Манай Unread media компанийн хамтран үүсгэн байгуулагч Д.Ганзориг ээлжит номоо орчуулан уншигч олны хүртээл болгож буй нь Остин Клеоны “Зүтгэсээр бай” ном юм. Тэрээр 2020 онд Остины “Санаа авахаас бүү ай”, 2023 онд “Ажил бүтээлээ дэлгэ” номуудыг тус тус орчуулан гаргасан ба ийнхүү гурамсан бүтээлийн сүүлийн ном болох “Зүтгэсээр бай” нь монгол уншигчдын гарт хүрчээ.
“Ажил бүтээлээ дэлгэ” номын тухай бичиж байсны хувьд дараагийн бүтээлийг нь тоймлон хүргэх гэж байгаадаа туйлын баяртай байна. Уг номыг унших сэдлээ энэ нийтлэлээс олно гэдэгт үл эргэлзэхийн сацуу залуу бичээчийн зүгээс заавал санал болгож байгааг минь хүлээн авна уу.
1-р номын тойм: Шинэ ном: "Санаа авахаас бүү ай" номын тухай
2-р номын тойм: Остин Клеоны “Ажил бүтээлээ дэлгэ” номын тухай
ЗОХИОЛЧИЙН ТУХАЙ
Остин Клеон бол Америкийн зохиолч, уран бүтээлч бөгөөд дээр дурдсан “Steal Like an Artist”, “Show Your Work”, “Keep Going” хэмээх гурамсан номоороо дэлхий даяарх олон залуу уран бүтээлчийн хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн билээ. Түүний бүтээлүүдийн онцлог нь урам зоригийн тухай хөнгөн зөвлөгөө өгөөд зогсох бус, бодит туршлагад тулгуурласан санаа шидтэгт оршдог юм.
Клеон өөрийгөө “Бүтээлч амьдралаа бичгээр тэмдэглэж яваа хүн” хэмээн тодорхойлдог бөгөөд энэ нь ч дэгсдүүлсэн яриа биш. Түүний номыг уншихад нэгэн зэрэг урам авахын зэрэгцээ уншигч өөрийгөө ойлгож эхэлдэг. Тэр “Бүтээлч байхын тулд төгс байх албагүй” гэдгийг маш энгийн, ойлгомжтой хэлээр илэрхийлдэг уран бүтээлч юм.
НОМЫН ТУХАЙ
Энэхүү ном нийт 10 бүлэгтэй бөгөөд уламжлал ёсоор уншигдахад тун хялбар байдлаар бичжээ. Остин Клеоны бичиглэлийн авууштай тал нь товч бөгөөд тодорхой өгүүлдэгт бий. Үүн дээр нэмээд гараар зурсан мэт дүрслэлүүд, бусдын бүтээлээс оновчтой оруулсан эшлэлүүд, тухайлсан богино тэмдэглэлүүд нь бүтээлч байдлын тухай ярвигтай сэдвийг сэтгэлд ойр, энгийн болгосон аж. Товчхондоо уг номд амжилтын тухай гэхээс илүү сахилга бат, урам зориг, амьдралын хэмнэл гэсэн гурван хүчин зүйлийг илүү чухалчилсан байна.
Бүлэг тус бүрийг нэг өгүүлбэрт
Өдөр бүр “Тарвагатай өдөр”: Бүтээлч байдал бол нэгхэн удаагийн урам зоригоос төрөн гардаг зүйл бус, харин өдөр бүрийн давтамж юм.
Жаргалын өртөөтэй бол: Дижитал ертөнцийн хэт их мэдээллээс өөрийгөө тусгаарлах орон зай зайлшгүй хэрэгтэй.
Нэр үгийг март, үйл үг бай: Бүтээлч хүн “Би уран бүтээлч” гэж өөрийгөө цоллохоос илүү “Би бүтээж байна” хэмээх үйлдлээр тодорхойлогдоно.
Бэлэг бүтээ: Бүтээлээ бусдаас магтаал авахын тулд биш, бусдад өгөх сэтгэлээр хийх.
