“Үр Минь” гэх нэрийг сонсоод залуу эцэг, эхчүүдийн толгойд “Би хайраас төрсөн, Ээжийн зөвшөөрлөөр үнсэнэ үү, Намайг хазаад базаад идчихмээр байна уу?” зэрэг эгдүүтэй хөөрхөн бичигтэй, загварлаг боди төсөөлөгдөж буй нь лавтай.
Одоогоос долоон жилийн өмнө 500 мянган төгрөгийн санхүүжилт, хоёр оёдлын машинтайгаар эхэлж байсан “Үр Минь” брэнд өдгөө 4.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэхүйц хэмжээнд хүрч, монгол эцэг эхчүүдийн андахгүй таньдаг, хайр талархлыг нь хүлээсэн брэнд болтлоо өргөжжээ.
Гал тогооныхоо ширээн дээрээс эхлүүлсэн санаагаа тасралтгүй хөгжүүлж, мөрөөдөлдөө үнэнч байж, өмнөө тулгарсан асуудал бүрийг даван гарсаар өдгөө АНУ-ын Амазон сайт дээр өөрсдийн албан ёсны дэлгүүрээ нээж буй “Үр Минь” брэндийн үүсгэн байгуулагч А. Уянгын түүхийг бид энэ удаагийн “Өртөөлөгч” булангаараа хүргэж буйг хүлээн авна уу.
гал тогооны ширээн дээрээс эхэлсэн бизнес
2017 оны 11-р сарын 8-ны өдөр. Хэдхэн сарын өмнө энэ дэлхийн цоо шинэ иргэнийг өлгийдөн авсан А.Уянгын хувьд өнгөрсөн хэдэн сар харвасан сум мэт, хором ч амсхийх боломжгүй хурдтай өрнөжээ. Урьд нь ганц бие байхдаа Монголын томоохон арилжааны банкинд бүтэн цагийн ажил хийхийн хажуугаар магистрын хичээлдээ сууж, Ротаракт клубд сайн дурын ажил эрхэлдэг байсан үедээ тэрээр өөрийгөө хэрэндээ л завгүй, ажил хэрэгч бүсгүй хэмээн төсөөлдөг байж.
Харин одоо өдөр шөнийн алинд нь ч өөрөөс нь 100 хувь хамааралтай бяцхан үрээ бойжуулах нь урьд нь хийж байсан аливаа ажлуудаас илүү хүнд, цаг наргүй төсөл мэт санагдана. Мэдээж ээж бүхэн хүүхдийнхээ эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүний эрэлд гарч, тэдэндээ сайн бүхнийг зориулахыг хүсдэг нь хорвоогийн жам.
Анхлан төрсөн ээж бүхний адил Уянгаа хүүхдийнхээ эрүүл мэндэд хамгийн сайн бүтээгдэхүүн сонгохыг хүсэж, хөвөн даавуун, хөдөлгөөнд саад болохгүй, агаар сайн нэвтрүүлэх хувцас хайж эхэлжээ. Гэвч зах зээл дээр байгаа бүтээгдэхүүнүүд түүний хүссэнтэй нийцэх нь тун ховор. Олдсон нь хэт үнэтэйн дээр хүүхэд томрох үед өмнөх загвараасаа авах гэхээр размерын сонголтгүй байх тохиолдол элбэг.
Найз нөхөд, ойр тойрны хүмүүст нь ч энэ асуудал нийтлэг тулгардаг болохыг анзаарч, “Ер нь яагаад би хүсэж буй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж болохгүй гэж?” хэмээн Уянгаа өөрөөсөө асууж гэнэ. Ингээд бизнесээ эхлүүлэхээр шийдсэн даруйдаа хадам ээжээсээ 300, нөхрөөсөө 200 мянган төгрөг авч, нийтдээ хагас сая төгрөгийн эхлэл хөрөнгөөр “Үр минь” брэндийг эхлүүлсэн түүхтэй.
Нийтлэлийн эхэнд дурдсан 2017 оны 11-р сарын 8-ны орой тэрээр гал тогооныхоо ширээний ард сууж байгаад эхний бүтээгдэхүүнүүдийнхээ зураг авалтыг хийж, олон нийтийн сүлжээнд байршуулсан нь санаанд оромгүй олон хандалт авсан нь энэ түүхийн эхлэл цэг.
