Хүн төрөлхтөн цаг хугацааны эхнээс л агаарт дүүлэн нисэхийг мөрөөдсөөр иржээ.

Лааны тос, шувууны өдөөр жигүүр хийж, цөллөгөөсөө оргосон аав хүүгийн тухай өгүүлэх Эртний Грекийн домгоос энэ бүхэн эхэлнэ. Дэндүү догдолж баярласан Икарус хүү нартай хэт ойр ниссэнийхээ гайгаар шатаж үхсэн түүх хүний бардам бөгөөд ойворгон зан хааш хөтөлдгийн илэрхийлэл болон үлджээ. Гэхдээ хүний бүтээлч сэтгэлгээ тэнгэр өөд үргэлж тэмүүлж байсны баталгаа нь энэ мөн билээ.

Бидний мэдэх хамгийн цуут сэтгэгчдийн нэг Леонардо Да Винчи ч нисэх тухай мөрөөдсөөр байв. Аль 15-р зуунд л тэр хүнийг далавчтай болгох төлөвлөгөөгөө зураглаж үлдээсэн нь бий. Түүнээс хойш үе үеийн зохион бүтээгчид төрөл бүрийн төхөөрөмжийн санаа гаргаж, сонирхол татам олон оролдлого, туршилтыг өөрсдийн амь биеийг ч үл хайхран хийсээр л байлаа.

Энэ бүхэн 1903 он хүртэл үргэлжилсэн билээ.

Умард Каролина мужийн зүүн хойд хэсэгт Ах дүү Райтын 12-р сард хийсэн 59 секундын нислэг түүхийг тэр чигт нь өөрчлөх хувьтай байжээ. 260 гаруйхан метр үргэлжилсэн уг нислэг түүхэн дэх анхны хөдөлгүүрт онгоцны нислэг байж, технологи-аргачлал нь хожмын үеийн зохион бүтээгчдийн мэдлэгийн суурь, бүтэц нь болсон юм.

Сая сая хүний аминд хүрсэн ч дэлхийн 1, 2-р дайн агаарын тээврийн салбарын хөгжлийг хурдасгаж, бүр үсэргэж орхив. Улам хүчирхэг хөдөлгүүр, дизайны ухаалаг шийдлүүд далай давсан нислэгийг бодит болгож, найдвартай-удаан нислэгүүд энгийн хэрэглээ болов.

Нисдэг онгоц зөвхөн хамгийн найдвартай, хамгийн хурдан тээврийн хэрэгсэл байгаад зогсохгүй эдийн засгийн томоохон хөдөлгөгч хүч-хөшүүрэг, хөгжлийн гол зангилаа-гарц болж хувирав. Жил ирэх тусам хэрэглээ нэмэгдэж, үр шим нь зогсолтгүй өссөөр.

Онгоцоор ниснэ гэдэг автобусанд суухтай ижил хялбар зүйл болно гэж хэдхэн жилийн өмнө хэн ч төсөөлөөгүй биз ээ.

Жигүүртэн шувууд лугаа адил эрх чөлөөтэй нисэж, тэнгэрийг эзэгнэх чухам тэр чин хүсэл эрмэлзэл биднийг, сэтгэл гижигдэх гэнэхэн мөрөөдөгчдөөс дэлхийг хэрэн нисэх агуу технологи эзэмшигчид болгон хувиргажээ. Өнөөдөр бид хүн төрөлхтний хамгийн сод бүтээлүүдийн нэг агаарын тээврийн тухай, тэр дундаа ерөнхий зориулалтын нислэгийн талаар ярилцах болно.

I. Өнгөрснийг таних нь

хамгийн эрэлттэй тээвэр буюу дэлхийн чиг хандлагыг тайлбарлах нь

Эхлээд ойлголтоо нэгтгэцгээе.

Агаарын тээврийн салбарыг хэрэглээ болон бүтцээр нь ерөнхийд нь хоёр ангилна. Эхнийх нь том оврын онгоц ашиглаж, холын зайн нислэг үйлддэг commercial aviation буюу арилжааны агаарын тээвэр. Үүнийг иргэний тээвэр хэмээн нэрлэх нь ч бий. Монголын үндэсний авиа компани МИАТ чухам энэ ангилалд багтана.

