Долоон хоногийн турш, өдөр бүр 12 цагийн турш үргэлжилсэн LookTV-ийн Haunted House энэ жилийн Halloween-ы баярын онцлох арга хэмжээнүүдийн нэг байлаа. Аравдугаар сарын 26-наас арван нэгдүгээр сарын 1 хүртэл Пассаж төвд зохион байгуулагдсан тус эвент гурав дахь жилдээ үзэгчдээ аймшгийн ертөнцөөр аялуулж, долоо хоногийн турш оролцогчдын хөл хөдөлгөөн тасарсангүй.
Энэ жилийн Haunted House үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгэснийг тасалбарын борлуулалтаас харж болно. Тодруулбал, тасалбар худалдаанд гарсан эхний өдрөө бүрэн зарагдаж дууссан нь тус арга хэмжээг сонирхох хүмүүсийн эрэлт өндөр байсныг илтгэнэ. Энэ удаад LookTV нийт 800 ам метр талбайг хамарсан, зургаан өөр өрөө болон тэдгээрийг холбосон хонгил бүхий аймшгийн ертөнцийг бүтээжээ.


ХААЛГАНЫ ЦААНА ЮУ НУУГДАВ?

Аймшгийн кино үзэж байхдаа бид дэлгэцийн цаанаас үйл явдлыг ажиглаж, дараагийн мөчид юу болохыг таамаглан суудаг. Харин өөрөө тэрхүү орчинд орж, юу хүлээж байгааг мэдэхгүй урагшлах нь огт өөр мэдрэмж. Харанхуй хонгил, үл мэдэгдэх чимээ, гэнэтийн үзэгдэл, жихүүдэс хүргэм дүрүүдтэй нүүр тулахад дараагийн мөчид юу болохыг таахын аргагүй.
Энэ жилийн Haunted House-ийг өмнөх жилүүдээс ялгаруулсан нэг онцлог нь оролцогчдыг нууцлаг түүхээр хөтөлсөн явдал байв. Тодруулбал, ор сураггүй алга болсон хүмүүсийн мөрөөр явж, тэдэнд чухам юу тохиолдсон, яагаад эргэж ирээгүйг олж мэдэхээр оролцогчид аймшгийн ертөнцөөр аялсан юм.
Зургаан өөр өрөөгөөр дамжин өнгөрөхдөө тэд шинэ дүр, үйл явдалтай учирч, дараагийн хаалганы цаана юу хүлээж байгааг таамаглан урагшилж байлаа. Өрөө бүрийн тохижилт, гэрэлтүүлэг, дуу чимээ, дүрүүдийн оролцоог хооронд нь уялдуулсан нь нууцлаг түүхийг илүү бодитой болгож, оролцогчдыг аймшгийн киноны ертөнцөд хөл тавьсан мэт мэдрэмжид автуулжээ.


ДЭЛГЭЦЭЭС БОДИТ АМЬДРАЛ РУУ

Кино үзэхдээ бид үйл явдлыг дэлгэцийн цаанаас ажиглаж, дүрүүдийн хамт догдолж, айж, заримдаа юу болохыг урьдчилан таамагладаг. Харин Haunted House-д үзэгчид өөрсдөө тэрхүү ертөнцөд хөл тавьж, айдас, түгшүүр, догдлолыг биеэрээ мэдэрсэн юм.
Энэ утгаараа Haunted House нь зөвхөн Halloween-ы баярт зориулсан аймшгийн байшин төдий байсангүй. Харин LookTV үзэгчидтэйгээ дэлгэцээс гадуур уулзаж, тэдэнд найзуудтайгаа хамт шинэ, сонирхолтой дурсамж бүтээх боломж олгосон энтертайнмент арга хэмжээ байлаа.






Түүнчлэн зохион байгуулагчид эвентийн уур амьсгалыг зөвхөн аймшгийн байшингийн дотор хязгаарлаагүй нь анхаарал татав. Арга хэмжээ эхлэхээс хэд хоногийн өмнө Хан-Уулын E-Mart худалдааны төвд байршуулсан нууцлаг хаалга хүмүүсийн сонирхлыг татаж, цаана нь юу байгааг таамаглахад хүргэсэн өвөрмөц сурталчилгааны шийдэл байлаа. Ийнхүү үндсэн арга хэмжээ эхлэхээс өмнө хүмүүсийн сониуч занг хөдөлгөж, Halloween-ы уур амьсгалыг өдөр тутмын орчинд хүргэсэн нь LookTV-ийн бүтээлч хандлагыг харуулсан нэгэн жишээ юм.
ИРЭХ ЖИЛИЙН НАМАР ХҮРТЭЛ...

Жил бүр шинэ түүх, сонирхолтой орчин, бүтээлч шийдлүүдийг танилцуулж буй LookTV-ийн хандлагыг онцлохгүй өнгөрч болохгүй. Аймшгийн киноноос авдаг мэдрэмжийг бодит орчинд үргэлжлүүлж, найзуудтайгаа хамт догдолж, инээлдэж, дурсамж бүтээх боломжийг бүрдүүлснээрээ тус брэнд энэ удаад ч жинхэнэ утгаараа entertainment experience хүргэж чаджээ.
Энэ жилийн хаалганы цаана юу нуугдаж байсныг бид ийнхүү мэдэж авлаа. Харин ирэх жилийн Halloween-аар LookTV биднийг ямар ертөнцөөр аялуулах бол? Үүнийг мэдэхийн тулд дараа жилийн намрыг хүлээхээс өөр аргагүй нь дээ.