Ердийн зүйл + Илүү анхаарах = Ер бусын зүйл: Энгийн зүйлд илүү анхаарал хандуулах нь гайхалтай санааны эх үндэс болох нь бий.
Урлагийн ороолонгуудыг номхотго: Бүтээлч байдлыг бардам зан, эго, атаархлаар “булингартуулах” хэрэггүй.
Чи санаагаа өөрчилж болно: Өөрчлөлт бол бүтээлч замналын нэг хэсэг бөгөөд түүнийг айдасгүйгээр хүлээж авах хэрэгтэй.
Эргэлзсэн үедээ эмхэлж цэгцэл: Сэтгэл зовниж, бодол самуурах үед эмх цэгц нь хамгийн сайн эм болдог.
Чөтгөрүүд цэвэр агаарыг жигшдэг: Гадаа гарах, байгальд ойр байх нь эрч хүч нэмэгдүүлдэг онцгой ач тустай.
Өөрийн цэцэрлэгийг тордон ургуул: Амьдрал болон бүтээлч байдал хоёулаа улирлын адил мөчлөгтэй тул хагдарч унах үеийг дуусгавар болсонд тооцолгүй, дараагийн ургалтын эхлэл гэж харах хэрэгтэй.
ЯАГААД УНШИХ ВЭ?
Нэгдүгээрт, энэ бол зөвхөн бүтээлч ажил хийдэг хүмүүст зориулсан ном биш. Хэзээ нэгэн цагт эсвэл яг одоо гацсан мэт мэдрэмж авч байгаа, хийж буй зүйлийнхээ утга учрыг ойлгохгүй яваа, урдах амьдралаа том зургаар нь харж амжихгүй байгаа хүн бүхэнд зориулсан маш цэгцтэй, товч гарын авлага. Тийм ч учраас суурин дээр нь уншиж дуусгах вий.
Хоёрдугаарт, энэ ном таны амжилтын тухай ойлголтыг өөрчилж мэднэ. Манай үеийн залуус амжилтыг дийлэнхдээ авчирч буй үр дүн, хурдтай байдлаар хэмждэг шүү дээ. Харин Клеон “Амжилт бол тасралтгүй үргэлжлэх үйл явц, харин бүтээлч байдал бол амьдралын нэг хэсэг” гэж тайлбарлажээ. Тэрээр бүтээлч байдлыг “хийх”, “зогсох”, “дахин эхлэх” мөчлөг хэмээн тодорхойлсон.
Гуравдугаарт, зүтгээд л байвал зорьсондоо хүрч чадна. Сахилга бат, тогтвортой байдал бол нэг талаасаа эрх чөлөөтэй, дураараа дүүлэн нисэх амьдралаас хойш татах мэт санагдаж болох ч эцсийн дүндээ таныг дараагийн шатанд гаргах гол түлхүүр гэдгийг ойлгоно. Мэдээж асар олон жишээ, сонирхолтой ажиглалтуудаар энэхүү гол санааг тайлбарласан байгаа.
УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ
Бүтээлч амьдрал гэдэг урам зориг, эргэлзээ тээнэгэлзээ, эрч хүчний дунд тэнцвэрээ хэрхэн олох тухай урт аялал ажээ. Заримдаа бид “Би үнэхээр зөв зүйл хийж байна уу?”, “Яагаад урамгүй санагдаад байна вэ?” хэмээн өөрсдөөсөө асуух нь бий. Гагцхүү тийм мэдрэмж төрсөн үед Остин Клеоны уг ном уншигч танд яг л найз шиг мөрөн дээр чинь зөөлөн алгадаад, “Зүгээр дээ, зүтгэсээр бай” гэж хэлэх мэт санагдах болно.
Миний хувьд эл бүтээлийг уншиж дуусаад нэг чухал зүйлийг ойлгов. Сайн нь ч бай, саар нь ч бай юу ч үүрд үргэлжлэхгүй. Хэрэггүй, шаардлагагүй зүйлсийг хаяж орхих, хэрэгтэй, шаардлагатай зүйлсийг арчиж тордохын тэнцвэрт байдал бидний хүсэж буй үр дүнг авчрах гол “жор” юм байна.