Хаврын Номын баяр айлчлан ирлээ. Манай редакцын зүгээс уламжлал ёсоороо уншигч танд хөтөч болохоор Үндэсний Номын баяраар худалдаалагдах, шинээр хэвлэгдэн гарсан онцгой бүтээлүүдээс дээжлэн хүргэхээр бэлтгэлээ. 

Эл жагсаалтад дотоод, гадаадын зохиолч, бичээчдийн туурвисан яруу найргийн түүвэр, үргэлжилсэн үгийн зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүйн олон олон сонирхолтой бүтээлүүд багтсан тул дараагийн унших номоо сонгоход тань тус болно гэдэгт итгэлтэй байна.

Холбоотой нийтлэлүүд:

34 дэх удаагийн Номын баяраас онцлох 34 ном
35 дахь удаагийн Номын баяраас онцлох 35 бүтээл
36 дахь удаагийн "Номын Баяр"-аас онцлох 36 бүтээл
37 дахь удаагийн “Номын баяр”-аас онцлох 37 бүтээл
38 дахь удаагийн Номын баяраас онцлох 38 бүтээл


УРАН ЗОХИОЛ

1. Мазохист

Зохиолч: Э.Жавхлан
Хэвлэлийн газар: Нэпко хэвлэлийн газар
Үнэ: 20,300₮

Энэ удаагийн Номын баяраар олон дотоодын зохиолчдын анхны үргэлжилсэн үгийн бүтээл уншигчдын хүртээл болж буйн нэг нь Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй залуу зохиолч Э.Жавхлангийн “Мазохист” ном. Зохиолч тус бүтээлдээ энэ цаг үеийн хүний дотоод зөрчил, хагацал гуниг, экзистенциалист хямралын нөлөөнд өрнөх олон нарийн төвөгтэй сэтгэлзүйн асуудлыг дүрслэн өгүүлсэн байна.

2. Улам дөжрөм, тэгээд нам гүм

Зохиолч: Т.Бямбасүрэн
Хэвлэлийн газар: Чимээ паблишинг
Үнэ: 20,300₮

Эмч, яруу найрагч, зохиолч Т.Бямбасүрэнгийн “ Улам дөжрөм, тэгээд нам гүм” туужийн эхний дэвтэр Усны гудамж сайтад анхлан уншигчдын хүртээл болж байсныг та хэдийн мэдэж буй биз ээ. Харин зохиолч бээр эл хаврын Номын баяраар тус туужийнхаа дэд дэвтрийг Чимээ хэвлэлийн газартай хамтран дэлгэн барьж буй аж. Уг бүтээл уншигч таныг тэс өөр ертөнц рүү хөтлөх нь дамжиггүй.

3. Жигүүр дөрөв

Зохиолч: Ребекка Яррос
Хэвлэлийн газар: Монсудар хэвлэлийн газар
Үнэ: 45,000₮

Нью-Йорк Таймсын шилдэг борлуулалттай номын зохиолч Ребекка Ярросын “Жигүүр дөрөв” бүтээл монгол уншигчдын хүртээл боллоо. Луу унаачдын дайны коллеж дахь элит, харгис ертөнцөд таныг дагуулан одох уг бүтээл хэвлэгдсэнээсээ хойш зургаахан сарын дотор нийт хоёр сая хувь борлуулагдсан агаад дэлхийн гуч гаруй хэл рүү орчуулагдан гарсан юм. Уран зөгнөлт, адал явдалт номын хорхойтнуудад энэхүү бүтээл таалагдах нь гарцаагүй.

4. Номын хулгайч

Зохиолч: Маркус Зусак
Хэвлэлийн газар: Монсудар хэвлэлийн газар
Үнэ: 34,900₮

Австралийн зохиолч Маркус Зусакийг дэлхийд таниулсан “Номын хулгайч” роман одоогоос хорин нэгэн жилийн тэртээ хэвлэгдэн гарсан бөгөөд нийт 63 орны хэлээр орчуулагдан гарсан байдаг. Тус роман Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Нацист Германд амьдрах бяцхан охин Лизел Мемингерийн түүхийг өгүүлнэ. Гэхдээ уг түүхийг “үхэл” хүүрнэх нь эл номыг сонирхолтой болгож буй билээ.

