Өнөөдрийн дугаартаа бид Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн дэд тэргүүн, МУИС-ийн Күнзийн институтийн захирал асан Монгол Улсын нэрт Хятад судлаач, МУСГЗ орчуулагч М.Чимэдцэеэг урилаа. Тэртээ 50 гаруй жилийн өмнө МУИС-ийн хятад хэлний ангид элсэн орсон цагаасаа хойш тэрээр 44 дэх жилдээ монгол, хятад хэл, соёл, орчуулга судлалын салбарт хүчин зүтгэж буй.
Монгол-Хятадын харилцааны ид хүйтрэлийн үеэр хятад хэлний мэргэжил эзэмшсэн цөөхөн хүний нэг М.Чимэдцэеэ гуай карьерынхаа турш Монголын радио, МОНЦАМЕ агентлаг, Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэг, МУИС-ийн Күнзийн институтэд ажиллахын сацуу орчуулагчийн хувиар хятад хэлнээс 20 гаруй ном бүтээлийг эх хэлний хөрвүүлсэн Монголын урдаа барих гүүш нарын нэг юм.
Ингээд Күнзийн сэтгэлгээний гол цөм болсон Хятадын алдарт “Шүүмжлэл өгүүлэл”, “Хэв дундын ёсон”, “Их суртахуй”, “Мэнз” зэрэг “Дөрвөн бичиг”-ийг 19 жилийн турш хөрвүүлж, өдгөө Лаозын сургаалын оргил болсон "Лаоз Даодөжин” ном дээр ажиллаж буй түүнтэй ажлын арга барил хийгээд орчуулга, хятадын соёлын талаар дэлгэрэнгүй ярилцсаныг хүлээн авна уу.
Байршил: Монгол Улс, Улаанбаатар хот
Эрхэлдэг ажил: Монгол Хятадын Найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн, МУИС-ийн Күнзийн институтийн зөвлөх
Хэрэглэдэг компьютер: Dell, HP
Сошиал хаягууд: Chimedtseye Menerel
1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Туулсан амьдралаа эргээд харах нь ээ миний амьдралын эргэлтийн цэг бол яахын аргагүй мэргэжлээ сонгосон явдал. Одоогоос бараг хагас зууны тэртээ буюу 1974 онд би Баян Өлгий аймагт дунд сургуулиа төгсөж, МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид элсэж орсон хүн. Гуравдугаар курстээ ордог намар монгол хэл, уран зохиолын ангийг үндсэн анги, монгол бичиг, хятад, япон хэлний групп гэж дөрөв хувааж, тухайн үед сургуулийн деканаар ажиллаж байсан Чой.Лувсанжав багштан намайг хятад хэлний ангид хуваарилснаар ганцхан хормын дотор миний хувь заяа шийдэгдсэн түүхтэй.
1970-аад он бол Монгол-Хятадын харилцааны ид хүйтрэлийн үе, өмнөд хөршийг Монголын эн тэргүүний дайсан гэж үздэг байсан цаг л даа. Сурах бичиг хомс, хэл сурах орчин байхгүй, багш дутагдалтай гээд тоочвол түмэн бэрхшээлтэй. ЗХУ-д хэвлэгдсэн хятад-орос хэлний ганц сурах бичгээр багш хичээлээ явуулж, гуравхан оюутан дундаа ганц толь бичигтэйгээр их сургуулиа дүүргэж байв.
Улмаар төгсөх курстээ дадлага хийсэн Монголын радиогийн гадаад нэвтрүүлгийн ерөнхий редакцад орчуулагч, редактораар 12 жил ажилласны дараа ардчилсан хувьсгалын дөнгөж гарахтай зэрэгцэн Монголын Энх тайван найрамдлын байгууллагуудын холбоо, Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгт ажиллаж эхэлсэн. Тухайн үедээ бага Гадаад харилцааны яам гэж нэрлэдэг байлаа.
