Бидний энэ удаагийн зочин бол Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрсдийн гэсэн өнгө төрх, дуу хоолойг бүтээгч NTV mелевизийн Гүйцэтгэх захирал А.Баярбат юм.
Түүний карьерын замналыг гурван арванд хувааж болно. Техникийн инженерээс харилцаа, холбооны салбарын менежмент рүү шилжсэн эхний арван жил. Технологийн талбараас хэвлэл мэдээлэл хэмээх танил ч гэлээ дотно бус салбарт хөл тавьсан дараагийн арван жил. “Шунхлай групп”-ийн хэмжээний бүх бизнесийг дараагийн түвшинд нь гаргах бэлтгэл ажил, гүйцэтгэл бүхий удаах арван жил. Түүний хувьд хэдийн энэхүү гурав дахь арваныг эхлүүлээд буй.
Түүнтэй ярилцлага хийх болсон нь нэгэн том шалтгаантай. Тэр бол NTV телевиз 2026 оны Өвлийн олимп, 2028 оны Зуны олимпыг шууд дамжуулах эрхийг албан ёсоор аваад буй явдал. Ингээд 13 дахь жилдээ хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй түүний ажлын арга барилыг уншигч тантай хуваалцъя.
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУ ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би багаасаа л математик, физик, хими зэрэг байгалийн шинжлэх ухааны хичээлд дуртай хүүхэд байлаа. Энэ сонирхлоороо МУИС-д Электроникийн инженерчлэл мэргэжлээр суралцаж, 2004 онд төгссөн. Үндсэндээ миний карьерыг гурван арванаар тоймлож болох болов уу гэж бодож байна. Эхний арван нь ерөнхийдөө техникийн инженерээс менежментийн салбар руу хийсэн шилжилтийн үе гэж тодорхойлж болно. Тодруулбал, би их сургуулиа төгсөөд интернэт суурилуулах, сүлжээ байгуулах зэрэг харилцаа холбооны инженерийн чиглэлээр ажиллаж, ахлах инженер, ерөнхий инженер гэх мэт албан тушаалуудад ажиллаж байв. Үүний дараа 2009 онд Telemax Communication компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Дараа нь SKYmedia компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах болсон юм.
Үүнээс хойш дараагийн арван эхэлнэ. 2012 оноос би технологийн салбараас хэвлэл мэдээллийн салбар руу огцом шилжсэн. Тэр үед ажлаа солих шаардлага гарч, Шунхлай групп дотроо Медиа Групп ХХК-ийн Маркетинг, борлуулалт, бизнес хөгжүүлэлтийн захирлын албан тушаалд томилогдож байлаа. Харин үүнээс төд удалгүй гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж эхэлсэн.
Харилцаа холбооны салбар нь бусад салбарыг бодвол хүний нөөцийн чадавх, боловсролын түвшин, орлого зэрэг үзүүлэлтээр дээгүүрт тооцогддог бол, хэвлэл мэдээллийн салбар тэс өөр байсан л даа. Жижиг зах зээлтэй, орлого хязгаарлагдмал, цалин бага тул боловсон хүчний хомсдол бий болсон гэх мэт цөөнгүй сул талтай санагдсаныг нуух юун. Тиймдээ ч анх орж ирээд “Юунд ороод ирчхэв дээ?” хэмээн бодож л явлаа.

Өдгөө энэ салбарыг ойлгож, таньж мэдэх гэсээр арав гаруй жилийн нүүрийг үзжээ. Медиа Групп ХХК нь NTV, N Sports телевиз, “Goodali”, “Нийслэл Guide” сэтгүүл, “Time.mn” мэдээллийн сайт, “Оранж энтертэйнмент”, PR буюу олон нийтийн харилцааны компани зэрэг маш олон талбарын тоглогчтой. Тиймдээ ч олон тийш анхаарлаа хандуулж, салбар бүрийн сорилттой талыг биеэрээ мэдэрч ажилладаг.
