“Онцлох таван тоглолт” цуврал нийтлэлийн шинэ дугаарт тавтай морил. Ээлжит зочныхоо эрлийг бид волейболын үндэсний дээд лигийн ширүүн өрсөлдөөн өрнөж буй энэ цаг үетэй холбохыг хичээлээ. Энэ удаагийн зочноор Япон, Тайвань, Филиппин улсын мэргэжлийн лигт тоглосон хашир туршлагатай, Монголын волейболын спортын түүхэн дэх анхны экспорт тоглогч Г.Хандсүрэн оролцож байна.
2013 оны өсвөрийн улсын аварга

Одоо болдог эсэхийг нь мэдэхгүй ч тухайн үед идэрчүүдийн улсын аваргаас шалгарсан шилдэг найман багийн хооронд “Супер 8” гэх тэмцээн зохиогддог байсан юм. Миний хувьд тэрхүү тэмцээнээр волейболын дебют тоглолтдоо оролцож байлаа. Волейболын дүрэм, байрлалын талаар ямар ч ойлголтгүй, ердөө цохиод давуулаад сурчихсан “дэмий гонзгой” байсан надад нэг үед хоёр удаа торонд хүрвэл амжилт шиг санагддаг байж билээ. Хүрэл медалийн төлөөх тоглолтын үеэр манай багийн гишүүн Хандармаа буюу тухайн үеийн бидний дуудлагаар Томоо эвгүй гишгээд шагайгаа гэмтээх шахлаа. Би тийм зүйл анх удаа харсныг ч хэлэх үү, өмнөөс нь санаа зовж, талбай дээр шууд л уйлаадахлаа. Бүр шүүгч нь ирж намайг аргадаад сая нэг тайвширч тоглолтоо үргэлжлүүлж байв. Бас болоогүй, тэмцээн дуусаад Багануураас хөдлөх болоход цасан шуурга шуурч, зам хаагаад нэгдүгээр хорооны байрны хонгилын давхарт багаараа хонож байсан нь одоо бодоход сайхан дурсамж болон үлдэж. Хэрвээ би тэр тэмцээнд яваагүйсэн бол волейболын сайхныг мэдэрч чадалгүй, огт өөр замаар явах байсан даа гэж боддог.
2. япон явах шалгаруулалт


ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуульд орохоор бэлдэж байсан 11-р ангийн өвөл. Хичээл давтаж, хар зураг зурахын хажуугаар хотын аварга шалгаруулах тэмцээнд 20-р сургуулийн багт тоглож байх тэр үеэр волейболын тамирчин хүүхдүүдээс нэгийг нь сонгож, нутаг руугаа авч явахаар Япон дасгалжуулагч ирээд, бид ч цөм шалгуулах хэрэг гарав. Тухайн үед би довтолж чадахгүй, хаалт хийж мэдэхгүй, тоо нь л буурснаас биш өнөөх л торонд хүрдэг нөхөр хэвээрээ байлаа.
20 орчим хүүхэд шалгуулахаар болж, жижигхэн цаасан дээр ерөнхий мэдээллээ бичиж өгөх боллоо. Би ч овог нэрээс цааш баттай мэдэж байгаа зүйл алга шүү. Өндөр, жингээ багцаалдаж биччихээд волейболоор хэдэн жил хичээллэж байгаа вэ? гэх асуулт дээр нь өөрийн эрхгүй “Би чинь одоо хичээллэдэг юм болов уу?” гэх бодол төрж, сүүлийн үед оролцсон тэмцээн, хаа нэг хийдэг бэлтгэл сургуулилтынхаа хугацааг тооцож үзээд нэг жил гэж бичээд өглөө. Эрэл дунд сургуулийн жижиг зааланд дээрээс, доороос бөмбөг авхуулж, цохиулах дасгал хийлгэж байснаа хэдэн эгнээ болгож зогсоогоод баруун гараа зүүн хөлөндөө хүргэх, тэр хөдөлгөөнөө солбих, мөн ижил ардаа хийх дасгалыг гүйнгээ хийхээр болов. Түүнийг нь би яагаад ч юм торох юмгүй хийж чадсан ч бусад нь харин будилж, алдаад байгаа нь намайг их гайхшируулж билээ. Япон руу ирэн очин байдаг эрэгтэй найз маань шалгаруулалтын үеэр байсан нь надад их тус болсон юм. Тэр миний талд суучхаад “Хандаа чанга дуу гаргаад, орилоод байгаарай. Япончуудад тэр их чухал байдаг юм аа” гээд л хэлж байна. Тэгэхээр нь би “Байна аа, би би” гээд л орилоод байснаа санадаг юм. Дараа нь том заал руу орж, довтлох шалгуур авсан нь торноос чүү ай бөмбөг давуулдаг надад их том сорилт шиг санагдаж байв. Ингээд л бүх шалгуур дуусаж, шалгарсан тамирчин руу эргээд холбогдоно гээд бидний утасны дугаарыг тэмдэглэж аваад явлаа.
Хоёр сарын дараа надад Японоос дуудлага ирж, миний бүх төлөвлөгөө өөрчлөгдсөн юм даа. ШУТИС, ЭЕШ аль алийг нь орхиж, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авчхаад хаврын урь орох цагаар Японы ахлах сургууль руу явах боллоо. Гэхдээ энэ удаа волейбол гэх том зорилгын төлөө.
3. 2015 оны азийн аварга шалгаруулах тэмцээн