Үндсэн ажил маань бичгийн орчуулга, голлон хятадын эртний гүн ухааны сэтгэлгээний сонгодог бүтээлийн орчуулга. Зах зээлийн нийгэмд шилжих үеэр хоёр улсын хооронд ч чөлөөтэй зорчих боломж нээгдэж, харилцаа уярч ирсэн тул ерээд оны сүүл үеэс би номын орчуулгын ажилд нэлээд шаргуу орсон. Ажлын шугамаар жилдээ бараг дөрвөөс таван удаа өмнөд хөршийн хотуудаар явах үед хамгийн ихээр анхаарлыг минь татсан зүйл нь тэдний өдөр тутмын амьдралын хэв маяг Күнзийн сургаалтай салшгүй холбоотой байсан явдал.
Нэг өдөр миний толгойд “Монголчууд нэгэнтээ Хятадтай мөнхийн хөрш байх тохиолтойгоос хойш тэдний соёлын цөм болсон Күнзийг бас мэдэх шаардлагатай юм биш үү? гэх бодол төрж, энэ ажлынхаа анхны гараа болгон “Шүүмжлэл өгүүлэл/论语/”номыг орчуулснаар хятадын эртний гүн ухааны орчуулга руу шамдаж эхэлсэн билээ. Орчуулгын бүтээлээс хамгийн их цаг зарцуулсан нь Күнзийн сэтгэлгээний гол цөм болсон Хятадын алдарт “Шүүмжлэл өгүүлэл”, “Хэв дундын ёсон”, “Их суртахуй”, “Мэнз” зэрэг “Дөрвөн бичиг” юм. Эдгээр дөрвөн бичгийг орчуулахын тулд амьдралынхаа 19 жилийг зарцуулж, сүүлийнхийг нь 2019 онд дуусгасан. Хятадын эртний гүн ухааны сэтгэлгээний сод туурвил болсон дээрх бүтээлүүдийг өвөрлөгчийн эрдэмтэд 1890, 1992 онд монгол бичиг рүү хөрвүүлсэн байдаг. Харин орчин үеийн крилл бичиг рүү иж бүрнээр нь орчуулсан гэвэл одоогоор миний орчуулга байгаа юм.
Номын ажлын хажуугаар орчуулгын онол, арга дэг жаяг зарчмын сэдвээр судлахын сацуу орчуулгын салбарт харьцангуй шинэхэн гэж хэлж болохуйц “Соёлын орчуулга” нэлээд өгүүлэл хэвлүүлжээ. Түүнчлэн 2006 оноос МУИС-д багшлахын зэрэгцээ дэлхийн 140 гаруй оронд салбартай Күнзийн Институтийн Монголын талыг хариуцсан захирлаар 2016 он хүртэл ажиллаж, одоогоор зөвлөхийн ажил хийж байна.

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Хүн бүр өөрийн ертөнцөөр хорвоог туулдаг талаар өгүүлдэг, төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдорж найрагчийн
Өндөгний минь хээ
Өөрчлөгдөшгүй.
Хурууны минь хээ
Хувиршгүй.
Алганы минь хээ
Арилшгүй.
Миний хээ
Минийх… хэмээх алдартай мөрүүд бий. Хүний аж төрөх ёсон, ажиллаж хөдөлмөрлөх хэв заншил хэзээ ч нэг хэвд цутгасан мэт байх боломжгүй. Миний тухайд харьцангуй эртэч хүний тоонд багтах байх. Хамгийн оройдоо л гэхэд таван цагт босож ажлаа эхлүүлдэг. Үдээс өмнөх цаг бол ажлын хамгийн бүтээмжтэй үе.
Өглөөний тунгалаг агаарт хүний оюун ухаан сэргэг, сэтгэл санаа хүртэл өөдрөг байдаг шүү дээ. Тиймдээ ч залуу наснаасаа өглөө эрт ажилласаар байгаад дадчихжээ. Энэ бас миний бага насны амьдралтай ч холбоотой байж мэдэх. Манай аав, ээж хоёр социалист нийгмийн үед сум нэгдлийн малчин байсан хүмүүс. Малчин айлын хүүхэд болсон хойно үүр тэмдгэрэх цагаар босож, өвсний шүүдэр дундуур хөл нүцгэн туучиж өссөн бага насны хэвшил одоо хүртэл арилаагүй байх талтай.