Миний хувьд өнгөрсөн жилүүдэд Медиа Групп ХХК-ийг дараагийн түвшинд гаргаж чадсан гэж боддог юм. Намайг томилогдон ирэхэд эдгээр байгууллагад санхүүгийн асуудал чамгүй их байсан тул хамгийн түрүүнд гүйцэтгэх ёстой даалгавар нь санхүүг тогтвортой болгох ажил байв. Үүнийгээ ч гүйцэлдүүлж чадсан. Энэ ташрамд нэгэн таатай мэдээ дуулгахад, NTV телевиз маань 2026 оны Өвлийн олимп, 2028 оны Зуны олимпын шууд дамжуулах эрхийг албан ёсоор аваад байна.
Би сүүлийн нэг жилийн хугацаанд Шунхлай групп рүүгээ түлхүү анхаарч ажиллаж байгаа. Тодруулбал, группийн хэмжээнд бүх бизнес, функцүүдийг дараагийн шатанд гаргах чухал үүргийг хүлээгээд байна. Зөвхөн нэг талын бизнесийг хөгжүүлэхэд бус, группийн бусад бүх салбарын үйл ажиллагааг сайжруулах боломжийг эрэлхийлэн ажиллаж байгаа гэсэн үг. Ингээд миний карьерын гурав дахь арван хэвлэл мэдээллийн салбараас группийн хэмжээнд өргөжөөд буй.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Би өглөө бүр тогтмол 06:30 цагт босдог. Ажлаа эхлүүлэхийн өмнө кроссфитийн бэлтгэлээ хийдэг дадалтай. Сүүлийн таван жил хичээллэж байгаа. Үүнээс өмнө фитнесс, тулааны спорт зэрэг спортын олон төрлөөр хичээллэж үзсэн ч эцэст нь кроссфит бол миний хийх ёстой зүйл байсныг ойлгосон доо. Олон зүйл бодож, оюуны ачаалал ихтэй ажилладаг учраас тархи амрахаас эхлээд эрч хүчтэй байхад кроссфит хамгийн сайн тохирдог юм.
Бэлтгэлийн дараа ажилдаа ирээд толгой сэргэг байгаа дээр ганцаараа төвлөрч, шинжлэх, гол шийдвэр гаргах ажлуудаа гүйцэтгэдэг. Харин өдрийн цагаар хурал, уулзалт, хамтын ажиллагаанууддаа анхаардаг юм. Оройн цагаар ихэвчлэн ажлуудаа төлөвлөх, дүгнэх, бичиг баримт болон цаасны ажлуудаа хийнэ. Ингээд дийлэнхдээ 19:00-20:00 цагийн орчимд ажлаа дуусгадаг даа.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ ХАУ?
Миний хувьд сахилга бат, тасралтгүй байдал хамгийн чухал санагддаг. Том ажлууд тийм ч амархан бүтдэггүй шүү дээ. Үүнийг бүтээж, хүссэн үр дүндээ хүрэхийн тулд ихээхэн цаг хугацаа шаардахаас гадна стресстэх асуудал ч бишгүй. Тиймээс аливаа ажлыг хийж гүйцэтгэхдээ аль болох жижиг хэсгүүдэд хувааж, тэдгээртээ төвлөрч ажиллах хэрэгтэй. Ер нь бол том асуудлыг нэг дор шийдэх гэж оролдохоос илүү, жижиг алхмуудад хуваан хийх нь амар.
Харин олон салбарын залуусыг удирдаж буй хүний хувьд бусдын итгэлийг дааж, шударга байх зарчмыг баримтлан ажилладаг. Шийдвэр гаргахдаа ч сэтгэл хөдлөлд авталгүй, аль нэг тал руу хэвийлгүй, аль болох логик уялдаатай, тоонд суурилсан шийдвэр гаргахыг хичээдэг.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Өдөр тутамдаа Email, Outlook болон Viber, WhatsApp, Telegram зэрэг чатны бүх аппыг тогтмол ашиглаж байна. Харин ажлаа төлөвлөх, зохион байгуулахдаа Trello аппыг хэрэглэдэг.
