Энэ цаг үед хамгийн их утсаар ярьдаг хүмүүс хэн бэ гэж асуувал үл хөдлөхийн агентуудын нэр эхний хэдэд бичигдэх биз ээ. Өдөржин утсаар ярьж, уулзалт товлож, байр үзүүлж, барилгаа тайлбарлаж, худалдан авагчийн эргэлзээг тайлах шаардлагатай энэ ажил гаднаас нь харахад зүгээр л “зуучлал” мэт ойлгогдож магадгүй.
Гэвч бодит байдал дээр арай өөр гэдгийг үл хөдлөх зуучлалын оффис дээр очоод л мэдэрсэн юм.
Remax 100% оффист сууж байхад үе үе хонх жингэнэнэ. Энэ бол борлуулалт амжилттай хаагдсаны дохио. Нэг буланд агентууд утсаар ярьж, нөгөө буланд хоёр хүн барилгын төлөвлөгөө дэлгэн ярилцана. Хааяа нэг “энэ байр зарагдсан уу”, “энэ төсөл дээр хэд үлдсэн бэ” гэх яриа дуулдана. Зарим нь тасралтгүй утсаар ярьсаар байхад зарим нь уулзалтдаа гарахаар яарч харагдана.
Өнөөдрийн зочин болох “Өрнөх”-ийн Дөлгөөн буюу Ганбаатарын Дөлгөөн энэ хэмнэлд ердөө гурван жилийн өмнө орж иржээ. Гэсэн ч тэрээр богино хугацаандаа баймгүй өндөр амжилтууд гаргаж, өдгөө уг оффисын хамгийн шилдэгээр нэрлэгдэн өөрийн зургаа алдрын хананд мөнхөлжээ.

Түүний Remax 100% оффис дээрх баг өнгөрсөн жилд л гэхэд нийт 82 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, Дөлгөөн өөрөө Remax Mongolia-гийн 2024, 2025 оны шилдэг агент болсон байна. Мөн олон улсын шилдэг агентуудтай мөр зэрэгцэж, Chairman’s Club Award, Titan Club Award зэрэг шагналуудыг Монголд анх удаа авчиржээ.
Гэхдээ түүний амжилтыг зөвхөн борлуулалтын дүнгээр хэмжих нь хангалтгүй санагдана. Дөлгөөн үл хөдлөх борлуулалтын салбарт ажилласан гурван жил, түүнээс өмнөх барилгын салбар дахь туршлагаа нийлүүлбэл нийт 33,000 айл өрхийг шинэ байранд орж, гал голомтоо бадраахад нь гар бие оролцсон байна.
Миний хувьд мэдээж санхүүгийн асуудлаа шийдье гэж энэ салбарыг сонгосон. Гэхдээ орж ирээд удалгүй үл хөдлөхийн агентын ажил бол зүгээр нэг зар сурталчилгаа хийгээд хялбар аргаар орлого олох тухай биш гэдгийг ойлгосон юм.
Энэ бол барилгын салбар, төслийн онцлог, хамгийн гол нь худалдан авагчийн нөхцөл байдлыг ойлгож, аливааг зөвхөн мөнгө гэж харах бус эерэг өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах салбар.

Уналтын үе
Дөлгөөн бол багш мэргэжилтэй, бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан, барилгын салбарт нягтлан, нярваар олон жил ажилласан нэгэн. Цар тахлын өмнө барилгын компанийн ажлаасаа гарч, хүүхдүүдээ харахын зэрэгцээ гоо сайхны онлайн дэлгүүр ажиллуулах болжээ. Богино хугацаанд үйл ажиллагаа нь тэлсээр И-Мартад лангуутай болж чадлаа.
Бизнес нь боломжийн өсөж байсан ч цар тахлын үеэр бараа нь хил дээр саатаж, орлого тасалдсан нь бүх зүйлийг өөрчлөх эргэлтийн цэг байв. Бизнесээ өргөжүүлэхээр хашаа байшингаа барьцаалан авсан банкны зээл нь нэхэгдэж, санхүүгийн дарамт нэмэгдсэн тэр үед Дөлгөөн дөрөв дэх хүүхдээ төрүүлээд байв. Мөн гэр бүлийнх нь найдвартай ар тал болсон ээж нь хорвоогийн мөнх бусыг үзүүлээд удаагүй байлаа.
Уналтын үеэсээ гарахын тулд юун түрүүнд нэмэлт орлоготой болох хэрэгтэй болов. Ингээд барилгын салбарт хамт ажиллаж байсан танилынхаа байрыг зарж өгч болох эсэхийг асууснаар үл хөдлөхийн салбарт хөл тавилаа.
Агент болох сургалтын төлбөр 300 мянган төгрөг байсан юм. Сургалтын төгсгөлд шалгалтдаа унах юм бол дахиад 150 мянган төгрөг төлөх хэрэгтэй болно. Хүүхдүүдийнхээ хоолны мөнгөөс хумслахгүйн тулд сургалтын тав хоногийн турш бараг унталгүй бэлдэж байж шалтгалдаа тэнцсэн.

