ХХ зууны шилдэг романуудын нэгд зүй ёсоор тооцогддог Михаил Булгаковын “Мастер, Маргарита хоёр” олон саад бэрхшээлийг даван туулж уншигчдад хүрсэн гэдэг. Булгаков тус романаа 1928 онд бичиж эхэлсэн ч түүний өөр нэгэн жүжгийн тухайн үеийн Зөвлөлт Орос улсад хориглосны мэдээд буг чөтгөрийн тухай романыхаа нооргийг өөрийн гараар шатаалаа хэмээсэн байдаг.
Гэвч гар бичмэл, агуу бүтээл хэзээд үнс болдоггүй аж. Өдгөө тус романы долоон ч хэвлэл монголд бий. Харин сүүлд “Монсудар” хэвлэлийн газраас оросын сонгодог зохиолууд цувралын хүрээнд тус бүтээл нь Ч.Баатарын орчуулга, шинэхэн хэвлэлээр уншигчдад хүрээд удаагүй байгаа билээ.
ХОЁР ШУГАМ

“Мастер, Маргарита хоёр” нь дэлхийн олон оронд дэлгэцийн бүтээл болсон төдийгүй тайзнаа ч тавигдаж байсан билээ. Харамсалтай нь хайр, хүндэтгэл зохиолчийг нас барснаас хойш олон жилийн дараа ирсэн гэдэг. Мөн тайз, дэлгэцийн бүтээлд Мастер болон Маргаритагийн дүрээр мөнхөрсөн алдартай жүжигчид хожим ижилхэн үхлээр өөд болцгоосон гэх яриа бий. Хамаг л аюулгүй арга хэмжээг дээд зэрэглэлээр авсан ч гэв гэнэтхэн л тайзны том улаан хөшиг шатсан гэх мэт санаанд оромгүй баримт ч өчнөөн. Нэг ёсондоо энэ зохиол бол жинхэнэ зөн совингийн шинжтэй бүтээл.
Мөнхүү зохиолд зэрэгцээ ертөнц, болоод тухайн үеийн Москва хотын үйл явдлууд хоёр шугамд давхар өрнөдөг. Нөгөөтэйгүүр уншигчид цаг хугацааны хоёр шугамаар зорчино гэсэн үг. Москва хотноо өрнөж буй үйл явдлууд илбэ шид, жигтэй, санаанд оромгүй адал явдлаар дүүрэн бол нөгөө талд Эртний Ершалаим буюу Йерусалим хотноо Га-Ноцри хочит Иешуаг цаазалж буй дүр зураг, ахуй болоод дүрүүдийн дотоод чанар нь хэтийдсэн гэмээр реалист, бодит өгүүлэмжүүд хөвөрдөг.
ИД ШИДИЙН ҮР ХӨВРӨЛ
Орос, Америкийн суут яруу найрагч Иосиф Бродский “Юутай ч, судлаачид шидэт реализмыг Латин-Америкаас эхтэй гээд байдагтай би заримдаа санал зөрмөөр болдог. Булгаковоор л төсөөлөөд үзэхэд, Оросын уран зохиолд шидэт реализмын үр хөврөл бойжиж байсан юм биш үү?” хэмээсэн байдаг.
Үнэхээр л Азазеллогийн өгсөн тосыг түрхээд нисч яваа Маргарита, ямаан туруут, хууз хоёрын суулгаж өгсөн машинтай сар хүртэл хөөрхөн шөнийн нислэг, чөтгөрийнд болсон их цэнгээн, Варьете театрт тоглогдсон “Профессор Воланд тамын шид, түүний бүрэн тайлан тоглолт”, тарган хар муурны тайзан дээрх үзүүлбэр, Коровьев, Бегемот хоёрын тайзан сүүлчийн адал явдлууд зэрэг нь ид шид, далд хүчний өгүүлэмж, гайхалтай дүрслэлүүдээр эл роман дүүрэн.
Тэрслүү бичээч Эдуард Лимонов уг романыг тун залирхаг зохиол гэж тунхагласан байдаг. Тиймдээ ч “Мастер, Маргарита хоёр” бол нэгдүгээрт түүхэн романы пароди, хоёрдугаарт энэ бол залирхаг зохиол бөгөөд Ильфо-Петровскийн “Арван хоёр сандал”, “Алтан тугал” хоёрыг тун их санагдуулдаг” хэмээсэн нь бий. Харин уншигчдийг татаж буй гол чанар нь түүний үзсэнээр дээд хүчний талаар хужир нэмснээс гадна уран зөгнөлыг хольсонд байгаа юм гэж тодорхойлжээ.
Ямартаа ч зохиолд гарах Воланд бол харанхуйн эзнийг төлөөлөх дүр хийгээд буг чөтгөр. Гэвч тэрээр нийгмийн болж бүтэхгүй бүхнийг засан тохилуулах, чингэхдээ хутган үймүүлж буй мэтээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхээс гадна ямагт сайныг үйлдэж буйгаараа бурханлиг шинжтэй дүр.
Ташрамд өгүүлэхэд шидэт реализмын төрлөөр бүтээлээ туурвигч Салман Рушди “The Satanic Verses” -ээ уг романаас санаа авч бичсэн тухайгаа хэлсэн байдаг.