Ажлын шаардлагаар хаана, ямар үйл явдал өрнөж буйг цаг алдалгүй мэдэхийн тулд мэдээж Facebook, X, Instagram зэрэг сошиал сүлжээний аппуудыг ашиглана. Мөн сүүлийн үед Gemini, ChatGPT зэрэг хиймэл оюуны аппыг идэвхтэй хэрэглэж байгаа. Дасгал хөдөлгөөнтэй холбоотойгоор сунгалтын зориулалттай GOWOD аппыг ашигладаг бол өглөө сэрмэгцээ хамгийн түрүүнд нээж хардаг апп маань эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг хэмжигч Elite HRV.
Харин төхөөрөмжийн хувьд Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг түлхүү хэрэглэдэг. iWatch, iPhone, AirPods зэрэг нь миний өдөр тутмын хэрэглээний салшгүй нэг хэсэг болжээ.
5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Цаг хэмнэх хамгийн үр дүнтэй арга бол төлөвлөлт. Аливаа ажлыг урьдчилан төлөвлөж байж л цаг зөв ашиглах боломж бүрдэнэ.
Мөн онцын шаардлагагүй хурал, уулзалтад оролцохоос аль болох зайлсхийдэг. Гэхдээ удирдах албан тушаалтан учраас уулзалтуудаас “бултах” бараг л боломжгүй. Хамгийн гол нь зорилго тодорхойгүй, үр дүн багатай уулзалтад аль болох оролцохгүй байхыг бодно.
Сүүлийн үед бидний ажлыг хөнгөвчилж, цаг хэмнэхэд бодитой дэмжлэг болж буй зүйл бол хиймэл оюун. Миний хувьд ChatGPT, Gemini зэргийг өдөр тутамдаа ашигладаг. Ер нь л AI хүн бүрийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Гэсэн ч хиймэл оюуныг хэрхэн зөв зохистой ашиглах нь чухал асуудал хэвээр байгааг анхаарууштай. Хиймэл оюун хүний тархи, сэтгэлзүйд хүчтэй нөлөө үзүүлж байгаа нь анзаарагддаг ч энэ талаар хангалттай судалгаа хараахан хийгдээгүй л байна.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Би ихэвчлэн урт хугацааны ажлуудаа Trello апп дээр, жил жилээр ямар ажил хийх гэж байгаагаа тэмдэглэдэг. Харин өдөр тутмын болон жижиг ажлуудаа цаасан дээр бичихийг илүүд үздэг.
Төлөвлөсөн ажлаа хийж дууссаны араас тухайн цаасан дээрээ тэмдэглэсэн зүйлсийг дарах эсвэл базаад хаядаг. Энэ нь нэг талаараа надад цахим платформ дээр бичиж тэмдэглэхээс илүүтэй “болчихлоо, ард нь гарчихлаа, чадчихлаа” гэсэн жижиг ялалтын мэдрэмж өгдөг гэх үү дээ. Ингэж төлөвлөх нь ажлаа зогсолтгүй урагшлуулахад тусалдаг.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Өмнө нь хэлсэнчлэн би таван жилийн турш кроссфитээр хичээллэж байгаа. Тэгэхээр эрч хүчээ сэлбэхэд хамгийн их нөлөөлж буй зүйл бол гарцаагүй кроссфит. Бэлтгэлээ хийгээд гарч ирэхэд сэтгэл санаа тайван болж, сэргэсэн мэдрэмж авдаг. Мэдээж үүнийг дагаад ажлын бүтээмж мэдэгдэхүйц нэмэгддэг.