Нөгөө талаар би энэ олон жилийн турш амралтын өдөр, баяр ёслолыг үл харгалзан ажилласан байна. Ном, бичиг орчуулна гэдэг оюуны хүч шаардсан нүсэр ажил. Өдөр бүхэн тасралтгүй хөдөлмөрлөж байна гэмээнэ уул овоо мэт ажлын ард гарах учиртай. Ялангуяа 2000, 2500 жилийн өмнөх эртний бүтээл орчуулахын тулд дор хаяж 20-30 номоос судалгаа хийж, баримтыг нь тулгаж, нэг ёсондоо томоохон судалгааны ажил давхар хийх шаардлагатай болдог. Тиймээс цаг хугацаатай уралдахаас өөр гарцгүй. Өнөөдөр дөрвөн хуудас орчуулна гэсэн бол түүнийхээ ард юу ч болж байсан гарна. Тэгж байж миний тэр товлосон ажил хугацаандаа дуусна. Өнөөдөр амжаагүй бол маргааш нь заавал гүйцээх жишээтэй.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Зохиолч, яруу найрагч гээд бусад бичгийн хүмүүсээс ялгаатай нь орчуулагч хүнд тавигдах шаардлагын нэн тэргүүнд “тэвчээр” багтах биз ээ. Нэг ном орчуулахын төлөө өглөөнөөс үдшийн бүрий хүртэл нэг газраа суух явцад тэвчээргүй нэгэн бол шантрах нь элбэг. Тэрчлэн ямар нэгэн албадлагаас гадна тухайн ажлыг хийж бүтээх юм сан гэх хүсэл мөрөөдөл байж ажил бүтдэг жамтай. Хэрэв хийж буй ажил тань гараас гарахгүй байвал үнэнхүү дур сонирхолтой байгаа эсэхээ эргэн нэг харах нь зүй.
Онцгой ажлын арга барил гэвэл тухайн бүтээлийг зөвхөн өөрөө орчуулах гэж нухаж суухаас гадна номын садан нөхөд, урд хөршид амьдарч буй эрдэмтэн, судлаачидтай байнгын холбоо харилцаатай байж, бие биеийнхээ бүтээлд харилцан зөвлөгөө өгөх нь ажил хурдтай урагшлахад дэмтэй байдаг мэт санагддаг.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Миний дотнын танил, бичгийн хүн “Гэрт ажиллахаар ер толгойд бүтээлч санаа орж ирэхгүй, харин ажил дээр тогтож суухад л гараас бүтээл гарах юм ” хэмээн хэлж байсан удаатай. Харин би бол тэр танилынхаа яг эсрэг нь. Ажил дээр бусадтай уулзалт хийх, хичээл заах гээд сатаарах зүйл олон, төвлөрөх мөч хомс.
Миний бүх ажлын бүтээмж бол ердөөсөө энэ номын өрөөнөөс эхлэлтэй. Хувь болон хувьсгалын ажилдаа суурин, зөөврийн компьютер ээлжлэн хэрэглэдэг. Мөн Wechat-аар хятад дахь танил нөхөдтэйгөө холбогдож, Baidu-аар цаг үеийн мэдээлэл авч, орчуулга зүй, хятадын ном хэвлэн нийтлэх салбартай холбоотой төрөл бүрийн апп, вебсайтыг тогтмол ашиглана.
Энэ олон жилийн турш Хятадын Шинжаан, Төвдөөс бусад газраар бараг явж үзлээ. Аялал болгоны үеэр тусдаа ажил болгож тухайн нутгийн номын дэлгүүрээр зочилдог уламжлалтай. Энэ дадлынхаа ачаар хятад судлаачийн хувиар харьцангуй сайн номын сан бүрдүүлсэн. Ажил хийхэд шаардлагатай төрөл бүрийн лавлах ном материалууд надад бүрэн бий гэхэд хилсдэхгүй. Энэ номын сан бол миний ажлын гол багаж, хэрэгсэл юм даа.