ЗОХИОЛЧИЙН АЛТЕР-ЭГО
Бүтээлийн гол дүр болох мастер хэмээх галзуугийн эмнэлэгт хоригдож буй зохиолчийн дүрийг Булгаковын альтер-эго хэмээн тодорхойлох бүрэн боломжтой.
Учир нь үйл явдлын төгсгөлд аранхуйг гатлан явахдаа Бегемот туранхай шулман хиа болж, Азазеллогийн соёо, солир нүд нь алга болоод тэрээр хуурай цөлийн шулмын дүртэй болсон байхыг Маргарита үзнэ. Мөнхүү мастер ч идэр залуухан шулмын дүрд хувирчээ. Харин өөрийгөө л тэр тольдож үл чадах ажээ. Энэ нь зүгээр л нэг өгүүлэмж төдий зүйлс бус юм.
Мастер бол тухайн үеийн ялзрал, доройтолд автсан эрх хавчигдмал нийгэмтэй тэрсэлдэж, үзэд бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ хасуулсан авьяаслаг зохиолч. Булгаков үүгээр өөрийгөө илэрхийлэн харуулсан шиг санагддаг. Тиймээс зохиолд Мастерийн үүргийг тодорхойлох өөр нэг оршихуйн дүр хэрэгтэй болсон нь Маргарита юм. Тиймдээ ч тэр харанхуйг гатлан нисч байхдаа Мастерийг тодорхойлох авч өөрийгөө үл тольдож буй билээ. Нөгөөтээгүүр эл романыг Булгаков бичсэн, романд дахь Понтий Пилатын тухай романыг Мастер бичдэг. Гэтэл энэ роман нэг л хүний гараар бичигдсэн зохиол бөгөөд яавч хоёр зохиолч байж болохгүй. Тиймээс Мастерийн дүр бол Булгаков гэж хэлэх бүрэн үндэс уншигчдад бий.
Михаил Булгаков зохиолд гарах чөтгөрийн тухай үнэнийг өгүүлснээс болж эмнэлэгт хүргэгдэх Бездомный хэмээх нууц нэрээр бүтээлээ туурвидаг яруу найрагч, хайртай хүнээ ч харах эрхгүй хоригдон хэвтээ Мастер, зохиолыг нь хэвлүүлэх гэж хамаг аргаа барах Маргарита нарын дүрээр аж төрөн буй нийгэм, хавчигдмал цаг үеийн үнэн төрхийг илчлэн үзүүлжээ.
ГАР БИЧМЭЛ ШАТДАГГҮЙ
Зохиолч уг романаа 1928 онд бичиж эхэлсэн хэдий хоёр жилийн дараа нийгмийн хавчлага, хяналтаас болж ахны гар бичмэлээ шатаачихсан гэдэг. Тэр үед Сталины дарангуйлал маш хүчтэй байлаа. Булгаковын зохиолыг шүүмжилсэн 200 гаруй өгүүлэл гарсан гэдэг. Тиймээс зохиолд Библийн хэсгийг ашигласан нь хэд хэдэн учир шалтгаантай болов уу.
Юун түрүүнд тухайн үеийн Москва хотыг эртний Йерусалимтай зүйрлэн, тэр л он цагийнх шиг дарангуйлал, хавчлага өдгөө ч ноёрхож байгаа ба Га Ноцрын үзэл санааг үхэл ч өөрчилж чадаагүйтэй адил өөрийнх нь бодол санаа, эрмэлзлийг мөрдлөгө, хяналт шалгалтаас үүдсэн сэтгэлийн зовлон нь ч үгүйсгэж чадахгүй гэдгийг харуулах гэж зорьсон мэт санагдана.
Тиймдээ ч үнсэн дундаас дахин сонгодог роман төрж Бегемот муур, Азазелло, Коровьев, Патриаршийн цөөрөм, олиггүй 50 тоот сууж, хар домыг илчлэх театрын тоглолт зэрэг чөтгөрийн зүгүйтлүүд дахин биежиж эл гайхалтай бүтээл бидний үед ирсэн юм. Яг л Борхесийн өгүүллэгт гардаг Парасэлсийн сарнай шиг үнсэн дундаас төрсөн роман.

