Бичих эрдэмд суралцан хэл найруулгын түвшнээ ахиулахыг хүсэгчид минь ойртон суугаарай. Бид өмнөх нийтлэлдээ гоё сайхан хэл найруулгатай гурван ном санал болгосонтой адилаар өөр гурван номыг энэ удаа сонголоо. Цагийн хөл хурдсахын хэрээр бичих эрдмийн ач холбогдол улам бүр нэмэгдэж байх талтай. Тиймд энэ чадвараа зүлгэн хурцалсаар байгаарай.

ТУНГАЛАГ ТАМИР

Хэл найруулгаараа онцгой бүтээлүүдийн нэг бол яах аргагүй XX зууны манлай роман хэмээн үнэлэгддэг "Тунгалаг Тамир" билээ. 20-р зууны Монголын уран зохиолын сод төлөөлөгч, Төрийн шагналт зохиолч Чадраабалын Лодойдамба Монголын анхны роман болох "Алтайд" бүтээлээ 1949 онд хэвлүүлж, романы хэлбэрийг Монголд нэвтрүүлэлцсэн гэдэг. Удаах том бүтээл болох хоёр дэвтэр бүхий "Тунгалаг Тамир" романаа 1954-1967 оны хооронд 13 жил бичсэн нь монголчуудын хамгийн хайртай зохиолуудын нэг болсон юм. Энэ роман 1921 оны Ардын хувьсгал, түүний өмнөх ба хойдох Монголын амьдралыг уран сайхны аргаар уншигчдад танилцуулдаг. "Тунгалаг Тамир бол манай уран зохиолд гарсан ихэргүй үзэгдэл юм" хэмээн Л.Түдэв гуай дүгнэсэн нь бий. Энэ зохиолоор хийсэн 3 ангит кино ч эх зохиолоосоо дутуугүй алдаршсан билээ.

Ташрамд дурдахад уг номын редактор нь нэрт зохиолч Сэнгийн Эрдэнэ байжээ. Тухайн үед залуу зохиолч байсан С.Эрдэнэ "Лодойдамба гуай намайг тоож романаа редакторлуулсанд би их баярладаг. Би бүлэг бүлгээр нь үзээд, анхаармаар зүйл дээр тэмдэг тавиад өгдөг байсан. Шууд засаж яаж болох вэ. Тэгэхэд хэлсэн санааг минь их анхааран сонсож, засах юмаа засдаг байсан" хэмээн дурсаж байжээ.

НОМЫН ХЭСГЭЭС:

Энэ хүнийг Эрдэнэ гэдэг. Засагт ханы хошууны Олгонууд отгийн хүн. Уулаас эцгээс ах дүү хоёул бөгөөд багадаа өнчрөн айл дамжин зарагдаж бор хоног өнгөрүүлэн явжээ. Дүү нь Төмөр гэгч хүн буй. Арван зургаан насандаа шилийн сайн эрчүүдтэй нийлж удалгүй эрмэг зориг, эр чадал, ухаан санаагаар гайхагдсан «Засагт ханы цахиур Төмөр» гэж алдаршин халх дөрвөн аймаг, шавь тавд домог мэт яригддаг болжээ. Өнөөгөөс гурван жилийн өмнө Төмөр ахындаа гүн шөнө үл таних хоёр хүний хамт ирж уулзаад үр шөнө салахын үед явжээ. Тэгэхдээ цоохор ембүү, оросын цагаан хааны цөлхөөв гучаадын хамт өгчээ. Түүнээс хойш ах дүү хоёр учраагүй зөвхөн л сургаар амьд мэндээ мэдэлцэж байжээ. Харин сүүлийн жил гаруйн дотор Эрдэнэ дүүгийнхээ тухай ямар ч сураг сонссонгүй.

