"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.”

Unread

Шаргал нар төөнөсөн намрын налгар өдөр бид Bodios Mongolia брэндийн үйлдвэрийг зорьсон юм. Учир юу гэвэл энд манай өртөөлөгч Ө.Аззаяа бий. Тэрээр энэ оны наймдугаар сараас эхлэн гэр бүлийн бизнесээ үргэлжлүүлэх үүрэг хүлээж, компанийнхаа гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон билээ. Даруухан инээмсэглэлээр биднийг угтаж, аядуухан дуугаар ажил, амьдралынхаа талаар ярих түүнд Bodios Mongolia брэндийн цаашдын үйл хэргийг удирдах шийдвэр гаргана гэдэг зориг шаардсан нь мэдээж. Гэхдээ л балчир охин байхаасаа гэр бүлийнхээ хийж буй ажлыг дэргэдээс нь ажиглаж, бизнестэй нь хамт торнин өссөн түүнд тэгтлээ хол зөрүүтэй салбар байгаагүй нь лавтай. 

Bodios Mongolia брэнд нь өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 12-нд намар-өвлийн шинэ загвараа танилцуулах VIP арга хэмжээг зохион байгуулсан ба энэ долоо хоног эхлэхтэй зэрэгцэн Shangri-La Mall-д танилцуулга дэлгүүрээ байршуулаад буй. Мөн арваннэгдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Central Tower-т танилцуулах булангаа байршуулах аж.

Ингээд Ө.Аззаяагийн амьдралын түүх болон компанийн алсын хараа, үйл ажиллагааны зорилго зорилтыг уншигч танд эл ярилцлагаар дэлгэе. 

УДИРДУУЛАХ БА УДИРДАХ УХААН

Тэрээр Баянхонгор аймгийн уугууль Ж.Өлзийбодьжавын дунд охин болон мэндэлжээ. Ерөнхий боловсролоо “Олонлог” сургуульд эзэмшсэн бөгөөд ахлах ангид орох хүртлээ тагнуулч болох мөрөөдөлтэй байв. Аав, ээжийнхээ ажлаар ээлжлэн зочилдог балчир охины хувьд ээжийнх нь ажлын хажууд сүндэрлэх Тагнуулын Ерөнхий Газрын байр ихэд сонирхолтой санагдаж, ийнхүү мөрөөдөлд нь нөлөөлсөн гэдэг. Гэвч өсөн томрохын хэрээр математик, англи хэлний хичээлдээ илүү дуртай байсан тул мэргэжил сонгох цаг болоход санхүүгийн салбарыг сонгож, илүү тодруулбал СЭЗИС болон БНХАУ-ын Дунгбэй Санхүү Эдийн Засгийн Их сургуульд нягтлан бодох бүртгэлээр суралцсан юм.



Их сургуулийн гурав, дөрөвдүгээр курст байхдаа PwC Mongolia аудитын компанид дадлага хийж, хөдөлмөрийн зах зээлд хөл тавих бэлтгэлээ хийн, мэргэжлийн туршлага хуримтлуулсан ба комплайнс мэргэжилтнээр ХААН Банканд 2021 оны наймдугаар сараас залуу мэргэжилтний хувиар ажлын талбарт албан ёсоор хөл тавьж, амьдралынхаа нэгэн шинэ бүлгийг эхлүүлсэн юм. Улмаар 2023 оны дөрөвдүгээр сараас зээлийн эрсдэлийн шинжээчээр албаа сольж, хуримтлуулсан туршлагадаа түшиглэн мэргэжлийн зүгээс өсөн дэвших боломжтой болжээ.

Удирдана гэдэг нэг чадвар, удирдуулна гэдэг түүнээс ч чухал чадвар байж мэдэх юм. Тиймдээ ч түүний хувьд банканд ажилласан гурван жилийн хугацаанд баг хамт олны нэг хэсэг байх, удирдлагын зүгээс өгч буй ажлыг өндөр түвшинд гүйцэтгэх чадварт нягт сайн суралцахыг хичээсэн гэнэ.

