Юун түрүүнд уншигч та бүхэндээ Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэе. Дэнж хотойтол сайхан наадаж байна уу?
Наадмын өдрүүдэд хүн бүр хэсэгхэн ч гэсэн завгүй амьдралаасаа хөндийрч, өөртөө цаг гаргахыг хүсдэг биз ээ. Зарим нь хөдөө нутгийг зорьж, байгальд амардаг бол зарим нь гэртээ тухлан тайван амрахыг эрмэлздэг. Тэгвэл хөдөө хээр, аялал зугаалгаар явахдаа эсвэл гэртээ аяга цай уун амарч суухдаа уншихад тохирох нэгэн бүтээлийг танилцуулъя.
Энэ бол нэрт зохиолч Чинагийн Галсангийн “Саарал газар” роман юм. Хэрэв та өмнө нь түүний “Хөх тэнгэр сонсож бай” романыг уншсан бол энэхүү үргэлжлэл дэвтрийг тэсэн ядан хүлээж байсан нь лавтай. Бөө мөргөлийн нууцлаг ертөнц, социалист нийгмийн шилжилтийн үеийн зөрчилдөөнт амьдрал, нүүдэлчин ахуйн гүн ухааныг бяцхан хүүгийн нүдээр харах энэ зохиол таныг түүхэн цаг хугацаагаар аялуулж, хүн байхын мөн чанарын тухай олон зүйлийг бодогдуулна.
ЗОХИОЛЧИЙН ТУХАЙ

Монгол төдийгүй Герман болон дэлхийн уншигчдад нүүдэлчин ахуй, монголчуудын өв соёл, байгальтайгаа зохицон амьдрах ухааныг уран бүтээлээрээ таниулсан нэрт зохиолч бол Чинагийн Галсан юм. Тэрээр 1944 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд тува ястны гэр бүлд мэндэлжээ. Багаасаа л шүлэг бичих, зохиох дуртай хүүхэд байв. Тэрчлэн тавхан настайгаасаа эхлэн бөө мөргөлийн зан үйлийг сонирхож, шавь орж, бөөлж байсан юм гэдэг.
Зохиолч бага, дунд боловсролоо төрсөн сумынхаа сургуульд сурч төгссөн бөгөөд үргэлжлүүлэн Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангид элсэн суралцжээ. Улмаар Герман Улсыг Хүмболтын нэрэмжит Лайпцигийн их сургуульд шилжин суралцаж, амжилттай дүүргэсэн байна. Тэр цагаас хойш Герман улсад ажиллаж, амьдарч, уран бүтээлээ гол төлөв герман хэлээр туурвиж буй. Түүний гаргасан 50 гаруй бүтээлийн 40 нь герман хэл дээр хэвлэгдсэн байдаг аж.
Галсан зохиолчийг олноо алдаршуулсан хамгийн эхний бүтээл бол “Тува тууж” буюу “Аянгат цагийн тууж” роман юм. Зохиолч эл бүтээлээ хоёрхон долоо хоногийн дотор бичиж дуусгаж байсан бөгөөд 27 настайдаа бичиж байжээ. Хоёр цагийн дотор уншиж болохуйц, 60 гаруй хуудастай уг зохиол нь зохиолчийн төрсөн нутгийн гоо үзэсгэлэн, 1930-аад оны монгол түмний аж байдал, эгэл жирийн эцэг хүний үрээ гэсэн сэтгэлийг тольдон мэдэх боломжтой. Тэрээр уг бүтээлээ өөрийнх нь хувьд “Дэлхийн уран зохиолын салбарт гишүүнээр элсэх өргөдөл” байсан хэмээн онцолж байв. Өдгөө 20 гаруй хэл дээр хэвлэгдсэн гарчээ.
Холбоотой нийтлэл: Аянгат цагийн туужийг арван зурагт

