2026 оны хамгийн анхны номын тухай нийтлэлдээ тавтай морил. Өнөөдрийнхөө нийтлэлээрээ өнгөрөгч 2025 оны хамгийн отгон номуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Хэрэв та шинэ ондоо өмнөх жилүүдээсээ илүү их унших зорилт тавьсан бол номын сонголтод тань энэхүү нийтлэл тус болно гэдэгт итгэлтэй байна.
Холбоотой нийтлэл: Бид яагаад уншиж буй номоо дуусгаж чадахаа больсон бэ?
1. Анхны "чөтгөр"-ийн дууль

Зохиогч: Б.Цэнддоо
Үнэ: 26,700₮
Нүүрний тоо: 154
Яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоо өнгөрсөн оны хамгийн отгон сард шинэ бүтээлээ өлгийдөн авчээ. Тэрээр өнгөрөгч онд “Хорвоо чамайг араараа тавилаа ч…” нэртэй яруу найргийн орчуулгын түүврээ хэвлүүлсэн бол өдгөө “Анхны "чөтгөр"-ийн дууль” бүтээл нь түүний хамгийн “шинэхэн” ном болоод байна. Мөн 2025 онд түүний алдарт “Голын тэртээх гацааны хавар” бүтээл хятад хэлээр орчуулагдан хэвлэгдсэнийг дурдууштай.
Зохиолч шинэ бүтээлдээ өөрийн “нэрийн хуудас” болсон хошин бичих арга барилаа шингээсэн гэгдэж буй бөгөөд эл ном нь хууч, зохиомжийн эмхэтгэл бүтээл ажээ. Сонирхолтой нь, тус номын хавтасны зургийг хиймэл оюун бүтээсэн гэнэ.
2. Төмөр Жон

Зохиогч: Роберт Блай
Үнэ: 49,000₮
Нүүрний тоо: 326
Америкийн нэрт яруу найрагч Роберт Блайгийн “Төмөр Жон” бүтээл анх хэвлэгдсэн өдрөөс хойш даруй 36 жил өнгөрчээ. Түүний эл бүтээл 1990 онд анх уншигчдын хүртээл болсон даруйдаа АНУ-ын “The New York Times” сэтгүүлийн шилдэг борлуулалттай номын жагсаалтад тасралтгүй 62 долоо хоногийн турш багтсан байдаг.
Зохиолч уг алдартай бүтээлээ эрчүүдийн дунд хийсэн анхны судалгаа, туршлагаасаа төдийгүй өөрийн амьдралын эргэцүүллээсээ туурвижээ. Тэгэхдээ Гриммийн үлгэрийг түшиглэн “Зэрлэг хүн” дүрээр дамжуулж, залуу эрийг өсөлт бойжилтын найман үе шатаар хөтлөх түүхийг цааснаа буулгасан байна. Энэхүү бүтээлийг Канад Улсын Глоб энд Мэйл сонины редакц “Эрэгтэй хүний амьдралыг үндсээр нь өөрчлөх хүчтэй туйлын чухал, сэтгэлийг ихэд хөдөлгөсөн өрөвч нинж сэтгэл, гүнзгий мэдрэмжээр халгин цалгисан бүтээл” хэмээн магтан сайшаасан байдаг аж.
3. Монгол их түрлэг

Зохиогч: Николас Мортон
Орчуулагч: Г.Батсүх
Үнэ: 70,700₮
Нүүрний тоо: 432
Монголчуудын довтолгоонд хамгийн түрүүнд Ойрх Дорнодын улс орнуудад ноёрхож асан араб, перс, түрэг угсааны ард түмэн өртсөн байдаг. Чухам үүнээс үүдэн тэдгээр бүс нутгийн түүхчид монголчуудын байлдан дагуулалтыг хэт туйлшруулан дүрсэлж, монголчуудыг хүнлэг бус, муу ёрын хүчтэй адилтган бичих нь элбэг байв. Улмаар тус түүхийн баримтууд нь Европын түүх бичлэгт шууд нэвтэрч, хожмоо евроцентрик ойлголтын суурь болон тогтжээ.
Харин түүхч Н.Мортон дээрх уламжлалт тайлбараас татгалзан, монголчуудын оролцоогоор бий болсон геополитикийн шинэ тэнцвэр, соёлын солилцоо, улс төрийн холбоо, шашны харилцаанд гарсан өөрчлөлтүүдийг цогцоор нь авч үзсэн нь түүний “Монгол их түрлэг” бүтээлд биеллээ олжээ. Түүнчлэн зохиогч тус бүтээлдээ хэрхэн монголчуудын Византи, Сэлжүк Түрэг, Мамлюк, Латин зэрэг олон янзын нийгэмтэй тогтоосон харилцаа нь бүс нутгийн түүхийг дахин зурсан тухай тун сонирхолтой бичсэн нь түүхийн хорхойтнуудын сонирхлыг татах нь дамжиггүй.
4. Утга зохиолын онол: Тун товчхон танилцуулга

