Мэдээллийг хуурамчаар үйлдэх, санаатай болон санаандгүй байдлаар ташаа мэдээлэл түгээх, бүр цаашилбал түүхийг өөрт ашигтайгаар гуйвуулна гэдэг улам бүр л хялбар бөгөөд нийтлэг болж байна. Ийм цаг үед манай редакцын хамт олон “unread books” нэрийн дор улс төрийн түүхэн чиглэлийн нэгэн бүтээлийг эрхлэн гаргалаа. Энэ бол ХҮН намын өнгөрсөн арваны түүхийг өгүүлэх “ХҮН: Нэгэн арван”.

Энэхүү бүтээлийг туурвихдаа ХҮН намын үүсгэн байгуулагчид, гишүүд, дэмжигчдээс ярилцлага авахын сацуу интернэтэд нээлттэй 300 гаруй эх сурвалж, ярилцлага, нийтлэл, мэдээнээс эш татсан юм. Энэ нь бидний өнгөрсөн үйл явдлыг аль болох ноён нуруутай, үнэнд ойр бичих зорилгоос маань улбаатай. 


Редакцын зурвасын хэсгээс

…Улс төрийн түүх бол бүр ч эмзэг талбар. Олон талын эрх ашиг огтлолцож, үнэн худлын зааг амархан сарнидаг энэ орон зайд санаатай, санаандгүй төөрөгдөл, гуйвуулга даанч элбэг. Бид энэхүү номыг бүтээх явцдаа яг ийм эрсдэлээс зайлсхийсэн ба болсон үйл явдлыг хэтрүүлэх эсвэл багасгахгүйгээр, аль болох бодит баримтад түшиглэн хүүрнэхийг зорив..

Улс төрийн үйл явдлыг олон өнцгөөс мэдээлж, түгээж байсан үе үеийн редакц, сэтгүүлч нартаа талархаж байна. Та бүхний нийтлэл, сурвалжилга түүхийг үнэн зөвөөр бичих найдвартай голч боллоо.


Улс төрийн ном уйтгартай байх шаардлагагүЙ

Ихэнх маань улс төр, түүх гэсэн үгсийг сонсоод шууд л залхдаг нь нууц биш. Тиймээс бид энэхүү бүтээлийг аль болох сонирхолтой, өрнөлтэй, баримттай, хүртээлтэй байлгахад ихэд анхаарлаа хандуулсан юм. Уг ном нь нийт таван бүлгийн 20 дэд бүлэгтэй. Дэд бүлэг тус бүр дотроо үндсэн хоёр хэсэгтэй тул уншигч танд нийт 40 ширхэг богино нийтлэл, эсээ эсвэл дорвитой сошиал пост уншиж буй мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Олон жижиг бүлэг болгон салгасан тул номыг хаанаас ч эхлүүлээд унших боломжтой. Өөрт сонирхолгүй хэсэг дээрээ гацаж зовох шаардлагагүй, хаанаас нь ч уншиж болно гэсэн үг.


Нэмээд агуулга нь зөвхөн нэг намын тухайд бус өнгөрсөн арван жилийн хугацаанд монголын улс төрд өрнөсөн #Цагаансонголт, #ЕрөнхийлөгчөөЗахиалъя зэрэг хөдөлгөөн, нийгмийг цочроосон хулгай, луйврын асуудлууд, жил жилийн сонгуулийн үр дүн зэрэг мэдээллүүд ч багтсан. Ийм ч учраас энэхүү бүтээл нь зөвхөн тус намын гишүүдэд хүртээлтэй бус улс төр, нийгэм сонирхогч залуус ядаж нэг удаа эргүүлж харах бүтээл болсон хэмээн найдаж байна.


Номын агуулга

Уг номд ХҮН намын эхлэл цэгийг 2014 оноос нь эхлэн хүүрнэн өгүүлнэ. Олон улсын Валютын санд ажиллаж буй нэгэн санхүүч дэлхийн хөгжил буурай олон орноор явж, тэгэх бүрдээ Монгол Улсаа тэдэн шиг хувь заяатай болгохгүйн төлөө улс төрийн нам байгуулахаар шийднэ. Ингээд улс төрийн туршлагагүй тул рейтингээрээ нэгт яваа улс төрчийг намын даргаараа томилсон цагаас улс төрийн бохир тоглоом эхэлдэг.

Гэсэн ч намын анхдагч гишүүд үзэл бодолдоо бат зогссоноор намаа эргүүлэн авах бөгөөд бодлого, судалгаанд суурилсан олон акцуудыг өрнүүлж 2020 онд УИХ-ын гишүүнтэй болж, 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч нь 2-т бичигдэж, 2024 онд УИХ-ын 8 гишүүнтэй болж улмаар Хамтарсан засгийн газарт хоёр сайдтай болж чадсан билээ.

Энэ түүх уншигч танд монголын улс төрд бодит байдал ямархуу байдаг, ер нь улс төрийн нам гэх зүйлийн зорилго юу вэ, улс төрийн сонгууль хэрхэн өрнөдөг вэ гэхчлэн олон суурь асуултын хариултыг өгөх нь дамжиггүй.

Номын тусгай хэвлэл

unread books-ийн бүтээлүүд

Энэхүү бүтээл нь манай редакцын өөрийн нэрээр эрхлэн гаргаж буй гурав дахь ном боллоо. Бид өнгөрсөн 9-р сард А.Пүрэвдорж зохиолчийн “Тогоруут агуй” шидэт реалист роман, 11-р сард блокчэйний тухай “Цахим Алт” номын 3 дахь шинэчлэгдсэн хэвлэлийг тус тус гаргасан билээ.

2026 ондоо илүү олон шинэ бүтээлтэй уулзацгаая.