5. Баяртай гэж хэлэхээс өмнө

Зохиолч: Кавагүчи Тошиказү
Хэвлэлийн газар: Монсудар хэвлэлийн газар
Үнэ: 19,900₮

Энэ удаагийн Номын баяртай зэрэгцэн алдарт “Кофе хөрөхөөс өмнө” цувралын дөрөвдүгээр дэвтэр “Баяртай гэж хэлэхээс өмнө” монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа. Хэрвээ танд өнгөрсөн руу хоромхон зуур ч атугай аялж, хайртай хүнийхээ барааг богинохон ч болов хугацаанд хараад чин сэтгэлийнхээ үгийг хэлэх завшаан тохиовол эл боломжийг ашиглах байсан уу?

6. Чингис Хааны есөн зүүд

Зохиолч: Ч.Галсан
Хэвлэлийн газар: Ножо хэвлэлийн газар
Үнэ: 28,800₮

Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Хөдөлмөрийн Баатар, зохиолч Чинагийн Галсан гуайн нэгэн сонирхолтой бүтээл монгол уншигчдынхаа гар дээр очоод хэдхэн хоног өнгөрөөд буй. Зохиолч тус романаа Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн босгон дээр бичиж хэвлүүлжээ. Уг бүтээл бидэнд их хааныхаа тухай дахин эргэцүүлэх, мөнхүү сонирхолтой өнцгөөс харах боломжийг олгох буй за.

7. Саарал газар

Зохиолч: Ч.Галсан
Хэвлэлийн газар: Ножо хэвлэлийн газар
Үнэ: 25,000₮

Зохиолч Чинагийн Галсангийн “Хөх тэнгэр сонсож бай” романы дэд дэвтэр “Саарал газар” мөн монголч уншигчдын хүртээл болж байна. Энэхүү роман нь анх 1999 онд герман хэлээр хэвлэгдэж, мөн оныхоо шилдэг 20 номын нэгээр нэрлэгдэн, улмаар 2001 онд франц хэлээр, 2010 онд англи хэлээр, 2024 онд турк хэлээр орчуулагдан гарч байжээ.

8. Шувуун саарал тэргүүт өгүүллэгүүд

Зохиолч: Д.Нацагдорж
Хэвлэлийн газар: Sayan Publishing

Их зохиолч Д.Нацагдоржийн “Шувуун саарал” тэргүүт өгүүллэгийн түүвэр бүтээл SAYAN паблишинг эрхлэн гаргаж буй ажээ. Залуус бид бүгдийн сонсож өссөн Д.Нацагдорж бээр чухам ямар ямар зохиол бүтээл туурвиж асан тухай, тэдгээрийг хаанаас бүрэн эхээр нь уншиж болох талаар мэдээлэл, боломж ховор хомс байдаг гэвэл магад хилсдэхгүй биз ээ. Иймд SAYAN паблишингийн хамт олон энэхүү эмхэтгэлээрээ бидэнд их зохиолчтойгоо дахин учрах боломжийг олгож буйд нь талархууштай.

9. Үр нахиа

Зохиолч: М.Уянсүх
Хэвлэлийн газар: Чимээ паблишинг

Яруу найрагч, зохиолч М.Уянсүхийн шинэ үргэлжилсэн үгийн бүтээл болох “Үр нахиа” тууж хэвлэгдэн гарлаа. Зохиолч бээр өмнө нь 2006 онд “Асагч сарны шүлгүүд” номоороо МЗЭ-ийн шагнал, 2008 онд “Яруу НАЙРАГЧ он цаг”, 2014 онд “Айшхи”, 2019 онд “Аварга мод”, 2023 онд “Хонхот хүүхэлдэй” бүтээлээрээ “Алтан өд” шагнал хүртэж байсан билээ. Түүний шинэ бүтээл уншигч танд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгах нь лавтай.

