Бүсгүй таны эрүүгээр батга гарч, огцом таргалж, сарын мөчлөг тань алдагдахад юунаас болж буйг нь ойлгохгүй байгаа бол дааврын тухай ойлгох цаг болжээ. 

Эмэгтэй хүн бүр амьдралынхаа аль нэг үед дааврын тухай мэдэх бүр шаардлагатай болдог. Учир нь эрэгтэй хүмүүстэй харьцуулахад бид илүү их дааврын савлагаа дунд амьдардаг. Тэр чинээгээрээ биед илрэх өөрчлөлт их, тэрийг зохицуулахад бүр ч их мэдлэг шаардагддаг. Тэгвэл тэр бүх мэдээллийг цэгцтэй олгох нэгэн номыг бид энэ удаагийн нийтлэлдээ онцолж байна. Уг номыг Монсудар редакц орчуулсан бөгөөд манай редакцид бидэнд хэвлэлийн дээжээсээ илгээсэн юм. 

Зохиолчийн тухай 

Эхлэхээс өмнө хэн дааврын тухай бичээд байгаа билээ гэж хардах нь зөв. Уг номын зохиолч бол Ханна Алдерсон. Тэрээр өөрийн туулсан он удаан жилийн дааврын өөрчлөлтөөсөө улбаалан уг номыг бичжээ. Өсвөр наснаасаа л сарын тэмдэг нь тогтворгүй ирдэг, насанд хүрээд жин нь хэлбэлздэг болж, жирэмснээс хамгаалах эм, жин хасах дэглэм зэргээс болж өндгөвчний олон уйланхайт хам шинжтэй болжээ.

Ингэж явсаар 27 насандаа тэрээр дааврын тухай судлахаас өөр аргагүй болсон аж. Тийнхүү амьдралын хэв маяг, хооллолт, сэтгэл зүй гээд биеийнхээ бүх хэсэгт анхаарахаар шийдэж, 30 насандаа хагалгаанд орж, олон эмч нартай уулзаж сая нэг юм дааврын хэлбэлзлээс улбаатай олон шинж тэмдгүүд бага багаар арилж эхэлсэн гэнэ. Ийнхүү өөрийн эрүүл мэндээ гартаа авсны дараахан эмэгтэйчүүдийн эрүүл мэндээр мэргэшсэн хувийн эмнэлгээ нээжээ. Тус эмнэлэг нь өдгөө сүүлийн найман жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа ба дэлхий дахинд суугаа сая сая эмэгтэйчүүдийг мэдээллээр хангах, эмчлэхэд нь тусалж байгаа юм.


Номын тухай 

Ном үндсэн гурван бүлэгтэй ба эхний бүлэгт маш товчхон бидний даавар юунаас болж яагаад хямраад буйг тайлбарлах бол хоёрдугаар бүлэгт эстроген, тестостерон гээд бэлгийн даавруудаас эхлээд нойрны мелатонин, стрессийн кортизол бүр бамбай булчирхайтай холбоотой даавруудыг хүртэл тайлбарлаж өгнө. Энэ хэсгээс та толгой эргэм олон мэдээллийг авах тул уншихаасаа өмнө энэ нийтлэлээс мэдээллээ багцалж аваад дараа нь номоосооо илүү дэлгэрүүлж уншаарай. Харин гуравдугаар бүлэгт даавартай хэрхэн хоршиж ажиллах тухай зөвлөмжүүд байх юм.

Холбоотой нийтлэл:

Даавартаа дарлуулж биш хоршиж амьдрах нь

Тогтвортой сэтгэлзүйн жор “D.O.S.E”-ийг тайлбарлах нь

Ингээд шууд хоёрдугаар бүлгээс эхэлье. Гэхдээ номд гарсан бүх зүйлийг энд багтааж нэгэнт чадахгүй тул хамгийн шинэлэг санагдсан хэсгүүдээс дурдъя.

Эстроген даавар

Эстрогенийг эм бэлгийн даавар гэдгээр нь мэдэх ч харшлын хариу урвал үзүүлэхэд чиглүүлж чадна гэдгийг нэг их сонсоогүй болов уу.

