Цар тахлын үеийн нөхцөл байдал том, жижиг бүхий л бизнесийн байгууллагад эдийн засгийн дарамт авчирч байна. Энэ үед зарим байгууллагууд халуун сэтгэлээр улс орондоо, хэрэглэгч/үйлчлүүлэгчдэдээ харамгүй дэмжлэг үзүүлж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан дорвитой санаачилгууд гаргаж буйг өнөөдөр бид онцоллоо.

МОНОС ГРУПП

“Бид хүн бүрд тусалж чадахгүй ч хүн бүр хэн нэгэнд тусалж чадна” хэмээх уриаг урьтал болгосон Монос группийн хамт олон “Чадах бүхнээрээ”, “Monos Care” аянуудаараа дамжуулан эмнэлэг, онцгой байдлын албан хаагчид болон тусгаарлагдсан иргэдэд чиглэсэн төрөл бүрийн тусламж дэмжлэгийг хүргэжээ. Манай улсын эрүүл мэндийн салбарын ууган үйлдвэрлэгч болохын хувьд тэд ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргийн дагуу үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлж, шаардлагатай үед 3 ээлжээр ажиллахаас гадна Монос эмийн сангийн хамт олон ард иргэддээ аюулт цар тахлын эсрэг авах эрүүл мэндийн зөвлөмж өгч, 24 цагаар ажилласаар байна.

  • 30,000 ширхэг: 40 сая төгрөгийн өртөг бүхий 11 төрлийн 30,000 ширхэг хандивийн бүтээгдэхүүнийг (урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих, ариутгах, амны хаалт зэрэг) Нийслэлийн ойролцоох 8 байршилд тусгаарлагдсан 700 гаруй иргэд, 200 орчим эмч, албан хаагчид болон тусгай обьектуудад хандивлав.
  • Рентген аппарат: Уушгины зураг авах авч явахад хялбар 90 сая төгрөгийн өртөг бүхий нэн хэрэгцээт зөөврийн рентген аппаратыг Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хандивлав.
  • 1 тонн: Ариутгалын цэнхэр спиртийг улсын эрүүл мэндийн 6 байгууллад хандивлав.
  • 10 аймаг: Дархлаа дэмжих бүтээгдэхүүн, амны хаалт зэргийг хөдөө орон нутгийн 10 аймагт илгээв.
  • 1000 орчим ажилтнууд: Өөрсдийн гараар чин сэтгэлийн захиа бичиж, тусгаарлагдсан иргэд болон эмч, албан хаагчдад илгээн сэтгэлийн дэм өргөв.

ОЮУ ТОЛГОЙ

Улс орны эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэгч уул уурхайн салбарын төлөөлөл Оюу толгой компанийн хамт олон үндсэн ажилчид болон гэрээт компаниуд, ‘Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Cан’-аараа дамжуулан хамгийн их хэмжээний дүн буюу нийт 455,000,000₮ бүхий хандивыг төвлөрүүлжээ. Түүнчлэн сар шинийн баярын үеэр олон нийтийг айл хэсэхгүй байх, гарч болох эрсдэлээс сэргийлсэн “Цахим Золголт” аяныг санаачлан хэрэгжүүлж, олон төрлийн сонирхолтой уриалгыг гаргасан нь нийгэм рүү чиглэсэн томоохон хэмжээний кампанит ажил байв. Үүгээр зогсолгүй тэд олон нийтэд зориулсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх контент, зөвлөмж зөвлөгөөг тогтмол бэлтгэн хүргэсээр байна

  • 145,000,000₮: “Коронавирусын эсрэг уурхайчдын хандивын аян”-аар дамжуулан Оюу Толгойн уурхайчид болон гэрээт компаниудын зүгээс төвлөрүүлж, Эрүүл Мэндийн Яаманд хандивлав.
  • 100,000,000₮: Монгол Улсын Засгийн газарт хандивлав.
  • 200,000,000₮: “Говийн оюу хөгжлийг дэмжих” сангаараа дамжуулан Өмнөговь аймгийн Онцгой комисст хандивлав.
  • 10,000,000₮: “Говийн оюу хөгжлийг дэмжих” сангаараа дамжуулан Ханбогд сумын Онцгой комисст хандивлав
  • 1,500,000 гаруй хандалт: Сар шинийн баяраар өв уламжлалаа дээдлэх, өвгөд буурлуудаа эрсдэлээс сэргийлэх #ЦахимЗолголт аяныг санаачлан хэрэгжүүлэв.

