"Өртөөлөгчид" бол салбартаа шинэчлэл хийхээр, тоглоомын дүрмийг өөрчлөхөөр тэмүүлж буй залуу мэргэжилтнүүд, шинэ үеийнхнийг онцлон танилцуулах хөрөг-цуврал юм.

Unread Media

Орчин цагт технологийн дэвшил бидний эргэн тойрныг, амьдралыг яах ийхийн зуургүй өөрчилж буйг харж байна. Гэхдээ технологи бидэн дээр өөрөө яваад ирдэггүй. Түүнийг хүмүүсийн амьдралд нэвтрүүлэхэд, бодитоор буулгахад зарим компани, хүмүүс илүү өндөр үүрэгтэй оролцдог нь мэдээж билээ. Чухам тийм мэргэжилтнүүдийн нэгийг энэ удаа бид “Өртөөлөгчид” буландаа урин оролцуулсан юм. Тэр бол монголчуудын амьдрал цаашид хэрхэн өөрчлөгдөх, бүтээмж хэрхэн нэмэгдэхийг тодорхойлох чухал зангилаа цэг дээр ажиллаж буй, "Мобиком" корпорацын Мэдээллийн технологийн газрын захирал Баясгалангийн Мөнхзориг.

Б.Мөнхзориг инженерүүдийн гэр бүлд, айлын гурван хүүхдийн дундах нь болон төржээ. Зогсоо зайгүй юм асуудаг тун сониуч хүүхэд байсан тэр хүүхэд насаа I хороололд өнгөрүүлж, 80-р сургуульд элсэн суралцжээ. Харин VII ангидаа Багшийн дээдийн лицейд орж, тэр үед Монголд дөнгөж үзэгдэх болсон компьютерт дурласан нь ирээдүйд нь нөлөөлөх чухал үе болж. Улмаар нэг жил үсрэн 16 настай их сургуульд орсон бөгөөд тоо, физик, мэдээлэл зүйд сонирхолтой, сурлага сайтай байсан Б.Мөнхзоригийн сонголт нь КТМС байв.

Тухайн үед гадаад явж суралцах залуучуудын гол хүсэл байлаа. Эгч нь Хятадын Засгийн газрын тэтгэлэг авсан нь түүнд ташуур болж, Япон руу явахыг мөрөөдөж байв. Гэвч Японы засгийн газрын тэтгэлэгт тэнцсэнгүй, өөр хэд хэдэн шалгалт өгснөөс Туркийн засгийн газрын тэтгэлэг хүртжээ. Ингээд 2001 онд Туркийн талаар төсөөлөл багатай ч эрдэм өвөрлөн ирэхээр замдаа гарав. Гэхдээ аав, ээж нь багад нь зарим улс орноор авч явж, олон орны соёлтой танилцуулсан болохоор дорхноо дасаж, гурван сарын дараа туркээр нэлээн сайн ярьчихдаг болсон гэнэ.

Туркт компьютерын инженерийг програм хангамжийн болон техникийн гэж хоёр хуваадаггүй, нэг л мэргэжил гэж үздэг аж. КТМС-д нэг жил сурчихаад очсон тул хичээлдээ түүртэх юм байсангүй, орон орны оюутнуудтай дотно нөхөрлөн хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэх болов. Гуравдугаар курсээ төгсөөд AIESEC-ийн гадаадад дадлага хийх хөтөлбөрт шалгалт өгч, Германд нэг жил ажиллах боломжийг шүүрчээ. Тэнд технологийн компанид цалинтай ажил хийж, сурсан мэдсэнээ бодит амьдралд хэрэгжүүлэх ёстой боллоо. Европ, Хойд Америкийн зах зээлд хуучин машины үнийн прогноз гаргадаг систем хөгжүүлдэг, Энэтхэг, Орос, Турк, Африк гэх мэт олон газрын хүмүүстэй, чөлөөтэй уур амьсгалтай компанид ажиллаж, ажлын гараагаа тавьжээ.


