Европын Холбооны санхүүжилттэй “Иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” (DICE) төслийн зүгээс энэ сарын 14-ний өдөр иргэний нийгэм, төрийн байгууллага болон хөгжлийн түншүүдийн төлөөллийг оролцуулсан мэдлэг солилцох арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд оролцогчид цахим шилжилтийн бодлогын хэрэгжилт, олон нийтийн цахим оролцоог нэмэгдүүлэх боломж, цахим хуваагдлыг бууруулах чиглэлд хэрэгжиж буй сайн туршлага, сорилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
ЭХЛЭХИЙН ӨМНӨ: DICE ТӨСЛИЙН ТУХАЙ
Европын Холбооны санхүүжилттэй DICE төслийг Пипл ин Нийд ОУТББ нь Фаро Фаундэйшн ТББ болон ЦХИХХЯ-тай хамтран ИНБ-ыг чадавхжуулах, иргэн төвтэй цахим шилжилтийг дэмжих чиглэлд 2026 оны зургаадугаар сар хүртэл хэрэгжүүлнэ.
Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн нийт 60 гаруй ИНБ, ИНБ-ын сүлжээдийг хамруулсан чадавх бэхжүүлэх хөтөлбөр, сургалуудыг зохион байгуулсан. Ингэхдээ ИНБ, ИНБ-ын сүлжээний дотоод чадавхыг бэхжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, шийдвэр гаргагч талуудтай хамтран бодлогын түвшинд цахим шилжилттэй холбоотой цахим хуваагдлыг арилгах чиглэлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарав.
Эдгээр сургалт, хөтөлбөрүүдийн үр дүнд олж авсан мэдлэг, чадвар, туршлагадаа үндэслэн Улаанбаатар хот болон Өмнөговь, Ховд, Булган аймгуудад үйл ажиллагаа явуулж буй нийт 29 ИНБ, ИНБ-ын сүлжээ DICE төслийн хүрээнд тэтгэлэгт төслүүдийг хэрэгжүүлж байгаа аж.

ОНЦЛОХ САНААНУУД
Арга хэмжээг нээж, Монгол Улс дахь Европын Холбооны Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Адриен Мург цахим хүртээмж нь технологийн хэрэглээг нэмэгдүүлэх төдий бус, хүн бүрийг орчин үеийн нийгэмд идэвхтэй оролцох боломж, чадвараар хангах чухал хүчин зүйл гэдгийг онцолсон ба төсөлд оролцож буй байгууллагуудын хувь нэмрийг өндрөөр үнэлснийг дурдууштай. Тэрээр зорилтот бүлгийн иргэдийг чадавхжуулах ажлыг онцгойлон тэмдэглэж, цахим орчинд оролцох тэгш боломжийг бүрдүүлэхэд хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлон ярьж байсан юм.

Пипл ин Нийд ОУТББ-ын суурин төлөөлөгч Тришиа Төрболдын хувьд сүүлийн саруудад иргэний нийгмийн байгууллагууд цахим хэрэгслийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, олон нийтийг цахим орчинд аюулгүй, үр дүнтэй оролцуулах шинэ арга барил туршин амжилттай хэрэгжүүлж байгааг онцоллоо. Түүнчлэн “Энэхүү арга хэмжээ нь байгууллагуудын хуримтлуулсан туршлага, сургамжийг нэгтгэж, амжилттай санаачилгуудыг түгээхээс гадна, тулгамдсан сорилтыг хамтад нь хэлэлцэж, цаашдын хамтын үйл ажиллагааны шинэ санааг бий болгох боломжийг олгож буй”-г цохон тэмдэглэв.

ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛэг 1
Энэхүү арга хэмжээ нь үндсэн хоёр хэлэлцүүлгийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд эхний хэлэлцүүлгийн үеэр Европын Холбоо, ЦХИХХЯ, ИНБ-ын төлөөллүүд цахим шилжилтийн бодлогын хэрэгжилтийн талаар байр сууриа хуваалцсан юм. Тодруулбал, Eвропын Холбооноос Монгол Улсад ИНБ-уудтай хамтран ажилласан олон жилийн туршлага, түүний дотор Европын Холбооны санхүүжилтээр дэлхий даяар 130 гаруй байгууллагад хэрэгжиж буй сэдэвчилсэн хөтөлбөрүүдийн нэг нь DICE төсөл болохыг онцлов. Мөн хүртээмжтэй цахим шилжилт тус байгууллагын хувьд цаашид ч тэргүүлэх зорилтуудын нэг хэвээр байх төдийгүй ИНБ-уудтай хамтран ажиллах дараагийн гурван жилийн зорилтод тусгагдсан талаар дурдаж байлаа.