эхийн сэтгэлээр урлав
Уянгаа танил оёдолчин эгчтэйгээ хамт Улаанбаатарын хамгийн чанартай даавуу зардаг газруудаас түүхий эдээ татаж, зарагдсан бүтээгдэхүүнийхээ орлогыг эргэлтийн хөрөнгө болгон ашиглаж, хагас жил хүрэхгүй хугацаанд цөөнгүй хэрэглэгчидтэй болж чаджээ.
Хэдий "Газрын кадастр" гэх хувцас загвараас тэс хөндлөн мэргэжлээр суралцсан хэдий ч Голомт банканд дөрвөн жил ажиллахдаа олж авсан ажлын нөү-хау, зах зээлд ялгарал бүтээх, брэнд хоногшуулах зэрэг маркетингийн мэргэжлээр суралцах явцдаа сонссон номын дуу зэрэг нь брэндээ бүтээхэд хамгийн их тусалсан гэдэг.
Ямар ч бизнесийн хувьд эхний нэгээс хоёр жил гэдэг хамгийн ороо бусгаа, хүндхэн цаг үе. Харин Уянгаа “Үр минь өдөр бүх тухтай” хэмээх брэндийн уриагаа ягштал баримтлан монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон хийгээд гэр бүлээрээ хамтдаа халуун дулаан дурсамж бүтээхэд нь туслах хувцаснуудыг урласаар эхний үнэнч хэрэглэгчдээ амжилттай татсан аж.
“Би хайраас төрсөн, Ээжийн зөвшөөрлөөр үнсэнэ үү, Намайг хазаад базаад идчихмээр байна уу?” зэрэг бичиглэлүүд бүтээгдэхүүнийг нь энгийн боловч, үнэ цэн шингээсэн хувцас болгон хувиргаж чаджээ.
анхны хөрөнгө оруулалт
"Үр минь" брэндийг олон нийтэд таниулж, бизнесийн дараагийн шатанд гарахад хамгийн их нөлөөлсөн зүйл бол "Шарк Танк" шоу. Үндсэн ажлын хажуугаар зай завсар гарах бүрийд брэндээ тасралтгүй хөгжүүлж байсан Уянгаагийн хувьд 2018 оны есдүгээр сард, таван сартай хөл хүнд байх үедээ “Шарк Танк” нэвтрүүлэгт оролцжээ. Ирэх жилийнх нь хавар нэвтрүүлэг олон нийтэд хүрэх үед төсөөлөө ч үгүй олон хэрэглэгч тэдний бүтээгдэхүүнийг сонирхож, худалдан авч, өмнөх борлуулалтыг хэдэн зуу дахин давсан эрэлт үүсэх нь тэр. Мэдээж тухайн үед өрхийн жижиг бизнес төдий байсан тэдний брэнд уг эрэлтийг хангаж чадахгүй нь тодорхой.
Хэдий тодорхой шалтгааны улмаас нэвтрүүлгийн шаркаас хөрөнгө оруулалт босгож чадаагүй ч өмнө нь түүнтэй банкинд хамтран ажиллаж байсан 21 хүн Crowd founding хэлбэрээр “Үр минь”-д санхүүжилт босгожээ. Тухайн үед хоёр ой хүрээгүй бяцхан хүү, хоёрхон сартай нярайтай байсан хэдий ч нэг талдаа хөрөнгө оруулагчдын итгэл, нөгөө талдаа хэрэглэгчдийн урсгалыг алдах эрхгүй учир Уянгаа тун зоригтой шийдвэр гаргаж, үйлдвэрийн байраа босгохоор сэтгэл шулуудав.
Ийнхүү 2021 он буюу цар тахлын хүндхэн цаг үед “Үр Минь” 195 метр квадрат талбайтай, цоо шинэхэн үйлдвэрийн байраа ашиглалтад орууллаа. Уянгаа оёдлын цехийг зөвхөн оёдлын машин тачигнуулж суудаг газар биш, хамгийн эрхэм хүмүүс болох хүүхдүүдэд зориулсан бүтээгдэхүүн урладаг гэдэг утгаараа үйлдвэрийн байраа цэвэр, агааржуулалт сайтай, тав тухтай орчин бүрдүүлжээ. Хамгийн гайхалтай нь, яг энэ цаг үед түүний гурав дахь хүү нэг ой ч хүрээгүй байсан юм.
Ийнхүү одоогоос долоон жилийн өмнө 500 мянган төгрөгийн санхүүжилт, хоёр оёдлын машинтай эхэлж байсан түүний бизнес өдгөө 4.5 тэрбумаар үнэлэгдэж, монгол эцэг эхчүүдийн андахгүй таньдаг, хайр талархлыг нь хүлээсэн брэнд болтлоо өргөжжээ.
