Домгийн шувуу үргээж шинэ он айсуй. Эсвэл арай өөрөөр хэлбэл он дуусахад хэдхэн хоног үлдээд байна. Жилийн энэ үед хүн бүхэн өмнөх жилийнхээ төлөвлөгөөг эргэн харцгааж биелүүлсэн төлөвлөгөөндөө баярлах, биелүүлж чадаагүйгээ “сэмээрхэн засах” зэргээр тус бүрдээ өнгөрөн одож буй оноо дүгнэж, цэгнэж буй биз ээ. Тэгвэл танаас нэгэн асуулт асууя. Та энэ жил нийт хэдэн ном уншиж дуусгасан бэ?
Холбоотой нийтлэл: Алгуурлал залхуурал мөн үү?
Жил ирэх тутам хүн төрөлхтөн номоос улам хөндийрөн холдож буй талаар дэлхийн бүхий л том хэвлэлүүд бичсээр байгааг та юу эс андах билээ. Гэхдээ сонирхолтой нь, нөгөө талаараа бид өдөр тутам цахим зурвас, сонордуулга, мэйл, чат гээд олон арван төрлийн тексттэй тогтмол “зууралддаг” болсон тул түүхэнд бараг хамгийн идэвхтэй “уншдаг” үеийнхэн гэхэд хилсдэхгүй хэмээн The New Yorker сэтгүүл бичсэн нь тун чиг егөөтэй.
Учир нь Columbia University зэрэг дэлхийн нэр хүндтэй их сургуулиуд хэдийн сургалтын хөтөлбөрөө хөнгөвчилж оюутнуудын унших номыг багасгаж эхэлсэн бол Америкийн томоохон мэдээний агентлаг болох Associated Press сүүлийн 20 жилд нийтлэлийнхээ дундаж уртыг 800 үгээс 300 үг хүртэл бага багаар бууруулсаар иржээ. Энэ бүхний цаана юу өрнөнө вэ? Бид урт бичвэр огт уншиж чадахаа больсон гэж үү? Хэдэн мянган, зууны түүхтэй роман, туульс, тууж, өгүүллэг, сонин, сэтгүүлийн эрин 2020-иод оноор дуусаж байгаа хэрэг үү?
Дээрх бүгдийг нэгтгэн “Бид яагаад уншиж буй номоо дуусгаж чадахаа больсон бэ?” гэх энгийн, цөм асуултад хураангуйлан хариулахаар энэ удаагийнхаа нийтлэлийн үүдийг татъя.
Анхаарлын төлөөх дайн
Өдгөө анхаарал гэдэг хэрэглэгчийн хамгийн үнэт “хөрөнгө оруулалт” болжээ. Тэр ч утгаараа зар сурталчилгааны хэл бараг төрөл арилжиж, бизнесүүд бидний анхаарлын төлөө л өөр хоорондоо өрсөлддөг болсон гэхэд хилсдэхгүй. Үүний цаад шалтгаан нь мэдээж бидний анхаарал төвлөрөлт тогтмол урьд урьдынхаасаа улам богиноссоор байгаад оршино. Мөн үүнийг дагаад бизнесүүдэд хэрэглэгчийнхээ анхаарлыг татах ч илүү хүндрэлтэй болсоор буй. Тодруулбал, 2021 оны нэгэн судалгаагаар дундаж ухаалаг утас хэрэглэгч өдөрт 58 удаа гар утсаа шалгадаг гэсэн дүн гарсан байдаг бөгөөд энэ нь дунджаар бид 15 минут тутам дор хаяж нэг удаа гар утас руугаа “шагайж” байна гэсэн үг юм. Түүнээс гадна, мөн оны өөр нэгэн судалгаагаар АНУ-ын насанд хүрэгсдийн 53 хувь нь стресс бухимдал, ажлаас халшрах хам шинж, тогтмол цахим сонордуулгаас үүдэн урт хугацаанд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байгаа нь ажиглагджээ.
Харин бидний анхаарлын төлөөх дайнд хэн ахин дахин ялагдал хүлээсээр байна вэ? Мэдээж “хөөрхий” номууд. Гэхдээ энэ нь бидний анхаарал үнэхээр үгүй болоод загаснаас доор болж буй хэрэг хараахан биш. Үүнд энгийн нэгэн жишээ татъя: та дуртай аниме, цуврал киноныхоо бүтэн улирлыг нэг дор үзэж дуусгасан удаа бий юу? Эсвэл оройхон гарж, ширүүхэн дайрч саяхан Netflix-ийн “Physical Asia”-гийн хэд хэдэн ангийг ар араас нь дараалуулан үзсээр дуусгасан юм биш биз? Хэрэв тийм бол нийтлэлээ алдалгүй үргэлжлүүлэн уншаарай.