Германд байх хугацаандаа тэрээр ном бичихээсээ өмнө шүлэг бичиж өөрийгөө бэлддэг байж. Заримдаа өдөрт 13-15 шүлэг бичнэ. Гэтэл нэгэн удаа 100 хоногт 505 шүлэг биччихсэн байсан гэнэ. Үүнээс түүнийг хэр гайхалтай уран бүтээлч болохыг илтгэнэ.
Түүний 2024 онд эх хэлнээ орчуулагдан гарсан “Хөх тэнгэр сонсож бай” роман нь хайртай хөгшин ижийдээ зориулсан бүтээл юм. Зохиолч тавхан настайдаа их зудын улмаас ижийгээ алдаж, балчир насандаа туулсан хүнд хэцүү үе, амьдралыг хэрхэн даван гарсан тухайгаа энэхүү романдаа өгүүлжээ. Харин энэ онд тус бүтээлийн хоёрдугаар дэвтэр буюу “Саарал газар” ном нь орчуулагдан уншигчдын хүртээл болоод байна.
Холбоотой нийтлэл: Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Хөдөлмөрийн Баатар, зохиолч Чинагийн Галсан
НОМЫН ТУХАЙ
Романы үйл явдал бөө болох хүсэлтэй наймхан настай хүүгийн мөрөөдлөөр эхэлнэ. Гэвч 1950-аад оны үед ийм зүйл мөрөөднө гэдэг бараг л гэмт хэрэгт тооцогддог байв. Улс орон даяар бичиг үсэг, соёл боловсролыг уриалан, уламжлалт бүхий л шүтлэг, бөө мөргөлийг хий дэмий мухар сүсэг хэмээн ад шоо үзэж байсан цаг үе. Айл өрхүүдийн бөө мөргөлтэй холбоотой онгон шүтээн, эд өлгийн зүйлсийг хураан авч, бөө удган нарыг мөрдөн шалгах, баривчлан шийтгэх явдал ч цөөнгүй гардаг байж. Тийм ч учраас гэрийнхэн нь хүүгийн эл мөрөөдлийг огтхон ч хүлээн зөвшөөрөөгүй юм. Ингээд хүү албан хүчээр сургуулийн босгыг давж буйгаар зохиол өрнөнө.

Энэхүү роман нь анх 1999 онд “Die graue Erde” гэх нэртэйгээр герман хэлээр хэвлэгдэн гарчээ. Ном худалдаанд гарсан даруйдаа Германы утга зохиолын ертөнцийг шуугиулж, тухайн жилийнхээ “Оны шилдэг 20 ном”-ын нэгээр шалгарч байв. Улмаар 2001 онд франц хэлээр “Le Monde gris”, 2010 онд англи хэлээр “The Grey Earth”, 2024 онд турк хэлээр “Gri Yeryüzü” орчуулагдан гарсан түүхтэй.
Зохиолч энэхүү бүтээлээрээ дамжуулан бага насандаа үзэж туулсан амьдрал, хувьсгалын өөрчлөлт, нийгмийн шилжилтийн түүхэн цаг хугацааг тод томруунаар дүрслэн өгүүлжээ. Бөө мөргөлийн нууцлаг ертөнцөөс гадна нүүдэлчин ахуйн гүн ухаан, байгаль эх, хүн хоёрын хүйн холбоо, социалист нийгмийн дарамт шахалт, хүмүүсийн зөрчилдөөнийг хөндөн харуулсан нь уншигч таныг олон өнцгөөс эргэцүүлэн бодоход хүргэх биз ээ. “Хөдсөн маамуу” хочит хүүгийн амьдрал хэрхэн өрнөж, ямар бэрхшээл, сорилтуудтай тулгарч буйг номоос нь дэлгэрүүлэн уншаарай.