Японд очсоноос нэг жилийн дараа Монгол Улсын Үндэсний шигшээ багт дуудагдлаа. Тухайн үед Ц.Баярсайхан дасгалжуулагч намайг өсөх ирээдүйтэй гэж үзээд сэлгээний тамирчнаар сонгосон юм шиг байгаа юм. Шигшээ багт насаар илт бага хоёр тамирчин байсны нэг нь би. Бусад нь Монголдоо л босоо аваргууд гэгддэг дээд үеийн туршлагатай тамирчид.
Австралитай хийсэн тоглолтын үеэр Пүрэвжаргал эгч мөрөө гэмтээсний улмаас би талбай дээр гарах боллоо.
Туслах дасгалжуулагчид: Туршлагагүй, нас бага хүүхэд тоглож чадахгүй ээ.
Баярсайхан дасгалжуулагч: Үгүй ээ, Хандаад туршлага суулгахын тулд гараанд гаргах хэрэгтэй.
Энэ ширүүн нөхцөл байдлыг дэргэдээс нь сонсож байгаа арван наймхан настай хүүхдийн сэтгэл их л дарамт мэдэрч байсан санагддаг. Багийнхан маань ч надад итгэхгүй байгаа нь нүднээс нь илт харагдаж байсан. Мэдээж яаж итгэх вэ дээ. Тэр давааг би давж чадахгүй гэдгээ өөрөө ч мэдэж байсан болохоор итгээсэй ч гэж хүсээгүй. Бид тэр тоглолтод ялагдаж, “Хожим би илүү ур чадвартай тамирчин болсныхоо дараа Австралитай дахин таардаг юм бол...” гэсэн битүүхэн зорилго тээн тэмцээнээ өндөрлүүлсэн.
4. 2023 оны азийн аварга шалгаруулах тэмцээн

Өнгөрсөн жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээн дээр Австралитай зоондоо таарч тоглохоор болов. Миний хувьд найман жилийн хугацаанд хэрхэн бэлтгэгдсэнээ өөртөө болон тэдэнд батлан харуулах онцгой мөч гэсэн үг шүү дээ. Харамсалтай нь бид 3-0 харьцаагаар хожигдсон.
Товчхондоо, багийн спортод тамирчдын сэтгэл зүй, биеийн эрүүл мэнд, өөртөө итгэх итгэл тааруухан байвал амжилт гаргана гэдэг ярвигтай. Тухайн үед бид нэг зуны хугацаанд, хоорондоо 10 хоногийн зайтай дөрвөн тэмцээнд оролцсон. Ядралт, стресс их мэдэрч байсан ч нөгөө л шахуу хуваариас болоод сэтгэл зүйчтэй ажиллах боломж олдоогүй.
5. японы мэргэжлийн дээд лиг

Нэг сонирхолтой зүйлийг хэлэхэд, би Японд тоглож байх үедээ одоогийнхоос бараг 10 дахин илүү формтой байсан гэхэд хилсдэхгүй. Тухайн үед Японы мэргэжлийн лигийн давуулалтын дундаж хурд 65км/цаг байсан бол минийх 91км/цаг, довтолгооны өндөр 3м 6см байлаа.
2020 он буюу Японы дээд лигт тоглосон анхны улирлын эхний тоглолтод манайх 22-18 харьцаагаар тэргүүлж байв. Төд удалгүй би давуулалт хийхээр боллоо. Давуулалтын шугам руу арагш гарч эсрэг баг руу харахад миний хүндэлж явдаг дээд үеийн эгч нар зогсож байхыг хараад өөрийн эрхгүй эмээж, сүрдсэн. Харин багш руу хартал тайван бөгөөд шийдэмгий байдлаар над руу толгой дохих үед тайвшраад л явчихсан. Багшийн хэлсний дагуу тав руу давууллаа. Эсрэг багийн хоёр эгч зэрэг урагш нэг зангаад мөн зэрэг биеэ татаж бөмбөгийг дундаа унагалаа. Манай багийнхан баярын дуу хадааж, харин багш ихэд бахархаж, баярласан шинжтэй алгаа ташин дуу алдаж байсныг би сайн санадаг. Тэр тоглолтод бид ялсан ч тухайн тэмцээндээ дөрөвдүгээр байр эзэлсэн.
бонус