Холбоотой нийтлэл: Бид загаснаас доор ой санамжтай болж байна уу? + Сэтгэл гутрал
Учир нь өнөөдрөөс ердөө хоёрхон сарын өмнө нэгэн сонирхолтой судалгаа нийтлэгджээ. Тус судалгаа нь дэлгэцийн хэрэглээ бага насны хүүхэд болон залуусын анхаарал төвлөрөлтөд хэрхэн нөлөөлж буйд чиглэсэн аж. Тэгэхдээ 6-25 насныхныг хамруулсан байна. Үр дүнд нь нэгэн зэрэг олон тийш анхаарах нь бидний нэг зүйлд удаан анхаарлаа хандуулах чадварт сөргөөр нөлөөлдөг болох нь батлагджээ. Тухайлбал, сошиал медиагаас үүдсэн буюу найзынхаа чатанд хариу өгөх, crush-ийнхаа сториг үзэх, сүүлийн үеийн мэдээ мэдээллийг унших, сонсох зэрэг олон үйлдлийг нэгэн дор хийх нь залуусын анхаарал төвлөрөлтөд болон академик амжилтад сөргөөр нөлөөлж буйг тогтоожээ.
Түүнчлэн, BBC Science Focus-ийн мэдээлж буйгаар бид тодорхой нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлснээр бага бухимдаж, улмаар хийж буй ажлаасаа сатаарах, залхах, “бууж өгөх”, дундаас нь орхих магадлал буурдаг гэнэ. Гэвч нөгөө талаараа сошиал медиа бидний үзэх дуртай бичлэгийг санал болгож, тогтмол сонордуулга илгээж, reels, shorts зэрэг богино бичлэгүүдийг ар араас нь угсруулан “урсгасаар” аз жаргалын дааврыг идэвхтэй өдөөж байдгийг орхиж болохгүй. Тэгвэл гар утас, сошиал медиа л биднийг ном уншихад саад болоод байгаа хэрэг үү? Яг ч тийм биш ээ.
Шүүгээгээр дүүрэн хувцас, гэхдээ л өмсөх хувцас алга
Нийтлэлч Б.Цэнддоо гуайн нэгэн ярилцлагадаа дурдсанчлан өмнөх нийгмийн үед манай улсад жилд арав орчим ном л хэвлэгдэн гардаг байсан бол өнөөдөр хэдэн зуун ном жил бүр уншигчдын хүртээл болдог болжээ. Энэ оны тухайд зөвхөн Монсудар хэвлэлийн газрын тоо баримтыг харахад л нийт 77 шинэ ном эрхлэн гаргасан байх жишээтэй. Уг тоо нь хэвлэлийн газрын мэдээлж буйгаар нийт 16,825 нүүртэй тэнцэх аж. Гэтэл сүүлийн жилүүдэд манай дотоодын ном хэвлэлийн салбар улам өргөжин шинэ шинэ хэвлэлийн газруудын тоо жил ирэх тутам нэмэгдсээр буй. 2025 оны Намрын Номын баяраар л гэхэд хамгийн багадаа арав гаруй хэвлэлийн газар нэгээс хоёр шинэ ном хэвлүүлснийг эргэн санууштай.
Холбоотой нийтлэл: Хэвлэлийн газрууд номын баярт
Гэхдээ энэ нь зөвхөн манай улсад ч гэлтгүй дэлхийн бүх улсын ном, хэвлэлийн зах зээл дэх өөрчлөлт юм. Учир нь дэлхийн улс орнууд урьд урьдынхаасаа ч илүү нэг нэгнийхээ ном, зохиол бүтээлийг орчуулах, хэвлэн түгээх болсон гэхэд хилсдэхгүй. Үүнийгээ дагаад долоо хоног, сар, улирал тутам шинэ бестселлер ном, бестселлер зохиолч төрсөөр. Тэр ч байтугай “Яаж ном болгон Нью-Йорк Таймсын Бестселлер болоод байна аа?” гэсэн шог зураг ч нийгмийн сүлжээнд олон хандалт цуглуулдаг болсныг уншигч та мэдэх биз ээ.