Дадлагын хугацаа дуусахад компанийн захирал нь үргэлжлүүлэн ажиллаач гэсэн ч Б.Мөнхзориг Монгол руугаа буцахаар сэтгэл шулуудсан байлаа. Эх орондоо ирээд салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт орж ажиллав. Тэнд 2009 он хүртэл жил хүрэхгүй хугацаанд ажилласан ч “Үндэсний дата төв”-ийн төсөл, “Хүүхэд бүрд компьютер”, “Үндэсний броадбандын хөтөлбөр” зэрэг олон чухал төсөл хөтөлбөрт гар бие оролцох завшаан тохиож, багагүй туршлага хуримтлуулсан талаар ярилаа.

Хэсэг ажиллаад хувийн хэвшилд хүч сорихоор шийдээд, "Мобиком" корпорацад мэдээллийн технологийн инженерээр орохоор шалгалт өгөхөд тухайн үеийн удирдлагууд “гадаад ажиллаж байсан, англи хэлтэй, технологийн мэргэжилтэй залуучууд шинэ төсөл, бизнес эхлүүлэхэд хэрэгтэй байна. Шинэ бизнес, хөгжлийн албандаа авъя” хэмээн түүнийг элсүүлжээ. Шинэ ажил нь цэвэр бизнес хөгжүүлэлтийн ажил болох нь удахгүй ойлгогдов. Өдөр тутам зах зээлийн төрөл бүрийн судалгаа, бизнесийн 3-5 жилийн тооцоолол хийх болсон тул Б.Мөнхзориг цаг алдалгүй санхүүгээр суралцъя гэж шийдээд, СЭЗДС-ийн бямбын ангид элсжээ. Ийн санхүүгийн удирдлагаар эрт суралцсан нь карьерт нь ихээхэн тус болсныг тэр онцолсон юм.

“Шууд бизнес хөгжүүлэлтийн ажил хийхэд мэдэхгүй чадахгүй зүйл их байсан, тэр үед хамт олноосоо ихийг сурсан даа” хэмээн тэрээр дурслаа. Нэгэн жишээ дурдахад, ажилд ороод дөнгөж гурван сар болж байтал албаны захирал нь ТУЗ-ийн хуралд материал бэлдээрэй, хамт орно шүү гэжээ. Материалыг нь бэлдчихээд, захиралтайгаа хамт ТУЗ-ийн хуралд ортол түүнийг өөрөө материалаа танилцуул гэж. Ярина гэж огт төсөөлөөгүй Б.Мөнхзориг интернэтийн бизнестэй холбоотой мөнөөх сэдвээ чадлаараа танилцуулж, олон асуултад нь хариулжээ. Ингээд хурлаас гарч ирээд захирал нь “Алив гараа цохь. Маш сайн танилцууллаа” хэмээн ихэд урамшуулсан аж. Ярьж байх үедээ сандарсандаа эргэдэг сандлаа займчуулаад байхаар нь хажууд сууж байсан захирал нь сандлыг нь атгаж тогтоон барьж байв. Ямартай ч амжилттай болж.


Тус албаны энэ үед хөгжүүлж байсан бизнесүүдийн нэг нь "МобиЭкспресс" байв. Гар утсанд суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлэх энэ санаа нь "MonPay" хэмээн нэрлэгдэх болсон цахим мөнгөний төслийн эхлэл байжээ. Одоо ид шуурч буй финтек бүтээгдэхүүнийг буй болгох суурийг "Мобиком" тун эртнээс тавьж, хөгжүүлж ирсэн байх юм.

Өдгөө Б.Мөнхзориг "Мобиком"-д 12 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хооронд бизнес хөгжүүлэлт, стратеги төлөвлөлт, охин компаниудын менежмент, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг сурталчилгаа зэрэг компанийн олон салаа мөчирт шилжин ажиллажээ. Ажилтнуудаа сэлгэн ажиллуулж, байн байн өөрийгөө сорих боломжийг олгодог компанийнх нь хүний нөөцийн бодлогыг магтууштай. Тэрээр бүтээгдэхүүн маркетинг болон маркетинг сурталчилгааны албаны захирлаар дөрвөн жил ажиллаад, 2018 оны дөрөвдүгээр сард одоогийн албан тушаалдаа томилогджээ.

