1993 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгон шийдвэрлэсэн билээ. Хэвлэл эрх чөлөөтэй, нам, төр засгаас хараат бус байж ард түмний дуу хоолой болдог. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг олон нийтийн, тухайн улсын иргэдийн эрх чөлөө гэж ойлгоход буруудах зүйлгүй.
Өдгөө монголын сэтгүүл зүй, хэвлэлийн эрх чөлөөнд хязгаарлалт тавих, эрх зөрчигдөх тохиолдлууд гардаг боловч үнэнч шударгаар ажиллаж, редакцын зөв бодлогоор ажил хэргээ явуулж буй газрууд олон. Энэ талаар зарим вэбсайт, редакц, сонин, сэтгүүл зүйн тэнхимийн багш болоод хуулийн мэргэжилтнүүд ямар байр суурьтай байгааг уншигчдадаа танилцуулж байна.
Ж.МЯДАГБАДАМ, “EGUUR.MN” САЙТЫН ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

Манай улсад дэлхийн нийтийг хамарсан мэдээллийн эрин зуунаа дагаад хэвлэн нийтлэх эрх чөлөө харьцангуй сайжирсан. Үндсэн хуулиараа хэвлэн нийтлэх эрх чөлөөг хуульчилж өгсөн улс орон шүү дээ. Гэхдээ нэг нам дагнан, удаан засаглаж байгаа энэ үед “Ардчилал” гэдэг үгийг олон нийтээрээ хайрлах шаардлагатай тулгарсан шиг хэвлэлийн эрх чөлөө өөрөө тийм эмзэг, анхаарч, энэрч байх агуулга болжээ. Ковидын үеэр эрх баригчид хэвлэлийн эрх чөлөөг хумих оролдлогуудыг хуульчилж, тодорхой журмууд олныг гаргасан. Мэдээллийн платформуудаа хянах оролдлогыг ч амжилттай хийсэн. Үүн дээр хэвлэл болоод редакцууд харьцангуй сэргэг хандсан гэж хардаг.
Хэвлэлийн эрх чөлөөний тухай дөрөвхөн заалттай боловч их сайн боловсруулсан хуультай. Олон зүйлс цаг үеэ дагаад өөрчлөгдөх шаардлагатай тулгарч байгаа ч хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах асуудал уг хуулийн агуулгаас хол битгий зөрөөсэй гэж боддог. Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилох, мохоох, тэднийг хяналтад оруулах чиглэлээр "Эрүүгийн хууль"-д тодорхой заалтууд тусаж, шинээр ч ийм агуулгууд орохоор яригдаж байна. Үүн дээр хэвлэлийн салбарынхан өөрсдөө маш хянамгай байж, дуу хоолойгоо нэгтгэж байх ёстой. Өөрөөр хэлбэл, төр засагтаа найдаад, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг ерөөсөө орхиж болохгүй. Дандаа л хайрлаж, эргэж тойрч, анхаарч явах ёстой сэдэв юм. Үүнийг хэвлэлийн салбарт ажиллаж байгаа, мэргэжилдээ хайртай хүмүүс л хийж чадна.
Сэтгүүлчид төр засагтаа найдаад, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг орхиж болохгүй.
Unread media
Г.СОНИНБАЯР, “МОНГОЛЫН ҮНЭН” СОНИНЫ ОРЛОГЧ ЭРХЛЭГЧ

