Орой хоол идэх нь буруу гэдгийг өдгөө хүн бүр мэдэх болов уу. Harvard Medical School-ийн 2022 оны судалгаагаар оройн цагаар хоол идэх нь өлсөх мэдрэмжийг улам нэмэгдүүлдгийг тогтоосон бол энэ оны дөрөвдүгээр сард Nature сэтгүүлд нийтлэгдсэн “Daytime eating during simulated night work mitigates changes in cardiovascular risk factors” судалгаанд шөнө хооллох нь зүрх судасны өвчлөлд хүргэдгээс гадна стресс, бухимдлыг улам нэмэгдүүлдэг талаар өгүүлжээ.
Холбоотой нийтлэл: Таргалалттай тэмцэхэд таны оролцоо хэр чухал вэ?
Харин бид яагаад мэдсээр байж оройн цагаар хоол эргүүлдэг юм бол? Эсвэл яагаад бид заавал орой өлсдөг хэрэг вэ? Учрыг нь уг нийтлэлээрээ тайлбарлая.
Яагаад бид орой өлсдөг вэ?
Үүний хариулт нь бидний анчин-түүвэрлэгч үеийн өвөгтэй холбогдоно. Тодруулбал, Johns Hopkins University School of Medicine-ийн профессор Сюзан Карнеллийн тайлбарлаж буйгаар эрт үеийн анчин-түүвэрлэгчид өдрийн цагаар ан хийх, жимс түүх зэргээр хоол хүнсээ цуглуулдаг байсан бол нар буусан хойно гэртээ харьж, хамтдаа хооллодог байжээ. Мөн хүний бие бухимдсан үедээ өөрийгөө аюулд орлоо хэмээн үздэг бөгөөд анчин-түүвэрлэгчид өнөөгийн бидэн шиг “хөргөгч” гэх хоол хүнсний нөөцлөгчгүй байсан тул аливаа хүнсний эх үүсвэр гэнэт алга болохоос өмнө чадах чинээгээрээ илчлэг авах сонирхолтой чигтээ хувьссаар иржээ.
2018 онд International Journal of Obesity сэтгүүлд нэгэн сонирхолтой судалгаа нийтлэгдсэн байна. Тус судалгаанд оролцогчдын өлсөх даавар (ghrelin) бухимдсан тохиолдолд оройн цагаар илүү ялгарч байгаа нь ажиглагджээ. Түүгээр ч зогсохгүй тухайн оролцогчдод хоол идсэний дараа цадах мэдрэмж төрүүлдэг “Рeptide YY” хэмээх даавар харьцангуй бага ялгарч байсан аж.
Үүнээс гадна чихэрлэг, давслаг, уураг, тос ихтэй хоол хүнс тархины шагналын систем (mesocorticolimbic circuitry)-ийг өндөр түвшинд идэвхжүүлдгийг дурдууштай. University of Pennsylvania-гийн профессор Келли Аллисоны хэлж буйгаар хоолноос илүү тархинд таашаал өгдөг зүйл бараг л үгүй гэнэ. Мөн өглөө эрт эрүүл хооллолтын дэглэм барьдаг хүмүүст орой өлсөх мэдрэмж илүү төрөх боломжтой ажээ. Учир нь мэргэжилтнүүдийн үзэж буйгаар өдрийн турш хэдэн зуун сонголттой нүүр тулсаар орой гэхэд бидний оновчтой шийдвэр гаргах чадвар тодорхой хэмжээнд буурсан байдаг тул эрүүл хооллолтоос илүү дуртай амттанаа сонгох хандлагатай болдог байна.
Орой хооллох тусам улам өлсдөгийн учир
Нийтлэлийнхээ эхэнд оройн цагаар хоол идэх нь өлсөх мэдрэмжийг улам нэмэгдүүлдэг тухай цухас дурдсан билээ. Тэгвэл Harvard Medical School-ээс хэрэгжүүлсэн нэгэн судалгаагаар хүн ердийн хоолны мөчлөгөө дөрвөн цагаар хойшлуулахад л өлсөх хэмжээ (hunger level), хоол идсэний дараах калори шатаалт болон өөх тос шингээх үйл явцад бүхэлдээ мэдэгдэхүйц өөрчлөлт гардаг болохыг тогтоосон байна.
