Монголын утга зохиолд эх бичгийн судалгаа хийлгэсэн хоёр л зохиолч бий. Нэг нь их зохиолч Д.Нацагдорж бол нөгөө нь яруу найрагч Р.Чойном. Нийгэмд өөрийн тод мөрийг хэл соёлынхоо баян тансаг үгсээр зурайтал татсан тэдний гар бичмэл, зохиолын эх ноорог зэрэг нь олон нийтийн дунд тарж, хэсэг бусаг тасархайнууд нь цагийн цаазыг тэсч үлдсэн байх нь бий.
Тэгвэл бид энэ удаагийн дугаартаа Төрийн шагналт зохиолч Р.Чойномын эх бичгийн судалгаанд дорвитой хувь нэмэр оруулсан, Жиком Пресс хэвлэлийн компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, Р.Чойномын өвийг хамгаалах "Өд" сангийн тэргүүн, Хэл бичгийн ухааны доктор, Дорлигийн Ганболдыг урилаа. Тэрээр яруу найрагч Р.Чойномын зохиол бүтээлийг хэвлэж уншигчдад хүргэхээс гадна, хэвлэлийн компани байгуулж, шинэ залуу зохиолчдын бүтээлийг дэмжиж, утга зохиолын хаалгаар алхан ороход томоохон дэмжлэг үзүүлэхээс гадна "Залуу нас" дугуйланг үүсгэн байгуулж, мөн ижил нэрт сонинг долоо хоног тутам хэвлэн нийтэлж, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд тууштай, тасралтгүй зүтгэж явна.
Д.Ганболд 1998 оноос Р.Чойномын зохиол бүтээл, эх бичгийн судалгааны ажлаа эхлүүлсэн бөгөөд 2016 онд Хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Мөн түүний үйл хэрэг, уран бүтээлийн замнал, нүүрний хэвийн тухай өгүүлэх "Гэрээслэл" баримтат киног "Цэгц фильм"-тэй хамтран 2014 онд бүтээж үзэгчдийн хүртээл болгосон юм. Тэр бүр олон нийтэд нээлттэй яриа өгч байгаагүй ховор зочныг ярилцлагын буландаа урьж, уншигчдадаа танилцуулж байна.
Байршил: СБД, 1 дүгээр хороо, Бага тойруу, 49/1
Эрхэлдэг ажил: "Өд" сангийн тэргүүн, Жиком пресс компанийн ерөнхий захирал, Хэл бичгийн ухааны доктор, Р.Чойном судлаач
Хэрэглэдэг гар утас: iPhone 11 Pro
Хэрэглэдэг комьпютер: Dell Inspiron 8380
Сошиал хуудсууд: Gcom Gabo, Р.Чойном /ӨД сан/ (Facebook)
Gcom Gabo (твиттер)

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
Би карьерийн тухай нэг их боддоггүй хүн. Баг наснаас өдийг хүртэл туулж ирсэн амьдрал минь тэр чигтээ намайг, миний карьерийг бий болгосон, болгож ч яваа. Багаасаа бичиг үсэг сурч, гарт тааралдсан ном, сониныг байнга уншиж явдаг хүүхэд байлаа. Дээр нь байгалиас хувьд хүнд заяагдсан нэг өгөгдөл байсан болов уу. Тиймдээ ч бичиг үсэгтэй зууралддаг хүн болж төлөвшсөн байх. Харин үндсэн мэргэжил бол эдийн засагч-зохион байгуулагч.
Би 1998 оноос хойш Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Р.Чойномын уран бүтээл, эх бичгийн судалгааг хийж, энэ ажлаа одоо ч үргэлжлүүлсээр байна. Бараг "хобби" шахуу болчихсон. Тиймдээ ч түүний нэрэмжит "Өд" санг үүсгэн байгуулж, одоо ч үйл ажиллагаагаа зогсолтгүй явуулж байгаа.
Харин КТМС-ийн "Үйлдвэрийн менежмент"-ийн ангийг дүүргэсний дараа "Засгийн газрын мэдээ" сонинд макетчин буюу өнөөгийн хэллэгээр сонины дизайнер хийдэг байсан юм. Мэдээж аливаа нэг сэтгүүлчийн бичсэн нийтлэл, сурвалжилгыг үг үсэггүй уншиж, агуулгыг нь тодорхойлж байж сонинд өрнө шүү дээ. Энэ ажил л бичиг үсэгтэй зууралдах багын сонирхлыг минь дэврээж, дотроо хав дарчихсан байсан мэдрэмжийг ил гаргахад тус болсон болов уу гэж хожим санадаг юм.
