Даатгалын үйлчилгээг технологийн тусламжтайгаар илүү хялбар, шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн Агис Даатгалын хамт олон өнөөдөр хоёр жилийн ойгоо тэмдэглэж буй билээ.
Шинэ компани хэдий ч тус байгууллагын хамт олны дийлэнх нь даатгалын салбарт 8-10 жил хамтран ажилласан туршлагатай мэргэжилтнүүд аж. Тэд өнгөрсөн хугацаанд даатгалын үйлчилгээг бүрэн цахимжуулахын зэрэгцээ байгууллагынхаа дотоод үйл ажиллагаанд хиймэл оюуны шийдлүүдийг нэвтрүүлж, салбартаа технологийн шинэ шийдэл, арга барилыг нэвтрүүлэгч компани болон өргөжжээ.
Ийнхүү энэ удаагийн булангаараа Агис Даатгалын хамт олны ажлын арга барил, байгууллагын соёл хийгээд салбартаа авчрахаар зорьж буй өөрчлөлтүүдтэй танилцъя.

Таны карьераас бид юу, юуг мэдэх ёстой вэ?
Даатгалын салбарт ажиллаад 16 жил болжээ. ҮҮний талаас илүү хугацаанд гүйцэтгэх захирлаар ажилласан байна. Миний үндсэн мэргэжил бол программ хангамжийн инженер. Анх даатгалын үйлчилгээг автоматжуулах программ бүтээхээр энэ салбарт хөл тавьж байлаа. Программ хөгжүүлэх явцдаа даатгал хэрхэн ажилладаг, хүмүүс яагаад даатгуулах шаардлагатай байдаг зэрэг суурь ойлголтоос эхлээд салбарынхаа нарийн ширийнийг таньж мэдсэн. Энэ нь эргээд миний карьерын өсөлтийн гол түлхүүр болсон гэж боддог.
Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Миний бодлоор дундаж давхаргыг ядууралд өртөхөөс хамгаалах чухал механизмын нэг нь даатгал юм. Харамсалтай нь, манай салбар нийгэмд төдийлөн нэр хүндтэй байж чадахгүй байна. Даатгал гэхээр худал амлалт, хүнд суртлыг төсөөлдөг нийтлэг ойлголтыг хэрхэн өөрчлөх вэ гэдэгт анхаарч байгаа. Үүнийг өөрчлөх боломж технологид бий гэж хардаг.
Банк, хөрөнгийн зах зээл тэргүүтэй санхүүгийн бусад салбарын үйлчилгээг бид гар утаснаасаа авах боломжтой болсон атал даатгалын салбар уламжлалт арга барилаасаа бүрэн салж амжаагүй, харилцагчдадаа биечлэн үйлчилсээр байна. Үйлчилгээний чанар, хүртээмж нь хувь ажилтнаас хэт их хамааралтай байгаа нь салбарын нэр хүндэд ч нөлөөлж буй.
Бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд веб технологид суурилан даатгалын үйлчилгээгээ 100 хувь цахимаар хүргэж ирсэн бол өдгөө гар утасны технологийн давуу талуудыг ашиглан үйлчилгээгээ улам хялбарчлахаар ажиллаж байна. Тодруулбал, даатгуулахаас эхлээд нөхөн төлбөрөө шийдвэрлүүлэх хүртэлх бүхий л үйлчилгээг гар утаснаасаа цаг алдалгүй авах боломжтой аппаа ойрын хугацаанд танилцуулахаар бэлтгэж байна.
Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Ажлын ачаалал ихтэй үед ч өөртөө болон гэр бүлдээ цаг гаргахыг хичээдэг. Шинэ зүйл уншиж судлах, өөр салбарын хүмүүсийн туршлагаас суралцах нь надад ихээхэн урам өгдөг.
Гэхдээ хамгийн их эрч хүч авдаг зүйл гэвэл багийнхны маань гаргаж буй ахиц дэвшил юм. Өмнө нь шийдвэрлэхэд бэрх санагдаж байсан асуудлын ард хамтдаа гарч, хичээл зүтгэлийнхээ бодит үр дүнг харах шиг сайхан зүйл үгүй.

Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Өглөө хамгийн түрүүнд и-мэйл, чатуудаа шалгаж, тухайн өдөр хийх болон шийдвэрлэх шаардлагатай ажлуудаа ач холбогдлоор нь эрэмбэлдэг. Миний хариуцдаг хэлтэс, нэгжүүд даатгалын үйл ажиллагааны эхнээс эцсийн шат хүртэлх бүхий л үйл явцыг хамардаг учир ажлын өдрөө хэрхэн төлөвлөх нь тун чухал.
Гарааны компанийн хувьд бид уян хатан, өөрчлөлтөд хурдан дасан зохицдог байх шаардлагатай. Гэтэл нөгөө талаас даатгалын компани бол хууль, дүрэм журмыг чанд мөрдөх үүрэгтэй, зохицуулалт бүхий санхүүгийн байгууллага шүү дээ. Энэ хоёр онцлогийг хослуулж, дүрэм журмын хүрээнд ажиллахын зэрэгцээ хэвшмэл арга барилд баригдахгүй байх нь бидний ажлын онцлог. Ажлын цагийнхаа задаргааг анзаарахад, системийн хэвийн ажиллагааг хангах, дотоод үйл ажиллагааг оновчтой болгох, ажлын процессыг хялбарчлахад нийт цагийнхаа талаас илүүг зарцуулдаг юм билээ. Харилцагчдадаа амласан хурдан, хялбар үйлчилгээг хүргэхийн тулд бидний дотоод үйл ажиллагаа ч мөн адил хурдан, хялбар, уялдаа холбоотой байх учиртай.
Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Аливаа асуудлын илэрч буй шинж тэмдгийг бус, уг шалтгааныг нь шийдвэрлэх. Нэг асуудлыг түр зуур аргацааснаас анхнаасаа юунаас үүдэлтэйг нь олж тогтоон, дахин давтагдахгүй байх шийдэл боловсруулахыг илүүд үздэг. Эхэндээ арай их цаг шаардах ч урт хугацаандаа бүр их цаг хэмнэнэ.
Түүнчлэн төгс шийдэл олох гэж цаг алдалгүй, ажлаа аль болох хурдан эхлүүлж, үе шаттайгаар хэрэгжүүлэн, гарсан үр дүндээ тулгуурлан сайжруулах арга барилаар ажилладаг.
Хүмүүсийн төдийлөн анзаардаггүй нэг зүйл бол өдөр бүр давтагддаг жижиг ажлууд. Тэдгээрийг автоматжуулснаар өдөрт хэдхэн минут хэмнэх мэт боловч урт хугацаанд байгууллагын бүтээмжид томоохон өөрчлөлт авчирдаг.
Энэ бүхний суурь нь мэдээж чадварлаг, туршлагатай баг хамт олон. Асуудлыг ганцаараа шийдэх гэж цаг алдалгүй, нэгнийхээ мэдлэг, туршлагад тулгуурлан шийдэлд хүрэх нь ажлын хурд төдийгүй чанарт ч эергээр нөлөөлдөг.
Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Сүүлийн үед миний өдөр тутмын ажлын салшгүй хэсэг болсон хэрэгсэл бол байгууллагынхаа дотоод хэрэгцээнд зориулан хөгжүүлсэн AI агентууд. Тэдгээрийн тусламжтайгаар мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, давтагддаг ажлуудыг гүйцэтгэхэд зарцуулдаг цагаа багасгаж, илүү чухал асуудал, шийдвэр гаргалтад төвлөрөх боломжтой болсон.
Мөн байгууллагын хэмжээнд Microsoft 365-ийг ашигладаг. Дотоод харилцаа, мэдээлэл солилцоо, хамтын ажиллагаа, ажлын зохион байгуулалт гээд олон ажлыг нэг дороос удирдах боломж олгодгоороо бидний өдөр тутмын хэрэглээнд чухал байр суурь эзэлдэг.

Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл, ажил юу вэ?
Эзэнгүй амьтдад туслах сайн дурын үйлсэд цаг гаргахыг хичээдэг. Амралтын өдрүүдээр найзуудтайгаа хамтран бэртэж гэмтсэн амьтдад туслах, хооллох, эзнээсээ төөрсөн болон орхигдсон амьтдад шинэ эзэн олж өгөх зэргээр чадах чинээгээрээ тусалдаг.
Хийх ёстой ажлаасаа гадна өөрийн хүсэл сонирхлоороо хэн нэгэнд, ямар нэг зүйлд тусална гэдэг сайхан мэдрэмж төрүүлдэг. Цаашид ч энэ үйлсэд илүү их цаг гаргаж, хувь нэмрээ оруулахыг хүсдэг.

Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Агис Даатгал хэдийгээр шинэ компани ч манай багийнхны дийлэнх нь даатгалын салбарт 8-10 жил хамтдаа ажилласан туршлагатай хүмүүс. Тиймдээ ч нэгнийхээ ажлын арга барилыг сайн мэддэг, ажлуудаа хооронд нь уялдуулан нэг баг болж ажиллаад сурчихсан улс.
Хэн ямар ажлыг хариуцах, аль хэсэгт илүү анхаарах шаардлагатайг ойлголцоход төдийлөн хүндрэл гардаггүй нь бидний давуу тал. Харин миний хувьд шинээр нэгдэж буй ажилтнуудаа сургаж хөгжүүлэх, багийнхаа ажлын арга барил, байгууллагын соёлд хурдан дасахад нь туслахад илүүтэй анхаарч ажиллаж байна.
Багийнхаа хуримтлуулсан мэдлэг, туршлагыг шинэ залуу ажилтнууддаа хэр сайн өвлүүлж чадахаас бидний цаашдын өсөлт хөгжил ихээхэн хамаарна гэж боддог.
Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
“Асуудлыг биш, шийдлийг нь ярьж сур” гэх үг санаанд минь их тод үлджээ.
Ажлын явцад асуудал, хүндрэл гарах нь хэвийн үзэгдэл. Харин тэр бүрд хэн нэгнийг буруутгах бус, тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашид дахин давтагдахаас хэрхэн сэргийлэх тухай бодох нь илүү чухал. Тиймдээ ч аливаа асуудлыг хөндөхдөө боломжит шийдлүүдийг нь давхар санал болгож байхыг эрхэмлэдэг. Энэ зарчмыг өдөр тутмын ажилдаа ч хэрэгжүүлэхийг хичээдэг дээ.

Бусдад шидэх санаа?
Дүрэм журмыг ажилд садаа болдог, төвөгтэй зүйл гэж харахаас илүүтэй ажлаа зөв хийхэд тусалдаг хэрэгсэл гэж ойлгоосой хэмээн хүсдэг.
Үүний тулд байгууллагын гишүүн бүр санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бас бусдынхаа байр суурийг сонсож чаддаг байх нь чухал. Ийм хандлага төлөвшихийн хэрээр байгууллагын соёл бэхжиж, компанийн урт хугацааны хөгжлийн суурь тавигдана гэдэгт итгэдэг.

Таны ажлын нөү-хау юу вэ? Ажлаа хэрхэн хийдэг вэ?
Даатгалын салбарын нэг чухал хэсэг нь Bancassurance буюу банкны сувгаар дамжуулан даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдад хүргэх үйл ажиллагаа юм. Энгийнээр тайлбарлавал, харилцагч банкаар үйлчлүүлэхийн зэрэгцээ өөрийн санхүүгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн даатгалын үйлчилгээг авах боломжтой гэсэн үг.
Миний ажлын гол зорилго нь бүтээгдэхүүн борлуулахаас гадна хамтран ажиллагч байгууллагуудтайгаа харилцан итгэлцэлд суурилсан, урт хугацааны харилцаа бий болгох явдал.
Манай бүтээгдэхүүн, үйлчилгээ банкны ажилтнаар дамжин эцсийн хэрэглэгчдэд хүрдэг учир даатгалын нөхцөл, хамрах хүрээний талаарх мэдээлэл замдаа гажуудахгүй, харилцагчдад ташаа ойлголт төрүүлэхгүй байх нь нэн чухал. Тиймээс банкны ажилтнуудыг шаардлагатай сургалт, мэдээллээр хангах, бүтээгдэхүүний онцлогийг ойлгомжтой тайлбарлах, өдөр тутмын хамтын ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэхэд анхаардаг.
Хамтран ажилладаг байгууллагынхаа ажилтан бүртэй нээлттэй, эргэх холбоотой байхыг ажлынхаа гол зарчим болгож ирсэн. Тэдэнд тулгарч буй асуудлыг анхааралтай сонсож, нөхцөл байдлыг нь ойлгон, хоёр талдаа үр дүнтэй шийдэлд хүрэх нь амжилттай хамтын ажиллагааны үндэс болдог болов уу.
Эцсийн дүндээ бидний ажлын үр дүн зөвхөн борлуулалтын тоогоор хэмжигдэх ёсгүй. Харилцагч даатгалын үйлчилгээг хаанаас, ямар сувгаар авснаас үл хамааран бүрэн мэдээлэлд үндэслэн зөв сонголт хийж, хэрэгцээтэй үедээ даатгалын хамгаалалтыг бодитоор хүртэж чадаж байвал бид ажлаа сайн хийжээ гэсэн үг.

Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Борлуулалтын салбарт ажиллахын нэг сайхан тал нь өдөр бүр шинэ хүмүүстэй танилцаж, тэднээс суралцах боломж олддог явдал. Хүн бүрийн хэрэгцээ, хүсэл сонирхол өөр учир харилцагчтайгаа хийсэн яриа бүрээс ямар нэг зүйл сурч авдаг.
Даатгалын салбарт ажиллаж буйн хувьд санхүүгийн зах зээлийн талаарх мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ борлуулалтын арга барил, харилцааны ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх шаардлагатай байдаг. Миний бодлоор борлуулалтын ур чадвар гэдэг сайн ярихаас бус, сайн сонсохоос эхэлдэг. Хүний хэрэгцээг зөв ойлгож байж л түүнд тохирсон шийдлийг санал болгоно шүү дээ.
Шинээр ажлын гараагаа эхлүүлж буй залууст ч туршлага бага гэж өөрийгөө гололгүй, суралцах хүсэл эрмэлзэлтэй, хичээл зүтгэлтэй байгаарай гэж хэлмээр санагддаг. Ажлын байран дээр суралцаж, эзэмшиж болохгүй ур чадвар гэж бараг үгүй дээ.

Хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
Даатгал шиг цогц ойлголтыг харилцагчдад аль болох энгийн, ойлгомжтой тайлбарлах нь миний ажлын нэг онцлог. Гэхдээ хэт хялбарчилж тайлбарласнаар эсрэгээрээ ташаа ойлголт төрүүлэх эрсдэлтэй. Тэрхүү ташаа ойлголтын улмаас даатгуулагч хожим хохирч ч болзошгүй шүү дээ.
Тиймээс эрсдэл гэж юу болох, түүнийг хэрхэн удирдаж, шилжүүлдэг, даатгал яг ямар зарчмаар ажилладаг талаар харилцагчтайгаа нэгдсэн ойлголтод хүрэх нь миний ажлын чухал хэсэг. Ингэж чадвал цаашдын хэлэлцээр ч илүү хялбар, үр дүнтэй өрнөдөг.
Ажлын маань сайхан тал нь олон салбарын бизнес эрхлэгч, мэргэжилтнүүдтэй уулзаж, тэдний ажил, туршлагаас суралцах боломжтой байдаг явдал. Миний хувьд 2025 онд СЭЗИС-ийг даатгалын чиглэлээр төгссөн. Оюутан байхдаа Агис Даатгалд ажиллах боломж олдсон нь мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх төдийгүй хувь хүнийхээ хувьд өсөж хөгжихөд сайхан гараа болж өгсөн гэж боддог.
Харин бэрхшээлтэй тал гэвэл уулзалт дууссаны дараа ч харилцагч маань ямар нэг ташаа ойлголттой үлдээгүй байгаа даа хэмээн эргэлзэх үе гардаг нь юм уу даа.
Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Намайг анх ажилд авч байсан Б.Жавхлан захирал маань даатгалын гэрээ, хэлэлцээр нь бусад бараа, үйлчилгээний борлуулалтаас ихээхэн ялгаатай учир аливаад нягт нямбай хандаж байхыг үргэлж захиж, сануулдаг. Ажлын гараагаа эхлүүлж буй залуу мэргэжилтний хувьд энэ зөвлөгөөг өдөр тутмын ажилдаа хэвшүүлэхийг хичээдэг.
Сэтгэгдэл бичих