10. Ахуй

Зохиолч: Ч.Бат-Уянга
Хэвлэлийн газар: Улбар паблишинг

Зохиолч, яруу найрагч, нийтлэлч Ч.Бат-Уянгын ээлжит үргэлжилсэн үгийн “Ахуй” нэрт бүтээлийг Улбар хэвлэлийн газраас эрхлэн гаргалаа. Тэрээр өмнө нь "Аничда" шүлгийн түүвэр, "Хатгалын тэмдэглэл" зэрэг бүтээлүүдээ уншигчдад хүргэсэн байсан бөгөөд энэ удаагийн “Ахуй” ном нь зүймэл хүүрнэл бүтээлийн төрлөөр бичигдсэн ажээ.

11. Шөнө дундын номын сан

Зохиолч: Мэтт Хэйг
Хэвлэлийн газар: Монсудар хэвлэлийн газар
Үнэ: 29,900₮

Энэ жилийн эхний Номын баяраар дэлхийн алдарт “Шөнө дундын номын сан” романыг Монсудар хэвлэлийн газраас албан ёсны эрхтэй худалдаанд гаргаж буй. Уг бүтээл нь хэвлэгдсэн даруйдаа Нью-Йорк Таймс, Вашингтон Пост, Бостон Глоб зэрэг сонинуудын шилдэг борлуулалттай номын нэг болсон агаад судлаач, шүүмжлэгчдээс ч өндөр оноо хүртсэн байдаг. Сонирхуулахад, StudioCanal-ийн зүгээс энэхүү номоор дэлгэцийн бүтээл туурвихаар төлөвлөж буй гэнэ.

12. Амрагийн яриа

Зохиолч: Шяолү Гуо
Хэвлэлийн газар: Болор судар хэвлэлийн газар
Үнэ: 29,000₮

Шяолү Гуо нь дэлхийн гуч орчим хэл рүү зохиол бүтээл нь орчуулагдсан Хятад-Британи зохиолч бөгөөд “Nine Continents: A Memoir in and out of China” номоороо 2017 онд Америкийн “National Book Critics Circle Award” шагналыг хүртэж байсан юм. Түүнчлэн 2013 онд түүнийг Granta сэтгүүлээс Британийн шилдэг залуу зохиолчдын нэгээр нэрлэж байсны сацуу 2019 оны Бүүкерийн шагналын шүүгчдийн багт ажилласан нэгэн билээ. Энэ ташрамд, энэхүү сонирхолтой зохиолчийн бүтээлийг эх хэлнээ орчуулан хүргэж буй Болор судар хэвлэлийн газрын хамт олонд баяр хүргэе.

13. 2075: ГОО ҮЗЭСГЭЛЭН ГЭМТ ХЭРЭГ БОЛОХ ЦАГТ

Зохиолч: Райнэр Цитэлманн
Хэвлэлийн газар: Нэпко хэвлэлийн газар
Үнэ: 56,000₮

Райнэр Цитэлманнийн “2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт” ном нь ирэх тавин жилийн дэлхийн хөгжлийн чиг хандлагыг алдарт Ж.Орвэллийн “1984” бүтээлтэй ижил төрлөөр бичигдсэн дистопи роман юм. Тус романд капитализм, технологийн дэвшил болон геополитикийн өөрчлөлтийг шинжлэн, гутранги хандлагыг шүүмжилж, ирээдүйд эдийн засгийн өсөлт, инноваци, хүмүүний хөгжлийн тухай өгүүлдэг байна.