Ингээд хэвлэлийн газар байгуулахаар зориг шулуудсан. Тухайн үед хамт ажиллаж байсан найз болох Г.Ганзоригтой хамтран 1997 "Жиком" хэвлэлийн газрыг үүсгэн байгуулсан. Харин 2002 онд өрх тусгаарлаж, компанийнхаа нэрийг "Жиком пресс" болгон өөрчилсөн юм. Анх компани байгуулахад бүх юм шинэ, хүндрэлтэй зүйлүүд олон гарч байлаа. Гэвч ямар нэг сайхан санаа төрсөн бол түүнийхээ төлөө өөрийгөө бүрэн зориулж ажиллах хэрэгтэй гэдгийг ойлгож, үргэлж урагш харж явсан даа.
2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?
Би ер нь алхах дуртай хүн. Өглөө болгон Энхтайваны гүүр даван ажил руугаа алхаж очдог. Орой нь мөн л өнөөх гүүрэн дээгүүрээ алхсаар гэртээ харина. 1997 оноос хойш ийм замаар ажилдаа ирж, очин аж төрж байна. Хүн чинь ганцаараа алхаж явахдаа л өөрөө өөртэйгөө ярилцаж чаддаг юм билээ. Эргээд бодсон чинь өөртөө зарцуулсан цаг хугацаа гэвэл минь энэ л байж.
Тухайн өдөртөө юу хийх, хэнтэй хэрхэн уулзах талаар бодож өглөөг эхлүүлдэг бол орой юу хийж амжуулснаа эргэцүүлдэг. Ажлын өдөр ихэнхдээ өглөөний найман цагаас оройн 21 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд 15-90 хүртэлх насны, дунджаар 10-15 хүнтэй өдөр бүр уулздаг юм байна. Уулзалтын үеэр зочныхоо ажил, мэргэжил, санаа бодол, уран бүтээл, хүсэл мөрөөдөл, болоод өөрт нь тохиолдож буй бүхий л сэдвээр ний нуугүй ярилцана. Гэхдээ товч, тодорхой ярилцахыг хичээдэг. Учир нь өдөрт бараг арваас дээш тооны зочинтой байх учир уулзалтыг хурдан дуусгаад томоохон номын төслүүд дээрээ ажиллах цаг өөртөө гаргахыг хичээдэг.
Миний хувьд нэлээд хэдэн редакц, уран бүтээлийн нэгдэл, төрийн бус байгууллагуудад давхар ажилладаг. Тиймээс тухайн байгууллагуудын цуврал бүтээлүүд болон номын төслүүд дээр редактор, хэвлэн нийтлэгч, зөвлөгч гээд олон талын хамтралыг бий болгож ажил үүргээ гүйцэтгэнэ. Ер нь томоохон номын төслүүд рүү яваад орчихоор цаг хугацаа хурдан өнгөрч, нэг л мэдэхэд өдөр өнгөрчихсөн байх нь бий. Гэнэт нэг зүйл санаанд орлоо. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч А.Шартолгой гуай бид хоёр 1998 оноос хойш хамтын уран бүтээл хийж байгаа юм. Саяхан манай өрөөнд ирэхдээ "Энэ их сайхан буянтай өрөө шүү. Ирсэн хүний ажил ямар нэг байдлаар бүтээд л гардаг "Хүсэл биелүүлдэг өрөө дөө" хэмээн хэлж байсан нь сэтгэлд их ойр үлджээ.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?