2019-2020 оны Үндэсний дээд лигт Тэнүүн-Огоо баг хүрэл медалийн төлөө гарч ирэхтэй зэрэгцэн Японы дээд лигийн улирлын тоглолт дууслаа. Нэг өдөр тус багийн эзэн надтай холбогдоод “Ахын дүү ерөөсөө л ирж багаа аврах хэрэгтэй боллоо. Тамирчид бүгд бэртэлтэй, цаашид энэ бүрэлдэхүүнээр тоглоход бэрх байна” гээд л шулуухан хэлэв. Би тухайн үед үсрэлтийн сорил авах үеэр хөлөө бэртээгээд оёдлоо эдгээж байсан ч дасгалжуулагчаа шалсаар байгаад Монголд ирлээ.
Хүрэл медалийн төлөө таван тоглолт гарах байсны эхний тоглолтод нь бид 3-0 харьцаагаар хожигдсон. Дараагийнх нь тоглолтод бид 3-2 харьцаагаар хожигдож, харин гурав, дөрөв дэх тоглолтод нь ялалт байгууллаа. Тав дахь буюу шийдвэрлэх тоглолтын үр дүнгээр бид хүрэл медаль хүртэж чадсан ч тэр тэмцээнээс надад хамгийн тод үлдсэн өөр нэг зүйл бий. Эсрэг багийн дасгалжуулагч болон тамирчид ялагдсандаа ихэд сэтгэл дундуур байгаа харагдсан ч цаана нь Д.Эрдэнэбулган эгч чимээгүйхэн гэдэс таталт хийж байхыг хараад ямар их хүндлэх сэтгэл төрсөн гээч. Үнэхээр л мэргэжлийн тамирчин гэдэг ямар ч нөхцөл байдлыг үл хамааран одоо байгаагаасаа сайжрахын төлөө шамддаг юм байна гэдгийн бодит жишээг харуулсан даа.
2022 онд Японы нэгдүгээр лиг буюу дээд лигийн хоёр багаас санал авсан ч доод лигийг сонгосон. Учир нь миний амьдралын зорилго зөвхөн волейбол биш. Би ид үедээ хангалттай хэмжээнд тоглоод цаг нь болохоор гэр бүл зохиож, айлын эхнэр, хүүхдүүдийнхээ ээжийн хувиар амьдрахыг хүсдэг. Хэрэв би дээд лигийн тамирчин болбол зөвхөн бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гэх вакум орчинд амьдрах ёстой болно. Харин доод лиг надад бэлтгэл сургуулилт хийнгээ банканд үндсэн ажилтнаар ажиллах боломж олгосон юм. Би ч гал эрмэлзэлдээ хөтлөгдөөд тэр саналыг дуртай нь аргагүй зөвшөөрсөн. Ингээд долоо хоногийн таван өдөр ажиллаж, зургаан өдөр бэлтгэл хийх хуваарьтай банкир тамирчны амьдрал эхлэв. Би энэхүү шийдвэртээ хэзээ ч харамсдаггүй. Учир нь банканд ажилласан нэг улирлын хугацаанд Японы нийгэм, албан байгууллагын соёл, арай өөр хамт олны уур амьсгалыг хангалттай мэдэж авсан гэж боддог. Банкирын карьер өндөрлөх яг тэр үед хоёр улсаас санал ирсний нэг нь Тайвань байсан юм. Тэр үед надад явах цаг болсон юм шиг мэдрэмж хэдийн төрчихсөн байсан тул эргэлзэх зүйлгүй шийдвэрээ гаргаж, Тайвань улсыг зорьсон. Японд найман жилийн турш “Сайн байх ёстой, шилдэг нь байх хэрэгтэй” гэх хатуу зарчмаар амьдарчихсан хүн дэндүү гэмээр чөлөөт сэтгэлгээтэй, галзуу оронд очсон нь шинэлэг бөгөөд зөв шийдвэр байсан гэж боддог.

Сэтгэгдэл бичих

