Бид хүн төрөлхтний бараг “хамгийн их уншдаг” цаг үед амьдарч байна. “The Atlantic” сэтгүүлийн бичсэнээр бид өдөрт дунджаар 54,000 үг уншдаг аж. Энэ нь дундаж урттай, бүрэн хэмжээний романтай дүйх үгийн тоо юм. Саяхан монгол хэлнээ орчуулагдсан, Нобелийн шагналт Өмнөд Солонгосын зохиолч Хан Ганы “Грек хичээл” номын англи орчуулга ойролцоогоор 44,737 үгтэй гэж үзвэл бид бараг өдөр бүр “Грек хичээл” романыг, мөн дээр нь Эрнест Хемингуэйн алдарт “Өвгөн тэнгис” туужийн тэн хагасыг уншиж байна гэсэн үг. Тэгвэл бид нэг жилд яагаад 365 роман алгасалгүй уншиж дуусгах боломжгүй гэж?
Холбоотой нийтлэл: Хан Ганы “Грек хичээл” номын тухай
Холбоотой нийтлэл: Бид яагаад уншиж буй номоо дуусгаж чадахаа больсон бэ?
2026 оны анхны нийтлэлээ шинэ ондоо унших номын тоогоо урьд жилүүдийнхээсээ нэмэгдүүлэхээр зорьсон уншигч, номын хорхойтон нартаа зориулан бэлтгэлээ. Ташрамд дурдахад, энэ нийтлэл нийт 1175 үгтэй. Хэрэв та энэ нийтлэлийг нийт 5 минутаас бага хугацаанд уншиж дуусгавал дундаж уншигчаас хурдан уншлаа гэж ойлгож болно. Туршаад үзээрэй; харин агуулгыг нь ойлгосон эсэх нь тус нийтлэлийн “агуулга” болой. Ингээд нийтлэлдээ оръё.
Хурдан уншлаа гээд мартвал яах вэ?
Нэрт нийтлэлч Баабар “Дори идэр дүүдээ” номдоо хурдан уншихын тухайд ингэж бичжээ:
“Хурдан уншаад сурчихвал хязгааргүй их мэдээлэл дунд хурдан маневрлахад тун хэрэгтэй. Өнөөдөр дэлхийн аварга Шон Адамс гэгч минутад 3850 үг уншаад ойлгодог гэнэ. Ерөнхийлөгч Рүзвэльт хуудас хуудсаар нь харж уншаад ямар ч зузаан номыг нэг суултаар дуусгадаг байж. Кеннеди минутад мянгаас дээш үг уншдаг байв. Дасгал сургууль хийгээгүй ердийн хүн энгийн текстийг минутад 200 үгийн хурдаар уншиж ойлгодог. Дасгал сургууль хийвэл тун удалгүй минутад 600 үг уншиж ойлгодог болох ба энэ нь мэдээллийг гурав дахин хурдан авна гэсэн үг шүү дээ. Компьютероор бол рамаа л нэмчихлээ гэсэн үг.”
Баабар, "Дори идэр дүүдээ" номоос
Гэхдээ энэ үнэхээр боломжтой гэж үү? Анх 1950-иад онд Америкийн ахлах сургуулийн багш Эвелин Вүүд түргэн унших арга техник буюу “Speed Reading” хэмээх санааг боловсруулсан байдаг. Түүний боловсруулсан эл системийн гол онцлог нь гараараа дагуулан, мөн хэд хэдэн үгийг хамтад нь унших бөгөөд улмаар толгой дотроо текстийг үгийг нэг бүрчлэн “дуудахгүй” байх юм. Судлаачдын үзэж буйгаар хүний унших хурдыг багасгадаг гол хоёр хүчин зүйл байдаг аж. Тэдгээр нь нэгд, аливаа текстийг унших үед хүний нүд мөрийн төгсгөлд хүрээд зүүн тийш мөрийн толгой руу буцах шаардлагатай байдаг бол нөгөө нь уншиж буй үг бүрээ толгой дотроо “чимээгүй” давтах гэнэ.