ХААН БАНК

Хөл хорионы дэглэмтэй энэ үед иргэдийн өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ болох банкны үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн нэг тод жишээ бол ХААН Банк юм. Тус банк Монгол Улсын идэвхтэй карт эзэмшигчдийн 70 хувь, интернэт банкны гүйлгээний 42 хувь, ATM-ийн гүйлгээний 80 хувь, мобайл банк буюу гар утсаар хийгдэж байгаа гүйлгээний 85 орчим хувийг дангаараа гүйцэтгэж байгаагаас гадна нийгмийн хариуцлагаа тусгайлан хэрэгжүүлдэг ХААН Банк Сангаар дамжуулан шинэ үеийн оюутан залуусыг цар тахлын үеэр ч дэмжин, хувь хүний хөгжлийн сургалтыг зохион байгуулаад байна.

  • 100,000,000₮: Улсын Онцгой Комисст хандивлав.
  • 24,000,000₮: Бүх аймаг, орон нутгийн онцгой комиссуудад хандивлав.
  • Цахим үйлчилгээ: Хөл хориотой холбоотой тэтгэврийн зээлийн хүсэлтийг зайнаас буюу мессежээр хүлээн авч шийдвэрлэх боломжийг олгосноос гадна бүх төрлийн цахим үйлчилгээгээр дамжуулан иргэдийн банкаар үйлчлүүлэх хэрэгцээг шийдвэрлэж байна. Мөн ХААН Банк харилцагчдадаа дэмжлэг үзүүлж, цар тахлаас үүдэлтэйгээр бизнес нь доголдсон ААН болон өрхийн орлого нь буурсан иргэдийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг онлайнаар хүлээн авч шийдвэрлэж байна.
  • 75 оюутан: 2018 оноос эхлэн хэрэгжүүлж буй RISE шинэ оюутны хөтөлбөрөөр дамжуулан Dale Carnegie Mongolia, Universal Language Center зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран, залууст цахимаар хувь хүний хөгжлийн сургалтуудыг орж байна.
  • 1275 АТМ, 100 КИОСК: Бүх ATM, киос машины урд 2 метрийн хол зайд зогсох анхааруулга бүхий 3800 ширхэг наалтыг шалан дээр нь байрлуулав.
  • 28,000 гүйлгээ: 3 сарын 8-ны өдөр Хурд хамтлагийн "Буцааж нэхэхгүй хайр" онлайн хандивийн тоглолтын үеэр техник хангамжийг хариуцан ажиллаж, бүх гүйлгээг шимтгэлгүй хийжээ. Энэхүү тоглолтын үеэр 246 сая төгрөг цуглаж, Улсын Онцгой Комисст хандивласан билээ.

МОБИКОМ КОРПОРАЦИ

Манай улсын хамгийн том үүрэн холбооны оператор болох Мобиком Корпораци нь өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй албан хаагчид, мэргэжлийн байгууллагуудад зориулсан тусламж дэмжлэгүүдийг тухай бүрд нь үзүүлэхээс гадна хэрэглэгчдийнхээ нуруун дээр ирж буй ачааг хөнгөлсөн олон арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Цар тахлын үеэр "Хүчтэй байж, хамтдаа тэмцье!’’ хэмээн уриалж буй тэд улсын төсөвт ирэх ачааллыг хуваалцах үүднээс компанийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөлт эдлэлгүйгээр цаг хугацаанд нь, зохих ёсоор нь үргэлжлүүлэн төлсөөр байх болно гэдгээ мэдэгдсэн билээ.

  • 70,000,000₮: Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй албан хаагчдад 10’000 ширхэг 7000₮-ийн “Хайр түгээе” цэнэглэгч карт хандивлалаа.
  • 10%: 4 сарын 30-ныг дуустал “Хайр түгээе” картын борлуулалтын 10%-ийн орлогыг вирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулан хандивлахаар төлөвлөв.
  • -50%: Манай интернэт үйлчилгээ болон Мобинет өрхийн интернэтийн Turbo, Boost багцын хэрэглэгчдийн 3 болон 4 дүгээр сарын төлбөрийн суурь хураамжийг 50% хөнгөлөв.
  • 4 байршил: Өөрийн охин компани Мобинет ХХК-иар дамжуулан Нэгдсэн 1-р эмнэлэг, Нэгдсэн 3-р эмнэлэг, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв зэрэг эмнэлгүүд, мөн ЭМЯ-ны байранд утасгүй интернэтийн сүлжээг үнэ төлбөргүй бий болгов.
  • Сурагчдад: СХД-ийн ЗДТГ-ын хүсэлтээр 9GB дататай шинэ дугаарaa тус дүүргийн ЕБС-ийн сурагчдад үнэ төлбөргүй өгөв.
  • 500 шинэ дугаар: Тусгаарлалтад орсон хүмүүсийг харилцаа холбооны үйлчилгээгээр хангах зорилгоор ЭМЯ-аар дамжуулан 500 орчим шинэ дугаарыг бэлэглэв.
  • Үнэгүй: Мобикомын бүх хэрэглэгч www.econtent.edu.mn сайтад байрласан “Теле-Хичээл”-ийг 4 сарын 30-ныг дуустал датагаараа үнэ төлбөргүй үздэг болов.
  • Хязгааргүй: Оюутан залуус өөрийн сургуулийн цахим сайт руу хэрэглээний болон хурдны хязгааргүйгээр хандаж, дата ашиглан хичээлээ хийж болох “University дата” багцыг хамгийн хямд буюу ₮1000 төгрөгөөр худалдаанд гаргалаа.

