Ажил хайгч, карьерынхаа дараагийн алхмыг эрэлхийлж буй залуусыг ажил олгогч байгууллага, хүний нөөцийн мэргэжилтнүүд, салбарын экспертүүдтэй нэг дор уулзуулдаг “Talent Summit 2026” арга хэмжээ аравдугаар сарын 10-ны өдөр Ballroom ZU-д зохион байгуулагдлаа. Гурав дахь жилдээ Worki болон Unread-ийн хамтран зохион байгуулсан энэ удаагийн арга хэмжээнд 600 гаруй талент хүрэлцэн ирж, бүтэн өдрийн турш карьер, ажил олголт, хиймэл оюун, байгууллагын соёл, өсөлт хөгжил зэрэг сэдвийн хүрээнд өрнөсөн яриа, уулзалт, воркшопуудад оролцов.
Энэ жил 30 гаруй байгууллага 300+ нээлттэй ажлын байртайгаар оролцсон бөгөөд сонирхсон хүмүүсээс газар дээр нь CV хүлээн авч, зарим тохиолдолд шууд ярилцлага хийж, ирээдүйн ажилтнуудтайгаа нүүр тулан танилцдаг нь манай арга хэмжээний гол онцлог билээ. Үндсэн тайзнаа компанийн удирдлагууд, хүний нөөцийн мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид, салбарын экспертүүд бодит туршлагаа хуваалцсан бол танхим дотор байгууллагын бүүтүүд, networking уулзалтууд, танхимын гадаах хэсэгт воркшопууд бүтэн өдрийн турш үргэлжилсэн юм.
Харин энэ өдрийн хамгийн үнэ цэнтэй зүйл нь тайзан дээр яригдсан санаанууд байв. Өөрт тохирох ажлаа хэрхэн сонгох вэ, ажил олгогчид өнөөдөр ямар хүнийг хайж байна вэ, AI-тай ажиллахдаа юуг анхаарах вэ, сайн хүмүүсээ байгууллагадаа хэрхэн үлдээх вэ, цалингаас цааш хүн ажлаасаа юу эрж хайдаг вэ зэрэг асуултад зочид өөр өөрийн туршлага, өнцгөөс хариулсан.
Ингээд “Talent Summit 2026” арга хэмжээнээс авч үлдэх чухал санаануудыг нэгтгэн хүргэе.

“Тренд болж буй бизнес, салбарыг сонгохоос илүүтэй эцсийн дүндээ тухайн ажлыг хийснээр амьдралдаа хэр их утга учир мэдэрч байна, хэр их сэтгэл ханамж авч байна, ажлаа хийх явцдаа хөгжиж байна уу гэдгээ анзаарах нь чухал. Эдгээр шалгуураар өөртөө зөв ажил, зөв карьераа сонгож чадсан эсэхээ харж болно.”

“Надад хандаж буй хүмүүсийн 95 хувь нь ‘Би дуртай зүйлээ мэдэхгүй байна. Яаж мэдэх вэ?’ гэж асуудаг. Үүнийг олж мэдэх эхний арга нь ямар нэг зүйл хийж байхдаа flow moment буюу юу хийж байх үедээ орчноосоо тасарч, бүрэн автаж байгаагаа анзаарах юм. Хоёрдугаарт, хүн бүрд өөрийн гэсэн амьдралын зорилго бий. Тэр нь дийлэнхдээ үйл үгээр илэрхийлэгддэг, бусдын төлөө хийх зүйл байдаг. Хэрэв зорилгоо хараахан мэдэхгүй байгаа бол ур чадвараасаа эхэлж, байгалиас өгөгдсөн чадвараараа юуг сайн хийж чаддагаа хараарай. Учир нь таны амьдралын зорилго танд хэдийн буй ур чадвартай салшгүй холбоотой. Гуравдугаарт, эргэн тойрны хүмүүс тань таныг хэзээ магтдаг, юунд талархдаг, ямар үед тусламж хүсдэг вэ гэдгийг нэгтгээд хараарай.”

“Хиймэл оюуны эринд багтаа шинэ гишүүн элсүүлэхдээ нэг зүйлийг илүү анхаардаг болсон. AI-аас асуулт асуугаад хариулт авдаг төдий мэргэжилтэн байгууллагад хэрэггүй. Харин тухайн асуултынхаа мөн чанарыг хэр сайн ойлгож, түүнийгээ тайлбарлаж чадаж байна вэ гэдэг нь чухал. Өнөөдөр хэн ч ямар нэг асуултад AI-аас 20 хуудас хариулт аваад ирж чадна. Гол нь тэр хариултаа өөрөө ойлгож байна уу, үгүй юу гэдгийг л анзаардаг болсон.”