Товчдоо, бидэнд “унших хязгааргүй их ном” байгаа бөгөөд тэрхүү тоо нь долоо хоног, тэр ч байтугай цаг, минут тутам нэмэгдсээр буй гэж хэлж болно. Нэгэнт бидэнд Ганга мөрний элсний ширхгээс олон унших ном, сонголт байгаа хойно заавал уйтгартай, өөрт таалагдаагүй номоо хүчлэн хүчлэн уншиж дуусгах хэрэг байгаа гэж үү? Ингээд л та бид шүүгээгээрээ дүүрэн хувцастай ч өмсөх хувцасгүй гэдгийн үлгэр болоод байна. Үүнийг “Сонголтын парадокс” (Paradox of Choice) гэдэг.
Уг ойлголттой холбоотой нэгэн сонирхолтой туршилтыг энд өгүүлье. 2000 онд сэтгэл зүйч Шийна Ийенгар (Sheen Iyengar) болон Марк Леппер (Mark Lepper) хүнсний дэлгүүрт 24 өөр өөр төрлийн жимсний чанамал өрсөн амталгаат худалдаа явуулжээ. Тэгээд худалдан авсан хүн бүрд нэг долларын купон эрх бэлэглэхээр болсон байна. Харин удаах өдөр нь яг ижил ширээнд 6 төрлийн жимсний чанамал засжээ. Үр дүнд нь олон төрлийн жимсний чанамалтай ширээ олон хүнийг татаж байсан ч худалдан авалтын хувьд хоёр ширээ арвыг харьцах нь нэг байсан гэнэ. Энгийнээр тайлбарлавал 6 чанамалтай ширээнээс 10 хүн худалдан авалт хийх тутам 24 чанамалтай ширээнээс 1 хүн л чанамал авч байсан гэсэн үг. Товчхондоо, бид олон сонголттой байх тусам бүр эсрэгээрээ юу ч сонгохоо больдог гэж ойлгож болно.
Ном уншаад л байвал ажил төрөл яах билээ?
Нийтлэлийнхээ эхэнд дэлхийн нэр хүндтэй их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө хөнгөвчилж оюутнуудын унших номыг багасгаж эхэлсэн тухай цухас дурдсан билээ. Тэгвэл алдарт Columbia University-гийн профессор Николас Дэймс 2024 онд The Atlantic сэтгүүлд өгсөн ярилцлагадаа одоогоос хорин жилийн өмнө оюутнууддаа долоо долоо хоногийн дотор Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, Жейн Остины “Бардамнал ба адлал” романуудыг унших даалгавар өгөөд тус бүр асуудалгүй хэлэлцүүлэг өрнүүлдэг байсан бол өнөөдөр энэ нь бараг л боломжгүй болсон талаар өгүүлжээ.
The Atlantic сэтгүүлийн сэтгүүлч Рөүз Хорович “The Elite College Students Who Can’t Read Books” нийтлэлээ бичихийн тулд Columbia University, Princeton University, University of Virginia зэрэг АНУ-ын нэр хүндэт их сургуулиудын нийт 33 профессортой ярилцжээ. Уг цуврал ярилцлагын үеэр Georgetown University сургуулийн Англи хэлний тэнхимийн эрхлэгч Даниел Шоор оюутнуудыг соннет ч уншихад анхаарал нь тогтож өгөхгүй байгаа тухай ярьсан байна. Түүгээр ч зогсохгүй, University of California, Berkeley-гийн профессор Виктория Кан 1997 онд оюутнуудад долоо хоног бүр 200 хуудас унших даалгавар өгдөг байсан бол өдгөө 100 хуудас хүрэхтэй үгүйтэй бие даалт оноодог болсноо хуваалцжээ.
“Би одоо Илиада-г бүтэн унших даалгавар өгөхөө больсон. Оронд нь цөөн хэдэн хэсгийг нь л уншихыг даалгах болсон. Тэгээд зарим оюутнууд эх зохиолыг нь бүтнээр нь унших байх л гэж найддаг даа.”
Виктория Кан - University of California, Berkeley-гийн профессор
Оюутнуудын унших нь багасаж буйг профессорууд өөр өөрсдийнхөөрөө тайлбарласан ч зарим мэргэжилтнүүдийн оюутнууд ном унших чадвараа алдаагүй ч хүсэлгүй буюу уншихгүй байх сонгох нь нэмэгдсэн хэмээн дүгнэж байгаа гэнэ. Тодруулбал, шинэ цагийн оюутнууд дээд үеийнхнээсээ илүү ажил, мэргэжлийн замналдаа анхаарал хандуулах, давхар санаа зовох шаардлагатай болсон аж.