Уг судалгааны баг биеийн жингийн индекс нь илүүдэл жин эсвэл таргалалтын хэмжээнд хүрсэн арван зургаан хүнийг судалгаандаа хамруулжээ. Сонирхолтой нь, судалгаанд оролцогч бүр хоёр өөр лабораторийн протоколд хамрагдсан бөгөөд нэг нь хатуу зохицуулалттай, эрт хооллох хуваарьтай бол нөгөө нь яг ижил хэмжээний хоолтой боловч өдөрт дөрвөн цагийн хойно л хооллох хуваарьтай байсан гэнэ. Лабораторийн протокол бүрийн өмнөх хоёроос гурван долоо хоногт оролцогчид унтах, сэрэх цагийн тогтсон дэглэм баримталсны дээр лабораторид орохоос өмнөх сүүлийн гурван хоногт гэртээ судалгааны үеэр хэрэгжүүлэх хоолны дэглэм, цагийн хуваарийг ёсчлон мөрдсөн аж.
Түүнчлэн, лабораторид байх хугацаанд оролцогчид өлсөх мэдрэмж болон хоолны дуршлаа тогтмол бүртгэж, өдрийн турш бага багаар ойр ойрхон цусны дээж өгч байснаас гадна биеийн хэм болон энерги зарцуулалтаа хэмжүүлж байжээ. Судлаачид хэдэн цагт хооллох нь биеийн өөхийг хадгалах явц (адипогенез)-д оролцдог тодорхой молекул замуудад хэрхэн нөлөөлж буйг тогтоохын тулд эрт болон орой хооллох хоёр нөхцөлийн аль алинд нь оролцогчдоос өөхөн эдийн биопси аван гений илэрхийллийн түвшин (gene expression patterns)-ий ялгааг нь харьцуулан судалсан байна.
Үр дүнд нь орой хооллох нь өлсөх мэдрэмж болон хоолны дуршлыг зохицуулдаг лептин, грелин гэх хоёр дааварт хүчтэй нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тодруулбал, цадсан дохио өгдөг лептин дааврын хэмжээ эрт хооллосонтой харьцуулахад орой хооллосон үед 24 цагийн турш бага байсны дээр орой хооллосон үед судалгаанд хамрагсдын калори шатаах хурд удааширч, өөхөн эд дэх гений илэрхийлэл нь өөх задрах явц (липолиз)-ыг багасаж, өөх хуримтлагдахад илүү таатай орчин бүрдүүлж буй нь ажиглагджээ. Товчдоо, орой хооллох тусам бидэнд цадсан дохио өгдөг лептин хэмээх дааврын хэмжээ багасдаг учир улам өлсдөг байх нь.
Тэгвэл яах вэ?

Эрүүл мэнд, хооллолтын сэтгүүлч Мэригрейс Тэйлор дараах зөвлөмжүүдийг санал болгожээ. Тэрээр Parade, Glamour, and Men's Health зэрэг олон нэр хүндтэй сэтгүүлд нийтлэлүүдээ нийтлүүлж байсан бөгөөд Allergy-Friendly Food For Families номын хамтран зохиогч билээ.
Өдөр хоолоо сойж болохгүй. Ажил ихтэйгээс үүдэн өдрийн хоолоо алгасахаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь зохисгүй хэмжээнд хоолоо хорих нь орой ядарсан үед хэтрүүлэн идэхэд хүргэдгийг санууштай.
Шинэ дадал тогтоох. Дуртай цуврал, шоугаа үзэнгээ хооллодог бол үүнийгээ зогсоогоорой. Оронд нь оройд алхах, ном унших дадлыг өөртөө суулгахыг зөвлөж байна.
Холбоотой нийтлэл: Шинэ дадал тогтооход туслах 4 зөвлөгөө
Амттанаа тааруулах. Шөнө орой амттан идэхээ бүр мөсөн зогсоох шаардлагагүй, харин нэг дор хэтрүүлэн идэхгүй байх нь чухал. Хайрцаг, уутнаас нь шууд идэхийн оронд тодорхой хэсгийг хувааж аваад аяга тавгаас идэж хэвшээрэй.
Зурагт үзэх цагаа хянах. Судалгаагаар зурагт удаан үзэх тусам бид улам эрүүл бус хооллодог болохыг баталжээ.
Эцэст нь уншигч та хүйтний улиралд дархлаагаа дэмжин, оройн цагаар хооллохоос зайлсхийж эрүүл мэнддээ анхаараарай.

Сэтгэгдэл бичих

