• Тэйлор Свифтийн хөрөнгө 1.1 тэрбум ам.доллар хүрснээр Forbes сэтгүүлийн “Өөрийн хүчээр хөрөнгөө босгосон Америк эмэгтэйчүүд” жагсаалтын 34-р байрыг эзэллээ.
  • Тэр үндсэн орлогоо зөвхөн дуу хөгжмөөс бүрдүүлдэг дэлхий дээрх дөрвөн тэрбумтны нэг болов.

Дэлхий дээр 3000 гаруй ам.долларын тэрбумтан байдаг ч тэдгээрээс ердөө гурав нь л орлогоо урлагийн салбараас бүрдүүлдэг ажээ. Өнгөрсөн сараас эхлэн тус жагсаалтад Тэйлор Свифт шинээр нэмэгдэв. Тэйлор Свифт бол дуу хөгжмөөрөө дамжуулан дэлхий дахинаа нэрээ цуурайтуулсан шаргал үст бүсгүй. Балчир наснаасаа эхлээд л дуу хөгжимтэй найзалж, гараасаа цус гартал гитар тоглодог байсан тэрээр хэрхэн тэрбум ам.доллар хөрөнгөтэй супер од болсон бэ? 

Бага нас: Дуу хөгжимтэй учирсан нь 

Тэйлор Алисон Свифт 1989 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр АНУ-ын Пенсильвани мужид арилжааны брокер аав Скот Свифт болон маркетингийн чиглэлээр ажилладаг ээж Эндри Свифт нарын том охин болон мэндэлжээ. Тэрээр балчир наснаасаа эхлэн жүжигчин, дуучны дугуйланд хамрагдаж, есөн настайгаасаа дуурийн театрт дуулж эхэлсэн аж. Өсөж томрохын хэрээр каунтри төрлийн хөгжмийг сонирхох болж, арга хэмжээ хэсэн дуулах болов. Сургуулийнх нь алдартай охид Тэйлорыг хөөрхөн биш гэснээс болоод тэрээр найз нөхөдгүй, дээрэлхүүлдэг сурагч байжээ.

Тэрээр 11 настайдаа хөгжмийн студид шалгуулсан боловч тэнцсэнгүй. Түүнийг бусдаас ялгарах зүйлгүй байдаг л нэгэн хэмээн дүгнэсэн юм. Гэвч Тэйлор шантралгүй гитар тоглохыг сурч өөрөө дуу бичиж эхэлжээ. Ийнхүү 14 настайдаа Big Machine Records-д харьяалагдан каунтри төрлийн дуу зохиож, цомог гаргав. Урлагийн замнал нь үргэлжилсээр 19 настайд нь буюу 2008 онд Fearless цомогт нь багтсан You belong with me, Love story зэрэг дуунууд нь хит болж, алдрын оргилд хүргэх замын эхлэлийг нь тавьсан юм.

Зургийн эх сурвалж: theyello.com

Карьерын эхэн үе  

Бусад өсвөр насны дуучдаас ялгарах онцлог нь Тэйлор өөрөө дуугаа зохиодог байв. Тэйлорын дуу зохиох чадвар шүүмжлэгчдээс сайшаал хүртсэн нь урлагийн ертөнцийг байлдан дагуулахад нөлөөлсөн том хүчин зүйл байлаа. Удалгүй түүний You belong with me дуу нь Биллбоардын Шилдэг 100 жагсаалтыг тэргүүлж, үлэмж амжилт гаргав. 2009 онд тэрээр тус дуугаараа MTV хөгжмийн наадмаас Шилдэг Клиптэй эмэгтэй дуучин шагналыг гардан авлаа.

Тус шагналаа хүлээн аваад талархлын үг хэлж байх үед нь рэппэр Kanye West микрофоныг нь булаасан үйл явдал болов. Хэрэг газар авч медиа тэр чигээрээ тэдний талаар хэлэлцэж, meme хүртэл болж байлаа. Тухайн жилдээ Тэйлор Америкийн хөгжмийн наадмаас таван шагнал хүртэж, 52 дахь Грэмми хөгжмийн наадмаас Жилийн хамгийн шилдэг цомог шагналыг хүртсэн хамгийн залуу уран бүтээлчээр тодорчээ.