2023 оны Харвардын Их сургуулийн судалгаагаар төгсөгчид ажил, карьертай холбоотой хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хичээлээ хийсэнтэй ижил хэмжээний цаг хугацаа зарцуулсан гэж хариулсан байна. Мөн сүүлийн жилүүдэд дүнгийн инфляц нэмэгдсээр байгааг ч The Atlantic онцолжээ. Тухайлбал, 2020-2021 онд Харвардын Их сургуулийн нийт оюутнуудын 79 хувь нь “А” дүн авчээ. Энэ нь арван жилийн өмнөхөөсөө бараг 20 хувиар өссөн үзүүлэлт юм. Ингэснээр тус сургуулийн оюутнууд бие даалтаа бүрэн гүйцэт хийхгүй байсан ч “дажгүй” дүн авах болсон гэсэн үг.
“Гэм зэм”-ийг унших нь өөрөө “Гэм зэм” боллоо!
Columbia University-гийн утга зохиолын ангийн хөтөлбөрөөс хэд хэдэн сонгодог зохиолыг тэр чигт нь хассан бөгөөд түүний дотор Ф.М.Достоевскийн “Гэм зэм” роман багтжээ. Түүнчлэн тус хасагдсан сонгодгуудад Моби Дик, Шуурах өндөрлөг, Жейн Эйр зэрэг англи хэлт уран зохиолын алдартай бүтээлүүд ч багтсан байна. The Atlantic сэтгүүлийн мэдээлж буйгаар Америкийн нэр хүндтэй их сургуулиуд сургалтын хөтөлбөрөө энэ мэтчилэн өөрчилж байгаад нөлөөлж буй нэгэн томоохон хүчин зүйл бол яахын аргагүй тус улсын ахлах сургуулиуд гэнэ.
Тодруулбал, 2022 онд Columbia University-гийн профессор Николас Дэймстэй нэгэн нэгдүгээр курсийн оюутан ирж уулзжээ. Тус оюутан хичээлийн бие даалт тун хэцүү байсан тухайгаа ярьсан аж. Профессор Николас Дэймсийн заах хөтөлбөрт долоо хоногт нэг, заримдаа хоёр нэлээд зузаан ном унших бие даалт багтдаг санж. Түүгээр ч зогсохгүй, тэрхүү оюутан түүнд ахлах сургуульдаа (тэрээр улсын ахлах сургуульд суралцсан аж) нийтлэл, шүлэг унших л бие даалт хийж байснаас бус, ганц ч удаа бүтэн ном унших даалгавар авч байгаагүйгээ учирласан байна. Эл үйл явдлаас үүдэн профессор Николас Дэймс ерөөс шинэ үеийн оюутнууд ном уншиж, дуусгаж чадахаа больсон нь ахлах, дунд сургуулиудад хэрхэн унших дадал суулгах талаар огт заадаггүйтэй холбоотой гэж үзэх болжээ. Мөн дээрх нийтлэлд оролцсон нийт 33 профессор оюутнууд аливаа номын хураангуй (summery)-г уншихгүйгээр бүтнээр нь уншиж чадахгүй болсон тухай ч хуваалцжээ.
Энэ мэтчилэн бидний номтой нөхөрлөх хугацаа богиносож буйн цаана үй түмэн шалтгаан байгаа тул уг асуудлыг гагц сошиал медиа руу, эсвэл “залхуурал”, стресс, бухимдал руу чихэх нь өрөөсгөл гэдгийг санууштай. Харин үүнийг техник, технологийн үсрэнгүй хөгжил, даяарчлал, ажлаас халшрах хам шинж гээд олон нийгмийн болон сэтгэл зүй, хүрээлэн буй орчны нөлөөлөл гэж дүгнэж болно. Гэхдээ мэдээж номоос мэдэрдэг мэдрэмжийг өөр юугаар ч орлуулшгүй тул ном унших, бичих үйл хэзээд оршсоор байх биз ээ. Гагцхүү аль ном номын тавиурт үлдэж, аль нь буух вэ гэдэг л энэ цаг мөчид тавигдах учиртай асуулт болов уу.

Сэтгэгдэл бичих