Эрч хүчээ нөхөх дараагийн чухал зүйл бол унтаж амрах. Миний хувьд сүүлийн жилүүдэд чанартай нойр авах, “гүн нойр”-д онцгой анхаардаг болсон. Тиймдээ ч нойрны чанараа сайжруулахын тулд кофеноос татгалзаж байгаа. Мөн өглөө бүр зүрхний цохилт болон гүн нойрны хэмжээгээ ухаалаг цагаараа шалгадаг дадалтай болоод байна.
Энэ бүхний хажуугаар гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа хамгийн гайхалтай сэргэлт болдог. Тэднээсээ өдөр бүр урам зориг авч, илүү зорилготой урагшилж байна даа.
8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Би хүүхэд байхаасаа л спортод дуртай байсан. Гэхдээ нэг төрлийн спорт биш бүх төрлийн спортыг сонирхдог байв. Тэр ч утгаараа одоо Шунхлай групптэй хамтран ажилладаг “SG APES” сагсанбөмбөгийн баг болон “SG Hawks” волейболын багуудын Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллаж байна.
Ингэхдээ спортын салбарыг хэрхэн бизнесийн зөв загвараар, урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх боломжтой вэ гэдэгт төвлөрөн ажиллаж байгаа. Тодруулбал, спортын баг, байгууллагууд ямар засаглалтай байх, ямар бизнесийн чиглэл, бүтэцтэй явбал тогтвортой, үр ашигтай ажиллах вэ гэдгийг судалж, энэ чиглэлд цаг зав, анхаарлаа зориулж байна.

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Хэвлэл мэдээллийн салбарын хамгийн чухал зүйл бол тэнцвэр. Сэтгүүл зүй нь хараат бус, төвийг сахисан байх ёстой гэсэн үндсэн зарчимтай. Менежментийн тал дээр ч би тэнцвэрийг эрхэмлэдэг. Учир нь хэвлэл мэдээлэл улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, хувь хүний эмзэг асуудал зэрэг олон сэдвийг хамардаг тул эдгээр дунд тэнцвэрээ хадгалан ажиллах нь чухал юм.
Мэдээж медиа бол бизнес мөн. Гэхдээ мөнгө олох шаардлагатай болон мөнгөнөөс хараат бус үйл ажиллагаа явуулах гэсэн хоёр төрөлд хуваагдана. Миний хувьд Медиа Групп ХХК-д өөр чиглэлийн олон компани багтдаг учраас ерөнхийд нь бодлогын болон бизнесийн гэж хоёр ангилдаг. Жишээ нь, NTV телевиз болон Time.mn сайтууд нь мөнгө олох зорилготой биш. Үнэн, бодит мэдээллүүдийг дамжуулах, олон нийтэд түгээх үндсэн зорилготой. Харин хараат бус байх боломжийг нь бусад компани болох спортын чиглэлийн төсөл, Оранж энтертэйнментийн бүтээсэн контент, шоу, цуврал бүтээл зэргээр бүрдүүлж өгдөг гэхэд болно.
Манай салбарын бэрхшээлтэй тал гэвэл тодорхойгүй байдал. Шинэчлэл, өөрчлөлттэй холбоотой тодорхойгүй, урьдчилан таамаглахад бэрх нөхцөлүүд сорилт болдог.
10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Одоогоор би хоёр ажилд төвлөрч байна. Нэгдүгээрт, Медиа Групп ХХК нь нийгэмд эзлэх байр суурийн хувьд тодорхой нэг түвшинд хүрчихсэн байна. Гэхдээ үүний дараагийн хийх зүйл юу вэ гэдэг дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Тодруулбал, ирэх гурав юм уу таван жилийн хугацаанд ямар стратегитай ажиллах, зах зээлийн ямар тоглогч байх гэх мэт. Ялангуяа хиймэл оюун хүч түрж буй энэ цаг үед хэвлэл мэдээллийн салбар ч өөрчлөгдөх нь тодорхой. Харин энэ үед хэрхэн амжилттай дасан зохицох вэ зэрэг асуудлыг судалж, дараагийн нүүдлээ төлөвлөж байна.