Ер нь хүмүүс хоорондоо сайн ярилцаж, ойлголцдог байх хэрэгтэй. Ярилцахад буруу зүйл гэж үгүй. Харин ч эсрэгээрээ сайтар ярилцаагүйгээс болоод л хүмүүс хоорондын дунд үл ойлголцол үүсдэг. Тиймээс л би бусадтай ярилцах, сайтар бодож, төлөвлөхийг чухалчилж үздэг хүн.Мөн аливаа нэг ажлын санааг эхлээд сайтар тунгааж, оюун бодолдоо загварчилж явдаг. Түүнийгээ заавал бодитжуулж, ажил хэрэг болгодог зуршилтай. Хүндрэлтэй зүйл тохиолдсон ч гэсэн бага багаар давж, урт хугацаанд ч хамаагүй үргэлжлүүлэн хийсээр байдаг. Тухайн ажил урт хугацаа өнгөрсөн ч хамаагүй хэзээ нэгэн цагт хэрэгжих нь чухал юм шиг сэтгэгддэг учраас тэр байх. Нөгөө талдаа надтай уулзсан хүмүүсийн нууцыг маш сайн хадгалж чаддаг учраас хүмүүс надад итгэдэг, тэр итгэлийг алдахгүйн төлөө өөрөө алдагдал хүлээхээс айдаггүй.
Харин хэрэгжих боломжгүй ажил байвал аливаа хүнд түүнийг нь шууд хэлчихдэг муу зантай.
4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?
Би нэлээд хуучинсаг хүн шиг байгаа юм. Миний ажлын хэрэгсэл гэвэл тэмдэглэлийн дэвтэр, үзэг хоёр. Даваа гаригийн өглөө болгон тухайн 7 хоногийн хийх ажил, хэвлэх номын төлөвлөгөөг ам дөрвөлжин цаасан дээр бичдэг. “Тунгалаг Тамир” романы Итгэл баян шиг л зүйл тэмдэглэнэ шүү дээ. Орчин үед тохирохгүй арга байх. Гэхдээ төлөвлөгөөгөө олон төрлийн апп, программ дээр ашиглаж үзсэн ч эцэст нь тэмдэглэлийн дэвтэрт бичих нь л хамгийн төгс арга гэдгийг ойлгосон.
Надад таван төрлийн дэвтэр бий. Эхнийх нь халаасанд багтахаар жижигхэн хэмжээтэй. Түүн дээр уулзалтын яриа тэмдэглэнэ. Харин хоёр дахь дэвтэрт Чойномын тухай хүмүүсийн ярьсан хууч, холбогдох баримт, судалгааны ажлуудаа голчлон бичдэг. Гурав дахь дэвтэр дээр хэвлэлийн газрынхаа үйл ажиллагааг хөтөлж, дөрөв дэх дэвтэрт өдөр тутмын тооцоо, төлбөрийн ажлуудаа тэмдэглэдэг. Харин тав дахь нь хувийн уран бүтээлтэй холбоотой буюу өөрийн судалгааны ажилд хэрэглэгдэх материал, шинэ санаануудыг цаг алдалгүй тэмдэглэж авдаг юм.
Мөн Excel шиг сайн програм гэж үгүй. Тиймээс өдөр тутамдаа Excel -ийг олон янзаар тогтмол ашигладаг.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Уулзалтыг хурдан дуусгах. Ингээд хэлчхээр зарим нь буруугаар ойлгож магадгүй. Гэхдээ хамгийн гол нь ажил хэргийн хувьд уулзалтын үеэр гол асуудлуудаа, оновчтой ярьж хэлэлцэх хамгийн чухал.Үүнээс гадна сайн төлөвлөх хэрэгтэй. Төлөвлөгөө сайн хийгдээгүй бол ажил явуулахад цаг их ордог. Үр бүтээмжгүй, хий хоосон яриа, хэлцлүүдэд олон цагийг үрчихсэн байх нь бий.Нөгөө талаас манай оффис хотын төвд байдаг учраас утга зохиол, урлаг соёлынхон үргэлжид орж, гарч байдаг. Удаан таараагүй нэгэнтэйгээ уулзаж, халуун дулаан яриа өрнүүлээд суучих нь бий. Харин би цаг хэмнэхийн тулд тэдний ярианд нэг их оролцоод байдаггүй. Гол нь тэднийг хоорондоо сайхан ярилцах, уран бүтээлийнхээ тухай хуучилдаг байх таатай орчинг нь бүрдүүлж өгөхийг зорьсон минь биеллээ олсонд баяртай байдаг. Харин тэднийг хөөрөлдөх үед аль болох оролцолгүй, ажлаа урагшлуулахыг бодно.
6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?