“Корпрэйт соёлтой байгууллагад ажиллахын давуу тал нь хүн бүрийн ажил үүргийн хуваарилалт тодорхой. Үүний сацуу ажилтнууддаа тав тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор олон төрлийн арга хэмжээ, үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого хэрэгжүүлдэг нь өдгөө удирдах албан тушаалд ирсний дараа надад илүү ойр тусаж байгаа гэж хэлж болно. Тиймээс миний хувьд өмнөх туршлагаасаа сурсан зүйлсийг хамт олон дундаа хэрэгжүүлж, хүн төвтэй компанийн философоо үргэлжлүүлэхээр зорьж байна.”



2023 оны зургаадугаар сар. Гэр бүлийн зүгээс түүнд Bodios Mongolia брэндийг цааш илүү өргөжүүлж, үйл ажиллагааг нь тогтвортой авч явахын тулд бага охиных нь тусламж нэн хэрэгтэй байгааг хэлжээ. Залуу бүсгүйн хувьд суралцах зүйл асар арвин байсны зэрэгцээ банкны салбарт ахиад хэдэн жил ажиллах төлөвлөгөөтэй байсан гэв. Гэсэн ч гэр бүлийнхээ эхлүүлсэн үнэ цэн, олон оролцогч талд өгч буй үр өгөөжийн тухай сайтар бодсоны эцэст өнгөрсөн оны есдүгээр сараас компанийнхаа борлуулалт, маркетингийн ахлах менежерийн албан тушаалд очсон аж. Жил гаруйн хугацаанд ажиллаж, компанийнхаа үйл явцыг ойлгосон тэрээр энэ оны наймдугаар сараас албан ёсоор гүйцэтгэх захирлын албыг хашиж, 100 гаруй ажилтан, ноос боловсруулах анхан шатны үйлдвэр болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг сүлжмэлийн үйлдвэрийн үйл ажиллагааг нэгэн зэрэг удирдаж буй. Сэтгүүлч надтай л ижил 24 настай түүний хувьд ахадсан ажил мэт сонсогдож байгаа ч, цааш ярилцах тусам нягт нямбай, хариуцлагатай зан чанар нь надад итгэл найдвар төрүүлсэн юм. Түүний удирдлага дор ажиллаж буй хэн бүхэн надтай ижил мэдрэмж авдагт ч эргэлзэхгүй байна.



НӨҮ-ХАУ БА НӨӨЦ ЧАДВАР

Компанийн түүхийн хуудсыг сөхөн харвал түүний аав Ж.Өлзийбодьжав зах зээл шилжих үе буюу 1991 оноос хойш ноос ноолуурын салбарт “Чанартай бүтээгдэхүүний гол нууц нь чанартай түүхий эд” гэсэн тууштай үзэл баримтлалаар бизнесээ хөгжүүлжээ. Тодруулбал, малчдын гараас ноолуур худалдан авч БНХАУ руу экспортлодог байж байгаад 2008 оноос сарлагийн хөөвөр, ямааны ноолуур, торомны ноосоор сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаад болон дотоодын зах зээлийг хангаж эхэлсэн гэнэ. Харин өдгөө бүтээгдэхүүнийхээ 50 гаруй хувийг ОХУ, Украин, Герман, Франц, Итали, Англи, Бельги, Дани, Швейцарь, Швед, Польш, Канад, Япон улсуудад экспортолж буй. Мэдээж энэ бүх хугацаанд гэр бүлийнхээ бизнесийг хэрхэн өргөжин тэлж, өсөн томрохыг Аззаяа гэрчилж байсан билээ.

