"Номтой яриа" булангийнхаа энэ удаагийн дугаарт МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш, судлаач Шагдарын Туяаг урилаа. Кэмбрижийн их сургуульд антропологийн чиглэлээр зэрэг ахиулж доктор болохоор суралцаж буй тэрээр АНУ-ын Висконсин-Милуаки их сургуулийн харьцуулсан уран зохиолын магистр юм. 

ТА ЯМАР ТӨРЛИЙН НОМ УНШДАГ ВЭ? ОДОО УНШИЖ БУЙ НОМ?

Ажил, судалгаатайгаа холбогдуулаад эрдэм шинжилгээний бүтээлүүд байнга уншдаг. Нийгэм соёл, утга зохиолын онолын номууд түлхүү унших хэрэгтэй болдог гэсэн үг л дээ. Өөрөө ч онолын ном унших дуртай. Диссертацдаа зориулаад антропологийн номууд уншиж судалж байна. Хээрийн судалгаагаа хийхээр Монголд ирчихсэн байгаа юм. Энэ хугацаандаа МУИС-т багшилж байгаа болохоор хичээлтэйгээ холбогдуулаад уран зохиолын номууд мэдээж уншина. Сүүлд найзын маань бэлэглэсэн “Хайрын дөчин дүрэм” гэдэг ном их таалагдсан. Орчуулга нь маш сайн. Бас, унтахынхаа өмнө Чарльз Боудэний “Modern History of Mongolia”-г уншиж байгаа. XVI-XX зууны Монголын түүхийг харуулсан бүтээл юм л даа. Чарльз Боудэн 1950-аад оны үед Монголд ирж тэрхүү номоо хэвлүүлсэн түүхтэй.

ТАНД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛСӨН, ТОМ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРСАН НОМ?

Би онолын бүтээл унших дуртай. Яг ийм тийм гэж нэг ном нэрлэмээргүй байна. Уншсан ном бүхэн нийлээд хур мэдлэг болдог шүү дээ. Ер нь аль нэг зохиолчийг тахин шүтэх хандлагыг дэмждэггүй.

Багаасаа ном сонирхож, монгол, орос хэлээр зөндөө уншдаг байлаа. Манай ээж нийгэм судлалын чиглэлийн хүн, Түүхийн хүрээлэнд ажилладаг байсан болохоор манай гэрт түүх, нийгмийн сэдэвтэй ном олон. Тэндээс гарт тааралдсаныг аваад уншдаг байлаа. Манай өвөө шүлэг бичдэг, эмээ маань төрөл бүрийн ном уншдаг, цуглуулдаг хүн байсан.

НОМЫГ ЯМАР БАЙДЛААР, ЯАЖ УНШДАГ ВЭ?

Ажил, судалгаатай холбогдолтой номыг бол ширээний ард сууж байгаад нягт уншина. "Close reading" гэдэг дээ. Харин утга зохиол, түүхийн номыг бол голцуу орондоо, тавтайхан унших дуртай. Ном уншиж байгаад унтаад, буцаж сэрээд уншаад л (инээв).

БУСАД ХҮМҮҮСИЙГ УНШААСАЙ, МЭДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ НОМ? (АВТОР)

Дэвид Фостер Уоллесын “Both Flesh and Not” гэдэг ном. Надад Д.Ф.Уоллес их таалагддаг. Утга зохиолын хүн, гоё ч эсээнүүд бичдэг. Миний хамгийн шимтэж уншдаг зохиолчдын нэг л дээ. Орчин үеийн зохиолч хэр нь ёс суртахууны асуудлыг их хөнддөг. Хэрэглээний, зах зээлийн эдийн засаг, үүнээс уламжлаад нийгэмд гарч байгаа өөрчлөлт, хүний зан авир, сэтгэхүйн хувирал гээд л.

Дэвид Фостер Уоллес

ХЭРВЭЭ ТА НОМ БИЧИХ ЁСТОЙ ГЭВЭЛ ТЭР НЬ ЮУНЫ ТУХАЙ, ЯМАР ТӨРЛИЙН НОМ БАЙХ БОЛ?

Уолтер Бенжамины "Task of the Translator" гэж алдартай эсээ бий, түүнийг саяхан орчуулсан. Кэмбрижийн их сургуулийн профессор, миний багш Урадын Булагийн жил гаруйн өмнө бичсэн “Монгол дахь ястны үзэл ба үндэсний эв нэгдэл, тэдгээрт холбогдох эрхзүйн асуудал” бүтээлийг МУИС-ийн багш Э.Туулайхүүтэй хамтарч орчуулаад, одоо хэвлэлтээс гарахыг нь хүлээж байна. Яг өөрийн бүтээл гэвэл, диссертациа ном болгож хэвлэнэ дээ. Монголын XX-XXI зууны удирдагчдыг антропологийн үүднээс судалсан бүтээл болох юм.

НОМТОЙ ХОЛБООТОЙ ХЭЛМЭЭР САНАГДДАГ ЗҮЙЛ?

Уншиж байгаа номдоо шүүмжлэлтэй хандаж сураасай гэж хүсдэг дээ. Цаагуураа юу хэлэх гээд байна, ямар үзэл баримтлалтай байна вэ, ямар чиг хандлагыг хүмүүст суулгах гээд байна гэх мэтчилэн. Цаад, далд санааг нь ухахгүйгээр ийм зүйлийн тухай, тиймэрхүү агуулгатай гээд өнгөрөх бол өрөөсгөл. Ямар ч зохиолчийн, аль ч номыг шүүмжлэлт нүдээр харж сурах хэрэгтэй.

ЭДГЭЭР АСУУЛТАД ХЭНИЙГ ХАРИУЛААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА?

Германд докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа Н.Манлай гэж судлаач залуу бий. Сүүлд миний бичсэн нэг нийтлэл дээр Франкфуртын сургуулийн утга зохиолын онолын үүднээс задаргаа хийсэн нь тун сонирхолтой байсан.