“Мэдээллийн технологи бол зөвхөн код бичих асуудал биш. Дангаар авч үзэх нь өрөөсгөл. Технологи бэрхшээлийг шийдэх, одоо байгааг илүү үр ашигтай болгохын төлөө л байдаг. Өнөөдөр финтек, эдтек, медтек гээд дандаа хоёр салбарыг нийлүүлэн авч үзэх хандлага бий болоод байна. Тэгэхээр бусад салбараа сайн ойлгож, хамтын ажиллагааг тогтоон авч явах нь чухал” хэмээн тэр ярилаа. Код бичих зэрэг техник ажилбарыг хийхээс өмнө санаа гаргах, архитектур, дизайнаа тодорхойлох зэрэг олон үе шат байдаг учраас түүнийхээр мэдээллийн технологи бол тун бүтээлч салбар ажээ. Түүнчлэн монголчуудын шинэ технологийг авч хэрэглэхдээ хурдтай, соргог байдаг нь ажиллахад урам болдог гэв.


Өдгөө түүний ахалж буй Мэдээллийн технологийн газрын гардан хөгжүүлж буй "MonPay"-ийн тухай дэлгэрүүлэн өгүүлэхэд, гол зорилго нь хэрэглэгч, бизнесүүдийг холбох дижитал платформ буюу эко системийг буй болгох юм. "Мобиком" өнгөрсөн хорин дөрвөн жилд интернэт холболт, үүрэн холбоо гэх мэт хатуу дэд бүтцийг хөгжүүлэхэд онцгой анхаарч, зорилгодоо амжилттай хүрсэн бол өдгөө зөөлөн дэд бүтцийг бий болгохоор зорьж буйн илрэл нь "MonPay". Энэ платформ нэг талаас хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралдаа дижитал үйлчилгээг нэвтрүүлэх, нөгөө талаас бизнесүүдийн дижитал үйлчилгээг зах зээлд хүргэх хэрэгцээг хангаж буй бөгөөд төлбөр тооцооны хувьд Монголбанкны үндэсний төлбөрийн системд холбогдон лицензийг авсан цорын ганц финтек бүтээгдэхүүн юм. Финтек бүтээгдэхүүнд нууцлал, аюулгүй байдал, хэрэглэгчийг таних технологиуд нэн чухал. Үүрэн холбооны оператор компаниуд хэрэглэгчийн таних технологийн хувьд давуу талтайн зэрэгцээ сүүлийн үеийн хуулийн зохицуулалтаар тоон гарын үсгийг ашиглах боломжтой болоод буй. Үр дүнд нь ердөө нэг жилийн өмнө боломжгүй байсан, зайнаас гэрээ байгуулах боломж бүрдсэн юм. Энэ технологийн ачаар одоо бид банкнаас зээл авахдаа заавал салбар дээр очих шаардлагагүй болсон.

Одоо Б.Мөнхзоригийн төвлөрч буй гол ажил бол "Digital Transformation" буюу дижитал шилжилтийг компанидаа үлгэр жишээ нэвтрүүлэх төсөл юм. Компанийн уламжлалт арга барил, сэтгэлгээ, соёлыг өөрчилж, үйл ажиллагаагаа үр ашигтайгаар цахимжуулах энэ ажилд мобикомчууд гойд анхаарч, Монголын бизнесийн орчинд түүчээлж буй. Үүний хүрээнд тун саяхан мэдээллийн технологийн газрынхаа олон жил явж ирсэн бүтцийг эрс өөрчилж, "agile" буюу хурдтай, хувьсах чадвартай багуудыг бий болгосноо тэр хуваалцав. Мөн бидний өмнө танилцуулж байсан "Moffice" төслийн санааг хөгжүүлэхэд голлох үүрэгтэй оролцож, "Мобиком"-ыг стартапууд, технологийн залуу мэргэжилтнүүдтэй ойртуулсан нь энэ том зорилгын хүрээнд хийгдсэн нэг ажил болжээ. Б.Мөнхзориг компанийнхаа эдгээр туршлагыг аль болох бизнесийн хурал, зөвлөгөөн бүрд танилцуулж, бусад компаниудад, төрийн болон орон нутгийн байгууллагуудад дижитал шилжилт хийхэд туслахыг зорьдог гэнэ.