Хэвлэлийн эрх чөлөөний талаар хувь хүний бодол гэхээс илүү өнөөгийн нөхцөл байдлын талаар бодит судалгааны тайлан, дүн чухал. Монгол Улс энэ оны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 59.17 оноогоор 90 дүгээрт бичигдсэн байна. 2020 онд 73 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан шүү дээ. Тэгэхээр энэ бол асар том ухралт. Хэвлэлийн хагас эрх чөлөөтэй хэвээрээ байгаа гэсэн үг. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд ковид цар тахалтай холбоотойгоор хэвлэлийн эрх чөлөөг хаан боогдуулах, олон нийтийн мэдэх эрхийг хязгаарлах хандлага, бодитой зөрчлүүд олон гарсан. Мөн Зөрчлийн тухай хууль хэвлэл мэдээллийнхэнд асар халгаатай нь практик дээр харагдаж байна.
Хэвлэлийн эрх чөлөөг дэмжихийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох шаардлагатай. Харамсалтай нь олон нийтийн мэдээлэл авах эрхийг улам хязгаарлаж, боогдуулах хуулиуд батлагдсаар байгаа. Тухайлбал, оны өмнө “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”, “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-иудыг УИХ баталсан. Нийтийн мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж гурав ангилсан. Хуульд зааснаар 67-хон төрлийн мэдээллийг нээлттэй гэж үзсэн. Харин хаалттай болон хязгаартай мэдээллийн жагсаалт нь 500 гаруй. Албаны нууц болон хүн, хуулийн этгээд хамаарах зарим мэдээлэл гээд асар өргөн хүрээнд мэдээллийг хаалттай болгосон. Сэтгүүлчид төрийн аль нэг байгууллагад очоод мэдээлэл авъя гэхэд төрийн нууц, байгууллагын нууц гэдэг үгээр амыг нь хаана гэсэн үг. 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн өөрчлөхөөр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 11 төсөл боловсруулсан ч парламентын босго давж чадаагүй л байгаа.
Зөрчлийн тухай хууль хэвлэл мэдээллийнхэнд асар халгаатай нь практик дээр харагдаж байна.
Unread media
Г.МЭНДХҮҮ, МУИС-ИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙ, ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦААНЫ ТЭНХИМИЙН ДЭД ПРОФЕССОР, ДОКТОР (Ph.D)

Хэвлэлийн эрх чөлөөний асуудал дэлхийд анх тогтмол хэвлэл гарсан үеэс л хөндөгдөх болсон. Сэтгүүлч хүн цаг үеийн шинжтэй үйл явдал, үзэгдэл, нийгмийн тулгамдсан асуудлаар мэдээлэл бэлтгэхдээ хараат бус байх нь аль ч цаг үед чухал. Гэхдээ бодит амьдрал дээр хэвлэлийн эрх чөлөө нь хууль эрх зүйн орчин, хэвлэл мэдээллийн байгууллагын эдийн засгийн байдал, улс төрийн хүрээнээс хамаардаг. Монголд хэвлэлийн эрх чөлөө бүрэн байхгүй. Хэвлэл мэдээллийн салбарынхан мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэхэд нь эдийн засгийн шинжтэй бэрхшээл, хуулийн хүрээнд тогтоосон хязгаарлалт бий. Хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажилладаг, зар сурталчилгаа захиалдаг байгууллагуудтай холбоотой сөрөг мэдээллийг түгээхэд ч хойрго хандах үзэгдэл ч байдаг. Энэ нь хэвлэл мэдээллийн салбар хараат бус "бүрэн эрх чөлөөтэй" ажиллахад төвөгтэй байдлыг авчирдаг.
Хэвлэлийн эрх чөлөөг сайжруулахын тулд цогц байдлаар асуудлыг авч үзэх хэрэгтэй.
Нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлч нар асуудалд төвийг сахисан байдлаас хандаж баримт, үзэл бодлыг ялгаж салгаж бүтээлдээ тусгаж, хөндсөн сэдвийн хүрээнд аль болох нийгмийн янз бүрийн төлөөллийн санаа бодлыг тусгадаг болох ёстой.
Хоёрдугаарт, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд өөрчлөлт оруулж сэтгүүлчдийн эрх зүйн байдлыг баталгаажуулах шаардлага байна. Сэтгүүлч уран бүтээл туурвиад эрүүгийн хууль зөрчсөн гэж буруутгагдан шүүхийн хаалга татах эрсдэл бодитоор бий болсон. Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжихөд одоо хүчин төгөлдөр байгаа хуулиуд саад болдог.
Хэвлэл мэдээллийн салбарынхан мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэхэд нь эдийн засгийн шинжтэй бэрхшээл, хуулийн хүрээнд тогтоосон хязгаарлалт бий.
Unread media
Д.ЧАНЦАЛДУЛАМ, “ERGELT.MN” САЙТЫН ЭРЭН СУРВАЛЖЛАХ, ШУУРХАЙ МЭДЭЭЛЛИЙН АЛБАНЫ СЭТГҮҮЛЧ