Харин нөгөө талд, дээрхээс бусад буюу тогтсон хуваарьт нислэгээс бусад зориулалтын нисэхийг багтааж general aviation буюу ерөнхий зориулалтын хэмээн ойлгодог. Хоёр суудалт бага оврын онгоцоос нисдэг тэрэг хүртэл, бизнесийн нислэгээс эрүүл мэндийн үйлчилгээ хүртэл, хөдөө аж ахуйн зориулалтаас аялал жуулчлалын зорилгоор хүртэл олон хэрэглээ энд хамаарна.

Ерөнхий зориулалтын нисэхийн бидний өдөр тутмын амьдралд үзүүлж буй нөлөө таны төсөөлж байгаагаас ч илүү.

Дэлхий даяар хийгдэж буй нийт нислэгийн 90 орчим хувь нь ерөнхий зориулалтын нислэг байдаг бөгөөд 400 мянга гаруй онгоц, 1.3 сая нисгэгч энэ салбарт харьяалагдаж байна. Харьцуулбал, арилжааны чиглэлд ердөө 50 мянган онгоц хөөрч, 600 мянган нисгэгч ажилладаг аж. Ерөнхий зориулалтын нисэхийн тусламжтайгаар алслагдсан бүс нутагт оршин сууж буй сая сая хүмүүс аж, амьдралаа залгуулж, хөдөө аж ахуй, барилга угсралт, судалгаа, ажиглалт, газар зүйн салбарт хамгийн үр дүнтэй хэрэглээнүүд аль хэдийн нэвтэрчээ.

Эдийн засагт үзүүлж буй нөлөө нь ч үлэмж. АНУ-ын эдийн засагт энэ салбар дангаараа жил бүр 250 тэрбум долларыг оруулж, 1.1 сая ажлын байр бий болгодог. Зөвхөн нисгэгч, үйлчлэгчдээс гадна засвар үйлчилгээ, сургалт судалгаа, технологи хөгжүүлэлтийн чиглэлийн боловсон хүчин бэлтгэгдэж, бага оврын нислэгт зориулан үйл ажиллагаа явуулдаг онгоцны буудлууд жил ирэх тусам нэмэгдсээр байна.

Ерөнхий зориулалтын нисэхийн бидний өдөр тутмын амьдралд үзүүлж буй нөлөө таны төсөөлж байгаагаас ч илүү.

Unread

20-р зууны хоёрдугаар хагасаас ерөнхий зориулалтын нисэхийн салбарын ач холбогдол тодорч, эрэлт хэрэгцээ нь эрс нэмэгдэж эхэлжээ. Илүү хямд бөгөөд найдвартай технологийн ачаар энэ чиглэлийг сонирхогчдын тоо ч аажимдаа өсөж эхэлсэн юм. Мэргэжлийн нисгэгчдийн дадлагын талбар нь бага оврын онгоцоор хийх богино зайн нислэгүүд болсноор нийт салбарын нэр хүнд, ур чадварын хэмжээ ч дагаж сайжирч эхлэв. Үнэмлэх олгох сургалтын төвүүд ч олноор байгуулагдаж, онгоц үйлдвэрлэгчид ч анхаарлаа хандуулж эхэлсэн нь бусад салбар дахь хэрэглээг дөвийлгөж эхэлсэн гэдэг.

Ерөнхий зориулалтын нисэх олон нийтийн амьдралд хүч түрэн орж ирсэн нь хэд хэдэн шалтгаантай. Ихэнх тохиолдолд агаарын тээвэр нь цэргийн юм уу холын тээврийн зориулалтаар л хэрэглэгддэг байв. Гэтэл ерөнхий зориулалтын нисэхэд маш бага дэд бүтэц шаардлагатай байдаг нь давуу тал болов. Том оврын онгоц хөөрөхөд шаардлагатай нислэгийн зурвасын гуравны нэг нь л буюу 15 метр орчим зам байхад л хангалттай. Нислэгийн зөвшөөрөл, шаардлагатай стандартын норм ч уян хатан, ойлгомжтой байхаар тодорхойлогджээ. Үнэтэй тоног төхөөрөмж, нийлүүлэлтийн нөөц ч хэрэггүй. Нэг ёсондоо илүү бага зардлаар илүү хурдтай буюу илүү үр ашигтай нисэх шийдэл нь ерөнхий зориулалтын нисэх болж хувирав.

