Өглөө яарсан үед ч, үдэш шөнийн цагаар ч хамгийн найдвартай сонголт болдог CU-гийн хоолнууд хэрхэн бүтдэг вэ? Зөвхөн амт чанараас гадна эрүүл ахуй, стандартыг дээд зэргээр сахиж, өдөрт 60 мянга гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг энэхүү том "гал тогоо"-ны гол хөдөлгүүр нь тэнд ажиллаж буй хүмүүс юм.

Тиймээс бид энэ удаагийн ярилцлагадаа CU-гийн "Централ Фүүдс" хоолны үйлдвэрийн хамт олны төлөөллийг урьсан юм. Хэрэглэгчийн гарт очих бүтээгдэхүүн бүрийг сэтгэл ханамжтай, аюулгүй байлгахын тулд тэд ямар нөү-хау ашигладаг, хэрхэн багаараа хамтарч ажилладаг талаарх сонирхолтой яриаг хүлээн авна уу.

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ, ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Ээлжийн технологич Э.Нямсүрэн

Би 2011 онд Техник технологийн дээд сургуулийг Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич мэргэжлээр төгссөн. Төгсөөд "Аэро Монголиа"-гийн катерингийн цех, "Цэцэг" зочид буудал, мөн хувиараа бургер үйлдвэрлэлийн цех зэргээр мэргэжлээрээ ажилласан туршлагатай.

CU-гийн хоолны үйлдвэрт 2020 онд буюу цар тахлын үед анх ээлжийн ажилтнаар орж байлаа. Цоо шинэ, эрч хүчтэй компани байсан тул миний сонирхлыг татаж, гэртэй маань ч ойрхон байсан болохоор ажиллах шийдвэр гаргасан. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд би ээлжийн ажилтан, тоног төхөөрөмжийн оператор, хэсгийн ахлах гээд шат дараалан дэвшиж, 2023 оноос хойш Ээлжийн технологичоор ажиллаж байна. Одоогоор би 36 хүний бүрэлдэхүүнтэй ээлжийг удирддаг.

Үйлдвэртээ ээлжийн ажилтнаар ажлын гараа эхэлсэн учраас үйлдвэрлэлийн бүх шат дамжлагыг ажилтны нүдээр ч, технологичийн нүдээр ч харж чаддаг. Бид энэ хугацаанд үйлдвэрлэлийн процессыг сайжруулахын тулд шинэ тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлж, гар ажиллагааг эрс багасгасан. Ингэснээр ажлын хурд нэмэгдэж, бүтээгдэхүүний чанар жигдэрчээ. Хамгийн гол нь хүний хүчин зүйлээс шалтгаалах алдааг бууруулж, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг тогтвортой хадгалах нөхцөлийг бүрдүүлж чадсан байна. Технологич хүний гол зорилго бол хэрэглэгчдэдээ сэтгэл ханамжтай, аюулгүй бүтээгдэхүүн хүргэх шүү дээ.

Өнөөдөр манай CU-гийн хоолны үйлдвэр өдөрт дунджаар 60 мянга орчим бэлэн хоол үйлдвэрлэж байна. Бид бүтээгдэхүүнийхээ шинэхэн байдлыг алдагдуулахгүйн тулд тусгай зориулалтын хөргүүртэй машинаар тээвэрлэж, CU-гийн бүх салбараар дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Ээлжийн ажилтан С.Алтантогос

Би 2024 оноос эхлэн үйлдвэртээ ээлжийн ажилтнаар ажиллаж байна. Байгууллагаа сонгох болсон хамгийн том шалтгаан нь цагийн хуваарь. Олон жил Налайхаас хотын төв рүү явахад түгжрэлээс болоод маш их цаг алддаг байсан бол энд ажилласнаар өглөө 06:40-д ирээд, өдөр 16:00 цагт тардаг болсон.

Ковидын үеэс хойш өглөөний цагийг үр дүнтэй ашигладаг, эртэч хэв маягт дуртай болсон. Өглөө 05:00 цагт босож, 05:40 гэхэд гэрээсээ гарч алхаад, байгууллагын унаандаа суудаг. Түгжрэлгүй, тайван ирж ажиллах нь хувийн амьдралдаа зарцуулах цагийг маш их хэмнэж өгдөг юм.