Гистамин бол харшлын урвалыг зохицуулдаг химийн бодис. Харшлын үеэр дархлаа тогтолцооноос ялгарч хамар битүүрэх, нус гоожих, найтаах зэрэг шинж тэмдэг үүсгэнэ. Тэгвэл эстроген даавар гистамины ялгаралтыг өдөөдөг төдийгүй гэдсэнд гистаминыг задлах үүрэгтэй диамин оксидаза ферментийг дарангуйлдаг гэнэ.

Тэгвэл биед хэт их эстроген ялгарч буйг хэрхэн таних вэ? Сарын тэмдэг их ирэх, цухалдах, сэтгэл санаа савлах, толгой өвдөх, мигрень, бэлгийн хүсэл буурах, жин нэмэх гэдэс дүүрэх гээд янз янзын шинж тэмдгүүд илэрч болно. Тиймээс хэрэв таны харшил эдгээр өдрүүдэд маш хүчтэй хөдөлж байвал даавраа бас шалгуулаад үзэхэд гэмгүй хэрэг.

Дааврын эрүүл мэндэд учрах гурвалсан аюул

1. Инсулины дөжрөл
2. Стресс
3. Хооллолтоос үүдэлтэй үрэвсэл

Хэрэв эрүүл мэнддээ анхаарч олон эх сурвалжаас мэдээлэл авдаг нэгэн бол инсулины дөжрөлийг сонсоогүй байх нь ховор. Тэгвэл инсулины дөжрөлд өртөх эрсдэл нас ахих тусам нэмэгддэг гэдгийг мэдэх үү? Сүүлийн үеийн судалгаагаар цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүд нас чацуу эрчүүдтэй харьцуулахад инсулинд илүү мэдрэг, 2-р хэлбэрийн чихрийн шижин тусах явдал бага байгааг илрүүлжээ. Харин цусан дахь глюкозын зохицуулалт алдагдахад, ялангуяа цусан эстрадиолийн эргэлт буурсны улмаас цэвэршилтийн дараа энэ давуу тал нь алга болдог гэнэ.

Стрессийн түвшин байнга өндөр яваад байхаар стрессийн даавар буюу кортизол дотоод шүүрлийн тогтолцоог давамгайлж эхэлдэг. Ингэснээр жин нэмэгдэх, нүүр хавагнах, нойр муудах, өглөө хоолонд дургүй болох, цочимтгой болох, бэлгийн дур хүсэл өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгээр илэрч болно. Ийм үед дааврууд хоорондоо хэвийн харилцаж чадахгүй бие дотор эмх замбараагүй байдал үүсгэдэг. Тиймээс кортизол таныг “дайт эсвэл дайж” нөхцөлд оруулж байвал та харин ч эсрэгээрээ хурдаа сааруулах, өндөр ачаалалтай дасгалын оронд иог, амьсгалын дасгал хийх, гадаа цагийг өнгөрүүлэх нь тустай ажээ.

Дааврын алдагдлыг өдөөдөг дөрвөл

1. Хуванцар
2. Бүтээгдэхүүн
3. Пестицид
4. Хүмүүс

Үүнээс онцгойлон гадаад эстроген гэгчид анхаарах хэрэгтэй. Үүнд зарим эм, пестицид, үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүн, химийн нэгдлүүд орох ба эстрогений хүлээн авуурт холбогдоод зогсохгүй бүр эстроген шиг аашилж эстрогенийг дуурайдаг. Тиймээс аль болох дааварт нөлөөлөх тэр бүх бодисоос зайгаа барих нь зүй. Үүнд:

- Пестицид
- Фталат
- Парабен
- Хүнд металл
- Хөнгөн цагаан
- PFAS
- BPA
- Химийн хэт ягаан туяаны шүүлтүүр

Эдгээрээс хол байхад хэдхэн өөрчлөлтөөс эхлэхэд л хангалттай. Тухайлбал, хуванцар гампанзаа модон гампанзаар солих, хуванцар савнаас аль болох ус уухгүй, хоол идэхгүй байх, наалддаггүй сав суулгаа зэвэрдэггүй ган тавгаар солих гэхчлэн өөрчлөлтийг хийгээд л даавраа хамгаалж болно.

Яагаад унших вэ? 