Хэвлэлийн эрх чөлөөг ард түмний эрх чөлөө гэж ойлгодог. Төр, засгийн бодлого шийдвэр, худал хуурмаг, булхай, завхралыг хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд л ил болгож, олон нийтэд хүргэж, бурууг залруулж, зөвийг нь түшдэг. Гэвч Монголд хэвлэлийн эрх чөлөө маш их зөрчигддөг. Хэвлэн, нийтлэх бүх төрлийн эрх чөлөөг төр, засаг түүний хамаарал бүхий сүлжээ албан тушаалтнууд хараат байлгахыг, болгохыг эрмэлзэж, цөөнгүй тохиолдолд хүчээр хараат болгож байгаа нь ч бий.
Хэвлэл мэдээлэл улс төр, нам, Засгийн газар, эрх мэдэлтэн, гаднынхнаас хараат болох тусам ард түмний эрх ашиг, эрх чөлөө, аз жаргал үгүй болж байгаа хэрэг. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиа чангатгах, сайжруулах, хэвлэн нийтлэгчийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах нь нэн тэргүүний хийх ёстой ажил гэж бодогддог.
Хэвлэл мэдээлэл улс төр, нам, Засгийн газар, эрх мэдэлтэн, гаднынхнаас хараат болох тусам ард түмний эрх ашиг, эрх чөлөө, аз жаргал үгүй болж байгаа хэрэг.
Unread media
Ч.БАТ-УЯНГА, UB LIFE -ЫН ТОЙМЧ, ХУУЛЬЧ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс 2021 онд гарахад Монгол Улс “Хагас эрх чөлөөтэй буюу мэдэгдэхүйц асуудалтай” орон хэвээр байлаа. 2013 онд анх үнэлүүлэхдээ 98 дугаар байранд орсон бол 2021 онд 68 дугаар байрт жагссан. Уг нь мэдээллийн салбарынхан болоод олон нийт хэвлэлийн эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг, төрийн зүгээс уг эрх чөлөөг хазаарлах гэсэн удаа дараагийн оролдлогын эсрэг нэгдэж чаддаг нь дээрх үзүүлэлтэд нөлөөлсөн.
Гэтэл энэ онд ахин ухарч 90 дүгээр байранд оржээ. Энэ нь гүтгэх гэмт хэргийн талаас илүү хувь нь буюу улс төрч, төрийн албан тушаалтнуудын зүгээс сэтгүүлчийн эсрэг гаргасан гомдолд тулгуурласан байна. Нөгөөтээгүүр сэтгүүлчид ажлаа хийснийхээ төлөө заналхийлэл, дарамтад өртөж буй тохиолдлууд бүртгэгдсэн гэх мэтээр өмнө тулгарч байсан асуудлууд улам хурцаджээ. Тиймээс иргэд чөлөөт хэвлэл мэдээлэлд тэмүүлдэг дархлаагаа хамгаалж, нэгдэж чаддаг байх ёстой болов уу.
Хүний буруу үйлдэл болгоныг гэмт хэрэгт тооцдоггүй, салбар хуулиудаар зохицуулдаг шүү дээ. Үүнтэй адил хэвлэл мэдээллийн салбар дахь аливаа үйлдэл бүрийг хуулиар зохицуулах, зохицуулдаг хуулиуд нь эрүүгийн хууль байх албагүй. Тиймээс гэмт хэрэг, ёс зүйн алдаа хоёрын ялгааг сайн мэдэж, үнэн зөвийг шийдвэрлэдэг байх нь чухал.
Мөн “Зөрчлийн тухай хууль”, “Сонгуулийн тухай”, “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Төрийн болон албаны нууцын тухай хууль”, басхүү “Корона вируст халдвар (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” зэрэг тооны хуулиудад мэдээлэл авах, түгээх эрхийг хазаарлах заалтууд бий. Үл ажиглагдахуйцаар, чимээгүйхэн жижиг сажиг заалтаар хориглосон агуулга шингээгээд явдаг. Үүнд их ажигч, хянамгай байхаас гадна хэвлэлийн эрх чөлөөгөөр мэргэшсэн хуульчидтай салбар нь уг заалтуудын эсрэг, хамтарч ажиллах хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн салбар дахь аливаа үйлдэл бүрийг хуулиар зохицуулах, зохиоцуулдаг хуулиуд нь эрүүгийн хууль байх албагүй.
Unread media

Сэтгэгдэл бичих