Хэдийгээр ийн толгой дотроо уншиж буй үгээ давтах нь богино хугацааны санах ойд сайнаар нөлөөлдгийг судалгаагаар баталсан ч хурдан уншихад эсрэг нөлөөтэй байдаг гэж ойлгож болно. Үүний үр дүнд Эвелин Вүүд өөрөө минутад 2700 үг уншдаг болсон гэж мэдэгдэж байжээ. Ташрамд сонирхуулахад, Эртний Грекд унших хурдыг нэмэгдүүлэх зорилготой “Бүстрофедон” (Βουστροφηδόν: Βους - одос үхэр; στροφή - эргэх, явах; -δόν - нэр үг бүтээх дагавар) буюу “одос үхрийн явдлаар бичихүй” хэмээсэн утгатай зүүнээс баруун, баруунаас зүүн, буцаад зүүнээс баруун гэхчлэн бичих аргыг хэрэглэдэг байсан гэдэг.
Түүнчлэн бидний ойлгодог ихэнх хурдан унших үйл явц нь үнэндээ “skimming” гэгддэг, бидний нэрлэж заншсанаар “гүйлгэж унших” буюу текстийн гол агуулгуудад анхаарах явдал байдгийг санууштай. Гэхдээ 2009 оны нэгэн судалгаагаар ийн гүйлгэж уншсан хүмүүс хэдийгээр нарийн чимхлүүр хэсгүүдийг санахгүй, мөн дүгнэлт, гаргалгаа гаргаж чадахгүй байсан ч энгийн уншилтаар унших гэж үзээд тухайн текстээ уншилгүй орхисон хүмүүстэй харьцуулахад хамгийн чухал санаануудыг нь санаж байгаа нь батлагдсан байна.
Үүнээс гадна, хэдийгээр Э.Вүүд өөрийн боловсруулсан аргаа уншиж буй текстээ ойлгоход онцгой ач холбогдол өгдөг хэмээн Нью-Йорк Таймсад өгсөн нэгэн ярилцлагадаа дурдсан боловч орчин үеийн судалгаанууд энэ санааг эрс няцааж буй. Тодруулбал, хурдан унших тусам текстийг бага ойлгоно гэсэн үг. Тэр ч бүү хэл хурдан уншилтын аварга шалгаруулах тэмцээний тэргүүлэх оролцогчид минутад 1000-2000 үг уншдаг гэх хэдий ч тухайн текстийнхээ тал орчим хувийг нь л ойлгодог байна.
Түүнчлэн, АНУ-д хурдан уншилтын “мэргэжилтэн” хэмээсэн 16 хүнийг хамруулсан нэгэн туршилт явагджээ. Туршилтын үр дүнд нь тэдгээр 16 хүний хэн нь ч уншиж буй текстийнхээ дөрөвний гурвыг ойлгох зорилгоор уншихад минутад 600-гаас дээш тооны үг уншиж чадаагүй аж. Үүний учрыг “University of Victoria” сургуулийн сэтгэл зүйч Майкл Массон хэлэхдээ “Хүний оюун ухаан үгээр дамжуулан тодорхой ойлголтуудыг холбоход… мөн тухайн бичвэрийн утгыг ойлгоход шаардагдах нэгж санаануудыг хурдтайгаар цуглуулахад хэд хэдэн чухал хязгаарууд байдаг.” гэжээ.Түүний хэлж буйгаар хурдан, удаан уншихад тухайн хүний яаж уншиж байгаа нь бус, харин үгийн баялаг, хэлний чадварууд илүү чухал нөлөөтэй байдаг гэнэ.
Цайны цагаараа бүтэн роман унших боломжтой юу?
Цар тахлын өмнө “Spritz”, “Blinkist”, “Acceleread” зэрэг хурдан уншихад зориулагдсан аппууд олны анхаарлыг татаж, дэлхийн томоохон хэвлэлүүдэд толгой дараалан бичигдэж байсан билээ. Тэдгээр аппын гол ажиллах зарчим нь “Rapid Serial Visual Presentation” (RSVP) буюу таны уншиж буй ном, текст нэгээс гурван үгээр дэлгэцэд тань ар араасаа гарч ирэх юм. Ингэснээр дээр дурдсан цаасан, цахим ном унших үед тулгардаг зүүнээс баруун, баруунаас зүүн тийш шилжих нүдний хөдөлгөөнийг үгүй хийж Эртний Грекчүүдийн “одос үхрийн явдал”-ыг PowerPoint-ийн “Slide”-ийн гүйлт болгож хувиргасан гэж ойлгож болно. Харин үг хоорондын хугацааг минутад нийт 300-1000 үг гарч ирэхээр тохируулж болдог байжээ.