Эрдэнийн өөрийн нь хувьд гэвэл багадаа Доной тайжийн хонь хариулж, хурдан морий нь унаж байхдаа хүү Чулууны нь бичиг заалгахын далимаар бичиг сурч, уулаас ухаан сэргэлэн болохоор «Оюун түлхүүр», «Цаасан шувуу», «Гурван улсын бичиг», «Алтан товч»-оос эхлэн олдсон юм бүхнийг уншин гуйсан хүнд өргөдөл, захиа бичиж удалгүй «Бичээч Эрдэнэ» гэж нутагтаа алдаршжээ.

Арван найман насандаа нутгийн Долгор гэдэг бүсгүйтэй дэр нийлүүлэн гэр барьж амьдрав. Бас арваад сарлаг, хоёр гурван унах морь, хэдэн хоньтой болжээ. Эрдэнэ бусад хүн шиг зовохдоо зовж, өлсөхдөө өлсөж, баярлахдаа баярлаад, хорсохдоо хорсоод амьдарч болох байжээ. Гэтэл шинээр ширээ залгасан засаг хаан Гомбожавын зан авир ширүүн, ард олныг зовоох нь хир хэмжээнээс хэтрэхэд чуулган дарга, монгол манж зургааныг дамжин заргалдав.

Гэвч ноёнтой өшөөтэй бол хонгогүй, нохойтой өшөөтэй бол хормойгүй гэдэг дэмий үг биш болохоор Гомбожав хошууны хөрөнгөөр хөлөө хүрэх газар бүхэнд хээл хахууль цутгаж байгаад эзэн ноёнтойгоо харгалдсан тэрсүүд албатыг Улиастайн бат гүнд орхив. Тэнд үс, бөөсөндөө баригдан жил гаруй болж байтал монгол улс манжаас тусгаарлан богд Жавзандамба хутагт төр шашныг хослуулан баригч нарангэрэлт түмэн наст эзэн болоод өршөөл түгээж Эрдэнэ гяндангаас гарчээ. Бат гүнд сууж байхдаа дүүтэй нь хамт Говь мэргэн Вангийн ноён сүргээс таслан хөөж, Цэцэн Сартуулын хошуунд дамжуулж байсан нэг эртэй дайралдаж Төмөрийн тухай өдий төдий домог шиг яриа сонсжээ.

«Морины сайныг харуут таньдаг, санаа нь сүү шиг, чадал нь Хархул шиг эр дээ. Долоо хоногийн өлийг дуулж байгаад давдаг хүн, далан өртөө газрыг дөрөөн дээрээ туулдаг эр» гэх зэргээр Төмөрийг шагшин магтжээ...

ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ

"Тунгалаг Тамир" Монголд алдартай шиг дэлхий дахинаа алдаршсан гайхамшигт нэгэн зохиол бол "Зуун жилийн ганцаардал" юм. Колумбын зохиолч Габриэль Гарсиа Маркес 17 настайдаа эхний өгүүлбэрийг нь тавиад, санааг нь хориод жил сэтгэлдээ боловсруулж, 38-тайдаа буюу 1967 онд бичиж дуусгасан энэ зохиол латин америкийн шинэ романы оргил гэгдэн 1982 онд дэлхийн утга зохиолын хамгийн шилдэг бүтээлд олгодог Нобелийн шагналыг хүртсэн юм. Энэхүү номын санаа нь зохиолчийн бага нас, түүнээс ч урагш үеийн түүхтэй холбогддог. Тэрбээр гэр бүл, нутаг орныхоо түүхээс санаа авч романдаа домог, бодит байдал хоёрыг нягт сүлэн бичжээ. Энэхүү бүтээлч нэрт орчуулагч Г.Аким монгол хэлнээ гайхалтай уран тансгаар орчуулсан нь уншихад дэндүү урамтай. Энэ орчуулгын тухай Баабар "Би "Зуун жилийн ганцаардал"-ыг орос, англиар уншиж байсан. Гэхдээ монголоор уншаад л амтыг нь авсан даа" гэсэн нь бий.