Ажлаа явуулдаг арга барилыг нь сонирхвол, өглөө фитнестээ яваад, 8.30-с багаараа хуралдаж, шөнө хийгдэх системийн өөрчлөлтийн зөвшөөрлийг өгдөг, тэгээд өдөрт багийнхаа болон компанийн гүйцэтгэх удирдлагын олон хурал, уулзалтад ордгоо хуанли дээрээ харуулав. Өдөрт 200-300 имэйл авч, түүндээ 90-120 минут зарцуулдаг гэхээр ажлын өдөр нь чөлөө завгүй өнгөрдөг бололтой. Тийм ч учраас амралтын өдрөөрөө ажил огт хийлгүй амарч, эрч хүчээ сэлбэж авахыг боддог аж. Гэхдээ залуучуудад зааж зөвлөх, "Ротари" зэрэг сайн дурын ажилд цагаа харамгүй зориулдаг гэснийг нь дурдахгүй өнгөрч боломгүй.

“Удирдах ажилтны хувьд хамгийн чухал зүйл бол зөв шийдвэр гаргах. Би аль болох бусдыг сонсож, санал нийлэхгүй хүмүүст ч бодсон санаснаа ойлгуулахыг хичээдэг” хэмээсэн. Хүн зан чанар, үнэт зүйлээ өөрчлөх албагүй ч арга барилаа бол байнга өөрчилж байх хэрэгтэй гэдэгт тэр итгэдэг. “Өнөөдөр юмс ямар хурдан өөрчлөгдөж байна? Бүх юм тодорхой биш. Ийм нөхцөлд хурдан шаламгай, динамик байх хэрэгтэй. Технологийн инженерүүд ч гэсэн нарийн мэргэжлээр хуваагдах нь улам багасаж байна. Хөрвөх чадвар тун чухал болж буйн илрэл” гэсэн нь бүх л салбарынханд хамаатай үг биз. Гэхдээ хөрвөх чадвар гэдэг нь нэгээс нөгөөд байнга шилжихийн нэр бус, дасан зохицох, түргэн суралцахын нэр. Үүний зэрэгцээ “Хүн хамгийн сайн чаддаг зүйлээ улам л хөгжүүлж, хурцалж явах хэрэгтэй". Түүнчлэн англи хэлний мэдлэг залуучуудад нэн чухал байгааг тэр дурдсан. Ойлгомжтой зүйл мэт боловч "хүн хэлэхээс нааш" гэдэгчлэн энд давтахад илүүдэхгүй болов уу.


Б.Мөнхзоригтой ярилцах үедээ олзуурхан тэмдэглэсэн өөр нэг санаа бол асуудлыг харах өнцөгтэй холбоотой. Тэр багийнхандаа “Битгий гомдолло. Хоосон гомдоллох ямар ч ашиггүй” гэж зөвлөдөг. Дээхэн үед нэг захирлынхаа “Чи ямар ч ажил хийлээ гэсэн, одоо байгаагаасаа нэг шат дээрээс харж бай” гэснийг тэр мартдаггүй. Үүнийг санавал бусдыг илүү ойлгоно, асуудлыг магад компанийн хэмжээнд томоор харж чадна гэсэн юм.

Одоо Б.Мөнхзориг удирдаж буй, оролцож буй төслүүдийнхээ үр дүнг харах сан хэмээн эрч хүчтэй ажиллаж буй. Дижитал шилжилтийг жинхэнэ утгаар нь хийж, "Мобиком"-ыг "agile" компани болгоход тусалж, бусад компаниуд, хэрэглэгчдийн зүгээс өөрчлөлтийг нь сайшааж, хүлээн зөвшөөрөх хүртэл тэр хурдаа сааруулахгүй.

Харин алсдаа олон олон салбарт хүнээс хамааралгүй багуудыг буюу үр ашигтай системүүдийг бий болгож, илүү үр бүтээмжтэй нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулах мөрөөдөлтэй.

Б.Мөнхзоригийн сошиал хуудас:

Фэйсбүүк
Инстаграм

Та бүхэн манай "Өртөөлөгчид" буланд хийж буй өөр өөрсдийн салбарт чичиргээн үүсгэж, өөрчлөлтийг авчирч буй залуучуудыг санал болгоорой.