Англи хэлний “lock in” гэх үг шууд утгаараа цоожлох, түгжих гэсэн утгатай бол Gen Z үеийнхний ярианы хэлэнд “төвлөрөх”, “дайчлах” хэмээх шилжсэн утгыг илэрхийлдэг. Нэг ёсондоо нэг зорьсон зорилгодоо төвлөрч, бүхий л зүйлээ дайчлан тэмцэх гэсэн үг. Энэ удаагийн нийтлэлээрээ өөрийн зорилго мөрөөдлөө бодит болгохоор сэтгэл шулуудан дэлхийд цойлж яваа монгол залуучуудын оргилуун түүхүүдийг онцолж байна.
Сэлэнгэ /Céline Dessberg/
Энэ хавар Италийн Флоренц хотод болсон Gucci брэндийн загварын долоо хоногийн албан ёсны аялгуу Céline Dessberg-ийнх ажээ. Celine Dessberg нь этно жааз хэв маягаар франц, монгол, англи хэлээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд түүний монгол нэрийг Сэлэнгэ гэдэг. Сэлэнгийн бага нас нь Улаанбаатар, Парис хотуудад өнгөрсөн бөгөөд эмээ нь үргэлж “Миний охин монгол хэлээ сайн сураарай, монгол өв соёлоо Францад түгээж явдаг юм шүү” гэж захидаг байсан хэмээн ярилцлагууд дээр дурдсан байдаг. Саяхан тэрээр Улаанбаатар, Бээжин, Шанхайд хотод тоглолтуудаа хийж энэ сард Английн Лондон хотын The Royal festival hall-д, ирэх намар Норвегийн нийслэл Осло хотноо тоглох хуваарьтай байна.
“Хоёр жилийн өмнө би сэтгэл санааны хувьд хамгийн доод, уналтын цэгтээ оччихоод аргаа барж байсан юм. Дууны шалгаруулалтуудад ороод ерөөсөө тэнцдэггүй болохоор өөрийгөө авьяасгүй юм байна гэж бодоод, хөгжмөө орхих бодол хүртэл орж ирж байв. Гэтэл хоёр сарын дараа бүх юм ёстой орвонгоороо эргэсэн. Тэр үед би Парисын нэг номын дэлгүүрт ажилладаг байсан юм. Нэг өдөр гэнэтхэн л надтай хамтран ажиллахыг хүссэн маш олон дуудлага, мэйлүүд ар араасаа ирснээр би номын дэлгүүрийн ажлаа орхиж, дуу хөгжимд бүхнээ зориулахаар “lock in” хийсэн дээ.”

Г. Дөлгөөн
Г. Дөлгөөн
Бөхийн хорхойтнууд Дөлгөөний аав, улсын арслан Д.Ганхуяг агсныг анддаггүй байсан бол өдгөө сагсан бөмбөг сонирхогчид Дөлгөөнийг андахгүй болсон билээ. 23 насандаа
Монголд төдийгүй алс Америкад нэрээ дуурсгаж яваа түүний хувьд "SG Apes" багийн гишүүн, Үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын "Шилдэг хамгаалагч" юм. Тэрээр АНУ-ын Дэйтон хотын Centerville Elks Athletics ахлах сургуулийн багийн тоглогч байсан ба ISA сагсан бөмбөгийн академийн урилга авч байсан нэгэн.
“12 настай байхад байрны гадаах ганц шийд, хуучирсан бөмбөгтэй л их нөхөрлөдөг байсан юм. Би сагсан бөмбөгийн спортод хайртай мянга мянган хүүхдүүдтэй л адилхан нар жаргахыг ч анзааралгүй өдөржин гадаа сагс тоглодог байсан. Гэрийн гадаах тэр талбай дээрээс сагсан бөмбөгийн тамирчин болох ОРГИЛУУН хүсэл төрсөн болов уу. Гэтэл Япон дараа нь АНУ-ын асар их өрсөлдөөн дунд очоод хөрсөндөө бууж ирсэн. Ахлах сургуулиа төгсөх үед надад нэг ч их сургуулиас урилга, тэтгэлгийн санал ирээгүй. Тухайн үедээ маш их урам хугарч байсан ч дотроос минь галт уул мэт оргилж байсан ОРГИЛУУН хүсэлдээ хөтлөгдөж “lock in” хийсэн. Хүүхдүүд амарч байхад бэлтгэлээ нэг ч алгасалгүй хийж, илүү сахилга баттай болсноор одоо мэргэжлийн түвшинд тоглож байна”
Г.Эрдэнэцогт /ErkaSt/
Өөрийнхөө гарын үсэгтэй стикерийг дэлхийн цахим спортын тавцан, тэр дундаа CS-д гаргасан анхны монгол тамирчин бол Г.Эрдэнэцогт буюу ErkaSt. Тэрээр мэргэжлийн тоглогчийн карьерынхаа дараа дасгалжуулагчийн карьеараа эхлүүлээд буй.
“Counter Strike бол миний бүх юм. Тооцоод үзсэн чинь компьютерын өмнө 17,650 цагийг буюу бүтэн хоёр жилийг зарцуулсан юм билээ. Залуу насныхаа ихэнх цаг хугацааг үүнд л зориулж ирсэн. Австралид сургуулиа төгсөх жилээ тэмцээнд яваад, шалгалтаа өгч чадалгүй хичээл дээрээ уначихсан. Тэр үед хичээл үү, e-sport уу гэх хоёр сонголтын өмнө тулж ирээд ээжтэйгээ нэлээн сайн ярилцаж байлаа. Ээж маань залуудаа хувцас оёж, загвар зохион бүтээгч болохыг хүсдэг байсан ч нэг л мэдэхэд залуу нас, мөрөөдөл хоёр нь замхран алга болсон тул "Хүсэж мөрөөдсөн зүйлээ хийж чадаагүй харуусал бол амьдралын хамгийн хүчтэй өвдөлт байдаг" гэж эзөвлөснөөр би өөрийн хүсэл сонирхлоо сонгох ОРГИЛУУН мөрөөдөлдөө эргэлт буцалтгүй “lock in” хийсэн юм. Тэр цагаас хойш 2019 онд Монголоосоо анх удаа дэлхийн аваргын Major тэмцээнд оролцож, өөрийнхөө нэртэй стикерийг харах завшаан олдож байлаа.”


Сэтгэгдэл бичих

