Бид шинэ дугаарынхаа зочноор Монголын банк, санхүүгийн хамгийн отгон байгууллага болох Богд банкны Байгууллагын банк хариуцсан дэд захирлыг урилаа.
Тэрээр Швейцар Улсад санхүүгийн чиглэлээр суралцаж, эх орондоо ирээд тус банкнаас ажлын гараагаа эхэлж байжээ. Өнгөрсөн хугацаанд санхүүгийн шинжээч, үйл ажиллагааны газрын захирал, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын албыг тус тус хашиж байсан бөгөөд энэ оноос эхлэн дээрх албан тушаалд томилогдон ажиллаад буй.
Байршил: Богд банк, Сүхбаатар дүүрэг
Эрхэлдэг ажил: Богд банкны Байгууллагын банк хариуцсан дэд захирал
Хэрэглэдэг гар утас: iPhone 15 Pro Max
Хэрэглэдэг компьютер: Dell Inspiron 15
Сошиал хуудас: Болдхуягийн Билэгт
1. Таны карьераас бид юу юуг мэдэх ёстой вэ?
Улаанбаатар дахь олон улсын дунд сургуулийг төгсөөд мэргэжлээ сонгох боллоо. Аав маань санхүүгийн салбарын хүн болохоор гэр бүлийн орчин нөлөөлсөндөө ч тэр үү, эцэг эхтэйгээ зөвлөлдсөний эцэст Европын холбооны бизнесийн сургуульд санхүүгийн мэргэжлээр суралцахаар банк, санхүүгийн төв гэгдэх Швейцар Улсыг зорьж байлаа. Манай сургуулийн профессорууд салбартаа олон жил ажилласан, туршлагатай мэргэжилтнүүд байсан учраас бакалаврын хоёр жил хагасын хугацаандаа цэвэр онолоос гадна практик ур чадварт суралцаж чадсан гэж боддог.
Монголдоо эргэж ирээд Богд банкны теллерээр ажлын гараагаа эхэлсэн. Эхний хэдэн сарын хугацаанд өөрийгөө ихээхэн “гадааджсан” гэдгээ анзаарч, бараг л соёлын шоконд орж байсан гэх үү дээ. Ажилдаа ашиглах програмаас эхлээд банк, санхүүгийн тогтолцоо нь их сургуульд заалгаснаас тэс өөр болохоор шинээр сурах зүйлс олон байсан. Аажимдаа хамт олондоо уусаж, ажилдаа ч гаршиж амжсан болохоор өсөж дэвших боломжууд бага багаар нээгдэж байлаа. Теллерээр ажилласан зургаан сарын хугацаанд салбарын болон байгууллагынхаа талаар хамгийн чухал суурь ойлголтуудыг авч чадсан гэж боддог.
2. Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Долоо хоногийн хоёр өдөр теннисний бэлтгэл хийдэг болохоор миний өдөр харилцан адилгүй байдлаар эхэлдэг. Бэлтгэлтэй үедээ 06:30-07:00 хооронд сэрээд нэг цаг орчим теннис тоглоно. Бусад үед 08:00-д сэрээд хагас цагийн дараа гэрээсээ гардаг. Өглөөгүүр түгжрэл ихтэй байдаг учраас цахилгаан дугуйгаар 20 минутын дотор л ажилдаа ирчихдэг.
Даваа гарагийн өглөөний хуралд өнгөрсөн долоо хоногийн ажлын үр дүнг хэлэлцэж, энэ долоо хоногийн төлөвлөгөөгө ярилцдаг. Харин өдөр нь хороодын хурлуудад оролцохоос гадна дотоод, гадаадын харилцагчидтай биет болон цахим уулзалт хийнэ. Орой 18:30-19:00-ийн хооронд ажлаа дуусгаад мөн л хорин минутын дотор гэртээ ирж, хүүхдүүдтэйгээ тоглох, кино үзэх зэргээр гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөдөг.
3. Таны ажлын нөү-хау?