Урт болоод дунд хугацааны төлөвлөлтүүдийг хийхдээ ажлын дарааллаа зөв тодорхойлж чадвал тухайн ажлын бараг 50 хувь хийгдлээ гэж үзэхэд болно. Тиймээс л төлөвлөлт их чухал. 2003 онд Р.Чойномын өвийг хамгаалах "Өд сан"-г байгуулахдаа 20 ажил төлөвлөсөн байлаа. Үүнээс 19-ийг нь хийж гүйцэтгэсэн байна. Ганцхан Улаанбаатар хотод Р.Чойномын нэрэмжит музей байгуулах ажлыг л гүйцэлдүүлж чадаагүй явна. Үүн дээр дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах хүмүүс байвал би нээлттэй хүлээж авна.
7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?
Хүний эрч хүчээ сэлбэх эрчмийг ангилж болдог бол минийх гурван төрөлд хуваагдана. Нэгдүгээрт зуны амралтаар найз нөхөд болон гэр бүлээрээ тогтмол аялдаг юм. Үүнийг би гэр бүлийн болоод аз жаргалын эрч хүч гэж нэрлэнэ. Мөн ажлаа дуусгаад гэртээ харьсан хойно хүүхдүүдтэйгээ тоглох, ярилцах зэргээр хөгжилдөхөд тухайн өдрийн ядаргаа тайлагддаг. Харин ажлын явцад сэтгэл зүйн хувьд сулбагар, дорой нөхцөл байдалтай нүүр тулгарах үедээ хийж бүтээсэн номуудаа гаргаж хардаг. Мөн Р.Чойномын гар бичмэлээс уншихад өөрийн эрхгүй дараагийн ажил хийх эрч хүч нэмэгдээд л ирдэг дээ.


8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?
Хийж байгаа номын төслүүдийн хажуугаар уран бүтээлчдийн номыг редакторлах, өөрийн судалгааны ажилтай холбоотой бүтээлүүдийг уншиж судлах зайлшгүй шаардлага гардаг. Магадгүй зарим нь үндсэн ажил гэж харах байх. Үнэндээ уран бүтээл, ном редакторлах нь миний бараг л "хобби" болсон, дурлаж хийдэг ажил. Түүнээс бус үндсэн ажил маань хэвлэн нийтлэгч шүү дээ.
Уран бүтээл болоод судалгааны ажлыг гэртээ харьснаас хойш шөнийн нэгээс хоёр цаг хүртэлх хугацаанд л амжуулдаг. Гол дурлаж хийдэг зүйлсдээ бага цаг гаргадагтаа жаахан чамлалттай байдаг.
9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Ном хэвлэлийн ажил шууд биетээр бий болж байдаг учраас бүтээсэн зүйлсээ харахад туйлын сайхан мэдрэмж авна. Хүүхэд залуус, олон нийтийг соён гэгээрүүлэх, мэдлэг олж авахуйц, үр бүтээмж нь өндөр, чанар сайтай ном хийж чадвал бүр ч сайхан. Тиймдээ ч манайхаас гаргадаг бүтээлүүдийн онцлог нь бүх насныханд хамаарах бөгөөд утга зохиол, тайз, дэлгэц, соёл урлаг, түүх, шашин, философи зэрэг судлал шинжлэлийн бүтээлүүд байдаг. Монголд хэвлэгдэж байгаа ном бүрийг авч уншина гэвэл хүмүүний амьдралын нас хүрэлцэхгүй байх. Чухам үүнд л зориулагдсан бүтээлүүд голчлон хийхийг үргэлж эрмэлздэг. Тэр ч утгаараа хийж буй ажлын онцлог, эерэг тал дээр сэтгэл хангалуун явдаг даа. Номтой холбоотой ажлын эцсийн үр дүнд үргэлж сайн үйлсэд хөтөлдөг тул бэрхшээлтэй тал бараг үгүй. Яах вэ, зарим нөхцөлд үл ойлголцол үүсэх, ажлын үйл ажиллагааны явцад асуудал гарах, санхүүгийн хүндрэл гэх мэт зүйлс гарч ирнэ. Гэтэл эдгээр нь бизнесийн талбарт үргэлжид тохиолддог учир тэр бүгдийг бэрхшээл хэмээн хүлээж авдаггүй.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?