showbiz411.com

Ар араасаа хөврөх амжилтууд 

Тэйлорын 2014 онд цацсан тав дахь цомог болох 1989 нь түүнийг бүрэн утгаар нь алдар нэрийн оргилд хүргэсэн юм. Тус цомгийн аялан тоглолтын орлого 250 сая ам.доллар хүрснээр түүхэн дэх хамгийн өндөр ашиг орлоготой эмэгтэй уран бүтээлчээр тодорчээ. 1989 цомог бол каунтри хөгжим зохиодог Тэйлорын хувьд поп урсгал рүү илүү давамгайлах болсон замынх нь эхлэл байв. Тэрээр Грэмми, MTV, Биллбоард, Америкийн хөгжмийн наадам зэрэг томоохон хөгжмийн наадмуудаас өөрийн дуу хөгжмөөрөө бүхий л шагналуудыг сорчлон түүгээд байлаа. Үүнээс хойш Reputation, Lover, evermore зэрэг түүний гаргасан цомог бүр бөмбөг тэсэлж, байж болох бүх л шагналуудыг хүртэн олон сая хувиар борлуулагдаж байв.

Зургийн эх сурвалж: breakingblue.org

Тэрбумаар хэмжигдэх амжилт 

Tүүний амжилтын үндэс нь жагсаалтыг тасралтгүй тэргүүлэх дуу хөгжим, тууштай хийх аялан тоглолтууд болон "Swifties" хэмээн нэрлэгдэх түүний фенүүд юм. Forbes сэтгүүлээс мэдээлснээр 2023 оны долоодугаар сард Тэйлорын хөрөнгө 720 сая ам.доллароор үнэлэгдэж байв. Харин тэдэн сарын The Eras аялан тоглолтоос хойш түүний хөрөнгө 1.1 тэрбум ам.доллар болсныг Блүүмбэрг зарлажээ.

  • Цомгуудын орлого: 125 сая ам.доллар
  • Аялан тоглолтуудын орлого: 500 сая ам.доллар
  • Эзэмшдэг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ: 110 сая ам.доллар
  • Стриминг үйлчилгээний орлого: 175 сая ам.доллар,
  • Уран бүтээлүүдийн оюуны өмчийн орлого: 400 сая ам.доллар

Дээрх орлогоос зардал, ажиллах хүч, татвар зэргийг хасвал түүний хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрч буй. Сонирхуулахад, түүний аялан тоглолт нь АНУ-ын ДНБ-ийг 4.3 тэрбум ам.доллароор нэмэгдүүлж буйг Блүүмбэрг Экономиксоос мэдээлжээ.

Аялан тоглолт = Мөнгөний машин 

Аялан тоглолт бол Тэйлорын орлогын үндсэн эх сурвалж. Los Angeles Times-ийн мэдээлснээр түүний 2015 онд хийсэн “The 1989” аялан тоглолт 250 сая ам.долларын ашиг олж байжээ. Үүний дараагийн томоохон аялан тоглолт нь 2018 онд хийсэн Reputation юм. Эндээс олсон ашиг нь өмнөх аялан тоглолтоосоо хавь илүү буюу 315 сая ам.доллар байв. Тэрээр өдгөө үргэлжилж The Eras аялан тоглолтынхоо үеэр албан ёсоор тэрбумтан болсон бөгөөд уг аялан тоглолт нь 2023 оны гуравдугаар сарын 17-оос 2024 оны арваннэгдүгээр сарын 23 хүртэл зохион байгуулагдах аж. Тэйлор уг хугацаанд таван тивээр аялан нийт 146 удаагийн тоглолтыг фенүүддээ толилуулах билээ.

The Eras бол Тэйлор Свифтийн урлагт хөл тавьснаас нь хойших зургаа дахь аялан тоглолт ба үгийн утга нь түүний хөгжимтэй холбогдсон бүхий л эрин үе гэх утгыг илтгэж буй. Уг аялан тоглолтын баримтат кино “The Eras Tour” нь дэлхийн хамгийн өндөр орлоготой “Концертыг харуулсан уран бүтээл”-ээр тодроод буй. Одоогийн байдлаар уг аялан тоглолтын нийт орлого Жастин Бибэрийн 2011 онд цацсан “Never say never” тоглолтын амжилтыг давж, 203 сая ам.долларын орлогыг олсон байна.

Зургийн эх сурвалж: xkldase.edu.vn