9 сарын 18-20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдаж буй Үндэсний номын баяраар нээлтээ хийсэн онцлох номуудын нэг бол Остин Клеоны "Steal Like an Artist" буюу "Арвис паблишинг"-ийн эрхлэн гаргасан "Санаа авахаас бүү ай" юм. Атлантик сэтгүүлээс "интернэт дэх хамгийн сонирхолтой хүмүүсийн нэг" хэмээн үнэлсэн, бичих, зурах хос авьяастай Остин Клеон энэ бүтээлдээ өнөөгийн цахим эринд хэрхэн бүтээлч байх, хэрхэн шинэ санаа сэдэж, түүнийгээ хөгжүүлэх, хэрхэн сайн бүтээл хийх тухай өгүүлсэн билээ. Орчин цагийн ихэнх ажлын байранд санаа сэдэх, бүтээлчээр сэтгэх чадвар шаардагддаг болсон гэхээр энэ бол хүн бүрд хамаатай сэдэв юм.

НОМЫН ТУХАЙ

Остин Клеоны анхны ном нь сонины нийтлэлүүд дээрх үгсийг тодруулагчаар даран, зарим үгсийг нь сонгон үлдээх тун содон аргаар бүтээсэн шүлгийн түүвэр "Newspaper Blackout" байсан бөгөөд тэрээр олон жил Austionkleon.com сайт дээрээ хэрхэн илүү бүтээлч байх, хэрхэн илүү сайн бүтээл хийх тухай өөрийн туршлага, ажиглалтыг бичиж тэмдэглэсээр ирсэн юм. Цоо шинэ зүйл гэж үгүй тул бусдаас санаа, урам зориг авч, түүнийгээ цааш хөгжүүлэн өөриймшүүлэх санаанаас гадна гараасаа сайн бүтээл гаргах олон арга замыг яг л найзууд харилцан ярьж байгаа мэт энгийн ойлгомжтойгоор бичжээ. Товч хүүрнэл, сонирхолтой зураг, дүрслэлүүд, гойд бүтээлч хүмүүсийн дадал хэвшил, бодол санааг таниулах эшлэлүүд нь дурдсан санаануудыг ой тойндоо бат, хурдан шингээхэд туслах болно.

Агуулга сайн, хэлбэр гоёмсог энэ ном уншигчдын талархлыг өргөнөөр хүлээсэн бөгөөд зохиогч уншигчдад дараагийн алхмуудыг нь зааж өгөх "Show Your Work", "Keep Going" гэсэн хоёр номыг үргэлжлүүлэн гаргаад буй. "Арвис Паблишинг" энэ хоёр бүтээлийг мөн удахгүй албан ёсны эрхтэйгээр орчуулан хэвлүүлэх ажээ.

номд өгүүлсэн 10 санаа

НОМЫН ТАЛААРХ САЙШААЛ ҮГС

"Хөнгөн, хөгжилтэй хэрнээ аймаар. Уншсан хүн өөрийгөө батлахаас өөр сонголтгүй болох тул аймаар гэж байгаа юм." Сет Годин

"Өнөөгийн цахим ертөнцөд чухал хамаа холбогдолтой, хурдан уншаад амархан шингээхүйц бүтээл." School Library Journal

"Бүх л төрлийн ажилд таарч нийцэх, ултай сайн зөвлөгөөнүүдээр дүүрэн ном." Lifehacker.com