Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлсэн Милан Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”, Франц Кафкагийн “Хувирал тэргүүт тууж өгүүллэгүүд” зэрэг номын орчуулагч, кино тоймч Ж.Тэгшзаяа “Nil puplishing” хэмээх шинэхэн хэвлэлийн газар үүсгэн байгуулж, үйл ажиллагааг удирдан явуулж байна. Ийнхүү “Гоо үзэсгэлэн бол шарх” нэртэй дэлхийн шилмэл хайрын өгүүллэгүүдийн түүврийг хэвлэлийн газрын анхны номоо болгон уншигчдын гар дээр тавьсан юм.
Уг ном бол орчуулагчийн олон жилийн уйгагүй хөдөлмөр, хэдэн арван боть, антолог, үгийн сод туурвилчдын бүтээлийг шимтэн уншиж, тэдгээрээс зөвхөн хайрын тухай бичсэнийг түүвэрлэсэн шидээвэр эмхэтгэл билээ
“ЦОРЫН ГАНЦ” ГЭХ ТОДОТГОЛЫН ТУХАЙ

Уран зохиолын ном, тэр дундаа дан ганц хайрын тухай өгүүллэгүүдийг унших нь хэн бүхний хувьд сэтгэл зүрхнийх нь утсыг өнгө, өнгөөр долгионтуулах буюу. Орчуулагч Ж.Тэгшзаяа уг номынхоо тухайд “Би дан ганц хайрын сэдэвт өгүүллэгүүдийг сонгож эмхэтгэхээр шийдэв. Тиймээс энэ төрлийн антолог байдаг тухай нэлээдгүй судалж, хайж үзсэн. Гэвч үгүй юм билээ. Дэлхийн сор туурвилчдын олон янзын антолог байх боловч зөвхөн хайрын сэдэвт зангидагдсан бүтээлийн эмхэтгэл үгүй. Тиймдээ ч “Гоо үзэсгэлэн шарх” бол агуулгын хувьд дэлхий дээрх цорын ганц ном” хэмээн тодосгосон юм.
Уг номд уншигчдын сайн мэдэх зохиолч Харүки Муракамигаас эхлээд Милан Кундера, Рэймонд Карвер, Херман Хессэ, Хунот Диаз, Лори Мур зэрэг үгийн урлагийн сод туурвилчид болоод бидний төдийлөн сайн мэдэхгүй Эткар Керет, Ражеш Парамешваран, Июнь Ли нарын өгүүллэгүүд багтжээ. Үүнээс гадна Ха Жины “Интоорын модны ардах байшин” өгүүллэг Б.Сувддуламын орчуулга бол бусад 11 бүтээл Ж.Тэгшзаяагийн дуун хөрвүүлгээр монгол хэлт уншигчдад хүрсэн нь энэ.
Номын тухайд онцлохоос өөр аргагүй нэг зүйл бий. Учир нь оруулагч Ж.Тэгшзаяа тус антологт багтсан зохиолчдын намтрыг хэдэн онд, хаана төрсөн зэрэг мэдээллийг нь түлхүү багтаадаг уламжлалт жишгээс татгалзан туурвилчдын бичлэгийн онцлог, замналынх нь түүхийг илүүтэй хүүрнэжээ. Жишээ нь Лори Мурын тухай гэхэд “... далайцтай үйл явдал, түгшүүрт нөхцөл байдал үүсгэж, түүгээрээ дүрээ задлах гэж оролддог зохиолч биш. Эсрэгээр, өдөр тутмын жижиг сажиг үйл явдал, ахуйн эд хэрэгслийн тусламжтайгаар дүрийнхээ дотоодыг уудлах нь түгээмэл” гэсэн байна. Энэ мэтчилэн зохиолчдын намтраас хүртэж, цаашлаад өөрсдөө тухайн зохиолчийн талаар дэлгэрэнгүй судалж болох нөхцөлийг уншигчдадаа олгосон нь тун олзуурхууштай.
ТУЙЛЫН ХҮЧИРХЭГ ХҮҮРНЭЛ