14. Үл үзэгдэгч

Зохиолч: Пол Остер
Хэвлэлийн газар: Болор судар хэвлэлийн газар
Үнэ: 49,000₮

Болор судар хэвлэлийн газраас хэрэгжүүлж буй “Роман цуврал”-аас энэхүү нийтлэлдээ Америкийн алдарт зохиолч Пол Остерын “Үл үзэгдэгч” бүтээлийг онцлоод уран зохиолын хэсгээ жаргаая. Романы зохиолч бээр орчин үеийн Америкийн уран зохиолын нэгэн томоохон төлөөгч. Түүний уг бүтээл нь ч ихэд орчин үеийн хэв шинжтэй агаад гурван өөр өгүүлэгчтэй гэдгээрээ тун содон шийдэл бүхий роман юм. Пост-модерн уран зохиол сонирхдог, сэтгэл зүйн, мөнхүү магадгүй детектив ном сонирхдог хүмүүст уг бүтээлийг санал болгоё.

15. гурван улсын үлгэр

Орчуулагч: Д.Болдбаатар
Хэвлэлийн газар: Гэгээ

Бүтэн зууныг дамжин үргэлжилсэн эртний Хятадын гурван улсын бодлого, үймээн самуун, төрийн тэмцэл, ард олны ахуй амьдрал зэргийг цөм өгүүлэх түүхэн зохиол болох “Гурван улсын үлгэр” боть роман өнгөрсөн сард шинээр хэвлэгджээ. Томоохон бизнес, улс төрийн зүтгэлтнүүдийн ширээний ном гэгддэг эл бүтээл таны оюунд ч хөрөнгө оруулах нь гарцаагүй.

БАРИМТАТ

16. Маркетингийн сэтгэлзүй-100

Зохиолч: Сакаи Тошио
Хэвлэлийн газар: Чимээ паблишинг

Маркетингийн сэтгэлзүй-100 ном нь хэрэглэгчийн зан төлөв, шийдвэр гаргалтын цаана орших сэтгэлзүйн далд зарчмуудыг тайлбарладгаараа тун онцлогтой бүтээл. Түүнчлэн практик жишээ, ойлгомжтой тайлбараар дамжуулан бидний аливааг худалдан авах шийдвэрт сэтгэл хөдлөл хэрхэн нөлөөлдгөөс эхлээд бизнесүүд хэрэглэгчээ татах, улмаар итгэл төрүүлэх, маркетингаа илүү үр дүнтэй болгоход сэтгэлзүйн аргуудыг хэрхэн ашигладгийг тайлбарласан байдаг аж.

17. Дараагийн яриа: Бага маргалдаж, их ярилц

Зохиолч: Жефферсон Фишер
Хэвлэлийн газар: Номад паблишинг

Нью-Йорк Таймсын бестселлер болох “Дараагийн яриа: Бага маргалдаж, их ярилц” бүтээл нь хүн хоорондын харилцааг илүү үр дүнтэй, харилцан ойлголцох арга замуудыг тайлбарласан байдаг. Номын зохиогч өдөр тутмын яриа, маргаан, үл ойлголцлыг хэрхэн тайван бөгөөд ухаалгаар шийдвэрлэхийг бодит жишээ, практик зөвлөгөөгөөр хүргэснээрээ онцлогтой. Хэрэв та харилцааны ур чадвар, урлагийг сонирхдог бол энэ номыг уншаад үзээрэй.

18. Жаран Хоног, Далан Нөхөөс, Наян Нажид

Зохиолч: С.Баяр
Хэвлэлийн газар: Нэпко хэвлэлийн газар
Үнэ: 99,000₮

МУ-ын Ерөнхий Сайд асан Санжийн Баяр Нэпко хэвлэлийн газартай хамтран “Жаран хоног”, “Далан нөхөөс”, “Наян нажид” хэмээх гурван боть номоо гаргажээ. Тэрээр улс оронд өрнөсөн үйл явдал, тэдгээрийн уялдаа холбоог эргэн санах дурсамж дурдгатлаа эмхэтгэн тус цувралаа туурвисан аж. Өнөөгийн Монгол Улсын нийгэм, улс төрийн амьдралыг харахад өмнөх үеийн шийдвэр гаргагчдын үг, үйл хэргийг харах нь нэн чухал тул энэхүү гурамсан боть нас харгалзахгүй бүхий л уншигчдын сонирхлыг татаж буй нь дамжиггүй болов уу.

