Уншигч танд 39 дэх удаагийн номын баярын мэндийг хүргэе. Энэ удаагийн номын баярт манай редакц шинжлэх ухаан, танин мэдэхүйн "Гэж Юу Вэ"сэтгүүлийнхээ 3 дахь дугаар болон шидэт реалист "Тогоруут Агуй" хэмээх хоёр бүтээлээ онцлон оролцов. 

Номын баярын 2 дахь өдөр Uka's Book Club-тай хамтран "Тогоруут Агуй" романыхаа анхны нээлттэй хэлэлцүүлгийг хийж, уншигчдынхаа сэтгэгдлийг сонсож, асуултуудад нь хариулж, ном бүтээх ажлын ард юу болдог тухай хөөрөлдсөн юм. Энэ нийтлэлээр номын уулзалтын үеэр уншигчдын "Тогоруут Агуй" романтай холбоотой уншигчдын сэтгэгдлээс хуваалцъя. Унших эсэхээ хараахан шийдээгүй байгаа уншигч танд тус болно хэмээн итгэнэм.

Энэхүү ташрамд уг номын уулзалтыг хамтран зохион байгуулсан Uka's Book Club болон Jack's Signature салбарын хамт олон, хамгийн гол нь хүрэлцэн ирсэн мөн худалдан авсан уншигч та бүхэнд баярлаж буйгаа илэрхийлье.

Холбоотой нийтлэл: “Гэж Юу Вэ” сэтгүүлийн III дугаар: Динозавруудын Домгоор аялцгаая


Романы тухай

Залуу зохиолч А.Пүрэвдорж өвөө, эмээгээсээ сонссон хуучин цагийн түүхээ өөрийн аж төрж буй шинэ цагийн агуулгаар баяжуулж шимтэн донтох давхцал, шунан дурлах өрнөлтэй энэхүү романаа туурвисан юм.

Романы гол дүр бол Монгол орноор хэрэн хэсэж, ер бусын олон үйл явдлыг гэрчлэх Даяанч. Түүний учирсан, бодлоос үл гарах дүрүүдээс Модтой хэмээх арлын Сувраа бүсгүй сэтгэлд нь мөнхрөн үлдэх аж.

Тэдний аж байдлаар эхлэх түүх хөвөрсөөр орчин цагийн Монголд Далай лам шиг харагдах залуу, хоёр нүдийг нь дарсан цагаан мэнгэтэй охиноор үргэлжилнэ. Оноож өгсөн нэргүй эдгээр дүрүүд өөр хоорондоо хэрхэн холбогдож, ид шид мэт үйл явдлууд энгийн л зүйл мэт ар араасаа тохиож буйг олж мэдэх аяллыг уншигч танд үлдээе.

Холбоотой нийтлэл: "Ritm" хэвлэлийн газрын Ерөнхий редактор Н.Өнөржаргалын номын уншсан сэтгэгдэл


Уншигчдын сэтгэгдэл

Шинэ үеийн залуус ямар мундаг мэдлэгтэй, мэдрэмжтэй, хэрсүү болж байгаагийн илрэл гэлтэй. Ёстой шид нь бүрдсэн байж л тэр шидийн ертөнцийг логик учир зүйтэй хэлхэж, шидэт реалист хүүрнэлийг туурвих аж. Өнөөдөр бидэнд тулгараад буй дийлэнх асуудлын шалтгаан болсон хүний амин чанарын асуудлыг хайрын олон төрлүүд дээр тулгуурлан хөндсөн нь энэ романы үнэ цэнийг улам өргөж байна.

Уншигч #1

Ном олон цаг үе, домгийг зэрэгцүүлэн өрнүүлэх нь “Шимтэн донтох давхцалууд” гэсэн редакцын үгтэй яг тохирч байгаа юм.