Үнэ өртөг ч энэ үсрэлтийн гол хөшүүрэг байлаа. Арилжааны нэг онгоц хөөргөхөд хүн, техникийн бүх зардлыг тооцон 100 сая орчим доллар шаардлагатай болдог. Харин бага оврын онгоцны үнэ 50 мянган доллараас эхэлнэ. Тийм ч учраас өртөг өндөр, өдөр тутмын ажиллагаа их, дагаж мөрдөх дүрэм журам, стандартыг хэвшүүлэх шаардлагатай арилжааны нисэхийн салбарт төрийн оролцоо өндөр байдаг нь санамсаргүй хэрэг биш. Зарим улс оронд стратегийн ач холбогдолтой гэдэг утгаараа, заримд нь эдийн засгийн голлох салбар гэдгээрээ төр өөрийн нөлөөг шууд болон шууд бус байдлаар тогтоосоор иржээ. Эдийн засгийн хямрал, хүндрэлтэй нөхцөл байдлын үед төрөл бүрийн хөнгөлөлт, татаасаар үндэсний авиа компаниудаа аварч үлдэж буй засгийн газруудын арга хэмжээ үүний нэг жишээ. Коронавирусын тахлын үед хамгийн их хохирч буй салбарын нэг болох иргэний нисэхийн компаниуддаа 85 тэрбум долларын татаас олгох шийдвэрийг АНУ гаргасан гэнэ. 11 жилийн өмнө хувьчилсан ч санхүүгийн хүндрэлтэй нүүр тулсаар ирсэн Alitalia авиа компанийг Италийн засгийн газар буцаж төрийн мэдэлд авах төлөвлөгөөний хүрээнд 3.2 тэрбум долларын санхүүжилтийг өнгөрсөн сард баталжээ.

Эсрэгээрээ, ерөнхий зориулалтын нисэхэд хувийн хэвшил манлайлах чиг хандлага ажиглагддаг. Өөрийн хэрэгцээнд тулгуурлан хялбар засаж өөрчлөх, сэлбэж янзлах боломжтой учир хувийн хэвшлээс эхлээд хувь хүмүүс ч бага оврын онгоцонд татагдах болсон нь санамсаргүй хэрэг биш. Хувийн хэвшил манлайлж бизнесийн төрөл бүрийн хэрэглээг үүсгэхээс гадна төрийн үйлчилгээнд ашиглуулж, нийтийн сайн сайхныг хангадаг нь батлагдсан загвар. Ялангуяа гамшиг, онцгой байдлын үед бага оврын нисэх онгоц тэргүүн эгнээнд давшиж, хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг жишээ олон бий. Хайтид болсон газар хөдлөлтийн үеэр хамгийн эхний хүмүүнлэгийн тусламжийг хүргэсэн 500 гаруй хөлөг нь бага оврын онгоц хөлөглөсөн сайн дурын нисгэгчид байв. Америкийн нисгэгчид коронавирусын тахлын эхэн үед Эстон, Франц, Панам зэрэг улсуудад эмнэлгийн тоног төхөөрөмж хүргэх ажилд дайчлагджээ. Гал түймэртэй тэмцэх, хортон шавж устгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, байгаль орчны судалгаа хийх хэрэгцээ тасрахгүй. Төрийн тэр болгон хүрч чаддаггүй, хүний нөөцийн болон нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжүүдийн хэрэгцээ ихтэй чиглэлүүдэд хувийн хэвшлийн бага оврын онгоцууд хэрэглэгддэг билээ.

II. Өнөөдрийг цэгнэх нь

сая долларын потенциал буюу өнөөгийн нөхцөл байдлыг мэдэх нь

Монгол шиг өргөн уудам газар нутагтай, төвлөрөл багатай буюу алслагдсан цэг ихтэй улс оронд ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх нь стратегийн чухал ач холбогдолтой билээ. Гэсэн ч одоог хүртэл энэ талаарх олон нийтийн ойлголт зөв тогтоогүй байгаагаас гадна холбогдох дүрэм журмын уялдаа, ойлголын зөрүү хангалттай бус байсаар л байна.

Монголын агаарын тээврийн салбарын түүх 95 жилийн тэртээгээс бичигдэж эхэлжээ.

ЗХУ-аас Монгол Улсад бэлэглэсэн ачаа тээврийн Ю-13 онгоц Монголд анх газардсан 1925 оны тавдугаар сарын 25-ны өдрийг Монголд нисэх хүчин байгуулагдсан өдөр гэж тооцдог. Нисгэгчид бэлтгэгдэж, өөрсдийн онгоцтой болсон 1958 оноос хойш хуваарьт нислэг тогтмол хийх болсон юм. 1970 он гэхэд МИАТ компани дотоодын нислэгийн 130 газарт буюу нийт нислэг үйлддэг газрынхаа 80 хувьд үйлчилгээгээ үзүүлчихээд байв. Улмаар 1987 оноос ЗХУ-аас ТУ-154 онгоц түрээслэн авч олон улсад нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд бие даасан, төрийн өмчид компани болж өргөжсөн 1993 он гэхэд нийт 71 онгоцтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан гэнэ. Зөвхөн АН-2 агаарын хөлгөөс 54 ширхэгийг ашигладаг байсан манай улс зах зээлийн эдийн засагт шилжих үед ерөнхий зориулалтын нисэхийн нөөц тэр чигтээ үгүй болсон гэж хэлж болно.