ЦХИХХЯ-ны төлөөлөл цахим шилжилт гэх ойлголт сүүлийн үед яригдаж байгаа сэдэв биш бөгөөд ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш харилцаа холбооны сүлжээ, шилэн кабелийн холболтууд Монгол орон даяар үе шаттайгаар хийгдэж ирснийг онцолж байсан юм. Харин сүүлийн жилүүдэд “Цахим үндэстэн” хөтөлбөр, “Бүх нийтийн цахим ур чадварын хүрээ” зэрэг бодлогын ажлууд нь төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, алслагдсан орон нутагт цахим хуваагдлыг арилгахад чиглэн хэрэгжиж байгаа аж. Мөн ИНБ-ын төлөөлөл жендерийн тэгш байдлыг хангах нь цахим шилжилтийн нэгэн чухал хэсэг болохыг онцлон, жендерийн мэдрэмжтэй цахим хөгжлийн гарын авлагыг боловсруулж буй тухай шинэ мэдээллийг хуваалцлаа. Үүнтэй зэрэгцэн орон нутагт мэдээллийн хүртээмж, олон талт хамтын ажиллагаа хангалтгүй байгаа нь цахим оролцоог нэмэгдүүлэхэд саад болж буйг оролцогчид хэлэлцэж, Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй ИНБ-уудын туршлага, бодлого нөлөөллийн ажлын жишээг танилцуулав.
ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2
Цахим хуваагдлыг бууруулах сэдэвт хоёр дахь хэлэлцүүлэгт DICE төслийн хүрээнд тэтгэлэгт төсөл хэрэгжүүлэгч зургаан ИНБ-уудын төлөөлөл оролцсон юм. Тэд төслийн зорилтот орон нутаг болох Өмнөговь аймгийн ИНБ-ууд уул уурхайн үйл ажиллагаа явагддаггүй сумдад зорилтот бүлгүүдийн цахим хүртээмжийг сайжруулахад гарсан ахиц дэвшлээ танилцууллаа. Цахим боловсролын түвшин болон цахим хэрэглээний дутагдал, ялгаатай байдал нь иргэдийг цахим хуваагдалд оруулж буйг тэд төдийлөн ойлгодоггүй, ач холбогдол өгдөггүй. Харин цахим ур чадварын сургалт, агуулгын шинэ арга зүй иргэдийн мэдлэг, чадвар, хандлагад өөрчлөлт авчирсан болохыг онцлон тэмдэглэсэн нь бусад оролцогчид урам зориг өгснийг онцлууштай. Зөвхөн зорилтот бүлгийнхэн төдийгүй төрийн албан хаагчид ч цахим аюулгүй байдлын сургалтад идэвхтэй хамрагдаж байгаа нь өөрчлөлт эхэлж буйн тод жишээ болж байна.

Мөн залуу үеийнхний дунд цахим аюулгүй байдлын мэдлэгийг бодит түүхээр дамжуулан түгээх нь илүү үр дүнтэй байгааг өсвөр үеийнхэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулж буй ИНБ-ын төлөөлөл онцоллоо. Цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоонд анхаарах шаардлага байсаар буй бөгөөд тэднийг үйл ажиллагаандаа тэгш оролцуулах хандлагыг төлөвшүүлэхэд анхаарч байгаа нь төслийн нэгэн чухал үр дүн болжээ. И-Монголиа системийн шинэчлэлт, олон хэл дээр ашиглах боломж, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан сайжруулалт зэрэг технологийн шийдэл ар араасаа хийгдэж байгаа ч алслагдсан орон нутагт хүртээмж хангалтгүй хэвээр байгаа нь анхаарал татсан асуудал байлаа. Иймд төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа нь энэ “цоорхойг” нөхөх гол зангилаа гэдэг дээр оролцогчид нэгдсэн байр суурьтай байв.
ХАМТЫН ОРОЛЦОО
Арга хэмжээний хүрээнд оролцогчид бүлгийн ажлаар цахим шилжилт дэх олон нийтийн оролцооны өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, тулгамдаж буй сорилтуудыг тодорхойлон, цахим хуваагдал, сорилтуудыг бууруулах шийдлүүдийг хамтран боловсруулав. Нийгмийн өөрчлөлт нь тогтолцооны өөрчлөлттэй хослон явах шаардлагатай тул DICE төсөл Монгол Улсад цахим оролцоог нэмэгдүүлэх, ИНБ-ыг чадавхжуулах, тэгш хүртээмжийг бий болгоход урагш хөдөлгөх хүч нь болж, бодитой, урт хугацааны үр нөлөө үзүүлж буйг оролцогчид бататгаж байв.




Сэтгэгдэл бичих