Нэн түрүүнд онцлох өгүүллэг бол Энэтхэг гаралтай Америкийн зохиолч Ражеш Парамешвараны “Бенгалын гутамшигт Минг”. Уг бүтээлийн тухайд орчуулагч “...миний амьдралд таарсан туйлын хүчирхэг хүүрнэлтэй, сонирхолтой өгүүллэг байсныг зориуд цохон тэмдэглэмээр байна” хэмээн дурджээ.
“Бенгалын гутамшиг Минг” бол хэн нэгнийг бүрэн нүцгэлээд өөр дотроо хийчихмээр, тэсэж тэвчимгүй ихээр шунган тэмүүлж, адгаж ядсан хүслийн хүлээсэнд цаламдуулах шиг болдог тийм хүчирхэг болоод жигтэй хайрын талаар өгүүлэх бүтээл. Мөнхүү хүн бус амьтан, тэр дундаа барыг өгүүллэгийн гол дүрээ болгожээ. Тиймээс ч эл бүтээлийн орчуулгаа Ж.Тэгшзаяа “Амьтадтай зүй бусаар харьцах, амьтдыг торны цаана хорьж тамладаг бүхий л төрлийн яргаллын эсрэг сэтгэлийн бяцхан тэмцэл болгон зориулж буйг хүлээн авна уу” гэсэн буй.
Амьтны хүрээлэнгийн торны цаана хэвтэх барын лхагва гарагт буюу нэг л өдрийн дотор өрнөх үйл явдлын тухай өгүүлнэ. Түүнийг Минг хэмээдэг бөгөөд уг нэр нь өгүүллэгийн туршид ганцхан удаа дурдагдана. Минг өөрийг нь хооллож ундалдаг амьтны хүрээлэнгийн асрагч Киш гэгч хүнд дурлажээ. Үнэхээр жигтэй эхлэл. Гэхдээ зохиолчийн бичлэгийн онцлог, туурвил зүйн хүчирхэг чанар нь уншигчдад жигтэй сэдэл төрүүлэхгүй. Минг бар санамсаргүйгээр дурлалт залуугаа хороож, хүний хүүхдийг ч үгүй хийх зэрэг жихүүдэс төрөм үйл явдлууд ар араасаа хөврөх боловч эдгээр нь хормын дотор болоод өнгөрч буй нь унших явцад шуудхан мэдрэгдэнэ. Энэ нь магад зохиолчийн бичлэгийн арга барилтай холбоотой болов уу.

Өгүүллэг өрнөлөөсөө шувтрах мөчид Минг хүний хүүхдийг үгүй хийсэндээ гэмшиж, эмчлэх найдвар хайн, болж өнгөрсөн бүхнийг дотроо буруушаан хэвтэхдээ хүчирхэг соёогоороо хазаж орхисон хайрт Киш, өөрийн нэрлэж заншсан “Завиа сэлүүрдээрэй” эмэгтэйн аялдаг гунигт дууг ч санагалздаг. Энэ үед өнөөх эмэгтэй дэргэд нь хүрч ирнэ. Тэрээр барын дэргэд хэвтэх хүний хүүхдийн цогцсыг хараад “Олиггүй юм хийж шүү” гэснээ дараа нь “Өршөөлгүй Минг” хэмээн хашхичсаны хойно инээж гардаг. Төгсгөлд нь Минг хайрт Кишийнхээ тухай зүүдэлнэ. Зүүдэнд нь Киш толгойг нь илж тайтгаруулах бөгөөд эцэстээ гавал руу нь хуруудаа хийж, тархийг нь базлах ч түүнд таашаалтай санагдна. Өвдөлт мэт хайр. Дараа нь тэр зүүднээсээ сэрээд “Завиа сэлүүрдэй эмэгтэй, би чамд хайртай” хэмээгээд идэж орхидог. Үүний тайлалыг төгсгөлийн хоёр өгүүлбэр бүр ч тодорхой харуулна.
“Зулзагыг ердөө хоёрхон үмхлээд, бүхлээр нь залгин эд бад хийхдээ би тэсгэлгүй уйлж байв. Амьдралдаа би хэзээ ч ийм их хайр мэдэрч байгаагүй билээ”.
Өнөөх аварга том бар, Бенгалын гутамшигт Минг ийнхүү лхагва буюу гурав дахь өдөр гурван хүний аминд хүрлээ. Төгсгөл нь харин гол зурмаар, нулимс урсмаар... Гутамшигт хайр. Гэхдээ магадгүй жинхэнэ үнэнд хамгийн дөт байж мэдэх. Хэдийгээр бусдын аминд хүрсэн ч яахын аргагүй Мингийг өрөвдөнө. Уншиж үзээд та өөрөө мэдэх биз ээ.
Гагцхүү намайг хармагцаа айж зугталгүй хэрхэх учиртайгаа мэдэх, энэ зулзагад яаж туслахаа, миний анд, миний хайр Кишид яаж туслахаа мэдэх тэр хүнийг л хайж байна.
“Гоо үзэсгэлэн бол шарх”, Ражеш Парамешваран “Бенгалын гутамшигт Минг” 200 – р тал
ДУСАЛ ИД ШИД