Зохиогч: Жонатан Каллер
Орчуулагч: Б.Чандмань
Үнэ: 22,700₮
Нүүрний тоо: 201
“Бид яагаад уран зохиол уншдаг вэ? Унших гэдэг ямар үйл вэ?”
Энэхүү чухал бөгөөд ээдрээтэй асуултад онолоор дамжуулан хариулт эрсэн бүтээл бол Жонатан Каллерын “Утга зохиолын онол: Тун товчхон танилцуулга” юм. Тус ном анх 1997 онд англи хэлээр хэвлэгдэн гарч, улмаар 2000, 2011 онуудад шинэчлэгдсэн бол өнгөрсөн сар анх удаа монгол хэлнээ орчуулагдан гарлаа.
Дэлхий даяар хэдийн 40 гаруй хэл рүү орчуулагдсан, уран зохиолын онолын хичээлд хамгийн өргөн хэрэглэгддэгээр тогтохгүй, бүр “алтан стандарт” удиртгал болсон тус бүтээл шинэ ондоо уран зохиолын ертөнцөд анхлан хөл тавихад, эсвэл мэдлэгээ улам зузаатгахад тань гүүр болно гэдэгт эргэлзэхгүй байна.
5. Хачирхалтай зургууд

Зохиогч: Үкэцү
Орчуулагч: Ж.Цолмон
Үнэ: 24,900₮
Нүүрний тоо: 232
Манайд гадаадын триллер, аймшгийн төрлийн ном орчуулагдан гарах нь өдрийн од билээ. Тэгвэл Японы нэрээ нууцалсан аймшгийн зохиолч Үкэцүгийн алдарт “Хачирхалтай зургууд” буюу “変な絵” роман 2025 оны сүүлийн мөчид монгол уншигчдын гар дээр очлоо.
Тус бүтээл нь анх 2022 онд Япон Улсад хэвлэгдсэн бөгөөд 2025 онд АНУ-ын алдарт “HarperCollins” хэвлэлийн газрын нэрэн дор англи хэлээр орчуулагдан гарчээ. Одоогийн байдлаар уг роман дэлхийн 30 гаруй хэлээр орчуулагдан гараад буй бөгөөд нийт 1.5 сая хувь борлуулагдаад байгаа аж. Хэрэв та өвлийн урт шөнүүдийг айдас, аймшгийн ертөнцөөр аялж өнгөрөөхийг хүсвэл “Хачирхалтай зургууд” зөв сонголт байж мэднэ.
6. Сонголт: Аушвицийн Балерина

Зохиогч: Эдит Эва Эгэр
Үнэ: 31,900₮
Нүүрний тоо: 392
Сэтгэл зүйч, Холокостын амьд гэрч Эдит Эва Эгэрийн “Сонголт: Аушвицийн Балерина” ном нь хүн хамгийн харанхуй нөхцөлд ч дотоод эрх чөлөөгөө хэрхэн хадгалж чаддаг тухай өгүүлэх хүчирхэг бүтээл юм. Номын зохиогч өсвөр насандаа туулсан Аушвицын хорих лагерийн аймшигтай хүчирхийллээс хэрхэн амьд үлдсэн тухай бодит түүхээ хүний сэтгэлийн тэсвэр тэвчээр, эдгэрэл, мөнхүү сургамжтай сүлэн тус номоо туурвисан байдаг.
Арван зургаахан настай авьяаслаг гимнастикч, балетын бүжигчин Эдит Эгэр охины бодит түүх уншигчдад гагц амьд үлдэх тухай өгүүлэхээс гадна, айдас, гомдол, шаналлаас ангижрах хүний дотоод хүчийг ухааруулах биз ээ.
7. Урт насал: Эрүүл урт наслах арга ухаан