5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Би цагт их харам хүн. Тийм болохоор үр бүтээлгүй, онц ач холбогдолгүй зүйлсэд цаг зарахгүй байхыг мэрийдэг. Мөн “үгүй” гэж хэлж сурахыг чухалчилдаг хүн. Үгүй гэж хэлж сурахын цаад утга учир нь өөрийн үнэт цагаа хэмнэх. Ялангуяа сүүлийн жилүүдэд янз бүрийн уулзалт яриа, баяр цэнгээнээс хол хөндий байж, ихэнх цагаа ажилдаа зарцуулж байна. Яагаад гэхээр миний нас нэгэнтээ хэвийж, өтөл нас руу дөхөж буй тул хийж бүтээх зүйл даанч их. Хамтран ажиллаж буй дотоод гадаадын хэвлэлийн газруудтайгаа байгуулсан гэрээний дагуу ажлуудаа цаг тухай бүрийд нь дуусгахын төлөө цагандаа харам байхаас ч аргагүй. Гэхдээ энэ нь амьдралын амттай хором мөчүүдээс татгалзахын нэр биш юм шүү. Гэр бүл, үр хүүхэд, ач зээ, номын садан ах дүүс гээд амьдралын баяр баясал болсон хүмүүстээ харамгүй цаг зарцуулах ёстой. Цаг хэмнэх тухайд эртний Хятадын их сэтгэгч Күнзийн хэлсэн нэгэн сургаал байдаг.
“Үг хэлэлцэж бологсод лугаа, эс хэлэлцвээс хүмүүнийг алдъюу. Үг хэлэлцэж үл бологсод лугаа хэлэлцвээс үгийг алдъюу. Мэргэн хүмүүс болбоос цагийг ч хүмүүнийг ч үгийг ч алдъюу.”
Угтаа үг, хүн хоёрын тухай дурдсан боловч эцсийн дүндээ үр дүнгүй зүйлсэд бүү цагаа үр гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, та нэг сайхан хүнтэй тааралдахдаа ганц үг ч солихгүй зөрөөд өнгөрөх юм бол тэр сайхан хүнийг алдах аж. Мэргэн хүн бол хүнийг ч, цагаа ч алддаггүй гэсэн үг.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Тухайн жил хийх ажлаа оны эхэнд заавал тэмдэглэдэг дадалтай. Төлөвлөсөн ажлуудаа ч мөн адил дүгнэсэн дэвтрүүд олон бий. Зөвхөн орчуулга төдийгүй судалгааны ажлаа хэдий хугацаанд хэрхэн бичих тухайгаа нарийн төлөвлөдөг. Нэгэнтээ төлөвлөсөн бол гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу өдөр бүр ажиллана. Дийлэнх орчуулгын бүтээлүүд дээр хэвлэлийн газар болон бусад хүмүүстэй хамтран ажилладаг тул бусдын хөлс хүч, хөдөлмөр шингэсэн ажил надаас шалтгаалж нурж болохгүй. Ер нь төлөвлөгөөгүйгээр ажил урагшилна гэж үгүй.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Би алс хязгаар баруун нутагт, цаст Цамбагарав хайрхны бэлд төрж өссөн хүн. Уугуул нутгийнхаа тухай “Уулын хүн” хэмээх ном хүртэл бичиж байлаа. Жилдээ дор хаяж нэг удаа төрсөн бууц дээрээ хонож, хөх тэнгэрээсээ эрч хүч авна. Залууст гайхам сонсогдож мэдэх ч надад хар аяндаа л тэр их хайрхны эрч хүч мэдрэгддэг юм. Хүн, уул хоёрын хооронд онцгой холбоо байдаг гэдэгт итгэдэг.