ЮНИТЕЛ групп

“Бид Хамтдаа хөгжиж түрүүлж алхсанаар гэрэл гэгээтэй, эерэг дулаан харилцаатай нийгмийг бүрдүүлнэ” гэх санааг Юнител групп нийгмийн хариуцлагын бодлогодоо тусгадаг. Иймээс ч их хотын иргэн бүрийн дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, хотын соёлын төлөвшлийг буй болгохын төлөө нийт хэрэглэгчидтэйгээ хамтран “Зөв бай” аяныг албан ёсоор эхлүүлсэн бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай уян энэхүү аянаараа дамжуулан олон нийтийг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд уриалсаар байгаа юм.

  • 50,000,000₮: Улсын Онцгой Комисст хандивлав.
  • 50,000,000₮ өртөг: 500 хүн онлайнаар хурал хийх боломжтой хурлын системийн жилийн эрх, хуралд шаардлагатай 50 ширхэг веб камер, Онцгой комиссын Улаанбаатар, орон нутгийн постуудад 50 ширхэг гэр интернетийг бүтэн жилийн эрхтэйгээр, мөн 450 ширхэг 12 GB дата бүхий 8000 төгрөгийн цэнэглэгч карт хандивлав.
  • Үнэгүй: 4-р сарын 30 хүртэл www.econtent.edu.mn сайт руу гэр интернэт болон гар утаснаас хандах интернэтийг ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд үнэгүй болгов.
  • х2 дахин их дата: Юнителийн бүх хэрэглэгч нэмэлт дата авах бүрд идэвхжүүлсэн дата 2 дахин нэмэгдэж орохоор болгов.
  • Үнэгүй: БСШУСЯ-наас ерөнхий боловсролын сурагчдад зориулсан “Теле хичээл”-ийг Юнивишн сангаас үнэ төлбөргүй үзэх боломжтой болгов.
  • Үнэгүй: Юнивишнийн “Гэрийн багш” болон нэмэлтээр Холливуддын шилдэг кинонуудыг багтаасан “100 OFF” цэсийг бүтэн хоёр сарын турш үнэгүй болгов.

СКАЙТЕЛ

Үүрэн холбооны операторуудын нэг Скайтел компани нь үзэгчдийн таашаалыг хүртээд буй 37-Р ТОЧКА уран сайхны киноны жүжигчидтэй хамтран #вирустСӨРӨГдархлаандЭЕРЭГ аяныг өрнүүлж, Эрүүл Мэндийн Яамнаас өгч буй заавар зөвлөмжийг видео контент болгон хүргэж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг уриалсан билээ. Түүнчлэн харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч компанийн хувьд төрийн албаныханд онцгойлон дэмжлэг үзүүлэхээс гадна хэрэглэгч үйлчлүүлэгчдээ шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалсан хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.

  • 1000 төрийн албан хаагч: “СОЁМБО 92” үйлчилгээг ашигладаг ОБЕГ, ЭМЯ, ГЕГ, МХЕГ, ЦЕГ, ХХЕГ-ын нийт 1000 гаруй төрийн албан хаагчийн сарын суурь хураамжийг 2 сарын турш тэглэв.
  • 60,000,000₮: Үнэ бүхий үйлчилгээний эрхийн бичгийг ОБЕГ-т хүлээлгэн өглөө.
  • х2 дахин их дата: Скайтелийн бүх хэрэглэгчийн худалдаж авсан дата бүр 2 дахин үржигдэн ордог болов.
  • 2GB бэлэг: Шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж, цахим сувгаар төлбөрөө төлсөн хэрэглэгч бүрд 2GB дата эрх бэлэглэж байна.
  • Үнэгүй: ЕБС-ийн сурагчид болон СЭЗИС, МУИС, АШУҮИС-ийн оюутнууд онлайн хичээлээ датагаараа үнэгүй үздэг болов.
  • “Дархлаа+”: Скаймедиа, SkyGo IPTV-ээр дамжуулан гэрээсээ гаралгүйгээр дуртай киногоо үнэгүй үзэх “Дархлаа+” кино цэсийг видео сандаа шинээр нэмж, хамгийн сүүлийн үеийн дэлхийн шилдэг кинонуудыг үнэгүй болгов.

