Магад хүн бүрийн дотор хийж бүтээж буй зүйлээрээ алдаршин бусдын нүдэнд өртөж, киноны гол дүр мэт амьдрах нууцхан хүсэл оргилж явдаг биз. Надад ч бий. Харин яг яаж, юу хийвэл миний бүтээлийг бусад хүн олж харах бол? Хариултыг эл ном бэлээхэн өгөх болно. Учир нь энэ ном бүтээлч байдлаа хуваалцаж, бусдад анзаарагдах арван аргыг дэлгэх юм.  

Аль ч номын дэлгүүрт хамгийн сайн борлуулалттай номын хэсэгт хувь хүний хөгжлийн бүтээлүүд урд хойноо уралдан ярайж байх вий. Тэд бүгд сайн ном мөн үү гэвэл эргэлзээтэй. Гэхдээ бидний өнөөдрийн танилцуулж буй “Ажил бүтээлээ дэлгэ” ном гарцаагүй сайных нь тоонд орно. Уг номыг Арвис паблишинг эх хэл дээрээ хөрвүүлэн хүргэж буй бөгөөд утга агуулгатайгаа бүрэн зохицох визуалууд, олон хүний туршлага бүхий эшлэлүүд нэг л мэдэхэд сүүлийн хуудсанд хүргэх болно.  


ЗОХИОГЧИЙН ТУХАЙ 

Остин Клеоныг бүтээлч салбарт тодрон гарч ирсэн “Гоц сэтгэгч” хэмээн тодорхойлох нь олонтоо. Тэрээр АНУ-ыг Охайо мужийн Кливленд хотын Нийтийн номын сангаас ажлын гараагаа эхэлсэн ба 2010 онд анхны ном болох “Newspaper Blackout”-ийг уншигчдын хүртээл болгож байв. Түүний бусад бүтээлээс дурдвал, Steal Like An Artist, The Steal Like An Artist Journal, Keep Going зэргийг нэрлэж болно.

Бид 2020 онд уг зохиолчийн Steal Like An Artist буюу мөн л Арвис паблишингийн хөрвүүлсэн “Санаа авахаас бүү ай” номыг танилцуулж байсан билээ. Цоо шинэ зүйл гэж үгүй тул бусдаас санаа авч, урам зоригоор хөглөгдөн түүнийгээ цааш хөгжүүлж, өөриймшүүлэх аваас гараасаа сайн бүтээл гаргах тухай яг л найзууд харилцан ярьж байгаа мэтээр энгийн ойлгомжтой бичсэн нь уг бүтээлийг олны таашаалд хүрэхэд нөлөөлсөн юм. Үүний адилаар “Ажил бүтээлээ дэлгэ” номоос та авьяас чадвар, онцлог байдлаараа хэрхэн бусдын анхаарлыг татаж, туурвиж буй ажил бүтээлээрээ хүлээн зөвшөөрөгдөх талаар нөхөрсөг зөвлөгөөг авах болно.

ЧИ СУУТАН БАЙХ АЛБАГҮЙ  

…Моцарт, Эйнштэйн, Пикассо гэх мэт аль эрт мөнх бусыг үзүүлсэн цөөн хэдхэн хүн л сод бүтээлийг туурвиж чадна. Бусад нь орхигдон үлдэж, суутнуудын амжилтыг алмайран ширтэх болно…



Хэрэв та энэ мэт түүхэнд бичигдсэн хүмүүст Бурханаас заяагдсан онгод тэнгэр, авьяас чадвар бий гэж санаашран бодож байвал андуурч байна. Энэ бол бүтээлч байдлын тухай худал яриануудын л нэг. Үүний оронд өөр өнцгөөс хараад үзвэл “Бүл суутан” хэмээх томьёололд хүрэх болно. Энэхүү томьёоллоор бол гайхалтай санаануудыг бүтээлч хүмүүс хэсэг бүлгээрээ нэгдэн сэддэг болж таарч байгаа юм. Үнэндээ бүтээлч байдал гэдэг зарим талаараа үргэлж хамтын ажиллагаа байдгийн зэрэгцээ нэг оюун тархи бусад оюун тархитайгаа залгагдсаны үр дүн аж. Өнөөдөр бид интернэтийн ачаар “Бүл суутан”-д нэгдэхэд хамгийн хялбар цаг үед амьдарч байна. Нийгмийн байр сууриас үл хамааран интернэт байгаа тохиолдолд багш, шавь, сонирхогч, мэргэжилтний аль нь ч бай хүн болгонд өөрийн хувь нэмрээ оруулах боломж бий. Үнэн хэрэгтээ таны хийж байгаа бүхэн интернэтэд тавигдаагүй л бол байхгүйтэй ижил болсон цаг. Өөрийн ажил бүтээлээ дэлгэхэд заавал алдартай компанийн өндөр албан тушаалтай хүнтэй цаг авч уулзах шаардлагагүй. Интернэт байхад л бусдад хуваалцах олон арга байгаа. Мэдээж ийнхүү хуваалцахдаа тууштай бөгөөд сахилга баттай байх нь чухал.