МИАТ ХК-ийн хувьд өнөөдрийн байдлаар Боинг 737-800 агаарын хөлөг 2, Боинг 767-300 агаарын хөлөг 2 нийтдээ 4 агаарын хөлгөөр Улаанбаатараас Бээжин, Хонгконг, Сөүл, Пусан, Токио, Москва, Берлин, Франкфурт, Бангкок, Хонгконг хотуудад тогтмол нислэг хийж буй.

Өдгөө нисэхийн салбарт МИАТ ХК-аас гадна Хүннү Эйр, Аэро Монголиа, Изинис Эйрвэйз зэрэг хувийн компаниуд бүхий нийт 14 аж ахуйн нэгж, хувь хүн бага оврын нийт 28 агаарын хөлөг, нисдэг тэрэг улирлын чанартай үйл ажиллагаа явуулж, нисэгч бэлтгэдэг 1 хувийн нисэх клуб ажиллаж байна.

Үүний зэрэгцээ Korean Air, Air China, Аэрофлот, Turkish Airlines зэрэг гаднын агаарын тээврийн компаниуд Улаанбаатар луу тогтмол нислэг үйлдэж буйг дурдах учиртай. Жишээ нь, Turkish Airlines компани 2020 оны эхнээс Улаанбаатар-Истанбул чиглэлд шууд нислэг үйлдэж эхлээд байна.

Гэхдээ агаарын тээврийн хөгжлийг арилжааны нислэгийн тоо баримтаар хэмжих нь учир дутагдалтай ойлголт. Ачаа бараа тээвэрлэх чиглэлээр дагнан ажиллаж буй “Монголиан Эйрвэйз карго”, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "Хүннү Эйр", "Томас Эйр"-ийг эс тооцвол ерөнхий зориулалтын нисэхийн салбарын хөгжил манай улсад хол хаягдсан мэт.

Эгээтэй л цаасан онгоцыг харьцуулж буй мэт бодит нөхцөлийг дүрслэлээрээ илэрхийлэх гэж оролдсон нь энэ.

Unread

Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Магадгүй хамгийн чухал бөгөөд гол шалтгаан нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмууд хангалттай бус байдагтай холбоотой байж мэднэ. Гэхдээ "Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэлх баримтлах бодлого"-д ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх тухай зорилтыг тодорхойлж, хөгжүүлэх хөтөлбөрийг 2016 онд батлан гаргасан нь сайшаалтай. Монгол Улсын Засгийн газрын "2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т ч “Жижиг нисэх онгоц, нисдэг тэрэгний зах зээлийг хөгжүүлж, гамшгаас хамгаалах, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ, иргэний агаарын тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр ашиглана” хэмээн багтаасан нь төрийн анхаарал зөв тийш чиглэж буйн нэг илэрхийлэл мөн.

"Гаалийн тариф, гаалийн татварын тухай", "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай" хуулиар зөвхөн зорчигч тээврийн агаарын хөлөг, түүний сэлбэгийг татвараас чөлөөлж байгааг өөрчилж, ерөнхий зориулалтын агаарын хөлөг, тэдгээрийн сэлбэгийг мөн татвараас чөлөөлөх, хөнгөлөх эрх зүйн орчныг бүрдүүлснээр тус салбарын хөгжлийг дэмжих чухал алхам болсныг энд тэмдэглэе.

Гэхдээ дээрх хөтөлбөр, бодлогын бичиг баримтуудад тусгасан санааг бодит ажил болгож, хувийн хэвшлүүдэд үйл ажиллагаа явуулах орон зай, эрх зүйн орчныг үүсгэх ажлыг яаравчлуулж, хуулиар тодорхой зохицуулах шаардлага бийг салбарынхан бүгд хүлээн зөвшөөрдөг.

Тиймдээ ч бид энэ салбарыг сая долларын потенциалтай хэмээн тодотгосон юм.