Бодож олсон сэдвээ өөрийн арга, хэлбэрээр хүүрнэж, өгүүлэмжийг хөгжүүлэх явцдаа дээр нь дусалхан ид шид нэмчихвэл хэчнээн уран яруу, байж болохгүй мэт боловч онцгой мэдрэмж төрүүлдгийг тус антологт багтсан Харүки Муракамигийн “Өдөр бүр нүүдэг бөөрөн чулуу”, Херман Хессегийн “Август”, Майкл Каннингемийн “Сувд” зэрэг өгүүллэгүүдээс мэдрэх болно. Яахав “Сувд”-ыг хасчихаж болно л доо. Авчиг гэрийнхээ хамгийн байж боломгүй газруудаас сувд олоод байх залуу, зүүлтний утсаар хөлөө чивчиртэл ороогоод хазганаж явах болсон нь цаанаа л нэг нууцлаг. Чухам юу илэрхийлэхээр зорьсныг гүйлгээд уншчих бүтээл биш. Ердөө л гэрт нь энд, тэндгүй сувд нууж орхиод явсан хайртай хүндээ захидал бичиж буй залуугийн түүх гэмээр... Гэхдээ өгүүлэмжийг хөгжүүлэхдээ хайраас төрж болох олон янзын мэдрэмжийг, сүүлд явуулсан утсаар нь зүүлт цувих бус хөлөө чивчиртэл ороож байгаа нь урвалт болоод чин үнэнч байдлыг хослуулсан мэт санагдана.
Харин Муракамигийн өгүүллэгийг уншигч танд үлдээе. Ямартаа ч эл өгүүллэгийн өөр нэгэн орчуулга Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Эмсгүй эрс” түүвэрт нь бий.
Гол нь дээр нэр дурдсан бүтээлүүдээс онцлох өгүүллэг бол Херман Хессегийн “Август” юм. XX зууны үгийн урлагийн мастеруудын нэг, Герман болоод дэлхийн нөлөө бүхий зохиолчийн эл өгүүллэг амьдралын утга учир, уран бүтээлчийн оюун санааны эрэлхийлэл, хайр, биднийг хүрээлэн буй хүмүүсийн мөн чанар зэрэг бодитоор оршихуйгаа мэдэрч, амьгүй юмсын оршихуйг ч мэдрэхүйгээрээ бий болгож чаддаг бүхний дотрыг уудлан нээж, дотооддоо уусгах шидтэй бүтээл. Өгүүллэгийн зарим утга санаа нь түүний “Талын чоно”, “Сиддхарта”, “Яруу найрагч” зохиолуудтай дүйнэ. Харин бичлэгийн хувьд өөр хийгээд ерөөс л Хесегийн бүтээлүүд хүний оюун санааг механик хөдөлгүүр хэмээн зүйрлэвэл эрэг боолт нь дутаагүй, зэвэнд идэгддэггүй, үргэлжид мөнхийн хөдөлгөөнтэй тэрхүү аварга механизмийн бүрэн гүйцэд ажиллагааны үр дүнд төрдөг шиг санагдана.