“Хэрэв та байгууллагадаа хиймэл оюунт агент ажиллуулах гэж байгаа бол юун түрүүнд ямар ажлын байранд, ямар зорилгоор ашиглахаа тодорхой болгох хэрэгтэй. Яг ямар ажил үүрэг өгөх гэж байгаа, ажлын үр дүнг нь юугаар хэмжих вэ гэдгээ хиймэл оюунт агентдаа маш сайн тодорхойлж өгөх нь зөв. Шинэ ажилтан авахдаа хэрхэн чиглүүлж, сургадагтай адил анхнаас нь бүх зүйлийг тодорхой зааж өгөөд, гүйцэтгэлийг нь хэмжсэний үндсэн дээр үргэлжлүүлэн ажиллуулах эсэхээ цэгнэх хэрэгтэй. Мэдээж эцсийн шийдвэрийг заавал хүн гаргах ёстойг мартаж болохгүй.”

“Байгууллагынхаа алсын харааг ойлгосон ажилтан бусдаар шахаж, шаардуулахгүйгээр ажилдаа эзэн болж, үүргээ ухамсарлан, өөрийн өгч буй үнэ цэнийг ойлгодог. Тиймдээ ч манай хамт олон нэгнийхээ ажлыг ойлгож, хүндэтгэдэг. Харин удирдлагын зүгээс компаниа зөв чиглүүлж, стратегиа тодорхойлж, хамгийн гол нь амлалтдаа хүрдэг байх нь ажилтан, ажил олгогч хоёрын хооронд итгэлцэл бий болгох гол хүчин зүйл. Жишээлбэл, манай байгууллага жилийн эхэнд өгсөн амлалтаа оны төгсгөлд заавал биелүүлсэн байдаг.”

“Би бүх хүнд таарах амьдралын нэг жор байх боломжгүй гэж боддог. Зарим хүний хувьд карьерын шатлалаар ахиж, албан тушаал дэвших нь сайхан байж болно. Харин зарим нь одоо хийж буй зүйлээ орхиод тэс өөр салбарт бизнесээ эхлүүлж болно. Гол нь өөрт хэрэгжиж буй арга барилаа бусдад тулгахгүй, бусдын арга барилыг шүүж үгүйсгэхгүй, харилцан хүндлэлтэй байх нь асар чухал. Яг үнэндээ 09:00-17:00 цагийн ажил хийж буй хүнийг ‘суга байна’ гэж шүүмжлэх эрх бидэнд байхгүй. Гагцхүү тэд л улс орны ирээдүйг нуруун дээрээ үүрч яваа.”
Панел хэлэлцүүлэг: “Сайн хүмүүсээ бид хэрхэн тогтоон барьдаг вэ?”

“Ажиллахад таатай байгууллагыг тодорхойлдог таван үндсэн хүчин зүйл бий. Тэдгээр нь итгэлцэл, нөхөрлөл, бахархал, хүндлэл, шударга байдал. Ажилтан тухайн байгууллагад үлдэх эсэхэд эдгээр хүчин зүйл маш чухал нөлөөтэй.”

“Ажилтнаа тогтвортой ажиллуулахын тулд хамгийн түрүүнд утга учиртай ажил өгөх, эсвэл хийж буй ажлынх нь утга учрыг ойлгуулах хэрэгтэй. Ажилтан өөрийн ажлаар дамжуулан харилцагч, нийгэм, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байгаагаа мэдэрдэг байх нь чухал.”

“Ажилтан асуудал гарах бүрд ‘Үүнийг шийдээд өгөөч’ гэж хандахаас илүүтэй ‘Ийм асуудал байна. Үүнийг ингэж шийдвэл дахин гарахгүй байх боломжтой. Бид ингэж үзэж болох уу?’ гэж санал гаргадаг байх нь чухал. Бид асуудалд шийдэлтэй ханддаг, нээлттэй ярилцаж чаддаг хүмүүсийг эрхэмлэдэг.”

“Чадварлаг хүмүүсээ тогтоон барихаас гадна хамгийн том сорилт нь компани болон салбарынхаа өсөлт, хөгжилтэй хөл нийлүүлэн хүний нөөцөө хөгжүүлэх явдал. Компани маш хурдтай хөгжиж байхад ажилтнуудын ур чадвар, удирдлагын чадамж тэр өсөлтөөс хоцорч болохгүй.”

“Бизнес тасралтгүй хөгжиж, өөрчлөгдөж байдаг. Тиймээс захирал, мэргэжилтэн, ажилтан аль ч түвшинд байсан дасан зохицох чадвар, хариуцлага, ажилдаа хандах хандлага хамгийн чухал. Өөрийн бүтээж буй үнэ цэнийг ойлгож, түүнийг улам сайжруулахын тулд юу санаачилж байгаагаар нь бид ажилтнаа үнэлдэг.”
ШИНэ талентуудаа хайж бидэнтэй нэгдсэн байгууллагууд















арга хэмжээний онцлох мөчүүд









"Talent Summit 2027" арга хэмжээгээр эргэн уулзацгаая!
Сэтгэгдэл бичих