“Удахгүй үхнэ гэдгээ санах нь амьдралын томоохон шийдвэрүүдийг гаргахад тусалдаг, миний олж мэдсэн хамгийн чухал арга. Бусдын хүлээлт, бардамнал, ичгэвтэр байдалд орох айдас, бүтэлгүйтэл гээд л бараг бүх л зүйл үхэл гэдэг үнэний дэргэд хулжин одож, хамгийн чухал зүйлс л тунаж хоцордог. Би чинь алдах юмтай хүн шүү дээ гэх бодлын занганаас мултрах хамгийн сайн арга бол үхнэ гэдгээ санах. Чи үнэндээ энэ хорвоод нүцгэн ирсэн, нүцгэн буцна.”

Стив Жобс


Үхлийн ирмэг дээр очоод ирсэн хүмүүс амьдралд чинхүү хайртай болсон тухай түүхүүдийг та хэзээ нэг цагт, хаа нэгтээгээс сонсож байсан нь лав. Үнэхээр бид амьдралын үнэ цэн, оршин буй учир шалтгаанаа заавал үхэлтэй нүүр тулж байж ойлгодог гэж үү? Үхэл гэдэг тийм ч хүсэхээр зүйл биш шүү дээ. Энэ тал дээр тус номын зохиолч өглөө бүр эмгэнэлийн үгс уншдаг аргаасаа хуваалцсан юм. Тэрээр үүнийгээ хулчгаруудад зориулсан үхлийн сануулга хэмээн тодорхойлж, үнэндээ эмгэнэлийн үгс нь үхлийн тухай бус амьдралын талаар өгүүлдэг тухай бичжээ. Биднээс өмнө амьдралыг туулан гарсан, аливааг бүтээж чадсан хүмүүс бүгд л сонирхогчийн түвшнээс эхэлж, өөрт өгөгдсөн нөхцөл байдалд юу чадахаа хийн өөрсдийгөө нээн үзүүлэх зүрх зоригтой байж, бодсон санасандаа хүрсэн байдаг аж.

ӨДӨР БҮР БАГА БАГААР ХУВААЛЦ

Санасандаа хүрнэ гэдэг санасны зоргоор болохгүй. Таны шүтэн биширдэг алдартан яг үнэндээ өдийг хүрэх гэж юу туулсныг, хэр их хичээснийг та төсөөлөх ч үгүй. Амжилт гэдэг аз тохиох төдийд хүрээд ирдэг зүйл биш. Үүнээс гадна ажил бүтээлийн ард гарахад урт хугацаа, магадгүй нэг насны амьдрал ч шаардаж мэднэ. Гэхдээ энэ бүх цаг хугацааг бүхэлд нь авч үзэх гэсний хэрэггүй. Арваныг, жилүүдийг, саруудыг март. Зөвхөн өдрүүдэд төвлөр. Яагаад гэвэл 24 цаг бол бидний учрыг нь олж чадах цаг хугацааны цорын ганц нэгж. Энэ тухайд түүний зөвлөгөө гэвэл өдөрт нэг удаа, ажлаа дууссаныхаа дараа баримтжуулсан зүйлсээ эргэж хараад үйл явцаасаа хуваалцаж болох жижигхэн зүйлийг сонгох явдал. Тэгээд түүнийгээ бусадтай хуваалц. Эцсийн бүтээгдэхүүний ард гарсан бүтэлгүйтэл, зовлон бэрхшээл, баяр хөөрөө блог бичвэр, цахим шуудан, жиргээ, юүтүб видео гээд аль ч төрлийн контентоор харуулж болно.

“Алдаа бүү гарга: Энэ бол чиний өдрийн тэмдэглэл биш. Тиймээс хамаг юмаа дэндүү замбараагүй ил хуваалцаад байж болохгүй. Чи үг үсэг бүрийг шилж сонгох учиртай.”