Мэргэжлийн үнэмлэхээ аваад удалгүй “амлаж” авсан байраа зарж чадав. Ийнхүү түүний амрах завгүй он жилүүд эхлэв. Дөлгөөн эхний жилүүдэд өдөрт 100 гаруй дуудлага авч, олон арван уулзалт хийдэг байжээ. Өглөө хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд ажилдаа явна, орой нь гэртээ ирж хүүхдүүдээ унтуулсны дараа дахин ажиллаж сууна. Өвлийн хүйтэнд автобусанд шахцалдаж явахдаа сөхөрч унасан удаа ч байсан гэдэг. Гэхдээ түүнд бууж өгөх боломж бас сонголт байсангүй. Бизнесийн зээлээ төлж дуусгах, байрны урьдчилгаа цуглуулж хашаа байшингаасаа нүүх, хамгийн гол нь дөрвөн хүүхдээ элэг бүтэн өсгөх зорилго байлаа.
Үл хөдлөх
Анхны байраа зарсны дараа удалгүй Remax 100% оффисын Д.Алтантуяа захирлынхаа хүсэлтээр buyer agent-аас listing агент буюу барилгын төслийн борлуулалтыг бүхэлд нь хариуцдаг агент болж, Чулуун овооны Нохойтой хөшөөний урд “Өрнөх Хороолол”-ыг дааж авав. Энэ нь илүү өндөр хариуцлага, илүү их эрсдэл ч гэсэн нөгөө талаасаа эрх чөлөө, өсөн дэвших боломж байлаа.
Шинээр баригдаж байгаа төсөл дээр ажиллана гэдэг бол зөвхөн борлуулалт хийх биш. Захиалагчийн өмнөөс барилгын компанитай харилцаж, барилга хугацаандаа ашиглалтад орох эсэхэд хүртэл анхаарах хариуцлагатай үүрэг.
Борлуулалтаа хийчихсэн гээд орхиод явж болох ч миний хувьд өөрөө хуримтлуулсан бүх мөнгөө байранд өгөөд хэдэн жил хүлээж байгаад орж байсан туршлагатай тул худалдан авагчдыг сайтар ойлгодог юм.


“Өрнөх Хороолол”-ын ажлаа хүлээж авсны дараах 14 хоногийг нойргүй шахам өнгөрүүлэв. Тус хорооллын барилгын ажил цар тахлаас улбаалан хоёр жил зогсоод байсан тул түүнд гацсан борлуулалтыг сэргээх, барилгын компанитайгаа ойлголцох маш чухал даваа гарч иржээ. Тэр үед өөрийн хуримтлуулсан 20 сая төгрөгийг тэр чигт нь маркетингийн зардалдаа зарцуулаад байв.
Ийнхүү барилгын салбарын мэдлэг, худалдан авагчдаа гэх сэтгэл, сошиал маркетингийн туршлагынх нь ачаар борлуулалт нээгдэх өдөр түүний оффисын үүдэнд худалдан авагч нар дугаарлан зогссон байлаа.
Үл хөдлөхийн салбарт чиглүүлдэг ментор маш чухал. Шинээр орж ирсэн хүнийг шууд орхичихгүй, дараагийн шат хүртэл нь чиглүүлэх хэрэгтэй. Манай Remax 100% оффис үүнийг бүрэн дүүрэн хийж чаддаг.
Өгөх бизнес
Дөлгөөнийг нярай байх үед нь өвчин ороожээ. Аав, ээж нь ламд үзүүлтэл хот газар биш хөдөө нутагт, хүмүүсээс хол, байгаль дэлхийтэй ойр өсгөх хэрэгтэй гэсэн байна. Ингээд аав ээж нь хилийн цэргийн албан хаагчид болж, Дөлгөөн бага насаа байгаль дэлхийтэйгээ ойр өнгөрүүлэв. Байгаль дэлхий өвчнийг нь илааршуулаад зогсохгүй амьдралынх нь үзэл баримтлал, бизнесийнх нь зарчимд нөлөөлж, “өгөх”-ийн ухааныг өвлүүлсэн байна.
Ийм ч учраас Дөлгөөний хувьд үл хөдлөхийн ажил зөвхөн орлого олох хэрэгсэл биш, харин хүмүүсийг амьдралынх дараагийн шатанд хүргэж, тэдэнд илүү сайхан амьдралыг өгөх боломж аж.
Нэг удаа автомашин авахаар худалдааны газарт очтол зарж байсан ах намайг таниж, миний оруулсан байрандаа аз жаргалтай сайхан амьдраад саяхан байраа томруулсан тухайгаа хуваалцсан. Сайхан байранд оруулж өгч байсан гээд автомашины маань дугаарыг үнэгүй өгч байсан шүү.


Гурван жилийн өмнө санхүүгийн дарамттай тулгарч, гарц хайж байсан эмэгтэй өнөөдөр салбартаа өөрийн гэсэн системийг нэгэнт бий болгожээ. Өдгөө тэрээр “Өрнөх Хороолол”-ын шинэ блокуудаа шижигнэсэн багийнхаа хамтаар борлуулж, үр хүүхэддээ цаг гаргаж, салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулахан ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих (3)


Б Буяа 122.201.31.172
Үнэхээр мундаг эмэгтэй шүү. Эрч хүчтэй. Цоглог. Хийсэн ажил бүхэн нь амжилт дагуулдаг. Маш мэдрэмжтэй. Ажилд нь өндөр амжилт хүсэе
З Зочин 66.181.186.102
Маш сайхан гэгээлэг санагдлаа та бүхэн дажлын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе амралтын өдрийг эрч хүчтэй угтах боллол
O Otgonzaya 202.126.90.142
Uneheer daichin, hicheel zutgeltei, zorisnoo zaaval heregjuldeg, aviyas uhaan tuguldurjsun busgui shu, delhiin diamond bolohiig husen yeruuy