Өмнө нь би бүх ажлыг ганцаараа хийчих гээд байдаг байсан. Энэ нь хэдийгээр ажлын гүйцэтгэлээ бие даан хянах, хүссэн үр дүндээ хүрэх давуу талтай ч харилцагч татах, байгууллагуудтай харилцах, бүтээгдэхүүн санал болгох, зээл судлах зэрэг олон ажлыг ганцаараа хийж чадахгүй гэдгээ удирдлагын түвшинд ирснээсээ хойш хүлээн зөвшөөрч эхэлсэн. Харин одоо ажлаа аль болох зөв хуваарилах арга барилыг баримталдаг. Ингэхдээ, ажилтнууддаа хэрхэн яаж ажиллах орон зайг нь олгож, эцсийн үр дүнд анхаарал хандуулдаг болсон.
4. Ашиглахгүй байж чаддаггүй апп, хэрэгслүүд юу вэ?
Мэдээж Bogd Mobile аппыг тогтмол ашигладаг. Өдөр тутмын сошиал платформуудаас гадна гаднын зах зээлийн мэдээллийг авахын тулд The Economist-ийг ашиглах нь элбэг. Мөн уулзалт, хурлын үеэр тэмдэглэл хөтлөх зорилгоор Notes аппыг хэрэглэж байна.
5. Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Өмнө хэлсэнчлэн дулааны улиралд гэр, ажлын хооронд цахилгаан дугуй унахаас гадна ойрхон зайд алхах, түрээсийн скүүтэр унах зэргээр явдалд өнгөрүүлэх цагаа танахыг хичээдэг. Харин хүйтний улиралд зам түгжрэх зэрэг болзошгүй эрсдлээс шалтгаалан ажлын уулзалтыг цахимаар зохион байгуулах нь бий.
6. Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Microsoft нэгдсэн платформыг ажилдаа цогцоор нь ашигладаг. Ажлын цахим шуудангаа Outlook дээр төвлөрүүлж, уулзалт, төлөвлөгөөг Outlook Calendar дээр гаргадаг. Харин байгууллагын дотоод харилцаа, цахим уулзалтад Teams-ийг голчлон хэрэглэдэг.
7. Эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
Аав хүний хувьд хүүхдүүдээ харж, эрч хүчээ нөхөх шиг сайхан зүйл үгүй. Цаг агаар дулаахан үед гэр бүлтэйгээ хамт агаарт гарах дуртай.
Оффисын ажилтнууд хөдөлгөөний дутагдалд орох нь элбэг байдаг учраас сүүлийн гурван жил газрын теннисээр хичээллэж байна. Энэ төрлийн спорт нь биеийн бүх булчинг зэрэг ажиллуулахаас гадна багаар ажиллах чадварыг сайжруулдаг.
8. Үндсэн ажлынхаа хажуугаар дурлаж хийдэг төсөл | ажил бий юу?
Миний өвөө С.Лувсанвандан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, доктор, профессор хүн байсан. Одоогоор миний бие өвөөгийнхөө нэрэмжит “Лувсанвандан сан” ТББ-ын тэргүүнээр ажиллахаас гадна Монголын бадминтон сонирхогчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
9. Хийж буй ажлын тань онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
Банк, санхүүгийн салбар аливаа орны хөгжил дэвшилтэй шууд уялдаа холбоотой байдаг учраас энэ салбарын эд эс болж, нэгээхэн хэсгийг нь бүрдүүлж байгаа минь өдөр бүр урам зоригтойгоор ажиллах шалтгаан болдог.