19. Туурвих Хичээл

Зохиолч: Үй Хуа
Хэвлэлийн газар: Нэпко хэвлэлийн газар
Үнэ: 37,400₮

“Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл”, “Зүс борооноор хадах дуун”, “Вэн хот”, “Хятад орныг арван үгээр” зэрэг олон бүтээлээрээ манай уншигчдын эчнээ танил болсон Хятадын зохиолч Үй Хуагийн өөр нэгэн баримтат бүтээл эх хэлнээ хэвлэгдэн гарчээ. Хэдэн жилийн өмнө Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн гаргаж асан “Бичихүйн тухай” бүтээлтэй ижил төрлөөр бичигдсэн уг ном уран зохиолд шимтэгсдэд таалагдах нь эргэлзээгүй.

20. Хийхгүй зүйлсийн жагсаалт

Зохиолч: Ролф Добэлли
Хэвлэлийн газар: Нэпко хэвлэлийн газар
Үнэ: 34,000₮

Цэгцтэй сэтгэх урлаг", "Мэдээ уншихаа боль", "Сайхан амьдрах урлаг" зэрэг номуудаараа монгол уншигчдад танигдсан Ролф Добэллигийн "Хийхгүй зүйлсийн жагсаалт" ном энэ жилийн Номын баяраар эх хэлнээ орчуулагдан гарч байна. Бидний амьдарч буй энэ цаг үе ажил өндөр бүтээмж, нарийн төлөвлөгөө, цагийн зохион байгуулалтад л онцгой анхаарсан болсон билээ. Тэгвэл тус номын зохиогч энэхүү асуудлыг хэрхэн харсныг “ Хийхгүй зүйлсийн жагсаалт” номоос уншаарай.

21. Үхмээр байна, гэхдээ л бас догбуги идмээр байна 

Зохиолч: Пэк Сэхи
Хэвлэлийн газар: Тагтаа хэвлэлийн газар

Энэ Номын баяраар зохиолч Пэк Сэхигийн “Үхмээр байна, гэхдээ л бас догбуги идмээр байна” бүтээлийн удаах дэвтэр Тагтаа хэвлэлийн газраас монгол уншигч нартаа хүрэхээр болжээ. Зохиолч бээр өнгөрсөн онд гучин тавхан насандаа таалал төгссөн агаад нас барахаасаа өмнө эрхтнээ хандивлан таван хүнд амьдрал бэлэглэсэн нэгэн юм. Түүний энэ ном ч мөн олон хүнд “амьдрал бэлэглэх” биз ээ.

22. Цаг хугацааны цонхоор: БНМАУ

Зохиолч: Б.Шүүдэрцэцэг

“Домогт Ану хатан”, “Хагацашгүй”, “Үүлэн хээтэй орчлон” зэрэг олон түүхэн романаараа уншигчдын танил болсон, Соёлын гавьяат зүтгэлсэн зохиолч Б.Шүүдэрцэцэг энэ удаа “Цаг хугацааны цонхоор: БНМАУ” хэмээх бүтээлээ хэвлүүлсэн байна. Тус ном та бидний заримд нь танил дотно, заримд нь хол хөндий санагдах өмнөх нийгмийн өнгө төрхийг мэдрүүлэх ажээ.

23. Сонголт

Зохиолч: Э.Тамир

Зохиогч Э.Тамир уг бүтээлээрээ “Өдөр тутмын багахан ч болов сонголтууд нь таны амьдралыг хэрхэн чанаржуулах боломжтой?” гэх асуултад тун энгийнээр хариулсан байна. Түүний эл номоор дамжуулан санхүүгийн, сонголтын талаар олон сонирхолтой шинэ санаа сэдэлтэй учрах нь эргэлзээгүй болов уу.