Нэг ном орчуулах явцад яагаад ч урагшлахгүй байвал нухаад суухын оронд толь бичиг ч юм уу өөр орчуулгын бүтээлээ барьж авч, солбидог. Өдөр тутамдаа гэвэл бие махбод, сэтгэлзүйн хувьд ядарч сульдаад ирэхээрээ хийж буй ажлаа орхиод ном унших дуртай. Уран зохиолын ном гэхээс илүүтэй хөнгөн сонирхолтой намтар дурдатгал, баримтат уран сайхны зохиолуудад шимтэнэ.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Күнзийн Институтийн захирлын ажлаа хүлээлгэж өгөөд багагүй хугацаа өнгөрсөн ч гадаад дотоод хамтын ажиллагаа, хятад хэлний сургалт, солилцооны хөтөлбөрүүд, соёл судлалын ажилд оролцоотой байна. Мөн хятад хэл, соёл судлалаар мэргэшиж буй олон шавь нарынхаа судалгааны ажилд зөвлөгөө өгөх, шүүмж бичих ажлууд гарч ирэх нь түгээмэл.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Одоогоос бараг 2000-2500 жилийн тэртээ эртний хэлээр бичигдсэн сургаалыг орчин цагийн хэлнээ хөрвүүлэх үед давын өмнө тэрхүү цаг үеийн сэтгэлгээ, соёлыг ойлгох шаардлага тулгарна. “Шүүмжлэл өгүүлэл” номыг орчуулахын тулд Хятадын орчуулагчид, эрдэмтэн судлаачдын уг номын талаар хийсэн янз бүрийн орчуулга, эрдэм шинжилгээний янз бүрийн тайлбар хавсаргасан 20 гаруй бүтээлийг нягтлан уншиж тунгаан боловсруулсны үндсэн дээр амжилттай дуусгасан байх жишээтэй. Энэ бүх судалгааны турш “Би ер нь энэ ажлыг хийх хүн мөн үү, биш үү?” гэж өөртөө эргэлзэх, эргэж няцах үе бишгүй олон тохиосноо нуух юун.
Хийж буй ажлын эерэг тал гэвэл дурдаад дуусашгүй. Монгол, Хятад хоёр улс өнө эртнээс хаяа залган оршиж ирсэн, түүхэн уламжлалт харилцаатай төдийгүй, бас өнө эртний соёл иргэншлийн өв уламжлалтай орнууд. Орчин цагт зөвхөн хөршүүд ч гэлтгүй олон соёл иргэншлүүд харилцан зохирч байж хамтдаа хөгжин дэвших зайлшгүй шаардлагад тулгарч байна.
Энэ үйл хэрэгт бидний орчуулагчид, судлаачид өөр өөрийнхөө хувь нэмрийг оруулж байх ёстой, ингэх юм бол хоёр улсын харилцан ойлголцол идэвхжиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам үр дүнтэй цэцэглэн хөгжинө гэж би боддог юм. Миний хийж буй орчуулгын ажлын зорилго бол Хятадын уламжлалт соёлыг Монголынхоо уншигчид, судлаачдад алдаа мадаггүй хүргэж таниулж ойлгуулъя гэсэн хүслээс үүдэлтэй.


10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Орчуулагч судлаач хүний хувьд тэтгэвэрт гарснаар харин ч олон ажилд сатаарахгүйгээр номын ажилдаа төвлөрөх боломжтой болсондоо олзуурхаж байгаа шүү. Өнгөрсөн жилүүдэд би хятадын эртний соёл иргэншлийн чиглэлээр 20 гаран ном орчууллаа. Ер нь хятадын эртний гүн ухаан нь Күнзийн болон Лаозын гэсэн хоёр том урсгал чиглэлээр хөгжиж ирсэн уламжлалтай, тийм ч учраас миний орчуулга, судалгааны ажил ч мөн дээрх хоёр чиглэлээр явж ирсэн.
Одоогоор би Лаозын тухай номуудыг сонирхон уншиж судалж байгаа. Лаозын сэтгэлгээ соёлын тухай номын хувьд Монголд хятад хэлнээс шууд орчуулсан нь тун цөөн, дийлэнх нь орос, англи зэрэг харь хэлнээс орчуулсан байдаг тул тэдгээрт буруу зөрүү орчуулсан, алдаж оносон зүйл их байдаг.