Зохиогч: Билл Гиффорд, Питер Аттиа
Орчуулагч: Б.Энхтуяа
Үнэ: 45,000₮
Нүүрний тоо: 544
Өнөө цагийн бидний гол санаа зовдог сэдэв зүрх судасны өвчин, хорт хавдар, Алцхаймер, чихрийн шижин байсан хэвээр. Мөн эдгээр өвчний эмчилгээ ихэвчлэн хэтэрхий оройтсон хойно эхэлдгийг ч уншигч та юу эс андах билээ.
Харин “Урт насал: Эрүүл урт наслах арга ухаан” номд дээрх болон бусад хэд хэдэн архаг өвчнийг хэрхэн удаашруулах, бүр цаашлаад сэргийлэх талаар өгүүлэхээс гадна, дасгал хөдөлгөөн, шим тэжээл, нойр, сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай ч заавар, зөвлөгөө өгөх аж. Хэрэв та шинэ ондоо эрүүл мэнддээ анхаарч, амьдралын хэв маягтаа анхаарахаар шийдсэн бол эл бүтээл эргэлзээгүй тус болно.
8. Венецид мэндэлсэн шүлгүүд

Яруу найрагч: П.Буянцогт
2025 онд отгон сард залуу яруу найрагчийн бүтээл хэвлэгдэн гарлаа. Яруу найрагч П.Буянцогт нь 2023 онд МУИС-ийн Хэл шинжлэлийн хөтөлбөрийг дүүргэсэн бөгөөд өдгөө тус сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж буй. Түүний шүлгүүд өмнө нь “Зүймэл улирал” антологи номд багтаж байсны дээр “Усны гудамж” сайтад нийтлэгдэж байжээ.
“Венецид мэндэлсэн шүлгүүд” түүвэр нь түүний анхны яруу найргийн бие даасан бүтээл бөгөөд Итали Улсын Венец хотод туурвисан гэдгээрээ онцлогтой. Тэрээр мөн “Усны гудамж” сайтад хэл шинжлэлийн хоёр ч сонирхолтой нийтлэл нийтэлж байсныг дурдууштай.
9. Хүн нэгэн арван

Эрхлэн гаргасан: Unread Books
Манай редакцын хамт олон өнгөрсөн онд “Unread Books” нэрийн дор нийт гурван бүтээл эрхлэн гаргасны хамгийн отгон нь “ХҮН: Нэгэн арван” хэмээх улс төрийн түүхэн чиглэлийн бүтээл байлаа. Бид энэхүү бүтээлийг туурвихдаа өнгөрсөн үйл явдлыг аль болох үнэнд ойр бичих зорилгодоо дулдуйдан ХҮН намын үүсгэн байгуулагчид болоод гишүүд, дэмжигчдээс ярилцлага авахын сацуу цахимд нээлттэй буй 300 гаруй эх сурвалж, ярилцлага, нийтлэл, мэдээнээс эш татсан билээ.
Холбоотой нийтлэл: Бидний эрхлэн гаргасан “ХҮН: Нэгэн арван” номын тухай
Илүү ойлгомжтой байх үүднээс энд номын редакцын зурвасаас эш татъя:
…Улс төрийн түүх бол бүр ч эмзэг талбар. Олон талын эрх ашиг огтлолцож, үнэн худлын зааг амархан сарнидаг энэ орон зайд санаатай, санаандгүй төөрөгдөл, гуйвуулга даанч элбэг. Бид энэхүү номыг бүтээх явцдаа яг ийм эрсдэлээс зайлсхийсэн ба болсон үйл явдлыг хэтрүүлэх эсвэл багасгахгүйгээр, аль болох бодит баримтад түшиглэн хүүрнэхийг зорив…
10. Цасан охины нууц

Зохиогч: А.Даваасүрэн, Э.Мишээл
Үнэ: 25,000₮
Нүүрний тоо: 40
Өнгөрөгч арванхоёрдугаар сард хүүхдийн цоо шинэхэн зурагт ном төрлөө. Нэр нь тун сонирхолтой, “Цасан охины нууц”. Энэхүү номыг зохиолч А.Даваасүрэн болон “Хот ба түүний хийсгэлэн хана” номын хавтасны зургийг бүтээсэн Э.Мишээл нар хамтран бүтээжээ.
Номын үйл явдал цас бударсан нэгэн намуухан шөнө Өвлийн өвгөний үнэнч туслах Бөхөн хүүхдүүдийн захидлыг цуглуулж яваад санамсаргүй гээж орхисноор эхэлдэг аж. Гэсэн ч түүнд нэгэн сайхан сэтгэлт охин туслан хамтдаа адал явдал, ид шидээр дүүрэн түүхийг бүтээдэг байна.

Сэтгэгдэл бичих