24. Либерализм ба түүнийг буруутгагчид

Зохиолч: Фрэнсис Фукуяма
Хэвлэлийн газар: Нэпко хэвлэлийн газар
Үнэ: 29,300₮

Либерализм ба түүнийг буруутгагчид номд зохиогч бээр орчин үеийн либерализмын давуу болон сул талуудыг олон янзын өнцгөөс авч үзсэнээрээ онцлогтой аж. Тэрээр уг номоороо хувь хүний эрх чөлөө, ардчилал, нийгмийн үнэт зүйлсийн хооронд үүсэж буй зөрчил, хэт туйлшралын шалтгааныг тайлбарлаж, либерализм өнөөгийн нийгэмд хэрхэн өөрчлөгдөж буй талаар бодитой дүгнэлт хийжээ.


ТАНИН МЭДЭХҮЙ

25. Сауны урлаг

Зохиолч: Шэфү Эрдэнэ

Энэхүү жагсаалтдаа мөн “Эрүүл аав, өвчтэй аав” номын зохиолч Г.Эрдэнийн ээлжит ном “Сауны урлаг”-ийг онцолъё. Тэрээр тус номдоо саунд хэрхэн амьсгалахаас эхлээд суудлын байрлалыг хүртэл нэг нэгэнгүй тайлбарлан бичсэн нь сонирхолтой. Бидний төдийлөн анхаардаггүй уг сэдвийн тухай монгол зохиогчийн ном гарсан нь энэ жилийн Номын баярын бас нэгэн сонин явдал болж байна.

26. Кэйгийн анатоми

Зохиолч: Адам Кэй
Хэвлэлийн газар: Солмон паблишинг
Үнэ: 29,900₮

Хүний биеийн бие анатомийн тухай инээнгээ уншиж судалж яагаад болохгүй гэж? Дэлхий дахинаа хэдэн сая хувь борлогдсон тус номын зохиолч Адам Кэй нь өмнө нь эмч байсан гэнэ. Түүний эл бүтээлийг 2020 онд Penguin Random House хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бол эх хэлнээ Солмон паблишингийн хамт олон орчуулан хүргэж буй ажээ.

27. Гүйлтийн сэтгэл зүй 

Зохиолч: Адам Кэй
Хэвлэлийн газар: Psychology Publishing
Үнэ: 28,000₮

Гүйх нь спорт, биеийн тамирын хамгийн өргөн дэлгэрсэн хэлбэрүүдийн нэг билээ. Энэхүү номд хүн төрөлхтний амьдралын салшгүй хэрэгцээ байсаар ирсэн гүйлтийн спорт нь хүний бие махбод болон дасан зохицох чадварт хэрхэн нөлөөлсөн тухай өгүүлэхийн зэрэгцээ гүйх чадвар, амжилтыг нэмэгдүүлэх шинжлэх ухаанд тулгуурласан арга техникүүдийг танилцуулжээ. Мөн гүйхэд урам зориг өгөх сэтгэлзүйн хүчин зүйлс болон түүний ач тусыг дэлгэрэнгүй тайлбарласан байна.

28. ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ ОРХИЛ, ОРЛОЛ 

Зохиолч: Г.Баттогтох
Хэвлэлийн газар: Степпе паблиншг

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор Г.Баттогтохын “Монгол хэлний холбоосжилт” хэмээх хоёр боть хэвлэлтээс гарчээ. Степпе паблиншгаас эрхлэн хэвлүүлсэн тус бүтээл нь “Орчин цагийн монгол хэлний холбоос”, “Орчин цагийн монгол хэлний орхил, орлол” гэсэн хоёр ботиос бүрдэх бөгөөд өнөө цагийн монгол хэлний холбоосыг тайлбарлах, мөнхүү орхил ба орлол”-ыг хэрэглэх үндсэн тогтолцоо, утга бүтээх шинжийг нь судлан тайлбарласан ажээ.