Нөгөөтээгүүр банкны гол үйл ажиллагаа нь мөнгө зээлдэх. Харин иргэдийн дунд банкны зээл өндөр хүүтэй гэх ойлголт түгэмээл байдаг бөгөөд үүнийг хэрхэн боломжит хэмжээгээр бууруулж, иргэдэд хөнгөлөлттэй зээл олгох вэ? гэдэг нь санаа чилээсэн асуудал болоод байна. Ард иргэд үүнийг төдийлөн мэддэггүй ч зээлийн хүү гэдэг нь тухайн орны эдийн засгийн түвшин, тэр дундаа инфляцийн түвшинтэй нягт уялдаатай байдаг учраас банк, санхүүгийн байгууллагууд хэчнээн хөнгөлөлттэй зээл олгоё гэсэн ч эдийн засгийнхаа дунджийг баримтлах шаардлагатай тулгардаг.
10. Та одоо юун дээр төвлөрч байгаа вэ? Ойрын төлөвлөгөө?
Байгууллагын банк хариуцсан дэд захирлын чиг үүргийн дагуу дотоодын харилцагч нартай холбоо тогтоохоос гадна гаднын байгууллагуудтай харилцах ажилдаа түлхүү анхаардаг. Тодруулбал, бид жижиг дунд бизнес эрхлэгчид, эмэгтэй бизнес эрхлэгчид, ногоон төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгох зорилгоор олон улсын сан, санхүүгийн байгууллагуудыг судалж, харилцаа тогтоож, хяналт шалгалтад хамрагдах ажлуудыг тогтмол хэрэгжүүлдэг. Уг ажлынхаа хүрээнд бид энэ жилдээ багтаад 50 сая долларын хөрөнгө оруулалт татах зорилго тавьж, түүнийхээ гүйцэтгэлийг ч тогтвортой хангаж байна.
11. Та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, суралцдаг вэ?
Санхүү, бизнесийн чиглэлийн подкаст, сонсохоос гадна амжилтад хүрсэн бизнес эрхлэгчдийн намтар бүтээлүүдийг хураангуйлсан хувилбараар нь уншиж, сонсох дуртай.
12. Санал болгох ном, хөгжим, кино?
Дэлхийн хамгийн найрсаг захирал гэгддэг Walt Disney компанийн Гүйцэтгэх захирал Боб Игерийн The Ride of a Lifetime номыг онцолъё. Энэхүү ном нь түүний ажлын гараагаа эхэлснээс өдийг хүртэл ямар замыг туулсан талаар өгүүлдэг намтар бүтээл. Би удирдлагын хувьд харьцангуй зөөлөн хандлагатай хүн учраас уг ном надад тун ойрхон тусахын сацуу өөртэйгөө ижил хандлагатай эрхмийг хэрхэн амжилтын оргилд хүрснийг унших тун сонирхолтой санагдсан шүү.
Хөгжмийн хувьд сүүлийн үед Men I Trust хамтлагийг түлхүү сонсож байна.
Ажлын ачааллаас ангижирч, тархиа амраах зорилгоор адал явдалт кино үзэх дуртай. Тэр дундаа, Квентин Тарантиногийн бүтээлүүд ихээхэн сонирхол татдаг.
13. Авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
“Бусдын төлөө ажилладаг хүн бүхнийг ганцаараа хийдэг. Хэрвээ чи өөрийнхөө төлөө ажиллаж байгаа бол ажлыг зөв хуваарилж сурах хэрэгтэй” гэх ааваасаа сонсож байсан үгийг хэзээ ч мартдаггүй. Угтаа бол бүх ажлыг ганцаараа хийх гэсний хэрэггүй гэсэн үг л дээ.
Аавын энэ үг “Хэрвээ чи өрөөн доторх хамгийн ухаантай нэгэн нь байвал буруу өрөөндөө байна гэсэн үг” гэх эшлэлтэй ойролцоо санагддаг. Тиймээс өөрийгөө ямагт өөрөөсөө илүү ухаантай хүмүүсээр хүрээлүүлж, ажлаа зөв хуваарилахыг хичээдэг.
14. Бусдад шидэх санаа
Амжилтад хүрсэн эрхмүүдээс нийтлэг ажиглагддаг тал нь хүнлэг байдал. Хэнтэй ч хүн ёсоор харьцах нь бидэнд байж болох хамгийн сайхан чанар юм шүү.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.