Манай үйлдвэр олон төрлийн хоол гаргах 4-5 хэсэгтэй. Бид сар бүр ээлжлэн өөр өөр хэсэг дээр ажилладаг юм. Жишээ нь өнөөдөр би кимбабны өндөг бэлтгэх хэсэгт ажиллаж байна. Шингэн өндгийг шарах машинд 20 минут орчим болгож гаргаад, хөргөсний дараа хэрчиж бэлддэг. Энэ нь дараагийн шатны кимбаб боох машин дээр ажиллаж байгаа хүмүүст бэлэн бэлдэц болж очдог гэсэн үг.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Ээлжийн технологич Э.Нямсүрэн

Олон хүнтэй харьцдаг учраас хүн хүчээ зөв зохион байгуулах нь хамгийн чухал. Хэсэг бүр дээр хүмүүсийг зөв хуваарилж чадвал бүтээмж бүрэн гарч чадна. Миний зарчим бол "Ажил бол ажил". Компанийнхаа дотоод журам, хариуцлагыг чанд барьж ажиллахыг эрмэлздэг.

Ташрамд хэлэхэд, түүхий эд хүлээн авахаас эхлээд хэрэглэгчийн гарт очих хүртэлх бүх шат дамжлагад нэг дүрэм, нэг хяналт үйлчилдэг тул манай хоолны чанар, стандартад итгэлтэй байж болно.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Ээлжийн чанар шалгагч М.Солонго

Би өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн ээлжийн чанар шалгагчаар ажиллаж байна. Ганц бие ээжийн хувьд өнөөдөр Монголын нөхцөлд ажлын хажуугаар хүүхдэдээ цаг зав гаргана гэдэг яггүй даваа. Харин манай байгууллага ажил, амьдралаа эн тэнцүү авч явах боломж, нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

Хүнсний үйлдвэрийн чанар шалгагч нь түүхий эд хүлээн авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх бүх шат дамжлагад чанарын стандарт, журмыг мөрдүүлж ажилладаг. Тиймээс ажлын байран дээр термометр, жин зэрэг хэмжилтийн хэрэгслүүдийг ашиглаж байна.

Мөн сошиалын аппуудаас гадна ажлын шаардлагаар Microsoft Teams-ийг тогтмол ашиглаж байгаа. Бүх ажлын мэдээлэл Teams-ээр явдаг учраас ээлжгүй өдрөө ч үйлдвэр дээр юу болж байгааг цаг алдалгүй мэдчихдэг.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Ээлжийн ажилтан С.Алтантогос

Багийн ажиллагаа л хамгийн чухал. Бид хэсэг бүрд 4-5-уулаа хуваарилагдаж ажилладаг. Өглөө технологич нар өдрийн төлөвлөгөө буюу хэдэн ширхэг бүтээгдэхүүн гаргах нормоо өгдөг болохоор бүх зүйл тодорхой.

Мөн өөрсдийн хариуцсан ажлыг цагаасаа өмнө дуусгачихвал нөгөө хэсэгтээ очиж тусалдаг. Ингэж бие биеэ дэмжин ажилласнаар ажлаа хурдан шахаж дуусгаад, 16:00 цаг гэхэд бүгд тардаг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Ээлжийн технологич Э.Нямсүрэн


Ажлаа төлөвлөхдөө өмнөх өдрөөс нь маргаашийн хүн хүчний зохицуулалтаа гаргаж, ажлын урсгалаа урьдчилан төлөвлөдөг. Өглөө ажилдаа ирээд нэн тэргүүнд хийх шаардлагатай ажлуудаа эрэмбэлэн, үе шаттайгаар гүйцэтгэж ажилладаг. Салбаруудаас бүтээгдэхүүний захиалга өдөр бүр тухай бүрдээ ирдэг учраас нөхцөл байдалд уялдуулан хурдан шуурхай зохион байгуулалт хийх нь хамгийн чухал.