ХҮҮХДИЙН НОМ

29. Ягаан машинтай найз

Зохиолч: Б.Энхжаргал, И.Золзаяа
Хэвлэлийн газар: Болжмор Паблишинг
Үнэ: 25,000₮

Номын зохиогчид эл номоороо дамжуулан өсвөр насны эхэн үеийн охидод зориулан сарын тэмдэг, дааврын тухай мэдээллийг энгийн бөгөөд хөнгөн аргаар өгөхийг зорьжээ. Сарын тэмдэг яагаад ирдэг, хэрхэн бэлтгэх, сарын тэмдгийн үед бие, сэтгэл санаагаа хэрхэн арчлах зэрэг тун чухал мэдээллийг уг номоос унших боломжтой ажээ.

30. “Монгол хүн” цуврал: С.Зориг

Зохиолч: Б.Төрмөнх
Хэвлэлийн газар: Жангар хүүхдийн редакц
Үнэ: 26,900₮

Монсудар хэвлэлийн газрын “Монгол хүн” цувралын удаах дугаарт Монголын ардчилсан хөдөлгөөний гол төлөөлөгч, “Ардчиллын алтан хараацай” хэмээн алдаршсан Санжаасүрэнгийн Зориг агсны амьдрал, үзэл санаа, тэмцлийн тухай өгүүлжээ. Энэхүү бүтээл нь хүүхэд багачууддаа уншуулах бас нэгэн сонирхолтой ном болж чадна гэдэгт итгэлтэй байна.

31. Туяагийн нүүдэл

Зохиолч: И.Ганбаатар
Зураач: Б.Болормаа
Үнэ: 30,000₮

Анх Япон хэлнээ хэвлэгдэж, 2016 онд Японы Соёлын яамны нэрэмжит шагнал хүртэж байсан тус бүтээл энэ номын баяраар бяцхан Монгол уншигчдын гарт хүрч байна. Сонирхуулахад, эл номын зураач Б.Болормаа нь 20 гаруй хүүхдийн зурагт номыг бүтээсэн бөгөөд өнгөрсөн онд л гэхэд Ёкохамагийн музейд "Уудам талын 800 жил" болон "Туяагийн нүүдэл" номынхоо эх зургийн үзэсгэлэнгээ толилуулаад амжсан билээ.

32. Шинжлэх ухааны тайлагдашгүй нууцууд

Зохиолч: Питер Галливан
Хэвлэлийн газар: Жангар хүүхдийн редакц
Үнэ: 29,900₮

Энэхүү номд дэлхий ертөнцийн хамгийн сонирхолтой, тайлагдаагүй нууцуудыг шинжлэх ухааны өнцгөөс тайлбарлажээ. Цох яагаад маш олон төрөлтэй байдаг, дэлхийн ус хаанаас үүссэн, харь гаргийн амьдрал бий эсэх зэрэг асуултуудаар дамжуулан хүн төрөлхтөн одоо ч судалсаар буй гайхамшигт ертөнцийг хүүхэд багачуудад танилцуулна.

33. Гэдэс нь өлссөн авгалдай 

Зохиолч: Эрик Карл
Хэвлэлийн газар: Жангар хүүхдийн редакц
Үнэ: 19,900₮

Бяцхан уншигчдын эчнээ танил “Гэдэс нь өлссөн авгалдай” дахин хэвлэгджээ. Энэхүү бүтээл хэвлэгдсэн даруйдаа дэлхий даяар сая сая хувь борлогдон, олон арван хэлээр орчуулагдсан байна. Тус номын хуудас бүрийг эргүүлэхдээ хүүхдүүд бяцхан авгалдайтай хамт аялж, тоо, өнгө, хоол хүнс, долоо хоногийн гаргууд болон авгалдай эрвээхэй болж хувирах байгалийн гайхамшигт мөчлөгийг хөгжилтэй аргаар суралцах боломжтой.