Эдгээр аппуудыг ашиглан минутад 600 үг уншихаар тохируулбал зохиолч Хан Ганы “Грек хичээл” романыг нийт нэг цаг арван дөрвөн минут 34 секунд буюу 74.56 минутад унших бол Л.Н.Толстойн алдарт “Анна Каренина” (353,250 үг)-г ойролцоогоор 9 цаг 49 минут буюу 10 цагийн дотор уншиж дуусгана. Гэхдээ энэ нь баярлах шалтгаан хараахан биш. Учир нь хэт сайхан сонсогдож буй бүхэн далд нуугдмал “муу чанар”-уудтай байдагчлан дээрх аппуудыг ашиглан ном уншвал та нэг өгүүлбэрийг дахин дахин унших, хэдэн хуудас эргүүлж харах боломжгүй. Мөн энгийн ярианы үед бид минутад дунджаар 150 үг хэлдэг бол түргэн хэллэг хэлэхдээ хамгийн хурдандаа 250 үг л хэлдгийг дурдууштай.
Уран зохиолыг “гялс” унших боломжгүй
Дээр өгүүлсэнчлэн бид баримтат бүтээлүүд, яг одоо таны уншиж байгаачлан нийтлэл, мэдээ, мэдээллийг хурдан унших, гүйлгэж унших нь ашигтай, давуу тал олонтой байх боломжтой ч уран зохиол, яруу найргийн бүтээлийг ингэж унших нь боломжгүй юм. Энгийн жишээ энд дурдахад, хэрэв та Г.Г.Маркесийн “Зуун жилийн ганцаардал” бүтээлийг ийн уншвал “үй түмэн” Аркадио, Аурелиано, Буэндиа нарын дунд толгой эргэх нь гарцаагүй. Зохиолч, кино найруулагч, жүжигчин Вүүди Аллен нэгэнтээ “Би хурдан уншиж сургах сургалтад суугаад “Дайн ба Энх”-ийг 20 минутад уншсан. Оросын л тухай ярих юм билээ.” хэмээн хошигносныг энэ ташрамд дурдсуу.
Мөн дээр дурдсан “гүйлгэж унших” (skimming)-д мэргэжилтнүүд аливаа текстийн гол түлхүүр үгсийг уншаад үлдсэнийг нь орхихыг зөвлөдөг. Гэтэл бид жишээ нь зохиолч А.Камюгийн “Этгээд хүн”, “Тахал” зэрэг романыг уншлаа гэхэд түлхүүр үг нь аль нь болохыг хэрхэн, яаж мэдэх билээ? Эсвэл Хомерын “Одиссей”, “Илиада” их хөлгөн туульсыг толгой дотроо давтаж дуудахгүйгээр яаж уншиж, улмаар яруу найргийг нь таашаах билээ? Жишээ нь, Хомерын “Одиссей” туульсын тав дахь хайлааны хэсгээс Д.Цахилгаан гуайн орчуулгаар хурдан юм уу, гүйлгэж унших гээд үзээрэй:
Үнэнээс зайлж болдоггүй
Үйл тавилан гэж байдаг юм байна
Хүнээс булааж болдоггүй
Аз жаргал гэж байдаг юм байнаХад чулуун зүрхтэй биш дээ, би
Халуун уяхан зүрхтэй шүү дээ, би
Харамлаж чамайгаа үлдээж болдог ч болоосой
Хагацахын зовлон хатуу гээд ч яалтай билээ!” гээдКалипсо дагина буцаж шийдэмгүй алхлаа
Харамсах хайрлах зэрэгцэж Одиссэй араас нь дагалаа
Бурхан хүн хоёр!
Буян нүгэл хоёр!!Одиссей, тав дахь хайлаан, Монсудар хэвлэлийн газар
Эцэст нь ахин дурдахад, хурдан унших, гүйлгэж унших арга техникүүд нь богино хугацаанд мэдээлэл авах, шалгалтад бэлдэхэд үр дүнтэй байж болохыг орхиж болохгүй. Гэхдээ уран зохиолын бүтээлийг ингэж уншвал замаар 150 км цагийн хурдтай хурд хэтрүүлэн давхиж буйгаа хотоор аялж байна хэмээхтэй агаар нэг буй за.

Сэтгэгдэл бичих