Төслийн удирдагчийн хувьд гурван том бүтээл дээр ажиллаж байна.Эхнийх нь, энэ жил Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож буйтай холбогдуулан, 13-р зуунд зохиогдсон, тухайн үеийн Монголын төрийн түшмэл байсан Ата Жувейнийн "Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх" хэмээх чухаг бүтээлийг хэвлэн нийтлэх юм. Тус бүтээлийг СГЗ, орчуулагч Го.Аким гуай англи хэлнээс хөрвүүлснээр уншигчдад хүргэнэ. Дараагийнх нь Хубилай хааны байгуулсан Юань улсын үеийн найрагчдын сонгомол бүтээлийн түүврийг хятад хэлнээс орчуулан гаргахаар болсон. Энэхүү төсөл дээр хятад болон Монголын багийнхантай хамтран ажиллаж байна.
Харин хувь хүний судлаачийн хувьд, "Өд сан"-гаас эрхлэн гаргадаг "Р.Чойном" бүтээлийн чуулганы 16 дахь боть болох түүний бичсэн "кино, жүжиг, бүжгэн жүжгүүд"-ийг багтаасан тайз, дэлгэцийн бүтээл дээр төвлөрөн сууж байна даа.
11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?
Манай бүтээлүүд ихэнхдээ судалгаа, шинжилгээний бүтээлүүд голчилдог тул редакторын ажил хийх явцдаа өөрийгөө мэргэжлийн хувьд хөгжүүлж, тухайн бүтээлээс ямагт суралцсаар байдаг.


12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?
Манай компани 2020 онд профессор Б.Сумьяабаатарын "Монголын Нууц Товчоон: Иж судалгаа" бүтээлийг, өнгөрсөн 2021 онд Рашид Ад дины "Шашдирын чуулган" хэмээх бүтээлийг хэвлэн гаргасан. Энэ жил хийх Ата Жувейнийн номын нэгэнтээ дурдсан шүү дээ. Бид хэлж ярих, хэзээд судалж шинжлэх түүхтэй хүмүүс. Тэдгээр нь дан ганц монголынх бус ихэвчлэн дэлхийд хамаатай түүх байх нь бий. Тиймээс Монголын Эзэнт гүрэн, Чингис, Өгөдэй зэрэг их хаадын тухай, монгол төдийгүй дэлхийн түүхийн бүтээлүүдийг цогцоор нь хэвлэж байна. Эдгээрээс залуучуудыг уншиж, судлаасай хэмээн хүсдэг. Бид яаж мандан бадарч байв? Яагаад унаж сүйрэв? Өмнө нь бид хэн байв, одоо хэн болов? Эндээс суралцах, ойлгож авах зүйл их бий.
Хөгжмийн хувьд бол Б.Шарав гуайн "Гэгээн алсад одох юмсан", З.Хангалын "Тань руу нүүж явна" киноны аялгууг санал болгомоор байна.
Харин кино үздэг төрлийн хүн биш л дээ. Ямартаа ч "Viens of the World", "Тунгалаг тамир" хоёрыг нэрлэе.
13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Олон ажлынхаа хамгийн чухлыг олоод түүнийгээ эхэлж хийх хэрэгтэй. Мөн өөрийгөө боловсруулахдаа хэл найруулга, утга санааны хувьд ч тэр "шилдэг бүтээл"-ийг сонгож унших ёстой гэдгийг ойлгосон.
14. БУСДАД ШИДЭХ САНАА?
Ямар нэгэн хэрэгжиж болохуйц сайхан санаа орж ирсэн л бол түүнийхээ төлөө өөрийгөө бүрэн зориулж, зүтгэх хэрэгтэй. Мэдээж олон саад бэрхшээлтэй тулгарна. Гол нь аливаа зүйлийг ямар нэгэн саадгүй, индүүдсэн мэт өөгүй дардан замаар явж бүтээдэггүй. Тэгж бүтээсэн ажил ч амтгүй, орц нь таараагүй хоол шиг болдог. Хамгийн чухал нь нэгэнт эхлүүлсэн, бодож төлөвлөсөн ажлаа эцэст нь тултал чанартай хийж, гүйцэтгэх л чухал юм шүү гэж зөвлөмөөр байна.



Сэтгэгдэл бичих (2)


С С.Дашдэлгэр 202.126.89.116
Маш ховор соён гэгээрүүлэгч ажилсаг бүтээлч эрдэмтэн юмдаа гэж атгахан мунхаг уураг тархиндаа биширч сууна!!
У Уншигч 192.82.65.188
Сайхан эрдэмтнийг оролцуулсан байна. Ном, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд зүтгэдэг ийм хүмүүс олон байгаасай.