“Ноос ноолуурын салбарт дотоодын өрсөлдөөн их юм шиг боловч сарлагийн хөөвөр, торомны ноосыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь тийм ч элбэг биш. Гэтэл түүхий эд нь бэлэн байдаг. Манай компани ердөө энэ орон зайг олж хараад нэг талдаа малчдыг орлогожуулах, нөгөө талдаа хэрэглэгчдэд дээд зэрэглэлийн байгалийн ширхэгтээр бүтсэн бүтээгдэхүүнийг санал болгож байна. Бид малчны хотхоноос эхлээд эцсийн бүтээгдэхүүн болж гарах хүртэлх бүхий л үйл явц, үйлдвэрлэлийн шат дамжлагад хариуцлагатай хандаж, хамгийн сайн чанарыг эрхэмлэдгээрээ өнөөдөр бусад брэндээс ялгарах болов уу”



Үнэхээр л Bodios Mongolia брэнд олон жилийн судалгаа шинжилгээний үр дүнд сарлагийн хөөврийг боловсруулах тусгай аргыг гаргаж авсан ба өдгөө нарийн ширхэгтэй зөөлөн тансаг утсаар хэрэглэгчдийн таашаалд нийцсэн эцсийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа гэнэ.

“Сарлагийн тухай сонирхолтой түүх хуваалцахад хүн төрөлхтөн арван мянган жилийн тэртээгээс Төв Азийн уулархаг нутагт сарлагийг анх гаршуулж эхэлсэн байдаг. Харин яагаад заавал сарлагийн хөөврийг сонгож байна вэ гэвэл амьсгалах шинж чанар, дулаанаа барих чадвар, хөнгөн бүтэц, арчилгаа бага зэргээр бусад ноос ноолууран ширхэгтээс ялгаатай. Хамгийн гол нь дулааны хувьд хонины ноосноос 40 хувь, ямааны ноолуураас 17 хувь илүү.”

Түүний яриаг сонсож суухдаа “Байгалийн өөрийнх нь бүтээсэн төрөлх өнгийг л өмсөх болно.” гэх үг өөрийн эрхгүй анхаарал татсан юм. Үндсэн гурван өнгөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэг тул байгалийн онцлогийг үл эвдэж, энгийн бөгөөд тансаг мэдрэмж төрүүлэх нь гарцаагүй байв. Үүнийг загварын өрөөгөөр нь зочилж, өөрийн биеэр өмсөж үзсэний хувьд цохон тэмдэглэе.

Ташрамд дурдахад энэ сарын 19-нийг хүртэл Shangri-La Mall-д танилцуулга дэлгүүрээ байршуулаад буй. Тэдний намар-өвлийн шинэ коллекцтой танилцахыг хүсвэл уншигч та бүхэн зав гарган зочлоорой.


БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БА ХҮН ТӨВТЭЙ 

Бүхий л төрлийн үйлдвэрлэлийн салбарт байгальд ээлтэй байх зарчмыг баримтлан ажиллах болжээ. Гэхдээ бодит байдалд үүнийг үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээндээ шингээж буй нь хуруу дарам цөөн. Тухайлбал, бидний өмсдөг хувцас бүрийн ард утас ээрэхээс эхлээд дэлгүүрийн лангуу, цаашлаад таны шүүгээнд хаягдах хүртэл бий болох түүхий эдийн өртөг, эрчим хүчний зардал, боловсруулалт, тээвэрлэлтээс ялгарах хүлэмжийн хий, усны хэрэглээ, хөрс, ус, агаарын бохирдол болон хог хаягдал зэрэг асар их асуудал яригдаж байдаг. Үүнтэй холбоотой хэдэн тоон баримт дурдахад,

  • 2019 оны НҮБ-ын тайланд дурдсанаар, байгаль орчинд хамгийн их бохирдол ялгаруулдаг салбарын хоёрдугаарт хувцас загварын салбар багтжээ.
  • Өдгөө дэлхий дээр хог хаягдал болж буй хувцасны зөвхөн нэг хувийг дахин боловсруулдаг ба 99 хувь буюу 100 тэрбум ам.доллароор үнэлэгдэх материал газрын хөрсөнд шууд хаягдаж байна.
  • Хэрэв энэ хэвээр бид чанаргүй хувцас үйлдвэрлэсээр байвал 2050 он гэхэд уг тоо 26 хувьд хүрэх тооцоо бий.