Манай улстай хүн амын тоо ойролцоо буюу 4.7 сая хүн амтай, газар нутгийн хэмжээгээр манайхаас 15 дахин бага Шинэ Зеланд Улсад 4900 гаруй агаарын хөлгөөр ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаа явуулж байгааг ИНЕГ тайландаа дурджээ.

Дэд бүтцийн хувьд ч манай оронд хангалттай нөөц бийг статистик харуулдаг. Өнөөгийн байдлаар орон нутагт байнгын ажиллагаатай 10, нөөц 12 нисэх буудал байгаагийн 19 нь ИНЕГ-ийн харьяанд, 3 нь хувийн нисэх буудал гэнэ.

Одоогоор томоохон сум, суурин газарт ашиглаж байсан нислэгийн зурвас, хөдөө аж ахуйн болон захиалгат нислэгийн хөөрч буух зурвас, талбайн нийт 116 байршлыг судлан тогтоогоод буй. Эдгээр байршилд техникийн засвар, үйлчилгээ, шатахуун хангамжийн сүлжээ, хамгаалалтын зурвас, хашаа байгуулж, тэмдэг, тэмдэглэгээ хийж нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаснаар ерөнхий зориулалтын дэд бүтцийн сүлжээг бий болгох боломжтой болох юм.

Гэвч энэ бүгдийг төр дангаар гүйцэтгэж, хүнд ачааг нуруун дээрээ үүрэх албагүй юм. Төрийн оролцооны зохистой байдлыг хангаж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар дүрэм журмыг хялбаршуулж, зарим стандарт шаардлагыг тодорхой болгох нь нэн чухал ажил.

Ингэж чадвал ерөнхий зориулалтын салбарт инновацийг түүчээлж, тэсрэлт хийх хувийн хэвшлийн манлайлагчид төрөх нь цаг хугацааны л асуудал болсон тухай дараагийн хэсэгт өгүүлэх болно.

III. Ирээдүйг зураглах нь

Агаарын хөлөг үйлдвэрлэгч орон буюу цогц экосистемийг бүрдүүлэх нь

Салбарын тогтсон дэг журмыг эвдэж, тоглоомын дүрмийг өөрчлөгчдийг бид өртөөлөгчид гэж нэрлэдэг. Тэд хэн бүхнээс илүү эрсдэлийг үүрч, тодорхойгүй нөхцөл байдалд хэний ч санаанд ороогүй өөрчлөлтийн төлөө зүтгэдэг.

Тэд тэсрэлт хийж, салхийг эргүүлдэг.

Чухам тэдгээр өртөөлөгчдийн ачаар бидний эргэн тойрон улам сайжирч, нийгмийн амьдрал илүү хялбар, илүү сайн сайхан руу тэмүүлдэг биз ээ.

Ерөнхий зориулалтын нисэхийн салбарт чухам тийм өртөөлөгчдийн сураг сонсогдох болжээ. Агаарын тээврийг зөвхөн хил давахад ашигладаг, баян бэлтэй компаниудын хэрэглэдэг төхөөрөмж, нүсэр-үнэтэй зардалтай хэрэгсэл гэсэн тогтсон ойлголтыг эвдэхээр зориглож буй үндэсний компаниуд төрөн гарч ирсээр байна.

Энэхүү нийтлэлийг бэлдэж байх үедээ бид бага оврын онгоцоор тээврийн үйлчилгээ үзүүлж, хэрэглэгчдийн итгэлийг олж авсан хэд хэдэн компанийн талаар мэдээлэл олж авсан юм. Тэдний нэг бол "Тэнгэрийн Улаач Шинэ ХХК". Монголын тэргүүлэх групп компаниудын нэг "Жигүүр Гранд"-ын үүсгэн байгуулсан уг компани 2019 оны 7-р сард үйлдвэрлэгдсэн, 11 зорчигчийн суудалтай Cessna Grand Caravan EX маягийн агаарын хөлгөөр парк шинэчлэлт хийжээ. Улмаар Булган аймгийн нутаг дэвсгэрт орших "Баатарван" амралт-сувиллын газар луу нислэг үйлдэх болсон нь эмчилгээний аялал жуулчлалын салбарт "тэсрэлт" хийсэн үйл ажиллагаа болсон юм. Тэднээс гадна "Скай Жет", "Гео Сан" зэрэг компаниуд агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ авч, үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ.

