. Тиймээс та эхний алхмаа хийж тус номыг уншихыг зөвлөж байна. Дараа нь хамгийн сайхнаараа харагд!

Мөн номын зохиогч Шарлотт Чо солонгосчуудын арьс арчилгааны талаарх мэдээлэл, шилдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд хүргэдэг Soko Glam цахим дэлгүүрийг нөхөр болох Дэвид Чогийн хамт үүсгэн байгуулжээ. Түүний ярилцлагууд New York Times, Vogue, Claire, Refinery29 зэрэг томоохон сэтгүүлүүдэд гарч байв.

Ташрамд өгүүлэхэд уншигчдын талархлыг хамгийн ихээр хүлээсэн түүний уг бүтээлийг "Chimee" хэвлэлийн газраас албан ёсны эрхтэйгээр дуун хөрвүүлж уншигчдад хүргэжээ.