гоолингоо ментор клуб
"Хүүхдүүдээ төрүүлснээс хойш, би тэдэнд хүн бүрийн дотор бусдаас онцгой мөрөөдөл, түүнийгээ биелүүлж, сайхан зүйл бүтээх зорилго байдаг гэдгийг ойлгуулахыг хүссэн. Үүнийг зааж сургахын тулд би өөрөө тийм амьдралыг үлгэрлэн үзүүлэх хэрэгтэй болсон."
Уянгаагийн өөр нэгэн мөрөөдөл бол хөвгүүдийнхээ ирээдүйд амьдрах нийгэмд гэрэл гэгээ нэмэх явдал. Тэрээр энэ хүсэл мөрөөдлөө биелүүлэх хамгийн зөв арга нь өөртэй нь адил ээжүүдэд туслах гэж харжээ. Анх цар тахлын үед санаандгүй байдлаар гэртээ хүүхдээ асран суугаа ээжүүдэд цахим хичээл заах зорилгоор эхлүүлсэн ментор клуб нь өнөөдөр дөрөв дэх жилдээ амжилттай ажиллаж байна.
Эмэгтэйчүүдийг өөрийн хүссэн бизнесээ хөгжүүлэхэд нь чиглүүлэх үүрэгтэй цахим, танхимын уулзалт хосолсон “Гоолингоо ментор клуб”-ээр холбогдсон 40 гаруй ээж энэ хугацаанд ганц ч долоо хоног алгасахгүйгээр ням гараг бүр уулзаж, дотроосоо арав гаруй брэнд шинээр өлгийдөн авчээ.
бороос ногоон
Ухаан орсон цагаасаа л бэлчээр судлаач ээжийнхээ ажилд нь даган явж, хөдөө нутгийг хөндлөн гулд туулдаг байсан Уянгаад “байгаль орчны бохирдол” хамгийн эмзэглэж явдаг сэдэв нь гэхэд болно. Одоогоос арав гаруй жилийн өмнө, залуу мэргэжилтэн байхдаа “Бороос Ногоон” хэмээх байгаль хамгаалах төсөл хэрэгжүүлж, бэлчээрийн даацын чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан тэрээр өнөөдөр өөрийн бүхий л үйл ажиллагаанд хүрээлэн буй орчинд ээлтэй, хог хаягдал багатай байх зарчмыг баримталдаг. Гурван хүүгийн эх хүний хувьд ирээдүйд тэднийхээ амьдрах орчныг хамгаалахын тулд байгальд ээлтэй шийдлүүдийг бизнестээ нэвтрүүлэх нь түүний эрхэм зорилгуудын нэг.
Судалгаагаар дэлхий даяар жил бүр 92 сая тонн хувцас хог хаягдал болдог бөгөөд энэ нь өдөрт ойролцоогоор 250 мянган тонн хувцас гэсэн үг. Энэ хог хаягдлын 60 хувь нь газрын тосноос гаралтай синтетик материалаар бүтээгдсэн төдийгүй 200 гаруй жилийн дараа л байгальд бүрэн задардаг болохыг та мэдэх үү?
Уянгаагийн хувьд хувцас загварын салбарт ажиллаж буй учраас энэ тоог бууруулахад хувь нэмрээ оруулахыг зорьж, брэнд шинэчлэлтийнхээ хүрээнд “Байгальд ээлтэй брэнд” аяныг эхлүүлсэн. Энэ аяны нэг хэсэг болгон, “Үр Минь” брэндийн бүтээгдэхүүн худалдан авалтад дагалдан ирдэг гялгар уутыг байгальд 365 хоногийн дотор бүрэн задардаг материалаар үйлдвэрлэж эхэлжээ. Хэдийгээр ганцхан уут хог мэт санагдах боловч байгаль хамгаалах үйлс хүн бүхний бяцхан оролцооноос эхэлдэг гэдэгт тэрээр хатуу итгэдэг.