Тэгэхээр нэгэнт хог хаягдал болж буй хувцас нь нэг талаас эдэлгээ урт байх ёстойн зэрэгцээ эргээд байгальдаа богино хугацаанд шингэхүйц материалаар хийгдэх хэрэгтэй. Тэгээд ч сүүлийн жилүүдэд томоохон загварын брэндүүдийн дунд хортой химийн бодис ашиглан бүтээгдэхүүнээ өнгө оруулах, дахин боловсруулах боломжгүй түүхий эд буюу микропластик ашиглан үйлдвэрлэлийн зардлаа багасгах үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа билээ.


Тэгвэл Bodios Mongolia брэндийн бүтээгдэхүүний гол түүхий эд болсон сарлагийн хөөвөр нь хүрэн, бор, саарал гэсэн үндсэн гурван өнгөтэй ба будаж өнгө оруулалгүй байгалийн өнгөөр нь утсаа ээрдэг гэдгээрээ онцлог. Мэдээж энэ нь хүний биед ямар нэгэн харшил өгөхгүй бөгөөд өнгөнөөс гадна ноолуур шиг зөөлөн, хөнгөн атлаа бөөгнөрч өнгө алддаггүй, цайрч ганддаггүй нь эдэлгээ уртаас гадна ноолууран бүтээгдэхүүнээс ялгарах гол давуу тал болохыг тайлбарлаж байсан юм. Түүнчлэн товч, чимэглэл, сав, баглаа боодлоос эхлээд бүгд байгалийн гаралтай материалаар хийгддэг ба эргээд байгальдаа богино хугацаанд шингэх аж.

Bodios Mongolia брэндийн бүтээгдэхүүнээс онцлох дараагийн зүйл нь торомны ноос. Тором нь уналга эдэлгээнд ордоггүй тул ноос нь урт, уян зөөлөн байдгийн сацуу ноолуурын агууламж өндөр гэнэ.

АЛСЫН ХАРАА БА ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

“Манай нийт борлуулалтын 50 хувь нь экспортод гардаг. Одоогоор Орос, Швейцарь, Япон улсууд бол манай хамгийн том оролцогч талууд.”

Bodios Mongolia брэнд сарлагийн түүхий хөөврийн 50-60 хувийг авч ашигладаг бөгөөд жилд нийт 85 мянга орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй. Өнөөг хүртэл гадаад экспортын үйл ажиллагаанд түлхүү анхаарал хандуулж ирсэн тэд энэ оноос дотоодын зах зээлд илүү анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа юм. Одоогоор Улаанбаатар хотод дөрвөн дэлгүүр, орон нутгийн 12 гэрээт дэлгүүртэй хамтран ажиллаж байна.


Мөн Fast-fashion биш учраас цаг хугацааны явцад загвар болон чанараа алдахгүй байх нь маш чухал гэдгийг ч хэлж байлаа. Тиймдээ ч таны өнөөдөр худалдан авсан бүтээгдэхүүн хүүхдэд тань өвлөгдөн очиход загварын хувьд хоцрогдоогүй, чанарын хувьд муудаагүй байх хэрэгтэй. Тэр ч утгаараа цаашид өмсөхөд тухтай, эдэлгээ сайтай, загварлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр анхаарч ажиллахаар хичээж буй.
Тухайлбал, энэ сарын 12-нд танилцуулсан намар-өвлийн коллекцдоо сарлагийн эрэмгий, дайчин, цовоо цолгин, эрч хүчтэй шинж чанарыг харуулахаар зорьсон ба түүний үндсэн элемент болох үсэрхэг, цацган байдлыг загварууддаа тусгажээ.

“Биедээ тохирсон, өөрт таалагдсан хувцас өмссөн үед хүний өөртөө итгэх итгэл нэмэгддэг шүү дээ. Харин манай компани хэрэглэгч бүрд төгс тохирох тэрхүү хувцсыг урлахаар зорин ажилладаг. Миний бодлоор манай брэндийн үйлдвэрлэлийн үйл явц нэгэнт голдирлоо олоод тогтвортой болсон. Харин цаашид миний зүгээс юун дээр үнэ цэн өгч ажиллах вэ гэвэл зах зээлд бүтээгдэхүүнээ илүү өргөн хүрээнд таниулж, брэнд хөгжүүлэлт талаас нь шинэ түвшинд гаргахыг хичээх болно.”