Өнгөрсөн жилийн хамгийн том ажил China book press хэвлэлийн газартай хамтран “Лаоз хийгээд Даогийн сургаалтан” болон хятадын соёлын иж бүрэн толь болох “Хятадын соёлын мэдлэгийн толь” гэх номууд байлаа. Эдүгээг хүртэл Хятадын соёлыг бүх талаар системтэй танилцуулсан ийм толь буюу бүтээл монгол хэл дээр гарч байгаагүй. Ийм болохоор хятадын соёлын тухай анхны тайлбар том толийг орчуулан хэвлүүлж буй нь хятадын соёлыг Монголын уншигчдадаа бүх талаар танилцуулах, олны хүртээл болгоход чухал ач холбогдолтой.
Үүнээс гадна, миний ерөнхий редактор хийдэг нэгэн чухал ажил нь "ШИ ЖИНЬПИН ТӨР УЛСЫГ ЗАСАХ ТУХАЙ” цуврал ном. Одоогийн байдлаар манай орчуулгын баг уг бүтээлийн монгол орчуулгын нэгдүгээр ботийг хэвлүүлээд байгаа бөгөөд хоёрдугаар ботийн монгол орчуулгын хэвлэлийн эхийг нь бүрэн бэлтгээд хэвлэхэд бэлэн болсон. Гуравдугаар ботийн монгол орчуулгын хувьд бид саяхан орчуулгын болон хянан тохиолдуулах ажлыг бүрэн дуусгаад байна. Дөрөвдүгээр боть нь саяхан Бээжинд хятад, англи хоёр хэлээр хэвлэгдсэн. Тэгэхээр бид цаашид монгол орчуулгыг үргэлжлүүлэх байх.
Энэ нь орчуулагч хүний хувьд ховорхон тохиолдох, маш их хариуцлагатай, маш өндөр шаардлага бүхий няхуур нямбай ажил юм. Ши Жиньпин бол маш гүн гүнзгий эрдэм номтой хүн, түүний ном бүтээл эртний ном бичгээс эш татсан сургаалаар баялаг. Тэр бүгдийг оноож орчуулахад асар их хүч хөдөлмөр, мэдлэг чадвар, олон ном үзэх шаардлагатай болдог. "ШИ ЖИНЬПИН ТӨР УЛСЫГ ЗАСАХ ТУХАЙ” бүтээл бол өмнөд хөршийг таньж мэдэх цонх, тэдний баримталж буй бодлого болон ирээдүйн алс хэтийн бодлого, чиглэл хөгжлийн чиг хандлагыг ойлгох түлхүүр юм.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Би хятад хэлний мэргэжлээр суралцаад 50 гаруй жил өнгөрч байгаа ч мэдлэг чадвараа цаг үргэлж голж, энэ хэлийг төгс төгөлдөр суралцсан хэмээн хэзээ ч өөрийгөө хөөргөж явсангүй. Энэ салбарт л гэхэд миний сураагүй зүйлс асар их. Би ер нь энэ олон жилийн турш юу суралцав? хэмээн сэтгэлээр унах үе ч цөөнгүй. Насан туршдаа суралцах тухайд
“Мэдсэнээ мэднэ хэмээх
Мэдэхгүйгээ эс мэднэ хэмээх
Үүнийг мэргэн хэмээх” гэсэн Күнзийн сургаал байдаг. Мэддэг зүйлээ мэднэ хэмээж, аа харин мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрдөг нэгэн угтаа мэргэн хүн юм гэсэн санаа. Ингээд бодохоор хүний амьдрал тэр чигтээ суралцах үйл явц мэт.
12. САНАЛ БОЛГОХ НОМ, КИНО, ХӨГЖИМ?
Сүүлд уншсан номуудаас Зава Дамдин Ринбүчигийн туурвисан “Томъёолшгүй” бүтээлийг санал болгоё. 700 гаруй жилийн тэртээ Чойжи-Одсэр бандида тэргүүтний туурвиж байсан "Арван хоёр жилийн зохионгуй" буюу Бурхан багшийн намтар цадигийг бичих уламжлалыг сэргээж, намтар цадиг бичих эртний сонгодог уламжлалыг баримталснаараа эл бүтээл онцлог. Домог, цадиг, түүх, шүлэг, дууллыг нэгэн дор багтаахын сацуу дорно дахины уран зохиолд түгээмэл хэрэглэгддэг илт өгүүлэхүйн аргыг ашигласан нь олзуурхууштай.