34. Хачико

Зохиолч: Питер Галливан
Хэвлэлийн газар: Нэпко Кидс

Энэхүү итгэл, хайр, үнэнч нөхөрлөлийн тухай Хачико нохойны сэтгэл хөдөлгөм түүхийг хүүхэд багачууд маань англи, монгол хос хэлээр унших боломжтойгоороо онцлогтой. Иймд хүүхэд багачуудад хэл сурах, унших дадал суулгахад тохиромжтойн зэрэгцээ гэр бүлээрээ хамтдаа адал явдал, нөхөрлөлийн тухай унших хормыг ч бэлэглэх боломжтой.


ШҮЛГИЙН ТҮҮВЭР

35. Өчигдөр мэт

Яруу найрагч: Д.Даваажаргал

Яруу найрагч Д.Даваажаргал анхны шүлгийн түүврээ уншигчдадаа хүргээд байна. Шүлэг, яруу найрагт дуртай хэн бүхэн тус түүврийг уншаад үзээрэй. Хавар, намрын улирал ямагт шүлэг, яруу найраг уншихад таатай байдагтай уншигч та магад санал нэгдэх биз ээ.

36. Хэвлэгдэхээ хүлээлгүй бүдгэрэх өдрүүд

Яруу найрагч: Т.Бямбасүрэн
Хэвлэлийн газар: Чимээ паблишинг

Яруу найрагч, зохиолч Т.Бямбасүрэн-ийн “Өнө удаан” түүврээ хэвлүүлснээс хойш таван жил өнгөрчээ. Тэрээр энэ хугацаанд бичиж тэрлэсэн шүлгүүдээ “Хэвлэгдэхээ хүлээлгүй бүдгэрэх өдрүүд” хэмээх нэр дор эмхэтгэжээ. Ингээд зохиолч бээр энэ Номын баяраар хоёр бүтээлтэй оролцох нь ээ, баяр хүргэе.

37. Шүлгүүд

Яруу найрагч: В.Шимборска
Хэвлэлийн газар: Boobooks

Энэ жил мөн Нобелийн шагналт, Польшийн нэрт яруу найрагч Вислава Шимборскагийн шүлгүүд анх удаа манай уншигчдын гарт очихоор болжээ. Энэхүү түүвэрт "Музей", "Театрын сэтгэгдэл", "Лоотын эхнэр" зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг шүлгүүд нь багтсан байна.

38. Харз

Яруу найраг: Ц.Гончиг

“Тойром”, “Цул мөнгөн гүүр” номуудын зохиолч Ц.Гончигийн шинэ яруу найргийн түүвэр уншигч олондоо хүрэхэд бэлэн болсон ажээ. Тэрээр долоон жилийн өмнө хэвлүүлсэн “Цэцгийн нэртэй сууринд” яруу найргийн түүврээсээ хойш бичсэн шүлгүүдээ эмхэтгэж, “Харз” нэртэй уншигчдадаа хүргэж буй нь энэ билээ.

39. Яруу найраг

Зохиолч: Д.Оюунчимэг
Хэвлэлийн газар: Ножо хэвлэлийн газар
Үнэ: 28,800₮

Энэ хавар зохиолч, яруу найрагч Д.Оюунчимэгийн “Яруу найраг” нэрт бүрэн түүвэр хэвлэгдэн гарлаа. Тэрээр өмнө нь яруу найргийн төрлөөр “Харанхуйн дуулал”, “Очирт уулын бичиглэл”, хүүрнэл зохиолын төрлөөр “Гэсгээгдэгсэд”, “Тэнгэрийн цаг болоогүй” туужууд, Оройн ганц мод, Тунгалаг хөх асар, Норгой, Усгал I, Усгал II романууд хэвлүүлсний зэрэгцээ жүжиг, кино зохиол ч туурвиж байжээ.