"Тэнгэрийн Улаач Шинэ"-ийн агаарын хөлгийн хэрэглэгдэж буй аялал жуучлал бол ерөнхий зориулалтын нисэхийн бизнесийн салбарт ашиглагдах олон тохиолдлын зөвхөн нэг нь. Аялал жуулчлалын салбарт агаарын хөлөг ашиглах нь бага зардлаар цаг хугацаа хэмнэх боломжийг жуулчдад олгох юм. Харин очиход хэцүү, алслагдсан бүс нутагт эмнэлгийн үйлчилгээг гэнэтийн дуудлага хүлээн авах, яаралтай хагалгаа хийх, явуулын оношилгоо хийх зэргээр хүргэх боломж жил бүр мянга мянган хүний алтан амийг аврах болно. Хөдөө аж ахуйн салбарт бага оврын агаарын хөлөг ашиглах нь олон улсад түгээмэл ашиглагддаг үр дүнтэй хувилбар. Газар тариалангийн усалгаа хийх, үр бордоо цацах, шавж устгах зэрэг нь тариалангийн үр ашигтай байдлыг үлэмж нэмэгдүүлдэг ажээ. Жил бүр 75 сая га газарт ургацын болцыг түргэтгэх арга хэмжээ авснаар ургац алдахаас урьдчилан сэргийлдэг гэнэ. Уул уурхайн салбарт ч, банк, худалдаа, ачаа тээврийн салбарт ч зардал хэмнэх, бүтээмж нэмэх зорилгоор агаарын хөлөг өргөн хэрэглэгддэг.

Ерөнхий зориулалтын нисэхийн салбарт хувийн хэвшлийн манлайлагчид төрөх цаг айсуй

Unread

Үүний дараа Монгол, АНУ, ОХУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай "MAИ" компани өөрсдийгөө гарааны бизнес хэмээн танилцуулж, "Монгол улсыг агаарын хөлөг үйлдвэрлэгч орон" болгох зорилготой хэмээн танилцуулсан нь ихээхэн анхаарал татсан билээ.

"Mongolian Aircraft Industries" хэмээх үгийн товчлол болсон тус компани ерөнхий зориулалтын нисэхийн цогц экосистемийг үүсгэх зорилготой ажээ. Тэд зөвхөн сайн онгоц угсарч, олон удаа нисгэснээр энэ салбар хөгжихгүйг онцолж, засвар үйлчилгээ, сургалт хөгжүүлэлт, санхүүгийн лизингийн үйлчилгээтэй нь цогцоор нь шийдэх ёстойг онцолсоор байлаа.

Үнэхээр ч онгоц нисгэнэ гэдэг эдийн засгийг хөдөлгөгч бусад гол салбаруудын адилаар нарийн дэс дараалал, шат дамжлага, уялдаа холбооны үндсэн дээр биелдэг нүсэр ажил юм. Техник талаасаа аюулгүй нөхцөл байдлыг хангах, хүний нөөц талаасаа нисгэгч-боловсон хүчин бэлдэх нь хамгийн эхэнд шийдэх ёстой асуудал мөн. Үүнээс гадна нислэгийн зурвас-буудал бэлтгэх, худалдаж авах таатай нөхцөл бий болгох санхүүгийн тогтолцоог үүсгэх зэргийг ч бодолцох учиртай.

"MAИ"-ийн хамт олон хүчин чадал, найдвартай байдлаараа гайхагдсан Легенда-570 агаарын хөлгийг Монголын орчин нөхцөлд тааруулан шинээр зохион бүтээж, салбартаа инновац авчрахаар ажиллаж байна. Монгол гэсэн тодотголтой шинэ загварын онгоц үйлдвэрлэснээр манай орон дэлхийд 50 дахь, Азид 7 дахь агаарын хөлөг үйлдвэрлэгч орон болох гэнэ.

Тэд бол салбартаа шинэ өнгө нэмж, шинэ өнцөг авчрах чин эрмэлзэлтэйгээр ирээдүй өөд тэмүүлж буй олон залуусын төлөөлөл юм. Төгсгөлд нь, "МАИ"-ийн угсарч буй Легенда-570 агаарын хөлөг анхны туршилтын нислэгээ үйлдэж байгааг дуулаад бидэнд энэ сэдвийг цаашид улам гүнзгийрүүлэн судлах, ололт амжилтыг нь дамжуулах сэдэл төрснийг онцолъё.

Эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, нийгэмд ажлын байр үүсгэх шинэ салбар хүч түрэн орж ирэх цаг айсуй. Сая сая долларын потенциалыг нээх мөч удахгүй.