Өөрийн биеэ ойлгох аялалд хөтөлнө

Эмэгтэйчүүдийн эмнэлэгт хандаж үзсэн эмэгтэй бүр заримдаа эмнэлгээс маш сэтгэл дундуур гарах үе байдгийг сайн мэдэх байх. Эмэгтэйчүүдийн асуудлаа хэлээд очиход ганц бие бол хүүхэд гаргаагүйд эсвэл насанд маань асуудлыг тохож олон тохиолдолд жирэмснээс хамгаалах эмийг л санал болгодог. Гэтэл эмэгтэй хүний дааврын үйл ажиллагаа маш нарийн, нийлмэл бөгөөд зөвхөн эм уугаад шийдэгдчих асуудал ихэнхдээ байдаггүй. Тиймээс хэрэв та сэтгэл шулуудан бие, сэтгэл, амьдралын хэмнэлээ гартаа авч, дааврын тухай, өөрийн биеийн тухай илүү сайн ойлгохоор шийдсэн бол энэ номоос гараагаа эхлэвэл яг таарна.

Цогц мэдээлэллээр хангана

Мэдээж дааврын нарийн үйл явцыг маш системтэй ойлгоход уг бүтээл тусална.
Дасгал хөдөлгөөн, илчлэг, хооллолт гээд дааврыг зөвхөн эмэгтэйчүүдийн мөчлөгтэй холбох биш илүү олон талаас нь тайлбарласан учраас энд тэндээс нь эргүүлээд уншсан ч ямарваа нэг хэрэгтэй мэдээлэл авахуйц. Мөн дээр нь зохиолч яг өөрийн туршлагаас бичсэн хэсгүүд олон тул үнэхээр л олон уйланхайт хам шинж эсвэл батгашил, сарын тэмдгийн мөчлөг алдагдал зэрэгтэй нүүр тулж байсан хүмүүст ойр, хэрэгжүүлж болохуйц зөвлөгөө өгнө.

Өнгөлөг дизайн, ойлгомжтой зурагллаар дүүрэн

Уг бүтээл Монгол хэл дээр орчуулагдан гарахдаа маш шинэлэг өнгө будаг, дизайнтай гарсан бөгөөд бүлгүүдээ уншчихаад зураглалуудыг нь харахад илүү ойлгомжтой байх болно.

Уншигчийн сэтгэгдэл 

Дааврын тухай уншиж судлах дуртайн хувьд уг ном орчуулагдан хэвлэгдсэнийг хараад их өндөр хүлээлттэй байсан юм. Ном эхлэхдээ суурь ойлголтыг нэгд нэгэнгүй тайлбарласан нь номыг эхнээс нь жаахан уйтгартай болгож байсныг нуух юун. Мөн зарим шинжлэх ухааны тайлбар, дааврын үйл ажиллагааг тайлбарласан тайлбар хэт хөшүүн, анх удаа тэр дааврын тухай сонсож байгаа хүмүүсийн ойлголтод хэт хүнддэхээр бичигдсэн байв. Хүлээлтээр маань бол тэр бүх нарийн шинжлэх ухааны ойлголтыг илүү энгийн зүйлстэй зүйрлэж илүү хүний төсөөллийг ажиллуулах байх гэж бодож байсан ч ихэнхдээ л сурах бичиг шиг бичигдсэн байлаа.

Харин англи хэл дээр 2025 онд хэвлэгдсэн ном учраас тэр чинээгээрээ эх сурвалжууд нь харьцангуй сүүлийн үеийн судалгаанууд байсныг онцлууштай. Дээрээс нь зохиолч өөрөө маш олон дааврын асуудлуудтай нүүр тулж байсан учраас даавраа ойлгох гэж хичээх, дадлаа өөрчлөх явцад тулгарах сэтгэлзүйн асуудлуудыг сайн ойлгож сэтгэлзүйн сорилтуудыг давах аргуудаас хуваалцсан нь мөн таалагдав.

Номынг уншиж дуусаад даавраа зохицуулана гэдэг үнэхээр хэцүү шүү дээ гэдэг бодлоос илүү маш энгийн зүйлсээс амьдралын дадлаа өөрчилж эхлэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авлаа.