Гётегийн “Фауст” дээр Мэфистофиль орчлон ертөнцийн бүхий л зүйлсийг Фаустад үзүүлдэг шиг Хессегийн өгүүллэгийн гол дүр болох Августыг ноён Бинссвангер хэмээх давжаа биетэй өвгөн чухам тэр л замд хөтлөн оруулав уу гэмээр сэтгэгдэл төрнө. Гэвч уг чанартаа Бинссвангер биш Август өөрийн явах замаа сонгодог.
Мостак хэмээх нэгэн гудамжинд амьдрах Элизабет гэх бэлэвсэн эмэгтэйн дөнгөж төрүүлээд буй хүүхдэд загалмайлсан эцэг нь болсон Бинссвангер бэлэг өгөхөөр шийднэ. Тэгэхдээ “...Сайтар тунгаан бодоод өнөө шөнө эгшигт хайрцгаас хөгжим дуурсмагц хүүгийнхээ зүүн чихэнд хүслээ шивнээрэй, тэгвэл биелэх болно” хэмээдэг. Харин эх нь үүнийг даажигнасан үгс биз хэмээн бодовч эцэст нь итгэж, хөгжмийн аялгуу төгсөхийн алдад “Хүн бүр хүүг минь хайрла” хэмээн шивнэдэг. Ингээд л бүх хүн Августыг хайрлах болно. Тэр өсөж, идэр насандаа үлэмж сайхан залуу болоод бүгдэд хайрлуулсаар байна. Үйл явдал нь эгээ л дуусахгүй мэт үргэлжлэх тус өгүүллэгийн нэгэн дүр болох ноён Бинссвангер яг л “Үзэсгэлэнт охин ба Араатан” үлгэрийн хараал шивнэх шидтэн шиг нэгэн болохыг уншигчид удахгүй олж мэднэ.
Мэдээж бид энд дусал ид шидийн тухай хүүрнэлдэж буй учир ноён Бинссвангер он цагийн уртад нөгөө л давжаа биетэй өвгөн хэвээр байх, түүнийг хөгжим тоглоход “...алтран гэрэлтэх мянга мянган сахиусан тэнгэр агаарт эргэлдэн хөвж, урагш хойш нисэлдэн уран гоёмсогоор хослон бүжих үзэгдэв...” хэмээн өгүүлсэн байдгийг дурдъя.
“Зарим хүнд цовоо цолгиун амар мэндийн үгс хэрэгтэй, зарим хүнд тайван дөлгөөн харц хэрэгтэй бол, заримд нь ганцаар амарлин баясалгах цаг хугацаа хэрэгтэй байдаг аж”.
“Гоо үзэсгэлэн бол шарх”, Херман Хессе “Август” 156-р тал
АНХАНДАА ТИЙМ БАЙСАНГҮЙ