Хоёрдугаарт, эхэнд хэлсэнчлэн Шунхлай группийн шинэчлэл, өөрчлөлтийн төслийг ахалж байгаа. Энэ хүрээнд бид гаднын зөвлөх компаниудтай жил гаруй хугацаанд хамтран ажиллаж байна. Шунхлай групп нь 30 гаруй компанитай, олон салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон групп учраас бид тус бүрийн бизнесийн бүх функцийг хэрхэн мэргэжлийн түвшинд хүргэх вэ гэдэгт чиглэсэн ажлуудыг эхлүүлээд буй. Өмнөх жилүүдэд зөвлөх компаниудын тусламжтайгаар ажиллаж байсан бол энэ удаа бид өөрсдийн байнгын бүтэц, дотоод механизмыг бий болгож, группийнхээ шинэчлэлийн ажлуудыг бие даан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Жил гаруйн өмнө надад Стэнфордын удирдах ажилтны хөтөлбөрт хамрагдах боломж олдсон юм. Би бүтэн жилийн турш Стэнфордын их сургуульд суралцаад сурах гэдэг ямар чухал зүйл болохыг ойлгосон. Өөрөөр хэлбэл, юу сурч, мэдэхээс илүүтэй хүн байнгын суралцагч зан төлөвтэй байж, тасралтгүй сурах арга барилыг өөртөө суулгах нь хамгийн чухал юм билээ. Энэхүү хөтөлбөрөөс хойш би тасралтгүй сурах зан төлвийг өөртөө суулгахыг хичээж байгаа. Харин өдөр тутамдаа ном унших, подкаст сонсох зэргээр өөрийгөө хөгжүүлдэг.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Би ихэвчлэн менежмент, удирдлагын чиглэлийн ном болон түүхэн хүмүүсийн намтар, амьдралын түүхийг унших дуртай. Онцгойлон Jeffrey Pfeffer зохиолчийн “Power” гэх номыг санал болгоё.
Киноны хувьд хамгийн сүүлд хэзээ тухтай кино үзсэнээ санахгүй байгаа болохоор санал болгох бүтээл байхгүй байна. Хөгжмийн тал дээр ихэвчлэн хуучны классик дуу сонсдог. Мэдээж кроссфит хийх үедээ илүү эрч хүчтэй, хэмнэлтэй дуу сонсох дуртай.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Би бага байхдаа багшийн өгсөн даалгаврыг ангийнхаа хүүхдүүдээс хамгийн түрүүнд хийчхээд, шалгуулдаг байсан юм л даа. Заримдаа яарч улайрсандаа мэр сэр алдаа гаргана. Энэ үед ангийн багш маань “Баяраа, бушуу туулай борвиндоо баастай гэдэг үг байдаг шүү” хэмээн хэлдэг байсан сан. Яагаад ч юм энэ үг огт санаанаас гардаггүй юм. Одоо ямар нэгэн зүйл хийхдээ заавал дахин шалгаж, алдаа байгааг эсэхийг нягталдаг. Магад багшийн минь хэлсэн тэр үг бага байхаас хойш надад нягт нямбай байх зан төлөвийг суулгасан болов уу.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Би айхтар туршлагатай CEO биш ч сүүлийн 16 жил удирдах албан тушаалд ажиллаж байгаагийн хувьд ойлгосон хамгийн чухал зүйл нь хүн өөрөө өөрийгөө таних, мэдэх, ойлгох юм билээ. Өөрийгөө ойлгож, танина гэмээнэ бусдыг ойлгож чадна. Тэгж байж л зөв харилцаа бий болж, оновчтой зөвлөгөө өгч, шийдвэр гаргалт нь үр дүнтэй болно.

Сэтгэгдэл бичих (1)


З Зочин 2025.12.27 103.57.94.13
Баярбат захиралд ажлын амжилт хүсье олон жил нэг баг болж ажиллахдаа үргэлж суралцаж хөгжиж явааг нь дагаж гүйцэх гэж хичээж байна даа