Дани Шапиро


Маш товчхондоо хуваалцах, хэтрүүлэн хуваалцах хоёрын хооронд том ялгаа бий. Хэрав та ажил бүтээлийнхээ нэг хэсгээс бусадтай хуваалцах эсэхдээ эргэлзэж байгаа бол 24 цаг хүлээгээд үзээрэй. Шүүгээнд хийгээд орхичих. Маргааш нь сэргэг нүдээр хараад үз. Үүнийг манай дарга, манай ээж харвал зүгээр үү гэж өөрөөсөө асуу. Юмсыг дараагийн удаа хэмээн хадгалахад буруудах зүйлгүй шүү дээ. Сэтгүүлч бидний ажилд ч үүнтэй адил явдал тохиолддог. Мөнөөх онгод нь буугаад ирэв үү гэлтэй компьютерийн гараа товшиж гарна. Маргааш өглөө нь харахад галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг… Пи-арын мэргэжилтэн Лаурен Серанд хэлэхдээ “Юм нийтлэхдээ уншсан хүн бүр таныг ажлаас чинь халах боломжтой хэмээн сэтгэхэд буруудахгүй” гэжээ. Хуваалцах ёстой гээд өдрийн хоол, латтеныхаа зургийг оруулаад байж болохгүй.

ЦОХИЛТ АВЧ СУР 

Та нэгэнт ажил бүтээлээ дэлгэх шийдвэр гаргасан л бол сайн, муу бүх хариу үйлдэлд бэлэн байх ёстой. Илүү олон хүн бүтээлийг чинь харах тусам та илүү их шүүмжлэлтэй нүүр тулах болно.

Бид ихэвчлэн ойр дотнын хүмүүсээсээ санал, шүүмж авахыг хүсдэг. Тэд ч хэлдэг. Хамгийн чухал нь бусдын санаа сэтгэгдлийг үнэлэх эхний алхам бол хэн хэлснийг нь дүгнэх гэдгийг санууштай. Ялангуяа таны хүрээллээс гадуур хүмүүс буюу “тролл”-уудад таны бүтээлийг сайжруулах ямар ч хүсэл байхгүй. Уур хүргэм, үзэн ядам сэтгэгдлүүдийг нь та хянаж чадахгүй. Гэхдээ тэдгээрт үзүүлэх хариу үйлдлээ хазаарлаж дөнгөх биз. Эс чадваас таны тархины мухарт орчхоод салахгүй. Троллтой байх, түүний тухай хааяа бодох нэг хэрэг. Харин тэр тролл тархийг чинь зайдалчихаад цагаан хоолойгоор дотроос чинь байнга хашхичаад байх бол тусдаа зүйл шүү.

Шог зураач Наталие Дий “Галерейд уран зургийн доор үзсэн хүмүүс санаа бодлоо бичдэг хэсэг байдаггүй. Номын төгсгөлд бусад хүмүүс тэр номын тухай юу хэлснийг хардаггүй шүү дээ” гэсэн байдаг. Хэрэв та ажил бүтээлээ сошиал орчинд хуваалцаж байгаа бол сэтгэгдэл хэсгийг бүрмөсөн хаах сонголт бий. Тэгэхээр шог зураачийн санааг сийрүүлбээс, хүмүүст нэг бол шууд тань руу хандах, эсвэл таны бүтээлийг өөрийн орон зай руу шууд хуулаад (share) хүссэнээ ярих боломжийг олго. Дахин хэлье. Уур хүргэм, үзэн ядам сэтгэгдлүүдийг нь та хянаж чадахгүй. Гэхдээ тэдгээрт үзүүлэх хариу үйлдлээ хазаарлаж дөнгөнө.

ЭЦЭСТ НЬ 

…Хийж буй зүйлээсээ сурах ёстойгоо бүгдийг сурчихсан мэт санагдвал чиглэлээ өөрчилж, урагш ахихад чинь туслах шинэ зүйлийг барьж авах цаг болсон гэсэн үг…

Шинээр эхэлнэ гэдэг хэзээ ч оргүй хоосныг эхлүүлэх тухай байдаггүй. Бид дахин эхэлж байгаа хэрэг. Хорвоо ертөнцөд өчигдөрхөн мэндлээгүй л бол бид хийж үзсэн бүгдээсээ ямар нэг сургамж авч, тэрхүү туршлагаараа “шинэ” хэмээн нэрлэж буй зүйлсийг хийдэг. Тэгэхээр шинээр эхлэх гэж бүү бод.



Номын төгсгөлд та өөрийн нуусан бүтээлээ дэлгэхийг хүсэж мэднэ. Аль эсхүл надад үзүүлэхээр юу ч байхгүй юм байна гээд оршихуйн хямралд орж болно. Гэхдээ юу гээч, танд ямар нэг зүйлийг эхлүүлэх сэдэл төрсөнд эргэлзэхгүй байна. Тиймээс яг одооноос ажил бүтээлээ дэлгэ!