Миний хувьд хүнсний үйлдвэрлэлд итгэлцэл хамгийн үнэ цэнтэй гэж боддог. Харин тэр итгэлцлийг стандарт бий болгодог. Түүхий эд хүлээн авахаас эхлээд хэрэглэгчийн гарт бүтээгдэхүүн очих хүртэлх бүх шат дамжлагад нэг дүрэм, нэг хяналт мөрдөгдөж байж чанар, аюулгүй байдал хангагдаж, хэрэглэгчийн итгэл бий болдог юм.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Ээлжийн чанар шалгагч М.Солонго

Манай байгууллага ажилчдынхаа чөлөөт цагт их анхаардаг. Цайны цагаар ширээний хөл бөмбөг, теннис тоглох эсвэл дартс шидэх дуртай. Хэрэв ядарч байвал унтаж, амрах хэсэг ч бий.

Харин ажлаас гадуур компаниас олгодог боломжийг ашиглаад усан спорт болон гар бөмбөгөөр хичээллэж байгаа. Манай компани хамтарч ажилладаг спорт заалтай болохоор чөлөөт цагаа өөрийгөө хөгжүүлэхэд зориулж байна.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Ээлжийн инженер М.Түмэн-Өлзий

2022 оны нэгдүгээр сард үйлдвэртээ ээлжийн инженерээр ажилд орж байлаа. Одоо 4 дэх жилдээ ажиллаж байна. Тоног төхөөрөмжүүд нь илүү автомат, орчин нөхцөл нь тохь тухтай учраас инженер хүний хувьд мэргэжлийн талаас өөрийгөө хөгжүүлэх, сонирхох гол шалтгаан болсон. Одоогоор манай үйлдвэрт надаас гадна 11 инженер ажилладаг. Өдрийн ээлжид 4 инженер, бусад ээлжид 8 инженер хоёр хоёроороо хуваагдаж ажилладаг юм.

Үндсэн ажлынхаа хажуугаар ТЭЗҮ боловсруулах, цахилгааны тооцоолол, схем дээр ажиллаж, тэдгээрийг улам боловсронгуй болгох тал дээр анхаарч байна.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Нямбуу

Би механик инженер мэргэжилтэй. CU хоолны үйлдвэртэй холбогдсон түүх маань их сонирхолтой. 2021 онд Австрийн Вена хотод суралцахаар бүх зүйлээ бэлдчихсэн, яг нислэгийн тийзээ хүлээж байсан үе. Ковидын нөхцөл байдлаас болоод нислэг хойшлогдож, хүлээлтийн байдалд байхдаа дүүгээ ажилд оруулахаар Налайх дахь нээлттэй ажлын байрны өдөрлөгт очсон юм. Тэр үед хүний нөөцийн мэргэжилтэн миний мэргэжлийг асуугаад, ээлжийн инженерээр ажиллах санал тавьсан. Нислэг хүртлээ 3 сар ажиллая гэж бодоод орсон ч үйлдвэрийн халуун дулаан уур амьсгал, сурч мэдэх зүйл их байгаа нь намайг энд үлдэх шалтгаан болсон юм. Ингээд би Австрийн сургуулиа цуцалж, Монголд CU-дээ үлдэхээр шийдсэн дээ.

Миний ажлын гол онцлог нь хүний нөөцийн зохион байгуулалт болон үйлдвэрлэлийн урт хугацааны стратегийг тодорхойлох юм. Өмнө нь манайх 4 ээлжээр, нэг ээлждээ 35-40 хүнтэй ажилладаг байсан ч үргэлж хүний нөөцийн дутагдалд орж, бүтээгдэхүүн тасрах, ажилчид илүү цагаар ажиллаж ядардаг байсан. Энэ тогтолцоог өөрчилж, ердөө өглөө, өдөр гэсэн хоёр ээлжтэй болгосон юм. Хүмүүсийн хуваарийг оновчтой төлөвлөснөөр өнөөдөр манайх үйлдвэрлэл огт тасалдахгүй, ажилчид маань илүү цагаар ажиллахгүй, аз жаргалтайгаар ажлаа хийж явна. Ганцхан тоо баримт дурдахад, 2024 оноос өмнө манай үйлдвэр өдөрт дунджаар 35 мянган ширхэг бүтээгдэхүүн гаргадаг байсан бол одоо энэ тоо 60 мянга давжээ. Хүний нөөцөө нэмэгдүүлээгүй ч бүтээмжээ бараг хоёр дахин өсгөж чадсан нь бидний хамгийн том бахархал.