НОМЫН ХЭСГЭЭС:

Талийгаач эцгийнх нь ингэж ёрлосон нь хурандаа Аурелиано Буэндиагийн цээжинд улалзан байсан бардам омгийн нурмыг дөнгөж хутгаснаас цаашгүй боловч тэрбээр тэр цогийн түр дүрсхийснийг урьдын хүч тэнхээ гэнэт ундран ирлээ гэж эндүүрчээ. Тэгээд хутагт Иосифын баримал дотроос олдсон алтыг хаа булсныг ээжээрээ хэлүүлэх гэж хоргоожээ. Хашир хүн гэж хаширсан хүний хэлнэ гэгчээр Урсула "Түүнийг хэзээ ч чамд хэлэхгүй ээ. Мөнгөний эзэн нь ирээд л гаргаж авна биз" гээд огт хавьтуулсангүй. Хомхой сувдаг сэтгэлгүй байсан хүн мөнгө олох гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж, тэгэхдээ өдөр тутмын хэрэгцээнд хэрэглэх хэдэн зоос бус, тоймгүй их мөнгө олох гэх болсон учрыг хэн ч олохгүй байлаа.

Хэдий хэр их мөнгө хэрэгтэй байгааг нь дөнгөж дуулахдаа Бага Аурелиано мэл гайхаж хоцорчээ. Хуучин намын нөхөд нь хурандаагийн мөнгө гуйснаас хойш уулзалгүй зугтах болов. Яг энэ үед л тэрбээр "Либералууд өглөөний мөргөлд очдог, консервативчууд үдшийн мөргөлд очдогоороо л ганц ялгаатай юм байна" гэж хэлжээ. Гэвч хурандаа байдгаараа мэрийж улс амьтнаас өөд уруугүй шалж, нэр төрөө ч бүр гаргуунд нь гарган улайран чармайж улангасан зүтгэсээр газар бүрээр орж баймааж нь найман сарын дотор Урсулагийн нууснаас их мөнгө цуглуулж чадав. Тэгээд өвчтэй хурандаа Геринельдо Маркес дээр очиж, даяар олныг хамарсан шинэ дайн үүсгэхэд туслахыг гуйжээ.

Хурандаа Геринельдо Маркес саад баригдан оронд хадагдсан боловч нэг хэсэгтээ бослогыг зэвэрсэн хөшүүргийг хөдөлгөж чадах цорын ганц хүн үнэхээр байсан юм. Неерландын гэрээний дараа хурандаа Аурелиано Буэндиаг алтан загасаар сэтгэлээ зогоож байх зуур хурандаа Геринельдо Маркес эцсээ хүртэл үнэнч байсан босогчдын офицеруудтай холбоо барьж байлаа. Тэдэнтэй хамт тэрбээр өдөр бүр басамжлуулан айлтал, илтгэл бичиж "Маргааш ирээрэй", "Одоо удахгүй", "Та бүхний хэргийг зохих ёсоор анхааралтай судалж байна" гэх хариуг элтэл сонссон юм...."

МИний Дагестан

Дагестаны нэртэй яруу найрагч Гасул Гамзатовын эх нутгийн дуулал болсон "Миний Дагестан" номыг нэрт бичгийн хүн Мишигийн Цэдэндорж орчуулжээ. ЗХУ-ын нэртэй яруу яруу найрагчийн номын Монголын нэртэй яруу найрагч орчуулсан тул хэл найруулга нь гойд сайн. Номын оршил маягаар зохиомжлон бичсэн энэ ном найруулгын хувьд өгүүлбэрүүд нь богино, ойлгомжтой бөгөөд гайхалтай яруу уянгалаг. Зохиолч бээр өөрийн эх орон Дагестаны тухай, уулынхан гэгддэг хүн ардынхаа зан заншлын тухай өөрт болоод бусдад тохиолдсон сонин содон учралууд, домог түүхийг соливцуулан бичсэн байдаг нь уншихад нэн сонирхолтой.