Бичлэгийн онцгой хэв маяг, өгүүлэмжийн давтагдашгүй өвөрмөц өнгө аястай уран бүтээлд Этгар Керет “Зохиол бичих сургалт”, Лори Мур “Хэрхэн хөөрхөн эмэгтэй болох вэ”, Хунот Диаз “Араар тавигчийн хайрлах удирдамж”, Рэймонд Карвер “Хайрын тухай ярихдаа бид юу ярьдаг вэ” зэрэг орно. Жишээ нь гэхэд л Этгар Керет, Мурын өгүүллэгүүдийг уншсаны хойно “анхандаа тийм байсангүй” гэж хэлээд нэг сайхан санаа алдмаар санагдана. Гэхдээ зүгээр нэг санаа алдалт бус дотор бугшсан, ил гаргалгүй хав дарчихсан зүйлийг цээжээ зад татан гаргахдаа их л намуухан, удаанаар өөрөөсөө түлхэн холдуулж, энэ нь сэтгэл цэлмээх мэт тийм санаа алдалт. Уужимхан амьгал авах шиг урт санаа алдалт.
Хунот Диаз, Лори Мурын өгүүллэгүүд хүүрнэгчийн хувьд их төстэй. Тэдний аль нь ч өгүүлэмжийг нэг эсвээс хоёрдугаар биеэс хүүрнэсэнгүй. Далдаас хэн нэгэн эсхүл дэргэдэх найз чинь “Чи тэгнэ, одоо ингэнэ, чамд энэ нь нэрмээс болж, чамайг энэ үйл баяр жаргалтай” болгоно хэмээж байх шиг онцгой арга барилтай бичлэгийн хүүрнэх хэлбэр нь өгүүллэгийн эхлэлээс шууд анзаарагдана. Яг л “Дин тосгоны зүүд” романд аль эрт үхчихсэн агаад бүхий л явдлыг ой санамж, бие цогцос нь шороонд булагдсан жаахан хүү хүүрнэдэгтэй адил этгээд сэтгэгдэл төрүүлсэн юм.
Харин Милан Кундерагийн “Хөгшин цогцос залуудаа зай тавиг” өгүүллэг тэс хөндлөн, өвөрмөц хайрын тухай. Хайр гэж нэрлэх нь зөв үү? хэмээн өрөөсөө асуумаар ч юм шиг... Гэхдээ хүний зүрх сэтгэлд дутагддаг байж болох хөг эгшиг, автах хүсэл, зөрүүд зан араншин, аливааг хувь тавилан ч юм шигээр зүгээр тосоод авах мэдрэмжийн тасархай учраас хайр гэдэг тодорхойлолт онооход буруудах зүйлгүй ч байж мэднэ.
Гол нь бичвэр маань нэлээд нуршуу болж, цааш ярих юм ч бас буй учраас энэ хэсэгт нэр цохсон өгүүллэгүүдийн тухай товчхон тодорхойлолт өгсөн нь зөв биз. Угаас нэг бүрчлэн цохож, үйл явдлыг нуршиж, тайлал хийгээд байвал уг номын гоо үзэсгэлэнтэй хавтсыг шинээр нээх уншигчдад тушаа болж мэдэх тул үгээ эвхэв.
“...чи бол нууц амраг, түүхэн уналтын тасархай, биш ээ, түүхэн уламжлалын тасархай. Эхнэрүүд л харин жоомнууд. Бас л түүхэн уламжлалын хэсэг. Цөмийн дайралтын дараа ч амьд гарч чадах долоон голтой, тэсвэртэй, хаа сайгүй язганаж байдаг амьтад, гэхдээ яг одоогоор тэдэнд өөдөлсөн юм алга”.
“Гоо үзэсгэлэн бол шарх”, Лори Мур “Хэрхэн хөөрхөн эмэгтэй болох вэ” 259-р тал
ХАЙР ХЭМЭЭХ МӨНХИЙН СЭДЭВ

Цаг хугацаа зарим юмсыг мартуулж, зарим зүйлсийг сануулдаг. Өнгөрсөн цаг хугацаан дотроос хэчнээн ухаж төнхөж, эрэл сурал болсон ч ахин хэзээд хөндөгдөхөөргүй булшлагдсан дурсамж, туурвилууд олон. Харин сайн уран бүтээл үргэлж цаг хугацаанаас эс хамааралтайгаар оршиж ирсэн нь үнэн. Түүний хэрээр биднийг үргэлж дагаж явдаг мөнхийн сэдвүүд ч мөн цаг хугацаанд эс хамаарна.
Та оршиж байх аваас ямагт хажууд, дотор, сэтгэлийн аль нэгтээ ивээс болон хадгалагдсан, мэдрэмжээс тань шалтгаалан өндийх мөнхийн сэдвүүдийн нэг нь хайр юм. Харин үргэлж унших, дууссан бол дахин эхлээд сөхөж харах бүтээлүүдийн минь нэг нь “Гоо үзэсгэлэн бол шарх” билээ.

Сэтгэгдэл бичих (1)


A Ayurzana anthology deree Хунот gesnes bolov 64.119.24.31
Хунот биш Жунот. Junot Díaz . Nom gargahasa umno yaj spelling hiihu edr geed haij baiyaa. Ayurzana anthology deree Хунот gesnes hoish mer sar hargdh bolgond хунот gtsn.