БАРААН ХОШИГНОЛ
Романы нэг үнэ цэн бол цаг үеэ шүүмжилсэн бараан хошигнол, ёжлол юм. Ажил руугаа барьж явах хоосон чемодан, худлаа хэлснээс болж нүд нь сөлийсөн Лапшенникова, гахай болж хувирах Николай Иванович, хоосон хослол гарын үсэг зурах зэрэг үйл явдуулаас л тэр бүхэн анзаарагдана.
“Уншигчаа миний хойноос! Хорвоо дээр жинхэнэ, үнэнч, үүрдийн хайр сэтгэл байхгүй гэж хэн чамд хэлсэн юм бэ! Тэр худалчийн шившигт хэлийг тас огтловол таарна! Уншигч минь миний хойноос, гагцхүү миний хойноос, тэгвэл би чамд тийм хайр сэтгэлийг үзүүлэмц.”
Энэ мөрүүдийг уншаад үнэхээр залирхаг роман юм гэж бодогдмоор. Хүн төрөлхтний хамгийн гол сэдвийг тэдний сэтгэлд нийцүүлэн бичсэн жинхэнэ хайрын тухай хүмүүс уншихгүй байж чадна гэж үү? Магадгүй зохиолчийн бузар, худалч нийгмийг эсэргүүцэх сэтгэл нь хоёрдугаар хэсэг эхлэхэд дээд цэгтээ хүрсэн биз. “Нохойн зүрх”, “Үйлийн өндөг” зэрэг маш олон шоглолт бүтээлдээ ч нийгмээ буруушаасан байдгийг бид мэднэ. Нэг ёсондоо “Уншигчаа миний хойноос!” хэмээн зохиолч маань жинхэнэ хайр сэтгэлийг харуулах бус энэ нийгмийн ялзралыг арилгах, үүнээс гарах тод замыг зааж өгөхийн зорьжээ.
ГЭРЭЛТЭЙ ЗАМД ХӨТЛӨХ НЬ

Сэмүэл Бэккэтийн “Годог хүлээхүй” жүжгийн Эстроган, Владимир хоёр анхнаасаа байгаагүй шиг Мастер, Маргарита хоёр анхнаасаа Москвад байгаагүй мэт зохиол дуусдаг. Дахиад тэд зовохгүй, шаналахгүй болж нэг ёсондоо бидний дунд үгүй болно. Харин уншигчид баярлахад хэтэрхий эрт юм шиг санагддаг. Дараачийн тэргэл сар хүртэл л хэн ч дахиад хэнийг зовоохгүй. Харин дараачийн тэргэл сарнаар бугийн их наадам болж Маргарита нэртэй шулмын хатны сонгох үйл ажиллагаа дахин эхлэх болно. Тийм үйл явдлыг бидэнд эл гайхалтай романаас ч илүүгээр дүрслэн үзүүлэх цусан улаан дотортой цагаан цув өмссөн Иудейн тавдугаар догшин захирагч, морин хүлэгт Понтий Пилатын анд эдгээр жилүүдэд хүмүүсийн дунд алхаж яваад итгэнэм.
Хөрвүүлгийн хувьд зохиолчийн найруулгын хэв маяг, бичиглэлийн онцлогыг хадгалахыг хичээн цэргийн цол хэргэм, газар усны нэр зэргийг орчуулгагүй хэвээр үлдээжээ. Энэ нь цаг үеийн түүх, газар орны тухай уншигчид дэлгэрүүлэн үзэх боломжийг олгож буй хэрэг юм.

Сэтгэгдэл бичих