Тиймээс ч өнгөрсөн жил үндэсний гялгар уут үйлдвэрлэгч “Царамтайн Арвай” компанид хүсэлт тавьж, хамтдаа технологийн шинэ шийдэл хайсаар монголдоо анхдагч эко уутыг хэрэглээнд нэвтрүүлсэн нь энэ. Түүнчлэн, оффисын хэрэглээгээ бүрэн эко болгохын сацуу дэлхийн томоохон брэндүүдийн жишгийн дагуу өөрсдийн гэрээт салбарууддаа “Үр Минь”-ийн хуучин хувцас хүлээн авах цэг байрлуулж, тэрхүү цуглуулсан хувцсаа дахин боловсруулан, эх дэлхийд амьдрах хугацааг нь уртасгаж буй ажээ.
“Үр Минь”-ээс UR Mini
“Үр Минь”-ийг үүсгэн байгуулсан цагаас хойш Уянгаад тулгарсан хамгийн том бэрхшээл бол түүхий эдийн тогтвортой татан авалт. Хэдий гурван жилийн өмнө өөрсдийн гэсэн үйлдвэрийн байртай болсон ч Монгол Улс даавуу үйлдвэрлэгч улс биш тул бүх түүхий эдээ гаднаас татан авах шаардлагатай. Даавуугаа импортоор авч, дотооддоо үйлдвэрлээд гаднын зах зээл рүү нийлүүллээ гэхэд үнэ өртгийн хувьд гаднын брэндүүдтэй өрсөлдөж чадахгүй.
Тиймээс ч энэ жил брэндээ олон улс руу нийлүүлэх, өртгийг нь өрсөлдөхүйц боломжийн болгохын тулд стратегийн томоохон нүүдэл хийж, үйлдвэрлэлээ зорилтот зах зээлдээ ойрхон орон руу шилжүүлэхээр шийджээ. Одоо “Үр минь” дэлхийд алдартай “Balabala”, “Carter’s” брэндүүдийг үйлдвэрлэдэг, оёдол, эсгүүр, размерын стандартаараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.
“Үр минь”-ийн үнэнч хэрэглэгчдийн дунд судалгаа явуулахад “Хүүхдийн хувцсыг хаана үйлдвэрлэх нь чухал биш, материал, өмсгөл, өхөөрдөм байдал нь чухал” гэх үр дүн гарсан нь уг шийдвэрийг гаргахад нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг хэмээн тэрээр хариулсан юм.
Нярай хүүхдийн арьс насанд хүрсэн хүнийхээс гурав дахин нимгэн байдаг учир тэр хэмжээгээрээ эмзэг мэдрэмтгий. Тэрчлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад ашигласан түүхий эд нь хүүхдийн шүлс, нус, ус, хөлстэй урвалд орж, арьсанд нь шууд шингэдэг тул хамгийн органик материалаар хийгдэх учиртай. Тиймээс ч тэд одоо хамгийн органик түүхий эдийг үйлдвэрлэлдээ ашиглаж буй.
Энэ жилээс эхлэн тэдний хамт олон компанийн үндсэн үйл ажиллагаагаа үйлдвэрлэл гэхээс илүү судалгаа шинжилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт рүү чиглүүлжээ. Тэдний эхний зогсоол бол Amazon-аар дамжуулан АНУ-ын зах зээлд албан ёсны борлуулалт хийх. Амазонд нэрийн дэлгүүртэй болохын тулд олон зуун стандарт, шаардлагыг хангах ёстой тул тэд гаднын зах зээлд гарахдаа брэндийн шинэчлэлт хийж, нэрээ “UR Mini” болгон өөрчилж байгаа юм.
Тэдний хувьд Amazon-аар дамжуулан АНУ-ын зах зээлд борлуулалт хийхдээ бага жинтэй нярай, гар, хөлөө гэмтээсэн эсвэл хугалсан, мөн хэт мэдрэгшилтэй буюу аутизмтай хүүхдүүдэд зориулсан хувцсыг санал болгохоор төлөвлөж байна. Ялангуяа, аутизмтай хүүхдүүдэд хувцасны оёдол маш тээртэй байдаг аж. Тэд ийнхүү онцгой хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулсан, гэр бүлд нь сэтгэл ханамж өгч чадах бүтээгдэхүүнүүдээ АНУ-ын зах зээлд нэвтрэхдээ санал болгохоор ажиллаж байгаа аж.
Жирийн нэгэн ээжийн өдөр тутмын амьдралд тулгарсан асуудлаас үүдэлтэй бизнес хэрхэн өргөжиж, алсын хараагаа зогсолтгүй тэлсээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн монгол брэнд болохоор тэмүүлж буй түүхийг бид тун товчхоноор та бүхэнд ийнхүү хүргэлээ.
Сэтгэгдэл бичих