Шидэт реалист романы гол онцлог нь ид шидтэй, жигтэй үйл явдлуудыг хэвийн зүйл мэтээр өгүүлэх тухай юм билээ. Миний бодсоноор өгүүлэгч талд хэвийн мэт боловч зүүд, зэргэлдээх ертөнцийн өрнөлүүдийн уншигчийн зүгээс хүлээж авахад тийм ч амархан биш байх. Гэхдээ энэ номд гарч буй тэр жигтэй үйл явдлууд нь миний ч амьдралд байдаг юм шиг энгийн санагдсан нь сонин. Мөн номын бас нэг онцлох зүйл нь бичвэрийн хэв маяг, уламжлалт үгс, өгүүлбэрийн төгсгөлүүд гэх мэтчилэн нь үнэхээр л дотно, “Монгол зохиол” мөн юм гэх мэдрэмж төрүүлж байсан.

Дүр бүрийн онцлогийг харуулах цаг үеийн байдлыг тэр дундаа орчин үеийн дуу, шүлэг, сошиал хэрэглээ, өнөөгийн Улаанбаатарын амьдралыг богино ч гэсэн бас уран яруу илирхийлж байсан нь бидний анзаарахаа больсон байдаг л зам, байдаг л газрууд гэх хэвшмэл зүйлсийг өгүүлэгч шиг жаахан ч гэсэн “romanticizing” нүдээр ажигламаар санагдсан, хавартай ч холбоотой байж магадгүй.

Миний ойлгосноор бол зохиолчийн өгүүлэхүй нь бидний өвөг удам гэх төдийхнөөр өнгөрдөг амьдралуудыг бидний одоогийн оршин байгаа цагтай зэрэгцүүлэн бичсэн нь тэдний цаг үе өөр ч адил мэдрэмж сэтгэл байсаар л байдгийг сануулаад байх шиг санагдсан. Надад ч бас зүүдэндээ нэг удаа ч болов зэргэлдээ байдлаар олон цаг үеийг нэг нүдээр харж үзмээр бодол төрсөн.

Шинэлэг зүйлсээр дүүрэн зохиол байв, тиймээс зохиолын талаар олон асуулт үлдсэн.

Уншигч #2

Домог үлгэрүүд, зүүд холбоосууд, орчин үеийн, мэдрэмж дүрслэлүүдийн холимог. Энэхүү номыг бүхэлд нь нэг цул гэж бодож уншихаасаа илүү тухайн хэсэг, бүлгээс зохиолч бидэнд юуг ойлгуулах гэсэн бэ? Ямар мэдээлэл хүргэх гэж зорьсон юм бол хэмээн тунгааж уншвал зохихоор санагдлаа.

Уншигч #3

Зохиолд олон үйл явдал зэрэгцэн өрнөдөг. Нэг үйл явдлыг нь уншаад шимтээд явж байтал дараагийнх нь эхэлчихнэ. Тэгэх бүрд нь багахан "тийлтрэх" ч өнөөх үйл явдал яг яасан бол гэж хорхой хүрч уншсаар байдаг нь сонирхолтой. Романаа уншиж байхад ч эргэцүүлж бодох олон зүйл гарлаа. Хурдхан уншаад дуусдаг хөнгөхөн роман биш шиг санагдав.

Уншигч #4

Зохиолч 20-иодхон настай залуу хүн гэхэд маш өргөн цар хүрээтэй сэтгэдэг, уншдаг юм шиг санагдсан. Зөвхөн сонссон түүх гэлтгүй, дотоод гадаадын домог, классик бүтээлүүдээс иш татаж, санаа авч, түүнийгээ зохиолын үндсэн үйл явдалтайгаа холбон найруулж байгаа нь таалагдлаа. Зохиолчийн дараагийн бүтээлүүдийг авч унших болно.

Уншигч #5

Ирээдүй ба өнгөрснийг уран тансаг үгсээр холбож чадсан сонирхолтой ном байлаа. Олон хэсэгт уялдаа холбоо, ойлгомжгүй үсрэлт ихтэй нь бараг 2 кино зэрэг үзэж байгаа мэдрэмж төрсөн хэдий ч энэхүү мэдрэмж маань А.Пүрэвдоржийг Оросын томоохон зохиолчтой адилхан түвшинд хүрэхүйц зохиолч болох боломжтой мэт санагдуулав.

Уншигч #6


Хаанаас авах вэ?

Уншигч "Тогоруут Агуй" романы цаасан хэвлэлийг Internom номын бүх салбараас харин аудио болон цахим хувилбарыг Mbook-ээс худалдан аваарай.