Бэрхшээлтэй тал гэвэл, үйлдвэрлэл явагдаж байгаа учраас тоног төхөөрөмжийн эвдрэл, түүхий эд, сав баглаа боодлын нийлүүлэлт тасалдах зэрэг эрсдэл цөөнгүй. Гэхдээ эдгээр асуудлыг тухай бүрд нь шуурхай шийдвэрлэх механизмыг бүрдүүлж чадсан учраас үйлдвэрлэл зогсох хэмжээний том хохирол гаргахгүй байх тал дээр ажиллаж байна.

Манай байгууллагын хувьд олон улсын стандартаас доогуур чанартай бүтээгдэхүүн зах зээлд гаргахгүй гэх үндсэн зарчимтай. Монголд олон улсын түвшний чанартай, аюулгүй байдлын тогтолцоотой бэлтгэсэн хоол үйлдвэрлэлийг нутагшуулах нь бидний зорилго тул үүнийг хэрэгжүүлэхийн тулд өдөр бүр хамтран, хичээж ажиллаж байна даа.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Одоо компаниа дараагийн шатанд гаргах Key position буюу гол албан тушаалтнуудыг чадавхжуулах хөтөлбөр дээр ажиллаж байна. Тэднийг тодорхойлж, хөгжүүлснээр компанид ямар бодит үр ашиг авчрах вэ гэдгийг тооцож байгаа юм. Мөн дэлгүүрийн тавиур дээрх CU-гийн хоолны борлуулалтыг хэрхэн өсгөх, бүтээгдэхүүний өрөлтийг яаж оновчтой хийх вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Ээлжийн чанар шалгагч М.Солонго

Ээлжийн ажилтнаас авхуулаад захирал хүртэл бүгд маш нээлттэй харилцдаг нь гоё. Мэдэхгүй зүйл гарвал хэнээс ч хамаагүй чөлөөтэй асууж болно. Мөн компаниас мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулж, гаднаас багш нар авчирч хичээл ордог.

Энд сурч байгаа бүхэн маань миний хувийн мэдлэг, ур чадвар болж үлдэх учраас би бүх зүйлд чин сэтгэлээсээ суралцахыг хичээдэг. Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй хүнд CU маш нээлттэй орчин гэж боддог доо.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Ээлжийн инженер М.Түмэн-Өлзий

Хүн бол насан туршийн суралцагч гэдэг зарчимд би итгэдэг. Тиймээс мэргэжлийнхээ сурах бичгүүдийг тогтмол судалж, мэдлэгээ байнга шинэчлэхийг хичээдэг юм. Санал болгох номын тухайд "Ногоон нүдэн лам" романыг уншихад их дажгүй санагдсан.

Дуу хөгжмийн хувьд Sasha-ийн дуунуудыг сонсох дуртай. Кино гэвэл сүүлийн үед манай монголчуудын бүтээж буй нэг ангит уран сайхны кинонууд чанартай болж байгаа болохоор гарсан даруйд нь үзэхийг боддог.

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Ээлжийн технологич Э.Нямсүрэн

“Процессыг л зөв болгочих юм бол үр дүн нь өөрөө дагаад ирдэг" гэдэг үг. Стандарт технологийг шат дарааллынх нь дагуу зөв мөрдөж чадвал чанар, бүтээмж аяндаа өсдөг. Олон жилийн туршлагаас харахад энэ л хамгийн үнэ цэнтээ зарчим юм байна гэж боддог.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Нямбуу

Мэдэхгүй, чадахгүй гэж хойш суулгүй мэдэхийн төлөө мэрийвэл ямар ч зүйлийг хийхэд хүндрэлтэй зүйл байдаггүй юм байна гэдгийг би өөрийн туршлагаас ойлгосон. Механик инженер хүн мөртлөө хүний нөөц ч хийсэн, одоо төлөвлөлт ч хийж байна. Мэдээж мэдэхгүй зүйл тулгарна, гэхдээ түүнийг сураад явах нь надад илүү их кайф өгдөг.

Тэгэхээр өөрийгөө битгий гол, чадна гэж бодож байгаа бол түүнийхээ төлөө яг чин сэтгэлээсээ зориод үзээрэй л гэж хэлмээр байна.