Дараагийн санал болгох ном нь “Монголын Нууц Товчоо”. Би энэ түүхэн бүтээлийг оюутан ахуй цагаасаа хойш ширээний номоо болгосоор өдийг хүрчээ. Унших бүрд шинэ санаа төрүүлдэг гайхалтай бүтээл. Манай 12 настай зээ хүү хүртэл “Монголын Нууц Товчоо”-г тогтмол уншсаар өдгөө надаас дутахааргүй мэдлэгтэй болсон.
Хөгжмийн тухайд миний шүтэн биширч явдаг хөгжмийн зохиолч бол Н.Жанцанноров. Монголын сор болсон энэхүү эрхэмтэй Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгт хамт ажиллаж байх ахуйдаа олон дууны анх мэндэлсэн түүхийг нь мэддэг болсон юм.


13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Би өөрийгөө багшийн ач буянаар өдий зэрэгт хүрсэн нэгэн гэж боддог. МУИС-д элсэн орны дараа надад хятад хэлний суурийг тавьж, орчуулгын үндэс зааж, орчуулга хийх дөртэй болгосон ачтан бол миний номын багш Ц.Базаррагчаа юм. Багш минь надад “Орчуулгын ажил бол тамын ажил. Тэгэхээр тэр тамын ажилд нэг л зүтгэсэн бол чөмгөө дундартал зүтгэх хэрэгтэй. Тамын амьтан тамдаа жаргалтай байдаг юм шүү” хэмээн хэлж байсныг сэтгэлдээ одоог хүртэл санаж явдаг.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Орчуулга гэдэг бол шинжлэх ухаан, урлагийн хоршил. Эр зориг аль эсхүл хүсэл сонирхлоороо хийдэг хобби төдий зүйл биш, өөрийн онол дэг жаягтай нарийн ажил юм. “Мэргэд Гарахын орон” гэх эртний бүтээлд орчуулгад баримтлах үндсэн зарчмыг “Утга төгс, мэдэхүйеэ хялбар, яруу сайхан” хэмээн товч бөгөөд тодорхой томьёолсон нь бий. Агуулга, хэлбэр, уран яруу гурав зохирч байж сайн орчуулга болно.
Манай нэрт эрдэмтэн, академич Б.Ринчен “Эх хэл, гадаад хэл хоёрыг эн тэнцүү сурах ёстой. Эн тэнцүү эс сурваас элэг доог болохын зовлон буй” гэсэн байдаг. Мөн гадаад хэл сурахад хоёр чухал зүйл бий. Нэгдүгээрт ойлгох, хоёрдугаарт илэрхийлэх чадвар бөгөөд аль нэг нь доголдвол учир дутагдалтай. Ойлгоод байгаа мөртөө илэрхийлж чадахгүй байгаа нь эх хэлээ сайн сураагүйтэй холбоотой.
Өөр нэг чухал зүйл бол зөвхөн хэлийг нь сурахаас гадна тухайн үндэстний сэтгэлгээг сайн ойлгох ёстой. Аливаа үндэстний сэтгэлгээ нь хэлээрээ дамжин илрээд соёл болж бүрэлддэг. Тухайн үндэстний сэтгэлгээ хийгээд соёлыг нь сайн ойлгохгүй бол хэлийг нь мянга сайн сураад нэг л юм дутуу үлддэг. Тиймээс сэтгэлгээ, соёл, хэл гурвыг салгаж үл болох гурвалжин гэж үздэг. Энэ гурвалжны аль нэг талыг орхигдуулж болохгүй.


Сэтгэгдэл бичих (1)


О Отгон 202.9.47.2
Сайхан ярилцлага болж ээ. Эрдэмтэн, орчуулагч, багш энэ эрхэм хүний хятад хэлнээс орчуулсан олон олон зохиол бүтээлийг уншиж байв. Үг хэллэг гайхалтай үнэхээр л ийм байсан байх гэж нүдэнд харагдтал бичсэн байсан ялангуяа "Ээ анхил цасан" гэдэг өгүүллэг.