ЯАГААД УНШИХ ВЭ?
Эл романы тухай Германы алдартай Шпийгель (Толь) сэтгүүлд “Монголын нэгэн бөө дэлхийн утга зохиолын тайзнаа гарч ирлээ” хэмээн онцлон тэмдэглэжээ. Харин “Minneapolis Star Tribune” сонинд “Ил галын дэргэд гэр бүл, найз нөхдөөрөө хүрээлүүлэн үлгэр сонсож байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг ховорхон номуудын нэг” хэмээн тодорхойлсон байна. Тэгвэл уншигчдыг бишрүүлсэн энэхүү бүтээлийг заавал унших дөрвөн шалтгааныг хүргэе.
I. Өнгөрсөн ба одоо
Миний хувьд 1950-аад оны тухай өвөө эмээ, зарим нэгэн түүхэн эх сурвалж, цахим орчноос л цухас сонсож байсан билээ. Тэгвэл эл бүтээл тухайн цаг үеийн амьдралыг яг л нүдний өмнө өрнөж буй мэт бодитоор дүрсэлсэн нь өнгөрсөн ба өнөө үеийг харьцуулан эргэцүүлж, түүхээ илүү ойлгож мэдэхэд туслах болов уу.
Үүнийг хамгийн тодоор илтгэх нэгэн жишээ бол сурагчдын зуны даалгавар юм. Бидний хувьд зуны даалгавар гэхээр хичээл давтах, ном уншихыг л боддог шүү дээ. Гэтэл эл романд сургуулийнхаа төсвийг хэмнэх, ачааллыг нь бууруулахын тулд сурагчдадаа огт өөр даалгавар өгдөг байжээ. Тодруулбал, нэгдүгээр ангийн охид л гэхэд 10 кг өөх, 5 кг жимс, харин хөвгүүд нь 10 кг загас, 5 кг сонгино түүх үүрэг оногдож байсан гэнэ. Үүнээс нь тухайн үеийн хүүхдүүдийн амьдрал, нийгмийн нөхцөл байдал өнөөгийнхөөс тэс өөр байсныг харж болно.
II. Боловсролын үнэ цэн
Романы гол дүр болох Галсан эхээс дөрвүүлээ ба айлын бага хүү. Хэдийгээр тэд үе дамжин мал аж ахуй эрхэлсэн эгэл айл боловч эцэг эх нь үр хүүхдээ эрдэм номтой, зөв бурууг ялгах ухаантай хүн болгохыг юу юунаас илүү эрхэмлэдэг байв. Тиймээс дөрвөн хүүхдээ бүгдийг нь сургуульд сургаж, мэдлэг боловсролтой хүн болгохын төлөө бүхнээ зориулдаг.
Орчин үед сургуульд сурах, ном унших, хүссэн мэдээллээ хэдхэн хормын дотор олж авах нь энгийн зүйл мэт санагддаг болжээ. Харин энэ романд боловсрол эзэмшинэ гэдэг өмнөх үеийнхний хувьд ямар их хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл, золиос шаарддаг байсан нь бидэнд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгах нь гарцаагүй.

III. Үйлийн үр
Үйлийн үр хаалга андуурдаггүй гэдэг үг байдаг даа. Муу үйл хийсэн бол хэзээ нэгэн цагт түүнийхээ үр шимийг амсдаг нь амьдралын бичигдээгүй, хатуу үнэн юм. Хүн өөрийн шунал эсвэл бусдын ятгалгад автаж, байгаль дэлхийгээ сүйтгэж байвал тэрхүү сөрөг үйлдэл нь эргээд өөрт нь, эс бөгөөс хайртай дотнын хүмүүст нь гай гамшиг болон буцдаг жамтай. Бидний хийж буй сайн, муу үйл бүхэн яг л толинд туссан дүрс мэт эргээд өөрт маань л ирдэг. Тиймээс байгаль эхийн хууль, дэг журмыг дур мэдэн зөрчиж, орших ёстой зүйлийг нь хөндөх нь хэзээ ч сайн үр дагаварт хүргэдэггүйг энэхүү зохиол бидэнд сануулах ажээ.
IV. Хүний мөс чанар
Зохиолчийн бидэнд хэлэх гээд буй хамгийн гол санаа нь хүний мөс чанарын тухай байсан болов уу. Сайнтай, муутай хослон орших энэ хорвоод хүнийг тодорхойлох хамгийн чухал зүйл нь эд хөрөнгө, албан тушаал биш харин бусдад хандах хандлага, хүн чанар.
Зарим хүн эрх мэдэл, нийгмийн байр суурийн төлөө өөрийн үнэт зүйлээсээ ухарч, хүний мөсөө гээж байхад, нөгөө хэсэг нь хамгийн хүнд хэцүү үед ч бусдын төлөө тэмцэж, хүн чанараа алдахгүй тэмцэнэ. Хүүгийн туулж буй амьдрал, түүний эргэн тойрон байгаа дүр бүрээс бид хүн байхын мөн чанарын тухай илүү ойлгох болно.

УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ
Энэхүү романыг уншихад хамгийн түрүүнд анзаарагдсан зүйл нь зохиолчийн хүүрнэх арга барил байлаа. Хэт чамин үг хэллэг, хиймэл уран дүрслэл ашиглахгүй энгийн атлаа яруу тодоор өгүүлсэн нь зохиолыг улам амьд болгожээ. Мөн монгол уншигчдад энэ өнгө аясыг алдагдуулахгүйгээр хүргэсэн орчуулагчийн чадварыг ч мөн дурдах нь зүйтэй. Түүнчлэн наймхан настай бяцхан хүүгийн нүдээр тухайн үеийн нийгмийн ээдрээтэй, хүнд хэцүү цаг үеийг илэрхийлэн харуулсан нь гайхалтай.


Сэтгэгдэл бичих