НОМЫН ХЭСГЭЭС:

Аллах тэнгэр ч гэсэн ойр дотнынхоо хүмүүст сонин түүх юм уу шинэ сургаал хэлэхдээ, эхлээд тамхи татаж, аажуу тайван боддог байх гэж би боддог.

Онгоц, нисэхийн өмнө удтал хүржигнэж, тэгээд нисэх зам хүртэл чирүүлж очоод улам хүчтэй хүржигнэж замаар гүйсний эцэст сая агаарт хөөрөн нисдэг.

Нисдэг тэрэг, газраас тасрахын тулд замаар гүйх хэрэггүй боловч бас л хүржигнэн түржигнэж шуугин чичрэгнэн доргилж байдаг.

Гагцхүү уулсын бүргэд л халил хадан дээрээс тэнгэрт шууд хөөрөн дээшлэх тутмаа хөлгөн хөвж нүдэнд өртөмгүй цэг болно.

Аливаа сайн ном урт үг, уйтгарт удиртгалгүйгээр эхлэх ёстой. Дэргэдүүрээ давхин өнгөрсөн бухыг эврээс нь шүүрэн тогтоож амжаагүй бол сүүлнээс нь бариад тогтооно гэж байхгүй.

Пандур хөгжмөө дуучин авлаа. Тэр дуучин хоолой сайтайг би мэднэ. Дуугаа эхлэхийн өмнө удтал хий дэмий хөгжмөө торжигнуулах хэрэггүй биз дээ? Концертын өмнө илтгэл тавих, жүжиг эхлэхийн өмнө лекц унших, хадам нь хүргэнээ дайлахдаа шууд урьж суулгаад хундага барихын оронд залхуу хүрэм сургаал хэлэхэд би мөн л тэгж хэлнэ.

Нэгэнтээ хэдэн мюрид нэгэн нэгэндээ сэлэм гаргаж, ямар сайхан гангаар хийсэн, ямар сайхан шүлэг коран судраас авч дээр нь сийлсэн тухай сайрхан ярилцжээ. Тэдний дунд их Шамилийн туслах Хажи-Мурат байж, ийн өгүүлрүүн:
-Чинар модны сэрүүн сүүдэрт та нар юунд марганам бэ? Маргааш үүрээр тулалдаан болно. Хэнийх нь илүү болохыг тэр цагт л сэлэм чинь хэлээд өгнө шүү дээ.

ГЭЛЭЭ Ч, аллах тэнгэр юм ярихынхаа өмнө аажуу тайвуу тамхи татдаг гэж би бодож байна.

ГЭЛЭЭ Ч, миний төрсөн ууланд хүн гэрийн үүдэн дээрээс мориндоо морддоггүй заншил бий. Айлын гаднаас морио хөтөлж явах ёстой. Энэ нь тэр хүн, гэртээ байснаа болоод замд юу тохиолдохыг эргэн санахад хэрэгтэй биз. Яарлаа ч гэсэн аажуу тайван, бодол бодон явж, айлын захад морио хөтөлж гараад дөрөөлмөгц ухасхийн мордож эмээлийн бүүргээ налан бөхийж тоос татуулан бараа тасардаг юм.

Тэгээд ч би номынхоо нуруунд үсрэн мордохын өмнө бодлогошрон аажуу явж байна. Би морио хөтлөн явган зэрэгцэн явж үг хэлэхийг түдгэлзэн байна.

Гагцхүү ээрүү хүний хэл ээдэрдэг бус, илүү оносон, илүү их хэрэгтэй, илүү их цэцэн үг эрсэн хүнийх мөн адил юм. Цэцэн үгээр би гайхуулах гээгүй. Гэхдээ би ээрүү биш. Би үг хайж байгаа учраас түгдэрч байна...

Өмнөх нийтлэл унших:
Монгол хэлний найруулга зүйгээ сайжруулахад туслах 3 ном

Unread Media