ГОЛОМТ БАНК

Аюулт өвчин дэлхий нийтийг сандаргаж, хөл хорио, онцгой байдал зарласан энэ үед банк санхүүгийн салбарын төлөөлөл Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд "галын шугаман" дээр ажиллаж буй ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдэд зориулан мөнгөн хандив өргөсөн нь олны талархлыг хүлээсэн юм.

ПЕТРОВИС ГРУПП

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Петровис ХХК-аас хамгийн их хэрэгцээт түргэвчилсэн оношлуурыг хандивласнаас гадна орон нутаг, аймаг бүрийн онцгой байдлын комисст шатахуун хандивлажээ.

  • 3,000 ширхэг оношлуур: Эрүүл Мэндийн Яаманд 40 сая төгрөгийн өртөг бүхий түргэвчилсэн оношлуурыг хандивлав. Энэхүү оношлуур нь коронавирусын үүсгэгчийг чанарын аргаар тодорхойлох оношлуур бөгөөд ISO 13485:2016 сертификатаар баталгаажсан юм байна. Манай улсын Эрүүл Мэндийн Яаманд бүртгэгдсэн, бүтээгдэхүүний чанар нь баталгаажсан тус оношлуур вирусын халдварыг 10 минутад илрүүлнэ.
  • 15,000,000₮: Улс, нийслэлийн онцгой комисс болон 21 аймаг, Багануур дүүргийн онцгой комисст шатахуун хандивлав.

МИАТ төхк

Агаарын тээвэр нь дэлхий нийтийг хамарсан цар тахал, дайн, байгалийн гамшиг зэрэг хямрал, давагдашгүй хүчин зүйлд хамгийн түрүүнд өртдөг эмзэг салбар юм. Энэ утгаараа дэлхийн бусад агаарын тээврийн компаниудын нэгэн адил МИАТ ТӨХК олон улсын бүх нислэгүүд зогсоож, санхүүгийн хүнд байдалд байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын үүрэг даалгаврын дагуу, мөн үндэсний агаарын тээвэрлэгчийн хувьд нийгэмд хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан вирусын халдвар тархсан улс орнуудаас монголчуудаа авчрах тусгай үүргийн нислэгүүдийг өөрийн нөөц бололцоог ашиглан гүйцэтгэсээр байгаа билээ.

  • 10,000,000₮: Онцгой Байдлын Ерөнхий Газарт хандивлав.
  • 2 цаг тутам: Тусгай үүргийн нислэгээр ирж байгаа иргэдэд 2 цаг тутам амны хаалт, гар ариутгагчаар үйлчилж байна.
  • Өдөрт 7 цаг: Тусгай үүргийн нислэгийг үйлдэж байгаа нисгэгч, үйлчлэгч нар хамгийн багадаа 6-7 цаг хамгаалалтын битүү хувцас өмсөн ажиллаж байгаа вм. (Энэхүү хамгаалалтын хувцас нь нэг өмссөн бол буцаж тайлж болдоггүй тул шингэн юм уулгүй памперс зүүн явж байгаа)
  • 2 удаа: Зорчигчдоор эрүүл мэндийн асуулга бөглүүлж, биеийн температурыг 2 удаа үзэж байна.
  • 14 хоног: Вирус хатуу гадаргуу дээр 7-10 хоног амьдрах чадвартай тул зорчигчдын ачаа тээшийг ариутган 14 хоног тусгай зориулалтын байранд хадгалаад эзэн эзэнд нь тарааж өгнө.
  • Ариутгал: Зорчигчдоо аюулгүй, найдвартай тээвэрлэхийн тулд нислэг бүрийн дараа агаарын хөлгүүдэд иж бүрэн цэвэрлэгээ хийн, ХӨСҮТ-ээр ариутгал хийлгэж, жирийн үед 6 сар тутамд сольдог агааржуулалтын системийн филтерийг нислэг болгонд солин өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.